Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2026/00042

 

 

2026 04 09 207/МА2026/00042

 

 

2026       04         09                                           207/МА2026/00042

 

 

 *******

 нэхэмжлэлтэй, хариуцагч *******

ХХК-нд  холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/02638 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК-нд  холбогдох,

“Экологи-эдийн засгийн хохиролд 26,016,300 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхжаргалын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, хариуцагчийн төлөөлөгч А.Энхжаргал, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ХХК нь *******ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам Ф20 мм-ийн ган хоолой татах ажил гүйцэтгэх явцдаа ******* аймгийн ******* сумын засаг даргатай 2,000 м.куб шороо худалдан авах гэрээ байгуулж 2021 оны 8-11 сарын хооронд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газраас байгалийн дагалдах баялаг олборлож газрын хэвлийд халдсан. Дээрх *******ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5.-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх хайрганы олборлолт хийх ёстой бөгөөд ******* сумын засаг даргатай байгуулсан шороо худалдах, худалдан авах гэрээ нь түгээмэл тархацтай ашигт малтмал болон хайрга олборлох зөвшөөрөл олгосон баримт биш юм. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 8,900 м2 буюу 0.89 га талбайд олборлолт хийж экологи-эдийн засгийн хохирол 15,845,600 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 3,670,700 төгрөг, байгаль орчны хохирлын үнэлгээний төлбөр 6,500,000 төгрөг нийт 26,016,300 төгрөг *******ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нэхэмжлэлтэй *******ХХК-д холбогдох экологи эдийн засгийн хохиролд нийт 26,016,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийг Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 0,89 га талбайд олборлолт хийж экологи-эдийн засгийн хохирол 15,845,600 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 3,670,700 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 6,500,000 төгрөг, нийт 26,016,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулин дахь гэм хорын эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгон төрд хохирол учруулсан гэж үзэж шаардсан байна. *******ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газартай Шороо худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан *******ТӨҮГ-ийн Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугамын далангийн трубаг дарж булах зориулалтаар *******ын арын энгэрээс 2000 м.куб шороог нийт 10 сая төгрөгөөр авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөрийг ******* аймгийн Төрийн сангийн зохих дансанд бүрэн төлсөн. Хариуцагч *******ХХК-ийг байгаль экологид хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд энэ хэргийн талаар 2021 оны 11 дүгээр сараас ******* аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж *******т шилжүүлсэн. Уг асуудлыг Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль болон их хэмжээний нөхөн төлбөр тавьсан. *******ХХК эс зөвшөөрөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Тус хэргийг анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай шүүхийн шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/0450 дугаартай магадлалаар тус тус хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна. Мөн өмнө нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд ******* аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 03 дугаар сард байгаль экологид учруулсан хохиролд нийт 50,142,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэсэн байдаг. Дээрх нөхцөл байдлыг үзэхэд хариуцагч *******ХХК-ийг байгаль экологид хууль бус санаатай үйлдпээр төрд гэм хор учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэм хорын хохирол учруулсан гэх хохирол, нөхөн сэргээх зардал, хохирлын үнэлгээний төлбөр зэргийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/02638 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч *******ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт хийж экологи-эдийн засгийн хохиролд 15,845,600 төгрөг, нөхөн сэргээх ажлыг зардалд 3,670,700 төгрөг, байгаль орчны хохирлын үнэлгээний төлбөрт 6,500,000 төгрөг, нийт 26,016,300 /хорин зургаан сая арван зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ХХК-иас 288,032 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхжаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

******* нэхэмжлэлтэй, *******ХХК-нд холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2638 дугаартай шийдвэрт дараах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтыг иж бүрэн, бодитой үнэлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нь захиргааны байгууллагын акт, дүгнэлтэд хэт тулгуурлаж, хариуцагчийн байгуулсан гэрээ, төлбөрийн баримт, нөхөн сэргээлтийн талаарх нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирлын хариуцлага буюу гэм хорын хохирлыг хариуцахын тулд 1.Хууль бус үйлдэл, 2. Бодит хохирол, 3. Шалтгаант холбоо. Эдгээр нь нэгэн зэрэг нотлогдсон байх шаардлагатай. Анхан шатны шүүх нь Шороо худалдан авах гэрээг ашигт малтмал олборлох зөвшөөрөл биш гэж дүгнэсэн боловч: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар тухайн үед сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд ашиглах боломжийг бүрэн үгүйсгэх боломжгүй. Захиргааны байгууллага өөрөө гэрээ байгуулсан атлаа тухайн гэрээг хууль бус гэж албан ёсоор хүчингүй болгоогүй байхад зөвшөөрөлгүй олборлолт гэж шууд дүгнэсэн нь хууль зүйн хувьд логик алдаатай. Хуульд нийцээгүй байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь шийтгэлийн хуудсыг хэрэгжих боломжгүй буюу түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ нь *******ХХК-ийг буруутай гэж үзэх үйл баримт тогтоогдсон шийдвэр байхгүйг илтгэж байгаа. Гэтэл шүүх үйл баримтыг шийдвэрлэсэн үйл баримт биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Төрийн байгууллагын албан тушаалтан алдаа гаргаж болно уг алдааны хариуцлагыг хувийн хэвшил нь дааж хохирол учруулсан гэж үзэн төлбөр төлдөг байх үндэслэл огт байхгүй. Хариуцагч нь тухайн үед сумын Засаг даргатай албан ёсны гэрээ байгуулж, төлбөр төлсөн. Төрийн байгууллага өөрийн байгуулсан гэрээнд итгэж үйл ажиллагаа явуулсан этгээдийг дараа нь буруутгах нь эрх зүйн итгэлцлийн зарчимд харш байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2. дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх болохыг заасан. *******ХХК гэм хорыг хариуцан арилгах этгээд биш бөгөөд гэм хор учруулсан үйлдэл байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэрээний үндсэн дээр хүлээн авсан шороог гэрээний дагуу далан булахад зориулсан бөгөөд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа биш. Гэм хор учруулсан үйлдэл байхгүй энэ үйл баримт нотлогдоогүй болно. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаардана. Мөн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Гэм хорын хохиролд 50,142,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Одоо Экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээх ажпын зардал, үнэлгээний төлбөр гэж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хариуцагч компани зохих нөхөн сэргээлтийг хуульд заасны дагуу хийсэн үйл баримт ч нотлогдсон байдаг. Энэ үндэслэлээр хариуцагч компаниас 26,016,300 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166, 167, 168 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******ХХК-нд  холбогдуулан “Экологи-эдийн засгийн хохиролд 26.016.300 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн  шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар хариуцагч *******ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт хийж экологи-эдийн засгийн хохиролд 15,845,600 төгрөг, нөхөн сэргээх ажлыг зардалд 3,670,700 төгрөг, байгаль орчны хохирлын үнэлгээний төлбөрт 6,500,000 төгрөг, нийт 26,016,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэжээ.

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/104 дугаар Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын тушаалаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох нэрсийг хавсралтаар баталсан ба иргэн *******нь тухайн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдож түүнд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг,  хэргийн материал танилцуулсан ба 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тангараг өргөж, шүүх хуралдаанд оролцож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд уншин сонсгожээ.  

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцогчид хэсэгт иргэдийн төлөөлөгч бичигдээгүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргасан талаар заагаагүй зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, зохигчийн маргааны зүйлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-т заасан шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулна гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 288.032 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/02638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч А.Энхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 288,032 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

                                                     ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ

                                   

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР