Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/161

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Ж. Болорпүрэв

Хохирогч Ц.Намуунзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, О.Энхсаруул

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бд холбогдох эрүүгийн 1825003700509 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн В.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч В.Б-г “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд бараа, материал нийлүүлэх тендер авч өгнө гэж хуурч мэхлэн иргэн Д.Чойжамцаас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн хооронд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Намуунзулыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас бараа, материал нийлүүлэх тендер авч өгнө гэж хуурч мэхлэн 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг тус тус залилан авч их хэмжээний буюу нийт 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б-н мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Эрдэнэт үйлдвэрт бараа материал нийлүүлэх гэрээ хийнэ гэж Намуунзулаас 40,000,000 төгрөг, Чойжамцаас 100,000,000 төгрөг авсан нь үнэн. Мөнгийг өөрийн өр ширэнд өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Намуунзулын мэдүүлсэн: Би маш их гомдолтой. Хүү алданги нийлээд баримтаар 62 сая төгрөгний хохирол учирсан. Шүүгдэгч 40 сая төгрөг өгсөн боловч би хүү алдангидаа өгсөн. Үндсэн 40 сая төгрөгний хохирол барагдаагүй байна. Хүнээс мөнгө зээлж өгсөн. Одоо хүү алданги төлсөөр яваа. Гомдолтой байна. Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх болно гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч Д.Чойжамцын...” 2017 оны 06 дугаар сард В.Б надад хандаж "Эрдэнэт үйлдвэрт бараа материал нийлүүлэх тендер авах боломж байна, би хүмүүсийг нь бүгдийг нь танина, найдвартай юм байна, та надтай хамтарч ажиллаач, одоо надад 160.000.000 /нэг зуун жаран сая/ төгрөг хэрэг болчхоод байна” гэхээр нь надад ийм их мөнгө байхгүй гэсэн чинь та таньж мэддэг найз нөхөд байвал хэлж өгөөч, тэгвэл хамтарч ажилламаар байна гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд Цэвээнсүрэн гэдэг хүнд Баттулгын дэвшүүлсэн саналыг хэлсэн. Цэвээнсүрэн гэдэг хүний данснаас 40.000.000 сая төгрөг В.Баттулгын данс руу шилжүүлэгдсэн.. Тэрнээс хойш юу болсон талаар асуухад ганц нэг гарын үсэг дутуу байгаа гэж хэлээд аргалаад л яваад байсан юм. Тэгээд би дараа нь Сарангэрэл гэж хүнд хэлж байгаад 25,000,000 төгрөг В.Баттулгын данс руу шилжүүлсэн юм. Дараа нь Наранбаатар гэж залуугаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Би өөрийнхөө зүгээс нийтдээ 25,000,000 төгрөг тушаасан. Зорилго нь бол Эрдэнэт үйлдвэр рүү бараа материал нийлүүлж өгнө гээд авсан юм ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-53-р хуудас/

-Хохирогч Д.Чойжамцын 5090488889 дугаартай ХААН БАНК-ны депозит дансны хуулга /хх-ийн 41-47-р хуудас/

-Хохирогч Д.Чойжамцаас шүүгдэгч В.Б-н 5090335706 тоот дансруу 40,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 56-р хуудас/

-Хохирогч Д.Чойжамцаас шүүгдэгч В.Б-н 5090335706 тоот дансруу 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 57-р хуудас/

-Гэрч Л.Сарангэрэлийн “..2017 оны 08 сарын 10-ны үеэр Чойжамц нь хүрч ирээд 25.000.000 сая төгрөгийг энэ данс руу шилжүүлээч, би ард талд нь байгаа найдвартай санаа зоволтгүй гэхээр нь.. нотариатаар орохгүй шууд өгч болох юм уу гэсэн чинь болно болно гэсэн юм. Тэгээд 2018 оны 08 сарын 18-ны өдөр 20,000,000 сая төгрөг, 21-ний өдөр 5.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Шилжүүлсэн хүн нь Вандансүрэнгийн Баттулга гэж хүн байсан.. Сүүлд нь сонсоод байхад огт худлаа ярьж залилан авсан байсан... Надад хэлэхдээ Баттулга гэж залуу гаргаж өгнө гэж хэлээд л авсан юм... Чойжамц надтай уулзаад .. эгчээ надад таньдаг хүн байгаа Эрдэнэт үйлдвэрээс ажил гаргаж өгнө гэнэ, одоо надад мөнгөний хэрэг байна та 25.000.000 төгрөг зээлдүүлээч, удахгүй өгнө.. гэж хэлээд Баттулга гэх хүний дансруу өгсөн юм... Би өөрийнхөө нэхэмжпэлийг шүүхээр иргэний журмаар шийдүүлсэн байгаа, иймд энэ хэрэгт нэхэмжпээд байх зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64-65, 2-р хх-ийн 160-р хуудас/

-Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 01676 дугаар шүүхийн тогтоолын хуулбар /1-р хх-ийн 68-70-р хуудас/

-Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 372 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 71-72-р хуудас/

-Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 76 дугаартай шүүхийн магадлалын хуулбар /1-р хх-ийн 73-75-р хуудас/

-Гэрч Б.Цэвээнсүрэнгийн “..2017 оны 06 сард Батзориг нь Чойжамцыг дагуулж ирээд манай найзад мөнгө хэрэг болчихлоо 40.000.000 сая төгрөг зээлчих гэхээр нь за гэж хэлээд Хаан банк дээр очоод данс өгөхөөр нь тэр данс руу нь 40,000,000 сая төгрөг хийсэн юм.. тухайн үед мөнгө зээлж байхдаа ямар нэгэн хүү мөнгө яриагүй, удахгүй өгнө гэхээр нь зээлсэн юм... Би Батзоригийг гуйгаад байсан болохоор тухайн залууд нь мөнгө зээлсэн юм..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77, 87-р хуудас/

-Гэрч О.Наранбаатарын “..2017 оны 08 сарын 16-ны өдөр Орхон аймагт ирээд Чойжамц ахтай уулзсан юм. Энэ үед Чойжамц ах надад хандаж ..Эрдэнэт үйлдвэрт ажил гүйцэтгэх боломжтой.. .гэж хэлээд надаас 10.000.000 сая төгрөгийг Баттулга гэх хүний Хаан банкны дансанд яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Ер нь бол бизнесийн санал байна 10 сая төгрөгийг энэ хүний дансруу шилжүүлээч гэж хэлсэн юм. Тэгээд би эхнэрийнхээ данснаас Баттулга гэх хүний данс руу 2017 оны 08 сарын 17-ны өдөр шилжүүлсэн юм... Эрдэнэт үйлдвэрийн тендерийн ажил байна гэсэн, өөрийгөө гардаж зохион байгуулна гэж яриагүй. Баттулгыг цаана байгаа хүн ажлыг хөөцөлдөж зохицуулна гэж хэлсэн юм.. Тухайн үед мөнгө өгөхдөө ямар нэгэн хүү мөнгө яриагүй, удахгүй өгнө ажил бүтээнэ гэж хэлээд авсан юм... Чойжамц ах надтай уулзаад ..Эрдэнэт үйлдвэр ХХК-д хийх боломжтой ажил байна, 10.000.000 /арван сая/ төгрөг өгчих юм бол ажпыг бүтээх хүн байна гэсэн юм.. Чойжамц ах надад Баттулгын талаар хэлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн аль нэг даргын туслах ажилтан гэж хэлсэн юм. Би өөрөө бол Баттулгатай уулзаж байгаагүй... 2019 оны 01 сарын 25-ны өдөр миний нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирлыг маань барагдуулсан байгаа.Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл огт байхгүй ээ..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 80-81, 2-р хх-ийн 157-хуудас/

-Гэрч Г.Батзоригийн “...2017 оны 05 сарын 25, 26-ны үеэр Чойжамц надад хандаж ..юм хийх гээд байна, мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө олоод өгөөч. гэхээр нь хэдэн төгрөг вэ гэсэн чинь 40.000.000 сая төгрөг гэж хэлсэн юм. Тэгээд би Чойжамцад тус болъё гэж бодоод хүүтэй мөнгө шүү гэж хэлээд Цэвээнсүрэн ахаас 40.000.000 сая төгрөг авч өгсөн юм...Сүүл сургийг нь сонсоход Чойжамц нь цаашаагаа Баттулга гэж хүнд өгсөн байсан... Чойжамц надад хэлэхдээ нэг хүнтэй хамтарч Эрдэнэт үйлдвэрээс бараа материал нийлүүлэх гэрээ авах гэж байгаа гэж хальт хэлээд мөнгөний хэрэг байна, яаралтай олоод өгөөч удаахгүй өгнө гэж хэлсэн юм. Ингээд би Цэвээнсүрэн ахад хандаж 40.000.000 сая төгрөгийг Чойжамцад олж өгсөн юм. Харин Чойжамц нь цаашаагаа Баттулга гэх залууд өгсөн байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/

- Гэрч З.Гантулгын “..2016 оны 04, 05 сард гэж санаж байна. Тухайн үед Баттулга надад хандаж ...ахаа би эмнэлэгийн баруун талд ийм барилга барих гэж байна гэж хэлээд зураг төслийг нь үзүүлээд танай компани ажил хийх үү гэхээр нь тэгье тэгье гэж хэлээд үнэ хөлсөө тохироод гэрээ хийсэн юм. Ингээд би Баттулгатай тохиролцоод цахилгаан болон сангийн ажлыг хариуцаж аваад хийж байгаа юм. Гэхдээ би тухайн ажлыг хийхдээ өөрийн зардлаар хийж байгаа. Бусад зардлыг Баттулга өөрөөсөө гаргаж хөрөнгө оруулалт хийж байгаа юм.. Би 2018 оны 06 сарын 05-ны өдөр Баттулгатай УБ хотод уулзаад цагдаагаас залгаад байна, намайг дуудаад байна юм ямар учиртай юм бэ гэсэн чинь “...би мэдэж байгаа нэг хүнээс мөнгө авсан чинь нөгөө хүн маань өргөдөл өгсөн байна лээ, тэрийг бол зохицуулна би өөрөө мэдэж байгаа гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 93-р хуудас/

-Гэрч О.Хишигжаргалын “...Баттулга бид хоёр 2016 онд БОЭТ-ийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах 4 айлын газрыг гэрээгээр худалдаж аваад орон сууц барихаар төлөвлөсөн юм. Тэгээд 2016 оны намраас эхлээд 40 айлын орон сууцыг 2018 оны 08 дугаар сард дуусгасан юм...Би энэ эмэгтэйгээс 40.000.000 сая төгрөг авсныг нь мэднэ, надад манай нөхөр хэлж байсан юм. Энэ эмэгтэйгээс авсан мөнгийг Баттулга нь баригдаж байгаа барилга руугаа оруулсан юм.. Манай нөхөр надад хэлэхдээ 80 гаруй сая төгрөг байх гэж хэлсэн юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Чойжамцаас авсан мөнгийг бас л барилгад зарцуулсан юм..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/

-Арилжааны банкуудын харилцагчийн мэдээллийн лавлагаа, хуулга, Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 164-197/,

-Д.Чойжамцад учирсан хохирол болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, Б.Цэвээнсүрэнд 40.000.000 /дөчин сая/ төгрөг, Л.Сарангэрэлд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, О.Наранбаатарт 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан баримтууд /2-р хх-ийн 163-167/,

-Хохирогч Д.Чойжамц нь В.Бтай мессежээр харилцсан А4 цаасан дээр буулгасан баримт /1-р хх-ийн 60-62/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 5/140 дугаартай тогтоол /хх-ийн 103-р хуудас/

- Хохирогч Ц.Намуунзулын ..2017 оны 10 сард найз Эрдэнэпүрэв надад хандаж ..Эрдэнэт үйлдвэрээс хувь аваад ажил авч өгдөг 1 хүн байна, одоо тэр хүн маань мөнгөтэй хүн хайгаад явж байгаа, чи уулзаад үзэх юм уу... гэхээр нь за гэж хэлээд утсыг нь аваад ярихад Баттулга гэх залуу байсан. Тэгээд Баттулгатай утсаар ярьж байгаад Улаанбаатар хотын циркийн хажуу талд уулзсан юм. Уулзсан чинь Баттулга нь Эрдэнэт үйлдвэр рүү тоног төхөөрөмж нийлүүлэх жагсаалт үзүүлээд ойролцоогоор нэг тэрбум үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх хүн хайж байгаа, хэрвээ нийлүүлэхийн бол би өөрөө 15 хувийг нь авна.. гэж хэлсэн юм. Би өөрөө Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэст хүн таньдаг гэж хэлсэн.. 1 тэрбумын 5 хувь буюу 40.000.000 сая төгрөгийг 2017 оны 11 сарын 02-ны өдөр өгсөн юм. Ингээд мөнгө өгч байх үед Баттулга нь надад хандаж 1 сарын дараа гэхэд ажил бүтнэ шүү гэж хэлээд салцгаасан юм.. Тухайн үед би Баттулгад хандаж 40 сая төгрөгийг дундын

дансанд байршуулъя, ажил бүтхээр гаргаж өгье гэсэн чинь үйлдвэрт ажилдаг хүн маань эхэлж мөнгөө авдаг болохоор боломжгүй гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзаад үзье гэсэн чинь хэлж өгөхгүй байсан юм...Тэгээд сарын дараа Баттулгаас ажил юу болж байна гэхэд удахгүй болно, бүтнэ гэж ярьсаар байгаад 2018 он гаргасан юм.. Тэгээд сүүлдээ Б нь утсаа авахгүй, зугтдаг болсон, гэрт нь очихоор эхнэр нь байхгүй гээд уулзуулдаггүй юм.. нэг ёсондоо 1 тэрбумын ажлыг Эрдэнэт үйлдвэрээс авахад 15 хувь буюу 120,000,000 төгрөг шаардлагатай гэсэн юм. Ингээд Б-д 120.000.000 сая төгрөгний урьдчилгаа болгож 40 сая төгрөг өгсөн юм. Хэрвээ ажил нь гараад ирсэн бол үлдэгдэл 80.000.000 сая төгрөгийг өгөх байсан юм... Би өөрөө ГОК-д ажилладаг хүнд өгөх ёстой, хуулийн хэлтсийн хүн байгаа гэсээр өөрийнхөө дансанд хийлгэсэн юм... Мөнгө өгөхдөө ажил бүтээлгэхээр өгсөн юм. Мөн баталгаа болгож гэрээ хийсэн юм... Нийт 20.000.000 сая төгрөг буцаан өгөөд байгаа..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-123-р хуудас/

- Хохирогч Ц.Намуунзулд 20.000.000 /хорин сая/ төгрөг нөхөн төлсөн баримт /2-р хх-ийн 213-р хуудас/,дахин 20,000,0000 төгрөг төлсөн баримт/шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтаар,3-р хавтаст/

- Гэрч Н.Байгалмаагийн “..Ц.Намуунзул охиноо дагуулаад Улаанбаатар хотын циркийн хажуу талд яваад очиход жижиг хар өнгийн машинтай 25-30 орчим насны Баттулга гэж залуу байсан. . Тэгээд машинд сууж байгаад уулзсан юм. Тэгээд би Б-с чи Эрдэнэт үйлдвэрт ямар алан тушаал хашдаг юм бэ гэсэн чинь ...Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэст манай ах байгаа, би өөрөө бол хувиараа ажил хийдэг...гэж хэлсэн юм.. тэгээд Баттулга нь тухайн үед ..Би Эрдэнэт үйлдвэртэй бараа материал нийлүүлэх, барилгын ажил авах зэрэг ажпуудыг хэд хэдэн удаа авч байсан, үүнийг Намуунаа мэдэх байх аа.. гэхээр нь та 2 ямар гэрээн дээр ажиллах гэж байгаа юм бэ би тэрийг нь харъя гэсэн чинь ..миний утсан дээр Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх барааны жагсаалт байгаа та 2 үз гээд харуулаад, миний гар утас руу зураг хэлбэрээр шилжүүлж өгсөн юм.. Тэр залууд итгэх болсон шалтгаан нь гэвэл Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай байгаа бараа материал нийлүүлэх материалыг аваад явж байгаад нь маш их итгэсэн юм.. дээрээс нь Баттулга надад хандаж ..та барилгын компанитай юм чинь танд хүртэл барилгын ажил авч өгч чадна шүү.. гэж бардам хэлж байсан юм. Тэгэхээр нь би юу ч гэсэн та хоёрын ажлыг харж байгаад болъё гэсэн юм..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-р хуудас/

- Хохирогч Ц.Намуунзул нь В.Бтай байгуулсан зээлийн гэрээ, 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг дансаар шилжүүлсэн баримтын хуулбарууд, хохирогч Ц.Намуунзул нь В.Бтай мессежээр харилцсан А4 цаасан дээр буулгасан баримт/1-р хх-ийн 134-141-р хуудас/

-В.Б-н эзэмшлийн 5090335706 дугаар ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 2-р хх-ийн 4-33-р хуудас/

-Шүүгдэгч В. Б-н эзэмшлийн Орхон аймгийн Зэст багийн 1-6-72 тоот Ү-2101001361 дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 51-р хуудас/

-“Далайван Аудит” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 20-ны 02/02-58 дугаартай шинжээчийн Орхон аймгийн 1-р микрийн 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 68,000,000 төгрөг гэх дүгнэлт  /2-р хх-ийн 54-61-р хуудас/

-Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 71-79-р хуудас/,

-шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Намуунзулаас авсан 20,000,000 төгрөгийг барилга руу оруулсан.Чойжамцаас авсан 40 гаруй сая төгрөгийг барилга руу оруулсан, бусдыг нь хувийн хэрэгцээнд зарцуулсан юм...гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтууд, яллагдагчийн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгө шилжүүлэн авсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч В.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд бараа, материал нийлүүлэх тендер авч өгнө гэж хуурч мэхлэн иргэн Д.Чойжамцаас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн хооронд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Намуунзулаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас бараа, материал нийлүүлэх тендер авч өгнө гэж хуурч мэхлэн 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг эзэмшилдээ тус тус шилжүүлэн авч өөрийн зорилгодоо ашигласан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Б-н энэ үйлдлүүд нь, өөрөөр хэлбэл хохирогч нарт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд бараа, материал нийлүүлэх тендер авч өгнө, хуулийн хэлтэст таньдаг хүн байгаа, найдвартай ” гэж зохиомол байдал бий болгон зориуд худал ярьж итгүүлэн иргэн Д.Чойжамцаас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн хооронд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Намуунзулаас 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг тус тус эзэмшилдээ шилжүүлэн аваад өөрийн хувийн зорилгодоо ашигласан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй, хууран мэхэлж өмчлөгчийн эд хөрөнгө,түүний эзэмших эрхэд халдаж  өөртөө шилжүүлэн  авах санаа зорилготой үйлдэл мөн байх тул Прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэйгэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 140,000,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч В.Б-н бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч В.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Цэвээнсүрэнд 40,000,000 төгрөг, Л.Сарангэрэлд 25,000,000 төгрөг, Наранбаатарт 10,000,000 төгрөг, хохирогч Д.Чойжамцад 25,000,000 төгрөг, хохирогч Ц.Намуунзулд 40,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Харин  хохирогч Ц.Намуунзул шүүхийн хэлэлцүүлэгт “маш их гомдолтой,хүү алданги төлсөөр байгаа 62 сая төгрөгний хохирол хүлээсэн” гэж мэдүүлсэн ба нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаагүй тул хохирогчийн нэхэмжлэлээс хүү,алданги нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж,  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж дүгнэлээ.Энэ шүүх хуралдаанаас шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдсэн В.Б-н өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-6-72 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр биелүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, дансуудыг битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-г 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-н цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон  420 000 төгрөгийг торгох ялаас хасч эдлэх ялыг 9,580,000 /есөн сая таван зуун наян мянган/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар В.Бд оногдуулсан 9,580,000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 1,596,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Намуунзулын нэхэмжлэлээс хүү, алданги гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, хэрэгт битүүмжилсэн В.Б-н өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-6-72 тоот улсын бүртгэлийн Ү-2101001361 дугаартай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, Төрийн банкны 121200023043 тоот, Хас банкны 5001807703 тоот дансуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

            8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ