| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00706/И |
| Дугаар | 00855 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 20-01 тоотод оршин суух Шарх овогт Цэдэнжамцын Долгормаа /ГМ: 74083105/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол 18-20 тоотод оршин суух Боржгон овогт Баасандамбын Долгор /ГЗ: 76011600/
868 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Долгормаа, хариуцагч Б.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Долгор нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 сарын хугацаатай 0.4 хувийн хүүтэй 700 000 төгрөг зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Б.Долгороос үндсэн мөнгө 700 000 төгрөг 2 сарын хүү 168 000 төгрөг /илүү сарын хүүг авалгүй/ нийт 868 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Долгормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 06 сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, мөн өдрөө буюу 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200 000 төгрөг нэмж нийт 700 000 төгрөг зээлдүүлсэн. Тохиролцсон хүүг өгсөн нь үнэн боловч гэрээ хийснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн мөнгө 700 000 төгрөг, 2 сарын хүү 168 000 төгрөг нийт 868 000 нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Баасандамба овогтой Долгор би нэхэмжлэгч Цэдэнжамц овогтой Долгормаагаас 700 000 төгрөг авсан нь үнэн. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг авсан, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 24 000 төгрөгний хүү, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 24 000 төгрөгний хүү, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 24 000 төгрөгний хүү, 2015 оны 06 сарын 13-ны өдөр 300 000 төгрөг нэмж авсан, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200 000 төгрөг нэмж авсан, 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 86 400 төгрөгний хүү, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 84 000 төгрөгний хүү, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 84 000 төгрөгний хүү, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 84 000 төгрөгний хүү, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 84 000 төгрөг хүү, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 84 000 төгрөг хүү, нийт 578 400 төгрөгний хүү төлсөн. Энэ хугацаанд 700 000 төгрөг аваад 578 400 төгрөгний хүү өгсөн. Одоогоор хүү төлөх боломжгүй үндсэн мөнгө болох 700 000 төгрөгийг төлнө, миний аргагүй байдлыг харгалзан сар бүр 100 000 төгрөгөөр үндсэн мөнгийг төлөхийг зөвшөөрнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Долгормаа нь хариуцагч Б.Долгороос 868 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Б.Долгор нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл болох 700 000 төгрөгийг зөвшөөрч, хүү болох 168 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Долгормаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгчтэй 2 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн үндсэн мөнгө, хүүний төлбөр нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.Долгор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 700 000 төгрөгийг авсан нь үнэн. 578 000 төгрөгийн хүү төлсөн дахин хүү төлөх боломжгүй тул үндсэн мөнгө 700 000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Ц.Долгормаа нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ц.Долгормаа нь хариуцагч Б.Долгорт 700 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. 700 000 төгрөгийг дээрхи өдрүүдэд авсан хийгээд, мөнгөний нийт дүнгийн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.Долгормаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бичгийн гэрээ гэж нэрлэсэн хариуцагч Б.Долгорын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчилсэн хуулбарын дор бичсэн “Долгормаагаас 12.11 нээс 2 сарын хугацаатай 700 000 төгрөг зээлж авлаа” Б.Долгор гэсэн баримтанд үндэслэн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Долгормаа хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлага 168 000 төгрөгийн хүү нэхэмжлэх эрхгүй байна.
Бичгийн хэлбэртэй гэрээ гэж тайлбарласан баримтанд хүү тохироогүй, гэрээнд тавигдах ерөнхий нөхцлийг хангаагүй, зөвхөн хугацааг 2 сар гэж тохирсон байх тул хариуцагчаас 168 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байна.
Зохигчид урьд өгч авч байсан хүү, төлбөрийн хэмжээ зэргээр мэтгэлцээгүй хэн аль нь хүлээн зөвшөөрдөг мөн хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлийн төлбөр 700 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг 700 000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 25 382 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгороос 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Долгормаад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Долгороос 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Долгормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 168 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25 382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгороос 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Долгормаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |