Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0389

 

 

“Ф э г и” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ф э г и” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-24.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МУ-ын хуулиас өмнөх үеийн)-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф э г и” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах гомдолдоо: “... “Ф э г и” ГХОХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 3000000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

            Аймгийн Засаг даргаас 2016 оны А/406 дугаар захирамжаар “Ф э г и” ГХОХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу “Ф э г и” ГХОХХК нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэр нь 20149 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.

            Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож ...” гэж заасан ба Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн дагуу “Ф э г и” ГХОХХК-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 3000000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/571 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, хариуцагч болох аймгийн Засаг даргаас хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, нөгөө талаас “Ф э г и” ГХОХХК-д хуулиар тогтоогдсон газрын төлбөрөө төлөөд цаашид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй” гэж заасны дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж, аймгийн Засаг даргын 2016 оны А/406 дугаар захирамжийг дахин хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

            Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс болон “Ф э г и” ГХОХХК-иас шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар албан бичиг ирүүлсэн байсан.

            Аймгийн Засаг даргаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт чиглэл өгсний дагуу болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар шийдвэр гарсан тул “Ф э г и” ГХОХХК-д удаа дараа албан бичиг хүргүүлж, гарын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар мэдэгдсэн боловч “Ф э г и” ГХОХХК-ийн эрхийг зөрчөөд байна гэсэн утгатай үл ойлгогдох албан бичгийг явуулсаар байсан.

            Аймгийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ямар нэгэн үйлдэхүй, эс үйлдэхүй гаргаагүй ба Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан атны шүүхийн шийдвэрээс харахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Ф э г и” ГХОХХК-ийн газар эзэмших эрхийн хувийн хэрэг материалыг “Ф э г и” ГХОХХК-ийн ажлын байранд авч очин гэрээг дүгнэх, гэрээг байгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байсан мэтээр дүгнэлт хийжээ.

            “Ф э г и” ГХОХХК нь үл ойлгогдох албан бичиг явуулж байснаас өөрөөр хууль тогтоомж биелүүлж, эхний ээлжинд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр тогтоосон газрын төлбөрөө төлж, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар ямар нэгэн үйлдэл гаргаагүй ба аймгийн Засаг даргын зүгээс “Ф э г и” ГХОХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эдийн засгийн хохирол учруулсан ямар нэгэн асуудал гараагүй, хуулийн хүрээнд үүргээ биелүүлж ажиллах, бусад аж ахуй нэгж байгууллагын адил төрийн хуулиар хүлээсэн газрын татвар төлөх үүргээ биелүүлэхийг, гэрээгээ дүгнүүлэхийг, гэрээгээ шинэчлэн байгуулахыг удаа дараа шаардсан байтал шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

            Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан ба аж ахуй нэгж, байгууллагын газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших, ашиглах гэрээ байгуулснаар үүсэх биш газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх байтал энэ талаар шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар Архангай аймгийн Засаг дарга болон түүний ажлын алба болох Засаг даргын Тамгын газраас сонсох ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн байдаг.

            Харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт сонсох ажиллагаа явуулах эрхийг хуулиар олгоогүй, тус газраас сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдал тогтоох талаар албан бичиг явуулсан, энэ талаар шүүх хуралдаанд хариуцагч талаас ойлгомжтой байдлаар тайлбарласан, нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байтал анхаарч үзэлгүйгээр сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн.п

            Энэхүү шүүхийн шийдвэрт цаашид хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдвөл бусад аж ахуй нэгж, байгууллагуудад энэ жишгээр газрын төлбөрийн татвараас зайлсхийгээд явах боломжтой юм байна гэсэн буруу жишиг байдал, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал даамжирах хандлагатай байна.

            Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч “Ф э г и” ГХОХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 10 сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” А/571 дүгээр захирамжаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 300 га хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалттай ашиглахаар эзэмших эрхтэй болжээ. Улмаар 2012 оны 11 сарын 05-ны өдөр  0341605 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авч, мөн өдөр № А/201203 дугаартай “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ” байгуулсан байна.

Уг гэрээний 2.2-т газрын төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааны талаар заасан байх бөгөөд ... Нэгжийн үнэ 5.4 төгрөг, бүгд үнэ 16200000 /арван зургаан сая хоёр зуун мянган төгрөг/ гэж заагаад, улмаар улирал тутамд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянган төгрөг/ төлөхөөр заажээ. Энэхүү гэрээнд өнөөдрийн байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй, хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэгэн шийдвэр, захирамж, тушаал гараагүй байна.

Энэхүү газрын тухайд өмнө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байжээ. Тухайн үед энэхүү маргааныг шийдвэрлэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэр гарчээ. Хэдийгээр тухайн Засаг даргын захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч “Ф э г и” ГХОХХК газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, зөрчил гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. Тодруулбал 2015 оны 4 дүгээр улирал болон 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрийг төлөөгүй байна. Гагцхүү Захиргааны ерөнхий хууль тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн байсан тул уг хуулийг зөрчиж гарсан үндэслэлээр нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэж байжээ. Дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар талууд ямар нэгэн маргаангүй байна.

Хариуцагчийн зүгээс өмнөх захирамж гарч газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд дахь хугацааны газрын төлбөрийг нэхэмжлээгүй байна. Гагцхүү өмнөх 2015 оны 4 улирал болон 2016 оны 1-3 улирлын төлбөр, 2019 оны 04 дүгээр сараас хойших хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй ажээ.

 Иймд хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/811 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 300 га газар ашиглагч, гадаадын хөрөнгө оруулалттай “Ф э г и” ГХОХХК нь 2015 оны 2 дугаар улирлаас хойш газрын газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан, түүний 2019 оны А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс үүсэх үр дагавар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Мөн Газрын төлбөрийн тухай хууль (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” МУ-ын хуулиас өмнөх үеийн)-ийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилж төлж болно” гэж зохицуулсан байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2015 оны 4 дүгээр улирал,  2016 оны 1-3 улирлын газрын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Харин анхан шатны шүүх “2019 оны газрын төлбөрийн хувьд захиргааны байгууллага нь газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгчээс газрын төлбөр шаардаж байгаа нь холбогдох хуульд нийцэхгүй байгаа зэрэг байдлуудаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын А/811 дүгээр захирамж хууль бус болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өмнө нь байгуулсан 2012 оны 11 сарын 05-ны өдрийн № А/201203 дугаартай “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ” хүчин төгөлдөр байх бөгөөд  гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан ямар нэгэн шийдвэр, тогтоол, захирамж гараагүй байна. Харин ч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах гэрээг шинэчилж байгуулах тухай” 733 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ф э г и” ГХОХХК-д “2019 оны 09 дүгээр 05-ны өдрийн дотор газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, гэрээг шинэчлэх, шинэчилж байгуулаагүй тохиолдолд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан А/201203 дугаар газар ашиглуулах гэрээний 4.3-д заасны дагуу гэрээг цуцалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаар мэдэгдсэн байжээ.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 790 дүгээр албан бичгээр “2015-2016 оны төлөгдөөгүй байгаа газрын төлбөр, түүнд ногдуулсан алданги, 2019 оны 2,3 дугаар улирлын газрын төлбөрийг төлж барагдуулан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор газар ашиглуулах гэрээг дүгнүүлж, шинэчлэн байгуулах, ... байгуулаагүй тохиолдолд 2012 оны А/201303 дугаартай газар ашиглуулах гэрээг цуцалж, газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаар мөн нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

Нэгэнт нэхэмжлэгчээс өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчил гаргасан болох талаар дурдсан байхад төлбөрөө төлөөгүй, захиргааны байгууллагаас удаа дараа газрын төлбөрийг төлөх, газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах талаар мэдэгдэж байсан боловч ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээг шинэчлэн байгуулах талаар санаачлага гаргаагүй байна. Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг болон хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, газар ашиглах гэрээг сунгаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагчаас Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд газрын төлбөр төлөөгүй, газрын албатай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй байх тул хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан 2019 оны А/811 дүгээр захирамжаар түүний 300 га газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс “өмнөх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй” гэсэн тайлбар гаргадаг боловч 2019 оны 12 дүгээр шийдвэрээр хариуцагчид ямар нэгэн үйлдэл хийхийг, захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлээгүй байна. Харин ч эсрэгээрээ захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч цаашид газраа ашиглаад явах, хууль болон гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөх үүрэг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгээс “хариуцагч илүү төлбөр шаардаад байгаа” гэж хэлдэг боловч илүү төлбөр төлөхийг шаардсан гэх хариуцагчийн “захиргааны шийдвэр”-тэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10/12 тогтоолтой нэгэн адил маргаагүй байна. Ийнхүү газрын төлбөрийн хэмжээг тогтоосон болон шаардсан  захиргааны шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гараагүй  байхад анхан шатны шүүхээс дан ганц газрын төлбөрийн хэмжээний тухайд бодолт хийж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж буй мэт дүгнэсэн нь өрөөсгөл болжээ гэж үзэв.

            Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх тухайд болон мэдэгдэх, сонсгох ажиллагааны тухайд дүгнэлт хийжээ. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд орших ...” бөгөөд хэрвээ Газрын тухай хуульд илүү нарийвчлан зохицуулсан бол тухайн хуулиа баримтлах боломжтой юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх” гэсэн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасан бөгөөд Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өөрийн санаачлагаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлснийг буруутгах үндэслэлгүй. Энэ тухайгаа нэхэмжлэгчид хангалттай олон удаа мэдэгдсэн байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.