| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2026/00103/И |
| Дугаар | 207/ма2026/00043 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2026/00043
2026 04 09 207/МА2026/00043
2026 04 09 207/МА2026/00043
*******нэхэмжлэлтэй,
хариуцагч *******
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2026/00524 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Байрны түрээсийн гэрээний үүрэгт барьцаа төлбөр 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагч *******шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* холбогдуулан байрны түрээсийн гэрээний үүрэгт барьцаа төлбөр 950,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...би ******* 18 м.кв 1 өрөө орон сууцыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу 5 сарын хугацаатай түрээслэхээр тохирч, эхний сарын 950,000 төгрөгийг 1 сарын барьцаа болох 950,000 төгрөгийн хамт ************** тоот дансанд нийт 1,900,000 төгрөг шилжүүлсэн....Гэвч нөхөр нь гэх ******* гэдэг хүн байр суллаж өг гэж удаа дараа шаардсан учраас би гэрээний хугацаа дуусахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тухайн байрнаас нүүсэн болно. Би сар бүр тогтмол 950,000 төгрөгийн түрээсээ төлж байсан. Иймд барьцаа төлбөр болох 950,000 төгрөгийг буцааж авахыг хүссэн боловч иргэн *******нь “ Би өгөхгүй, *******ээс ав” гээд өгөхгүй ******* рүү ярихаар “Би өгөх ёсгүй, гэрээ байгуулсан ******* ав” гэж бие бие рүүгээ хэлээд барьцаа төлбөрөө өгөхгүй байгаа тул 950,000 төгрөгийг Ш.******* гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./хх1-6х/
Хариуцагч *******“...Миний бие Г.******* гэх хүнтэй түрээсийн гэрээ хийхэд нөхөр Д.******* ширээний хөл янзалж, цэвэрлэгээ хийж өгч байсан. Тухайн үед мөнгийг би өөрийнхөө дансаар авч нөхрийн данс руу шилжүүлсэн, би энэ мөнгийг авч хэрэглээгүй учраас төлөхгүй, гэрээнийхээ дагуу хугацаагаа дуусгаад гараа гэж өчнөөн олон удаа хэлж гуйж байсан боловч нөхөртэй ярилцаад тохиролцоод гарчихаад надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Уг мөнгийг нөхөр Д.******* төлөх ёстой...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх16х/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч *******өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* 18 м.кв 1 өрөө орон сууцыг 5 сарын хугацаатай сарын 950,000 төгрөгийн хөлстэй нэхэмжлэгч Г.*******д хөлслүүлэхээр 2025 оны 05 дугаар сарын 16-нд түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр болон барьцаанд 950,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлсэн, хариуцагч төлбөрийг хүлээн авсан болох үйл баримтыг зөв тогтоожээ.
4.Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5.Зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээг 2025 оны 05 дугаар сарын 16-наас 2025 оны 10 дугаар сарын 16 хүртэл 5 сарын хугацаагаар байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн нөхөр Д.*******ийн шахалт, шаардлагын улмаас гэрээний хугацаа дуусахаас өмнө байрыг суллаж өгсөн буюу гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон.
5.1 Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу нэхэмжлэгч барьцаа болгож төлсөн 950,000 төгрөгийг шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.Хариуцагч *******давж заалдах гомдол гаргахдаа Д.*******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж улмаар Д.*******ээс 950,000 төгрөгийг гаргуулах хүсэлт, мөн Д.******* 1,900,000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн боловч зохигч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй, түүнчлэн анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2026/00524 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч Ш.******* 950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА