Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 217

 

Л.Оюунчулуунд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Энхтуяа, Ж.Яринпил,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Равдан

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар магадлалтай 201526012057 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Оюунчулуун, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Энхтуяа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Халиун овогт Ламжавын Оюунчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12. 91.2.15 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Л.Оюунчулууныг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял шийтгэж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Оюунчулуун түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Энхтуяа, Б.Цолмон нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Оюунчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие анх удаа цагдаагийн хаалга татаж байгаа учир мэдүүлэг өгөх, өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөө өөрөө сонгох, мэдүүлгээ уншиж гарын үсэг зурах эрхүүдийг эдлээгүй. Ойрын харааны шил (+3) зүүж байж уншиж бичдэг гэж хэлсээр байтал мөн гэнэтийн ухаан балартсан үед өмгөөлөгч гэж хэлэхгүйгээр эрхийг чинь хамгаална гэсэн үндсэн дээр хүн байлгаж гарын үсэг зуруулж миний эрхийг зөрчсөн. Мөн хохирогч архи ууж агсам тавьдгийг нь Д.Равдан гэх хүн мэдсээр байж яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Миний бие тухайн өдөр айж сандран давчдаж өөрийхөө амь насыг болон хүүхдүүдээ хамгаалах гэсэн тэрхэн зуурын үйлдэл маань хүний амь насанд хүрсэнд чин сэтгэлээсээ харамсаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримтаар Л.Оюунчулуун нь шууд бус санаатай Д.Баасансүхийг хутгалж алсан гэдэг нь хангалттай тогтоогддоггүй. Шүүх үйл баримтыг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй бодитой дүгнэж чадаагүй бөгөөд ялангуяа шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдал байгааг анхааран үзсэнгүй. Л.Оюунчулуун нь нөхрөө алах гэсэн санаа зорилготой ямар үйлдэл хийж амь насыг нь бүрэлгэсэн бэ гэдэг нь нотлогдоогүй бөгөөд харин талийгаач хутга барин түүн рүү дайрах үед хутгыг булаацалдах явцад хутганд хатгагдсан уу гэдэг нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байхад түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв шүүхийн шийдвэрлээд байгаа Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзэх юм бол талийгаачийн зүүн шууны гадна үүссэн шарх үүсгэгдэхгүй байх боломжтой гэж байна. Л.Оюунчулууны үйлдсэн хэргээ хүлээсэн буюу үгүйсгэсэн мэдүүлэгт дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх саналтай байна. Иймд Л.Оюунчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар зүйлчлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Амь хохирогч Л.Оюунчулуунд хутгалуулснаас гэмтсэн, түүнийг амь бие нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан нь тогтоогдсон. Амь нас нь аюултай байдалд байсныг мэдэж байсан гэрч С.Эрдэнэбаяр, М.Пүрэвдорж нар тухайн үед найзынхаа ч бай, иргэнийхээ хувьд ч үүргээ гүйцэтгэсэн бол өнөөдөр амь хохирогч амьд байх боломж байсан. Хоёр гэрчийн мэдүүлэгт эрхзүйн үр дагавар хийсэнгүйд гомдолтой байна. Мөн Л.Оюунчулууныг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, түүний биед шинжээчийн 15116 тоот дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад хохирогчоор тогтоож байцаалт аваагүй байдаг. Хавтаст хэрэгт шинжээч томилсон 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 тогтоол, 20-ны өдрийн 3 тогтоол, нийт 14 удаагийн шинжээч томилсон  тогтоолууд байгаа боловч 1 тогтоолыг нь өмгөөлөгчид танилцуулсан байдаг бусад тогтоолуудыг өмгөөлөгчид танилцуулаагүй, мөн яллагдагч Л.Оюунчулуунд хэргийн материалыг 2016 оны оны 03 дугаар сарын 22-нд Д.Цэрэнхандтай танилцахад бөөнд нь танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 07А тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийг дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хааж байгаа хууль зөрчсөн үйлдэл юм. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинж хангагдсан хэдий ч Л.Оюунчулуун нь хохирогчид гэмтэл учруулах гэсэн шууд санаа зорилгоор энэ хэргийг үйлдээгүй, аргагүй хамгаалалт хийх нөхцөл бүрдсэн үед өөрийн болон бага насны 2 хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бусдын хууль бус халдлагаас хамгаалах зорилгоор тухайн үед амь хохирогчийг хутгалсан тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-ээр зүйлчилснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 13 дугаар зүйлийн 13.2, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Шүүгдэгч нь сүрьеэ өвчтэй нэг удаад 2 эм уудаг. Эмээ уухдаа согтуу хүн шиг болдог. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэц эрүүл гэж гарсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харахад Д.Баасансүхийн хууль бус гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад доор шүүгдэгч Л.Оюунчулуун нь цөөнгүй жил амьдарсан болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Л.Оюунчулууны санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас талийгаачийг хутгалж амь насыг нь хохироосон болох нь нотлогдож байна. Шүүгдэгч нь олон жил хүнд дарамтад амьдарч байсан учраас олон жил хураагдсан тэвчээр нь алдагдаж, энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Шүүгдэгч хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, 5 нас хүрч байгаа охинтой. Охин нь өөр хүний асрамжид байгаа болохоор эх хүүхэд хоёрын уулзах цаг хугацааг ойртуулж оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Талийгаачийг олон жил зодсон гэдэг нь ташаа мэдээлэл юм. Шүүгдэгч Л.Оюунчулууны мэдүүлгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нь учир дутагдалтай байна. Л.Оюунчулуун нь талийгаач дайраад байхаар нь хамгаалсан гэж хэлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад Л.Оюунчулуун нь нөхөртэйгөө хамт байнга архи уудаг байсан нь нотлогддог. Зан суртахууны хувьд харгис, догшин эмэгтэй гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах  шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйгээр бусдыг санаатай алсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хохирогчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

Л.Оюунчулуун нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1500 цагийн орчим өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ нөхөр Д.Баасансүхийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар шалгавал зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна. Шүүх Л.Оюунчулууныг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнээд, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзнэ.

Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас өөрт нь болон ойр дотны хүмүүст нь хүнд хор уршиг учирсан эсхүл учирч болох байсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйлдлийн шинж чанарыг бүрэн дүүрэн ухамсарлах, түүнийг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадвар их хэмжээгээр суларсан нөхцөл байдлыг санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж ойлгодог. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс гаргаж буй нэг удаагийн, эсхүл хохирогчийн байнгын хэвшмэл шинжтэй хууль бус болон ёс суртахуунгүй үйлдэл, эс үйлдлүүд удаан хугацаагаар үргэлжлэх явцад хүний сэтгэцэд учирч буй дарамт, ачаалал хуримтлагдан явсаар тэсрэх үед үүсч болдог.

Харин шүүгдэгч Л.Оюунчулуун болон хохирогч Д.Баасанхүү нарын хамтын амьдрал, хоорондын харилцааны түүх, хувийн байдал зэргийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд дээр дурдсан нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч нь согтуугаар хохирогчтой маргалдах явцдаа түүний гуян тус газарт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийг хүнийг болгоомжгүй алах, эсхүл аргагүй хамгаалалтын нөхцөлд байдалд хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Л.Оюунчулуун санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн аргагүй хамгаалалт хийсэн, эсхүл бусдыг болгоомжгүй алсан гэх зэрэг үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Л.Оюунчулуун, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Б.Энхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН                     

                              ШҮҮГЧ                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН