| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/02140/И |
| Дугаар | 207/ма2026/00044 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2026/00044
| 2026 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 207/МА2026/00044 |
2026 04 09 207/МА2026/00044
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/02250 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 3,008,797 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин цахимаар, Б.Ундармаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цасчихэр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,678,864 төгрөг, зээлийн хүү 5,301,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,294 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 9,044,628 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 3,008,797 төгрөг болгон багасгасан байна. /хх1-4х/
Хариуцагч *******“...миний бие Ө.******* амьдарч байх хугацаанд авсан зээлийн асуудлыг хариуцахгүй...намайг үндсэн зээлээ төл гэж ятгасан учраас би үндсэн мөнгийг төлнө гэдэг хуудас дээр гарын үсэг зурсан....*******бид хоёр 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа...энэ зээлийн асуудал надад хамаагүй, *******өөрөө хариуцах болсон” гэж /хх33148х/
Хариуцагч Ө.Цасчихэр, хариуцагчийн өмгөөлөгч нар “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ...зээлийн гэрээний дагуу төлөх хугацаа дуусаад 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийг төлөхгүй гэж тус тус маргасан./хх24х/
3. Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 127100320081 зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******нартай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 127100320081 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, талууд гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр 155,000 төгрөгөөр төлөх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувь тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон, хариуцагч нар зээлээс 838,500 төгрөг төлсөн, үлдэх зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
5. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна.
5.1 Тодруулбал талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 127100320081 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нар 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр 155,000 төгрөгөөр төлөх, төлж дуусгах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 12 байхаар тохиролцжээ.
5.2 Гэвч нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 08-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох ба энэ талаарх хариуцагч *******тайлбар үндэстэй.
6. Хариуцагч *******хувьд тэрээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “...*******бид нар 2017.10.12-ны өдөр 3,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан.Миний бие үндсэн зээлийн үлдэгдэл 2,678,864 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах, сар бүрийн 25-нд төлж барагдуулахаар баталж байна...*******өвчний улмаас өөрийн биеэр ирж чадаагүй болно.Миний бие хамтран амьдрагч тул уг баталгааг гаргав” гэсэн баталгаа гаргасан.
6.1 Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан бөгөөд хариуцагч *******2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* банк бус санхүүгийн байгууллагад үндсэн зээлийн үлдэгдэл 2,678,864 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан тул тэрээр энэхүү үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй юм.
6.2 Иймд хариуцагч *******2,678,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 329,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/02250 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.,453 дугаар зүйлийн 453.1., 82 дугаар зүйлийн 82.2.-д зааснаар хариуцагч *******2,678,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 329,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******57,812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 159,664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА