| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/11661/И |
| Дугаар | 210/МА2026/00724 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00724
******* ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03590 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 5,207,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан 2025.04.18-ны өдрийн байдлаар тооцон үндсэн зээл 3,648,379 төгрөг, үндсэн хүү 3,361,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,746 төгрөг, бусад зардал 9,000 төгрөг, нийт 7,480,671 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2,273,000 төгрөг төлснийг хасч, нийт 5,207,671 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс 923,462 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх шаардлагаас татгалзсан үндэслэлээ ажлаас 2019.11.25-ны өдөр гарах үед 4,196,462 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас охин *******гийн хадгаламж 2,273,000 төгрөгийг зээлд суутгуулж, мөн 2021.01.29-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн байхад түүнийг хасалгүй үндсэн болон нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтад бодит дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
4.Хариуцагч татгалзлаа нотлохоор 2025.06.09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ 2019.11.25-ны өдөр охины хадгаламж 2,273,000 төгрөгийг зээлээс хасуулах хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагын хуульч *******ын ******* цахим хаягт эхнэр *******ын ******* цахим хаягаас илгээсэн, уг цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025.06.16-ны өдрийн 33090 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй байна.
Хариуцагчийг 2019.11.25-ны өдөр ажлаас гарах үед тэрээр 4,196,462 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсанд зохигч маргаагүй байна. Хариуцагчийн дурдсан 2,273,000 төгрөгийг нэхэмжлэгч 2025.05.09-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр зээлээс суутган төлүүлсэн тухай 2026.01.28-ны өдөр шүүхэд тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч дурдсан цахим хаягт үзлэг хийх нь хариуцагчийн татгалзлаа нотлох эрхийг хангах, нөгөөтэйгүүр хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.
Учир нь хариуцагчийн тайлбар үндэслэлтэй нөхцөлд үндсэн зээл 4,196,462 төгрөгийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн 2019.11.25-2025.04.18-ны өдрийг хүртэлх хугацааны тооцоолол өөрчлөгдөх, уг ажиллагааг хариуцагч өөрөө хийх боломжгүйг шүүх анхааралгүй, хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчилд хамаарна.
5.Хариуцагч талаас охин ******* 2019 онд нэг настай байсан тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба уг хадгаламжийн дансанд 2025.05.09-ний өдрийн байдлаар 2,273,000 төгрөг байсан учир банк мөнгийг суутгасан гэж үзэхээр байна. Гэвч хариуцагчийн тайлбарласнаар 2019.11.25-ны өдрийн байдлаар тухайн дансанд 2,273,000 төгрөг байсан бол нэхэмжлэгч 2,273,000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгахад энэ хугацааны хадгаламжийн хүү тооцогдох эсэх, хүү тооцогдох бол банк хүүг хэрхэн тооцсон эсэх нь тодорхой бус үлджээ. Энэ байдлыг тодруулах шаардлагатай ба шүүх ийнхүү тодруулах, чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг процессын хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
6.Хариуцагч 2020.01.29-ний өдөр зээлд 1,000,000 төгрөг төлснөөс нэхэмжлэгч мөн өдөр 684,143 төгрөгийг, 2021.04.12-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус зээлээс хасчээ. Гэвч 2020.01.29-2021.04.12-ны өдрийн хугацаанд төлөгдвөл зохих үндсэн болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсаар байжээ. Энэ байдлыг магадлалын 4-т дүгнэсний нэгэн адил тооцооллыг мөн тодруулах шаардлагатай.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүүгийн тооцооллыг 2019.01.29 - 2025.04.18-ны өдрийн хугацаагаар тооцсон баримтыг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүх тооцооллын хувьд дээрх байдлаар эргэлзээтэй, үнэн зөв гэж үзээгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч магадлалд дурдсан байдлыг дахин нягталж, тодруулах замаар зээл, зээлийн хүүгийн тооцооллоо дахин гаргаж шүүхэд ирүүлэх нь зүйтэй.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03590 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,273 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Э.ЭНЭБИШ