Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 818

 

 

                                                           

 

 

 

 

 2019         10           28                                     2019/ШЦТ/818

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Б,

Хохирогч Д.Хишигдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Бат-Очирын Баярмаад холбогдох эрүүгийн 1911020880956 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, Цэргийн хотхон 7-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 48-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Бат-Очирын Баярмаа, /РД:ФМ69051106/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрх цагаан нуур” ХХК-ний байранд Д.Хишигдавааг өөрийн нөхөр Болд-Эрдэнэтэй хардсаны улмаас гараараа хацар, шанаа, эрүү хэсэгт маажиж Д.Хишигдаваагийн биед “баруун шанаа, хацар, эрүү, уруул, зүүн зовхинд зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Болд-Эрдэнэ нь өөрийнхөө найзын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх цагаан нуур” ХХК-ний офиссийн ажилчидтай архи, дарс ууж байгаад орой нь ирсэн. Би нөхрөөсөө чи Тэрх цагаан нуурын Хишигдаваа гэх эмэгтэйтэй хамт архи уусан уу? гэж асуутал манай нөхөр тэгсээн, би тэдний ажилчидтай бүгдтэй нь хамт архи уусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө тэр Хишигдаваатай хардаад чи утасдах болгонд л тэнд байх юм, чи наад хүүхэнтэйгээ заваараад яваад байдаг юм уу? та хоёр явалддаг юм уу? гэтэл манай нөхөр тийм гэж хэлсэн. Гэхдээ манай нөхөр тухайн үед согтуу байсан. Тэгээд би уг асуудлаас болоод уур хүрээд байсан ба 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тэр Хишигдаваа гэх эмэгтэйн гар утсыг олж байгаад залгаад чи миний нөхөртэй явалдсан, битгий гэр орон үймүүлээд байгаарай, би чамайг очиж байгаад маажина шүү гэж ярьчихаад шууд “Тэрх цагаан нуур” ХХК-ний оффист очоод Хишигдаваагийн өрөөнд нь ороод уурандаа тэрний нүүр рүү нь алгадаад, мөн хоёр хацар хэсгээр нь самардсан. Тэгтэл дундуур нь уг оффист байсан настай эгч орж ирээд салгахаар нь би Хишигдаваад хандаж чи миний нөхрөөр оролдвол хохино шүү гэж хэлчихээд гараад явчихсан...”, “...түүнд учирсан бодит хохиролыг барагдуулна...”, “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, миний буруу. Би нөхрөө хардаж уурласандаа л ийм хэрэг хийчихлээ...” гэх /хх-ийн 32-33х/,

Хохирогч Д.Хишигдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ .... Тухайн үед үл таних дугаараас миний гар утас руу 14 цагийн үед залгасан. Тэгээд чи манай нөхөртэй явалдсан байна, манай нөхөр хэргээ хүлээсэн. Чамаар хэргийг чинь хүлээлгэнэ, чамайг очиж маажина гэж хэлж байсан. Болд-Эрдэнэ ахыг би танина. Б.Б эгчийг ч мөн харж байсан, манай ажил дээр 2-3 удаа ирж байсан. 16 цагийн үед манай ажил дээр Б.Б орж ирсэн. Тэгээд намайг дээрээс дарсан. Гар утсаар ярьж байхдаа миний нүүрийг маажина гэсэн учраас би нүүрээ дарсан. Гэтэл гараараа дарсан байсан хэсгийн 2 талаар маажсан. Тэгээд надад энэ бол эхний сануулга, би хэргийг чинь чамаар хүлээлгэнэ гэж хэлээд гарсан. Би тухайн үед айж балмагдаад уйлсан. Тэгээд яахаа мэдэхгүй байж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг гарснаас хойш 3 сар өнгөрсөн. Миний үс өдөр болгон унадаг. Би одоо хуйхны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн сорви арилгах эмчилгээний зардал төлөх юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сорвийг шууд үүссэн даруйд тарилга хийх байсан гэж хэлсэн. Энэ хугацаа өнгөрсөн учраас 3 сарын дараа эмчилгээ хийлгэж болно гэж эмч хэлсэн...” гэх

Хохирогч Д.Хишигдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх цагаан нуур” ХХК-ний оффис дээр ажил дээрээ байхад 14 цагийн орчимд над руу үл таних 99259918 дугаарын утаснаас миний зүс мэдэх Баярмаа залгаад чи манай нөхөртэй явалдсан, манай нөхөр хэргээ хүлээсэн, би чиний хэргийг хүлээлгэнэ, би чиний нүүрийг очиж маажина гээд хашгичаад намайг гичий, янхан гээд л хэл амаар доромжлоод байхаар нь би уг эмэгтэйд та хүн андуураад байх шиг байна гэж хэлэхэд миний урдаас үг хүлээж авахгүй хашгичаад байхаар нь би түүнд хандаж та хүн андуураад байна, танай нөхөр юу яриад байгаа юм бэ? нөхрөө дагуулаад ир нүүрэлдээд уулзья гэтэл чамайг очиж нүүрийг чинь маажина гичий минь гэх зэргээр хашгичаад байхаар нь би дахиад уг дугаарыг залгаад байхаар нь блок хийчихсэн. Тэгтэл 16 цагийн орчимд Баярмаа миний ажил дээр өрөө рүү орж ирээд шууд өрөөний хаалга хаагаад өрөөнд хашгичаад манай нөхөр чамтай унтсан гэдгээ хэлсэн, би чамайг хэргийг чинь хүлээлгэхээр ирлээ, чи яахаараа блок хийдэг юм гэж хэлээд над руу дайраад шууд намайг үсдэж доош дарахаар нь би нүүр маажина гээд байсан гэж бодоод хоёр гараараа нүүрээ дарсан. Тэгтэл хоёр гарны хажуу хэсгээр нүүрний ил гарсан хоёр талын шанаа хэсгийг маажчихсан. Тэгтэл манай өрөөнд байсан цуг ажилладаг эгч Жавзмаа салгасан. Салгачихсан байхад дахин би чамаар заавал хэргийг чинь хүлээлгэнэ, энэ бол эхнийх нь, би чамайг дараагийн удаа байхгүй болгоно гэж хэлээд гараад явсан...”, “...тэгээд би нүүрээ толинд хартал хоёр шанаа, хацар орчим, хүзүү зэрэгт олон ширхэг хумсны шарх үүссэн байхаар нь би цагдаагийн байгууллагад шууд хандсан...”, “...би Баярмаа гэх эмэгтэйн нөхөр Болд-Эрдэнэтэй ямар ч харилцаа холбоо байхгүй, зүс мэднэ, миний суудаг “Тэрхийн цагаан нуур” оффисын захирал Л.Энхбаярын найз гэдгээр нь мэддэг...”, “...намайг хий хоосон нөхөртэйгээ хардаж, зодож, эрүүл мэндэд минь гэмтэл учруулсанд би маш их гомдолтой байна...” гэх /хх-ийн 13-14х/,

Гэрч С.Жавзмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрх цагаан нуур” ХХК-ний байранд ажил дээрээ ирэхэд манай оффисын хаалга түгжээтэй байсан ба дотор хүмүүс хэрэлдээд орилж хашгичаад байгаа чимээ гараад байсан. Тэгэхээр нь хаалга тогшоод байтал манай ажлын Алтанцэцэг гэх эмэгтэй хаалга нээсэн ба би дотогш ортол үл таних том биерхүү эмэгтэй манай ажлын Хишигдаваа руу хандаж чи миний 30 жилийн амьдралыг балласан, янхан банзал, чи нөхөргүй болохоороо ингэж явж байгаа юм гэх зэргээр айхтар, айхтар үгүүдээр Хишигдавааг дайрч доромжилж байгаад түүн рүү дайрч очоод үсдэж дарсан. Би дундуур нь ороод салгах гэтэл хүчрэхгүй байсан ба намайг хойш нь түлхсэн. Хишигдаваа үсдүүлж тонгойсон байхдаа нүүрээ дараад байсан ба нөгөө биерхүү эмэгтэй Хишигдаваагийн гараар дарагдаагүй буюу нүүрний ил гарсан хэсгүүд болох хацар шанаа хэсгийг нь самардчихсан. Энэ үед Алтанцэцэг бид хоёр дундуур нь орж байгаад салгасан. Тэр эмэгтэй Хишигдаваад хандаж энэ бол анхны сануулга, дахиад ийм асуудал болбол би чамайг ална гэж хэлээд гараад явсан...”, “...Хишигдавааг зодсон эмэгтэй нь Болд-Эрдэний эхнэр нь гэсэн ба ямар шалтгааны улмаас хардаад орилж хашгичаад байсныг би огт мэдэхгүй. Миний мэдэхээр Хишигдаваа нь Болд-Эрдэнэ гэх хүнтэй ямар ч харилцаа байхгүй...” гэх /хх-ийн 17-18х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9095 дугаартай дүгнэлт:

-Д.Хишигдаваагийн биед баруун шанаа, хацар, эрүү, уруул, зүүн зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 20х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.  

Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр хавтаст хэрэгт авагдаагүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Д.Хишигдаваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Бат-Очирын Баярмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хохирогч Д.Хишигдаваа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.АРИУНБОЛД