Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 203/МА2026/00013

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00104 дугаартай шийдвэртэй,

Ц.*******ын нэхэмжлэлтэй

“*******” ХХК-д холбогдох

“*******” ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, алжаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь "*******" ХХК-ний менежерийн ажилд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Миний бие нь тухайн компанийн мод үржүүлгийн газарт мод үржүүлгийн газарт өдөр тутам хийгдэх ажлыг агрономичийн зааврын дагуу удирдан зохион байгуулах, машин трактор болон бусад тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа бүрэн бүтэн байдлыг хариуцах, мод үржүүлгийн газрын түр болон улирлын ажилтнуудад зааварчилгаа өгөх гүйцэтгэх ажлын хуулийг нарийвчлан гаргаж, удирдлагаар батлуулан ажлын гүйцэтгэлд хяналт тавих аюулгүй байдлын дүрэм заавруудыг дагаж, мөрдөх ажилтнуудын аюулгүй ажиллагаанд хяналт тавих, заавар өгөх гэх мэт үндсэн үүрэгтэй ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ тухай бүр тасралтгүй гүйцэтгэж байсан.

Тухайн компани хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч ажилд авсан тушаал гаргаагүй, хөдөлмөрийн хөлсийг сар бүр олгоогүй, 2024 оны 09-12 дугаар сарын цалинг 2025 оны 03 дугаар сарын 24-нд бөөн өгсөн. Түүнээс хойш 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өд бөөнд нь олгосон. Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй. Цалинг сарын 2,300,000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд тусгасан. Гэтэл "*******" ХХК-ний захирал нь намайг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №04 дугаартай тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Үүнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Намайг ажлаас ямар шалтгааны улмаас чөлөөлж байгаа үндэслэлээ надад өмнө нь мэдэгдээгүй, энэ талаар тайлбар аваагүй, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 16-ны өдөр надад гардуулсан. Тиймээс "*******" ХХК-ний захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилж, ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн “*******” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн захирал намайг 2025 оны 05 сарын 31-ний өдрөөс 06 сарын 09-ний өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаал гаргаж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан, үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тухайн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна гэж бичсэн байна. Энэ нь худлаа. Хэргийн материалын 7 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д ажилтан бүтэн цагаар ажиллана, 5.2-т даваа гаргаас баасан гарагт 09 цагаас оройны 18 цаг хүртэл ажиллана гэж тус тус заасан байдаг. Гэтэл ажилтан Ц.******* нь ажилдаа тогтмол 09 цаг 30 минутаас ирээд, 16 цагт буудаг байсан бөгөөд ажлын хугацаанд ямар нэгэн бодит ажлын бүтээмж гаргадаггүй байсан. Захирал ******* хэд хэдэн удаа шаардлага тавихад ажилтнуудын дэргэд “чи ямар царайтай гуйлгачин байлаа” гэж доромжлох, арматурын төмрөөр цохих гэж удаа дараа дайрч байсан үйлдлүүд гарч байсан. Ийнхүү дээрх үйлдлүүдээс шалтгаалан захирал ******* нь тухайн ажилтанд дахин шаардлага тавихаас айх болсон бөгөөд Ц.******* нь “би *******ын үндсэн иргэн” гэх зэргээр дээрэлхүү, үл хүндэтгэсэн хандлагатай байж, ажлын сахилга бат, цагийн хуваарийг байнга зөрчиж байсан. Улмаар 2025 оны 05 сарын 31-нээс 2025 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасны дагуу, мөн хэргийн материалын 13 дугаар талд байгаа хөдөлмөрийн гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар, мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1-д зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээр өдөр ажилдаа ирээгүй бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаа тасалж явчхаад би таслаагүй, ажлаасаа татгалзсан гэж тайлбарлаад байгаа нь хуульд ч нийцэхгүй байна. Манайх Ц.*******ыг ажилд гаргахгүй гэж огт хэлээгүй. Тийм болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын “*******" ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.******* нь “Инкомекс” ХХК-ний Өмнөговь аймгийн ******* сумын ******* үржүүлгийн газрын менежерээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сарын 2300000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн байдаг ба хариуцагч “Инкомекс" ХХК-ний зүгээс гэрээгээр тохиролцсон цалингаа сар бүр өгөлгүй 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалинг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бөөнд нь олгосон байдаг.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сар хүртэлх цалингаа огт өгөөгүй ба нэхэмжлэгч Ц.******* нь цалингаа нэхэж, улмаар үүний улмаас ажилдаа гарахгүй гэж, хариуцагч “Инкомекс” ХХК-ний захирал Б.******* нь ажилд гаргахгүй, ажлаас чөлөөлсөн гэж маргалдсан байдаг. Цалингаа сар сардаа өгөхгүй байгаа байдлаас шалтгаалан цалингаа нэхэж, хэрүүл маргаан болж, ажилд гарахгүй, ажилд нь гаргахгүй, ажлаас чөлөөлсөн, ажилдаа битгий ирээрэй гэсний улмаас нэхэмжлэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажилдаа ирээгүй байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний хооронд ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Ц.******* нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын засаг даргын тамгын газар болон мод үржүүлгийн газрын үйл ажиллагааны тайлангийн хуралд оролцсон байдаг. Энэ үед ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн ажилд нь гаргахгүй, ажлаас чөлөөлсөн, ажилдаа битгий ирээрэй гэсний дагуу ажилдаа очоогүйг харгалзан үзэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн цалин олгохгүй болохоор нь ажилдаа очоогүй. энэ талаараа компанидаа мэдэгдээгүй гэдгийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна Өөрөөр хэлбэл ажилдаа очоогүй талаар маргасан зүйлгүй, харин ажилдаа очоогүй нь юунаас болсон, ямар шалтгаантайг харгалзаж үзээгүй нь үндэслэлгүй, зөвхөн ажилдаа очоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, ажилд ирээгүй гэж гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, ямар зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж, хариу тайлбар авах, нотлох баримт бүрдүүлж. тухайн нотлох баримтыг үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулах хуулийн шаардлагыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Хуулийн дээрх шаардлагыг хангаагүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.3 дугаар зүйлийн 1-д “Компани дараах тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэл өгч Ажилтны хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгож болно 10.3.1.7-д "ажилтан нь ноцтой зөрчил гаргасан бол гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гаргасан бол 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүргээ хариуцагч зөрчсөн Мөн гэрээний 10.3,1.7-гийн q-д “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр, мөн урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гурав ба түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй байх гэж заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

 Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс цалингаа сард 2 хувааж олгох үүргээ биелүүлэлгүй 5 сарын хугацаа хэтэрсэн. цалингаа нэхэж, улмаар үүнээс болж маргалдаж ажилдаа очихгүй, ажилд нь гаргахгүй гэж маргалдаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болох бөгөөд мөн зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл компанийн зүгээс ажилдаа битгий ирээрэй, ажлаас чөлөөлсөн, хамтарч ажилламааргүй байна гэж хэлж байсан нь ажилд гаргахгүйг мэдэгдсэн, харин нэхэмжлэгчийн хувьд цалин олгохгүй бол ажилдаа очихгүй гэж хэлж байсан нь ажил гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогчид мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Дээрх бүгдийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар нэн даруй мэдэгдээгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00104 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас ажилтныг ажлаас чөлөөлсөн, ажилд гарахыг хориглосон, ажилдаа битгий ирээрэй гэсэн ямар нэгэн мэдэгдэл, тушаал, үйлдэл хийгээгүй болно. Харин Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байхдаа “2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр багийн баяр болох гэж байгаа, тийшээ явах гэж байна” гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш ажлын байрандаа ирэлгүй ямар нэгэн шалтгаан тайлбар өгөөгүй, холбоо бариагүй болно. Гэтэл нэхэмжлэгч “Цалингаа сар сардаа өгөхгүй байгаа байдлаас шалтгаалан цалингаа нэхэж, хэрүүл маргаан болж, ажилд гаргахгүй ажлаас чөлөөлсөн, ажилдаа битгий ирээрэй гэсний улмаас нэхэмжлэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажилдаа ирээгүй байдаг” гэж бичээд байгаа нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл юм.

Хэрэв Ц.******* нь цалингаа авах талаар мэдэгдсэн, хэлсэн бол Оюу толгойн санхүүжилтийг хүлээхгүйгээр зээл тавиад ч хамаагүй мөнгө олоод өгөх байсан. Гэтэл Ц.******* нь ажлын эд ачааллын үед юу ч хэлж мэдэгдэлгүйгээр ажлаа тасалж алга болсноор “усалгааны хуваарь алдагдах, бусад ажилтнууд илүү цагаар ажиллах гэх мэт бусад ажилтнуудад сөргөөр нөлөөлж” байгууллагын дотоод журам, шударгаар хөдөлмөрлөх зарчимд ноцтойгоор нөлөөлсөн. Мөн ажилтан Ц.******* нь ажилдаа тогтмол 09:30 цагт ирж, 14:00 цагт буудаг байсан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн бодит ажлын бүтээмж гаргадаггүй байсан. Захирал *******гийн зүгээс хэд хэдэн шаардлага тавихад “ажилтнуудын дунд захирлыг чи ямар царайтай гуйлгачин байлаа гэж доромжилж, арматур төмрөөр зохих гэж хэд хэдэн удаа дайрч байсан.

Ийнхүү дээрх үйлдлүүдээс үүдэн захирал ******* тухайн ажилтанд дахин шаардлага тавихаас айх болсон бөгөөд Ц.******* нь би *******ын үндсэн иргэн гэх зэргээр дээрэлхүү, үл хүндэтгэсэн хандлагатай байж, ажлын сахилга бат, цагийн хуваарийг байнга зөрчиж ирсэн. Улмаар 2025 оны 05 угаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасны дагуу, мөн хөдөлмөрийн гэрээний /ХМ13 тал/ 10.3.1.7 /q/ болон “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.5.1-д “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гурав ба түүнээс дээш өдөр ажилдаа ирэхгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Тиймээс анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00104 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

6. Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалин хөлс өгөхгүй байгаа талаар 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өргөдөл, гомдлоо гаргасан. Энэ компанид ажилладаг. Цалин өгөхгүй байна гээд өргөдөл гарахад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас н.******* захиралтай холбогдож тэр мэдээллийг авсан байх. н.******* захиралд цалин өгье гэсэн  санал бодол байгаагүй. н.Уянга гэдэг ойн байцаагчийг нэг сард томилж авсан. Тэр хүндээ  сар болгон цалингаа өгч байсан гэдгийг шүүхийн хурал дээр гэрчийн мэдүүлгээр хэлсэн. Ямар хүнд нь сар болгон цалинг нь өгдөг, ямар хүнд нь хэдэн сараар огт цалинг нь өгдөггүй,  ингэж боомилдог байсан юм. Ер нь намайг ажиллуулахгүй гэсэн хүсэлтэй байсан байх. Дээрээс нь надаас бусад бүх ажилчиндаа хөдөлмөр хамгааллын хувцас тавьж олгосон. Надад огт хөдөлмөр хамгааллын хувцас өгөөгүй. Энэ хүнийг ажлаас халах юм чинь хувцас өгөөд яах юм бэ гэсэн  үзэл баримтлал барьж байсан байх гэж би сүүлийн үед бодож байгаа. Тийм учраас ажлын байрны дарамтыг  маш их үзүүлсэн. Ямар ажил хийх гэж байгаа, орон нутаг, талбай дээр ажиллаж байгаа хүнтэйгээ огт холбоо барихгүй, ярихгүй, хэлэхгүй. Улаанбаатараас ирэхдээ тийм ажил хийнэ, ийм ажил хийнэ гэдгээ хэлдэггүй. Тийм учраас би ажиллаагүй хугацааныхаа цалинг гаргуулж авах саналтай байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил тасалсан, ажилдаа очоогүйгээ ажил олгогч талдаа мэдэгдээгүй. Гомдлын гол үндэслэл нэхэмжлэгч талыг ажлаа гүйцэтгэж байхад ажил олгогчийн зүгээс цалингаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээндээ заасны дагуу сард тогтмол хугацаанд 2 удаа төлөх үүргээ биелүүлээгүй, 5 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд цалингаа байнга шаардаж, нэхэж байсан. Цалингаа өгөхгүй бол ажлаа хийх боломжгүй гэдгээ хэлж, улмаар хоорондоо маргалдаж байсан асуудлууд байдаг. Тэгэхээр цалингаа нэхэж, ажилдаа очихгүй талаараа ажил олгогчдоо мэдэгдэж байсан гэж үзэхээр байна. Тэгэхэд анхан шатны шүүх ажил тасалснаа, ажил гүйцэтгэх боломжгүй болсноо ажил олгогчдоо хэлж мэдэгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. 5 сарын хугацаанд цалингүй ажиллахаар цалингаа нэхэж байсан нь тодорхой. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний хооронд ажилдаа очоогүй нь үнэн. Гэхдээ энэ нь ажил санаатай тасалсан зүйл биш, цалингаа 5 сарын хугацаанд, олгохгүй байсны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй ажлаас татгалзах эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн үйлдэл байгаа. Тэгэхээр үүнийг санаатай ажлаа тасалсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх хариуцагчийн 5 сарын хугацаанд цалин олгоогүй нөхцөл байдлыг харгалзан үзэх, үүнд үнэлэлт, дүгнэлт өгөх байсан. Гэвч үүнийг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдол гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн ажилдаа очоогүй нь 5 сарын хугацаанд цалин олгоогүйтэй холбоотой. Энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан. Ажил санаатай тасалсан зүйл биш, хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл байгаа. Энэ талаар ажил олгогчдоо мэдэгдээгүй гэсэн зүйл яриад байгаа нь үндэслэлгүй. 5 сарын хугацаанд ажил хийсэн, мөн цалингаа аваагүй хүн цалингаа авъя гээд удаа дараа нэхэж байсан. Мөн хамгийн сүүлд захиралтай уулзаад цалингаа нэхсэн. Энэ байдлаас болоод хоорондоо маргалдаад захирал н.******* нь ажилд орохгүй, ажлаас чөлөөлсөн гэж хэлдэг. Нэхэмжлэгч нь цалин өгөхгүй ажилдаа очихгүй гэж хэлж маргалдсан үйлдэл байдаг. Ажил олгогчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулж өгсөн байдаг. Гэхдээ 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр ажлаас халсан тушаал гаргаж өгсөн. ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр “*******” ХХК үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мод үржүүлгийн ажлынх нь талаар хурал зөвлөгөөн хийсэн, үр дүнгийн талаар хуралдахад Ц.******* нь оролцоод явж байсан. Тэгэхээр ажлаас халсан хүнээ энэ хуралдаа оруулаад явж байгаа гэдэг нь ажлаас халаагүй байснаар илэрхий нотлогдсон гэж үзэхээр байна. Тэгэхээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр гардуулж өгсөн нь үндэслэлгүй. Гэрээндээ ажлаа тасалсан бол ноцтой зөрчил гэж үзэхээр буюу ноцтой зөрчил гаргасан бол 1 сарын өмнө мэдэгдэл өгнө гээд талуудын хооронд байгуулсан гэрээний 13.1-д заасан байдаг. Тэгэхээр Хөдөлмөрийн хуульд хэдийгээр заагаагүй ч гэсэн гэрээндээ заасан байдаг учраас хэрвээ ажлаас халах гэж байгаа бол 30 хоногийн өмнө мэдэгдээд хариу тайлбар аваад ажлаас чөлөөлөх тухай энэ тушаалаа өгөхөөр гэрээндээ заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажил тасална нь ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ талаарх зөрчлийн үндэслэлээ ажилтандаа мэдэгдээд хариу тайлбар аваад, ажлаас чөлөөлөх хуулийн процесс байдаг. Энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй. Шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэдэг үүднээс давж заалдах гомдол гаргасан. Тийм учраас анхан шатны шүүх хариуцагчийн цалин олгоогүй 5 сар болсон үйлдлийг харгалзаж үзээгүй. Шууд ажилдаа ирээгүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзээд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь  нэхэмжлэл дээрээ   ажилдаа орох гээд очсон боловч захирал ажилд оруулахгүй гээд намайг ажилд  гаргаагүй гэж бичсэн байдаг. Шүүх дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж байна гэдэг. Тэр нь ямар эрх юм бэ гэсэн чинь 54.1-д заасны дагуу  нэг сар буюу түүнээс дээш хугацаанд цалин олгоогүй тохиолдолд татгалзах эрхтэй. Тийм болохоор би 54.1-д заасны дагуу татгалзсан гэж хэлээд байдаг. Гэхдээ 54.1-т заасны дагуу татгалзаж байгаа бол 54.2-т зааснаар нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг. Татгалзаж байгаа бол нэн даруй мэдэгдэнэ. Нэн даруй мэдэгдэж байж тухайн зөрчлийг манайх нэн даруй арилгаж, Ц.*******ыг аль болох хурдан ажилд нь оруулах байсан. Гэхдээ Ц.******* тухайн үед  огт хэлэхгүйгээр ажлаа таслаад алга болсон учир хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар 3 буюу түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзээд 80.1.4-д заасныхаа дагуу шууд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан учир гэрээг цуцалсан. Гэтэл *******ын шүүхийн шийдвэр дээр 81.4 гээд биччихсэн байдаг. Би болохоор 80.1.4 гэж хэлж байсан гэдгээ хэлье гэв.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.     

Нэхэмжлэгч Ц.******* нь “*******” ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, алжаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК ньажилтан Ц.******* нь ажилдаа тогтмол 09 цаг 30 минутаас ирээд, 16 цагт буудаг байсан бөгөөд ажлын хугацаанд ямар нэгэн бодит ажлын бүтээмж гаргадаггүй байсан. Ц.******* нь “би *******ын үндсэн иргэн” гэх зэргээр дээрэлхүү, үл хүндэтгэсэн хандлагатай байж, ажлын сахилга бат, цагийн хуваарийг байнга зөрчиж байсан. Улмаар 2025 оны 05 сарын 31-нээс 2025 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасны дагуу, мөн хэргийн материалын 13 дугаар талд байгаа хөдөлмөрийн гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар, мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1-д зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч “*******" ХХК-ийн Өмнөговь аймгийн ******* сумын ******* үржүүлгийн газрын менежерээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч “*******" ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай Цэдэнхүүгийн *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Цэдэнхүүгийн ******* нь ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Талуудын маргааны зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр нь үндэслэлгүй талаар байх ба хариуцагчаас нэхэмжлэгч Ц.*******ыг ажил тасалсан, ажилдаа ирээгүй гэж маргаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.******* нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандсан болох нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/598 дугаартай албан бичгээр тогтоогдсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор.” хандах эрхтэй гэж заасантай нийцжээ.

“*******” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 5.4 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн гэрээг “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль” 80 дугаар зүйлийн дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 5.4.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 5.5 дугаар зүйлд “Ажилтан дараах ноцтой зөрчлийг гаргасан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцална”, 5.5.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт ажлын өдрүүдийн 3 өдөртэй тэнцэх хугацаанд ажил тасалсан” гэж тус тус журамлажээ.

 “*******” ХХК болон Ц.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3-т Компани гэрээг дуусгавар болгох, 10.3.1-д “Компани дараах тохиолдолд сарын өмнө мэдэгдэл өгч ажилтны хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгож болно”, 10.3.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш давтан гаргасан”, 10.3.1.7-д “Ажилтан нь ноцтой зөрчил гаргасан бол энэ зүйлийн ноцтой зөрчил гэдэгт дараах үйлдлүүдийг авч үзнэ”, 10.3.1.7.q-т  “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажилдаа ирэхгүй байх” гэж талууд тохиролцжээ.

Үүнээс дүгнэхэд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр “ажилтан  ноцтой зөрчил гаргасан бол сарын өмнө мэдэгдэл өгч ажилтны хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох” талаар харилцан тохиролцсон байна.

Иймд “*******” ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гаргахдаа дээрх хугацааг баримтлаагүй нь ажилтны эрхийг зөрчсөн үндэслэл болж байна.

 Түүнчлэн ажил олгогч ажилтан Ц.*******ыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт ажлын өдрүүдийн 3 өдөртэй тэнцэх хугацаанд ажил тасалсан” гэх хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж 9 хоног ажилдаа ирээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэх тайлбар гаргадаг ба ажил олгогчийн хүсэлтийн дагуу шүүх нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийж, улмаар Ц.*******ыг ажил тасалсан талаар мэдүүлсэн ба гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлах, харьцуулан дүгнэх “байгууллагын ажилчдын ажлын цагийн бүртгэл” зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт авагдаагүй ба зөвхөн мэдүүлгийн нотлох баримтаар ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь “би ажлаа таслаагүй, цалин хөлсөө өгөхгүй олон сар болсон учраас ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлсэн” гэх тайлбарыг гаргадаг ба ажилтны 2024 оны 9, 10, 11, 12 сарын цалинг 2025 оны 3-р сарын 24-ний өдөр, 2025 оны 1, 2, 3, 4, 5-р сарын цалин 10,091,140 төгрөгийг 2025 оны 6-р сарын 26-ны өдөр тус тус олгосон болох нь Ц.*******ын Хаан банк дахь дансны хуулга, зохигчдын тайлбараар тус тус нотлогдсон ба Хөдөлмөрийн гэрээний 4.2 дугаар зүйлд заасан: “ажил олгогч нь ажилтны цалинг сард 2 удаа, сарын бүрийн 15-ны өдөр болон сарын сүүлийн өдөр олгоно” гэснийг зөрчсөн байх тул ажилтны тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.3-т заасан “ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй” гэх хуульд заасан үндэслэл тогтоогдож байна.

Гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан “Ажилтан энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй. 54.3.Ажил олгогч энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно.” гэж заасны дагуу “нэн даруй мэдэгдсэн” байдал ажилтны хувьд тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Ц.******* өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******ыг ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2025 оны 3, 4, 5 дугаар сарын нийт ажлын өдөр 63 хоног, ажил эрхлээгүй хоног 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 172 хоног, хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалин хөлсний хэмжээг 2,300,000 төгрөг гэж тохирсон байх тул 3 сарын хугацаанд 6,900,000 төгрөг, ажилтны 1 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 109,523 төгрөг байх бөгөөд 172 хоногийн 18,838,095.23 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч “*******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлага 23,000,000 төгрөгөөс илүү нэхэмжилсэн 4,161,904.76 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би тэтгэврийн хүн учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлүүлэх шаардлага байхгүй. Үндсэн 2,300,000 төгрөгийг 10 сараар үржүүлээд авна” гэх тайлбарыг гаргаж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүн буюу 18,838,095.23 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 252,140 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00104 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “нэхэмжлэгч Ц.*******ын “*******" ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Ц.*******ыг урьд эрхэлж байсан “*******” ХХК-ийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,

Ц.*******ын  2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 18,838,095.23 /арван найман сая найман зуун гучин найман мянга ерэн таван төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,162,044 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтад “нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай” гэснийг “нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 322,340 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР

                             ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                        Т.ДЭЛГЭРМАА