Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00049

 

С.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00982 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01901 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: С.Г

           Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

       Үндсэн нэхэмжлэл: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байр, 114 тоот 57,87 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

           Сөрөг нэхэмжлэл: Орон сууцны үлдэгдэл төлбөр 9.945.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн даргад Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон тайлбартаа: С.Г 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Т” ХХК-тай орон сууц худалдаж авахаар захиалга өгч, амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот 64,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,5 сая төгрөгөөр буюу нийт 96.750.000 төгрөгөөр авахаар  тохиролцож, мөн өдрөө 70 сая төгрөг, 2013-09-02-ны өдөр 3сая төгрөг, 2015-11-02-ны өдөр 13.805.000 төгрөг, нийт 86.805.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. “Т” ХХК-иас 2015-10-05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Гд холбогдуулан дээрх 64,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэй холбогдуулан орон сууцны хэмжилт хийлгэхэд нийт талбай 57,87 м.кв буюу хариуцагч доголдолтой хөрөнгө шилжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч 86 805 000 төгрөгийг хариуцагчид төлсөн ба уг төлбөрийн хэмжээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 57,87 м.кв талбайн хэмжээнд дүйцэж байгаа. С.Г гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Хэдийгээр талууд ямар нэг бичгийн гэрээ байгуулаагүй ч энэ  үйл баримт  тогтоогдсон. Байрыг улсын комисс хүлээж аваад нэхэмжлэгч байранд амьдарч эхэлснээс хойш одоо хүртэл 60,6 м.кв талбайн хэмжээгээр ашиглалтын зардал төлж байна. Иргэний хуулийн 352.4-т “..түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч..”  гэж заасан. Тухайн үед гэрээ хийх боломжгүй байсан. Барилгын обьекттой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч 2012 онд захиалга өгч, 2013 онд байрыг хүлээн авсан, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнгээ 2013-01-21-ний өдөр хүлээж авсан. Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг хүлээн авахдаа мэдсэн буюу мэдэх боломжтой байсан.  Тухайн үед талбайн хэмжээг илрүүлэх боломжгүй байсан, хариуцагч уг доголдлыг нуун дарагдуулсан гэж үзэхгүй. Талбайн хэмжээ ямар нэг далд нуугдсан, шугам, сүлжээний доголдол биш. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан өдрөө хэмжилт хийлгэх боломжтой байсан. Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Нэхэмжлэгч уг орон сууцандаа оршин сууж, хэвийн байдлаар амьдарч байгаа тул эд хөрөнгийг  бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Г Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцыг 96 750 000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд үлдэгдэл 9 945 000 төгрөгийг  төлөөгүй. Гэтэл С.Г орон сууцны талбайн хэмжээ тохирсноос дутсан гэж мөнгө төлөхгүй байгаа нь үндэслэлгүй. Манай компани орон сууцны талбайн хэмжээ нь хэд байхаас үл шалтгаалан багцын үнээр бодож бүхэлд нь 96 750 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Иймд  орон сууцны үлдэгдэл төлбөр 9 945 000 төгрөгийг С.Гээс гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч хариу тайлбартаа: Хариуцагч бидэнд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Талбайн хэмжээ дутуу, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн ашиглалтын зардлыг 60,6 м.кв талбайд тохирох хэмжээгээр төлөөд явж байгаагаас харагдана. Иргэний хуулийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах талаар заасан байх тул орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж тооцож байгаа гэжээ. 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ201700982 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Баянгол дүүрэг, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай С.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С.Гээс 9 945 000 төгрөг гаргуулж  “Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 174 100 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, С.Гээс 174 100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн 210/МА2017/01901 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Талуудын хороонд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагч талд шилжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл гүйцэтгэгч буюу “Т” ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон 64.5 м.кв, 2 өрөө орон сууц шилжүүлэх үүрэгтэй ч 57.87 м.кв орон сууцыг шилжүүлсэн болохыг хэмжилтийн компани дүгнэлт гаргах үед мэдсэн юм. Мөн тухайн ажлын үр дүнгийн доголдлыг захиалагч нь ердийн байдлаар хүлээн авахад илрүүлэх боломжгүй бөгөөд барилга, байшингийн дутагдлыг гурван жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргахаар хуульчилсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлыг гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэсэн нь илт үндэслэл муутай байна. Иймд ...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

  1. Шүүх С.Гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.     

        С.Гийн нэхэмжлэл болон тайлбарын агуулгыг тодорхойлбол, тэрээр “...  хариуцагч гэрээг бичгээр байгуулах, эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй ...”-с эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үүнтэй холбоотой  бичиг баримтыг гаргуулахыг хүссэн байна.

        Иймд С.Г нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт олгохыг “Т” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан, энэ талаар зохигчид мэтгэлцсэн гэж үзлээ. 

       Хариуцагч “Т” ХХК нь “...нэхэмжлэгч 96.750.000 төгрөгөөс 9.945.000 төгрөг төлөөгүй үлдсэн...” гэсэн үндэслэлээр С.Гд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

       2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот орон сууцыг “Т” ХХК 96.750.000 төгрөгөөр худалдах, С.Г орон сууцыг уг үнээр худалдан авахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч байрны төлбөрт 86.805.000 төгрөг төлж орон сууцыг хүлээн авч амьдарч байгаа, төлбөрөөс 9.945.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар зохигчид маргаагүй, харин орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон 64.5 кв.м бус,  57.87 кв.м байгаагаас нэхэмжлэгч дутуу талбай буюу 6.65 кв.м-т ногдох 9.945.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж  маргажээ.

        Өөрөөр хэлбэл, талууд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг, гэрээний нөхцөлийг үгүйсгээгүй, харин аль аль нь гэрээний үүргийг харилцан шаарджээ.

       3. Хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

        Т ХХК нь нэхэмжлэгчийн буюу өөрийн материалаар тохиролцсон ажил гүйцэтгэх, С.Г ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь буруу юм.

       Хэрэгт авагдсан баримтыг судлан үзвэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогджээ.  Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч, төлбөрөөс 90 хүртэл хувийг төлсөн бөгөөд  маргааны улмаас гэрээг бичгийн хэлбэрт оруулаагүй нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж, орон сууцны өмчлөгчөөр С.Гийг тогтоох үндэслэлтэй байна. Түүнчлэн, орон сууцыг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       Хэрэгт авагдсан баримтаар  маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч 96.750.000 төгрөгөөр худалдах, С.Г орон сууцыг уг үнээр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд байрны талбайн хэмжээгээр орон сууцны үнийг тогтоосон гэх  үндэслэлгүй байна. Иймд орон сууцны талбайн зөрүү буюу 6.65 м.кв-т ногдох 9.945.000 төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгч татгалзсаныг хүлээн авах боломжгүй байна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01901 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00982 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг “..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, 18 дугаар байрны 114 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Гийг тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд  шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг  “Т” ХХК-д даалгаж, С.Гээс 9.945.000 төгрөг гаргуулж “Т “ХХК-д олгосугай...” гэж, 3 дахь заалтын “...гаргуулж хариуцагчид олгосугай...” гэснийг “...гаргуулж “Т” ХХК-д, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай...” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 180.000 төгрөгийг С.Гд захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ