Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

О.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03278 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: О.Алтанцэцэг, Ц.Болддорж нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Хөрөнгө хураах тухай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15/1 тоот тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 68 тоот хаягт орших бидний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 10/219 тоот тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бидэнд хүргүүлсэн юм. Энэхүү тогтоолд манай орон сууцыг 73 686 000 төгрөгөөр үнэлж, улмаар 51 580 200 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. Тус үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, бидний хувийн өмчийг үнэгүйдүүлсэн, бодит үнэ ханшаас зөрүүтэй байсан тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсан. Гэвч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №3/593 тоот мэдэгдэх хуудсаар миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу өгсөн болно. Мөн миний орон сууцыг битүүмжлэн хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 37-р зүйлийг зөрчсөн болно. Иймд үнэлгээг дахин хийлгэж, бодит үнэ, зах зээлийн ханшаар нь үнэлүүлэн, зохих хууль журмын дагуу дуудлага худалдаанд оруулах миний хүсэлтийг хүлээн авч, хөрөнгө хураах тухай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15/1 тоот тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1918 дугаар шийдвэрээр О.Алтанцэцэг, Ц.Болддорж нараас 46 359 216 төгрөг гаргуулж “Капитрон” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.Алтанцэцэг, Ц.Болддорж нарын барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 68 тоот, 2 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч О.Алтанцэцэг, Ц.Болддорж нарт үнийн саналаа гарган өгөхийг удаа дараа мэдэгдсэн байхад гаргаж өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лендс” ХХК-иар үнэлүүлэхэд 73 686 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээгээр Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  •     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу нэхэмжлэгч О.Алтанцэцэг, Ц.Болддорж нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан хөрөнгө хураах тухай 2015 оны 8 сарын 14-ний өдрийн 15/1 тоот тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 10-р сарын 16-ны өдрийн 10/219 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж хөрөнгө хураах тухай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15/1 тоот тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч О.Алтанцэцэг, Ц.Болддорж нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж хөрөнгө хураах тухай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15/1 тоот тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/01918 дугаар шийдвэрээр О.Алтанцэцэг, Ц.Болддорж нараас 45 971 409 төгрөг гаргуулж “Капитал” банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 68 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 96-97 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 68 тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор хураажээ. /хх-ийн 28-31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол нь үндэслэлгүй гарсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасны дагуу явагдсан байна.

 

Нэхэмжлэгч нар эд хөрөнгө хураасан тогтоол гарсанаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчиж шүүхэд энэ талаар гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Талууд үнийн саналд тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгож албадан дуудлага худалдаа зарласан нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 43 дугаар тал/

 

Хөндлөнгийн шинжээч “Лэндс” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 68 тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 73 686 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 45-56 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 дүгээр тогтоолоор анхны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 73 686 000  төгрөгийн 70 хувь буюу 51 580 200 төгрөгөөр оруулахаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

 Нэхэмжлэгч нар дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй тул 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/219 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.МӨНХЗУЛ    

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ