Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/184

 

                          

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч У.Баяртуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,харгис хэрцгий харьцсан,догшин авирласан,тарчлаасан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1825000000499 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б

  Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Ундармааг 2011 оноос 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаандаа байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан буюу 2015 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ зодож хавиргыг нь гэмтээсэн, 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийж байхдаа зодож үүний улмаас хохирогч Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. 2017 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ зодож  нүүр болон уруулыг сэтэлж гэмтээсэн, 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шүүхийн шийтгэвэрээр баривчлах арга хэмжээ авагдсан, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар үснээс нь зулгааж зодсон, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Хуучин тосгоны 14-02 тоотод биед нь хохирол учруулахгүйгээр халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн Хуучин хороолол 10-р гудамжинд согтуугаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Хуучин хороололын 10-р гудамжинд биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-н мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй.Урьд нь өгсөн байгаа.Өөрөө унасан.Би хааяа нэг гар хүрч байсан.Би эдийн засгийн хувьд бүх бололцоог нь хангаж байсан.11 дүгээр сарын 18-нд хоёулаа согтуу,үүрч яваад уначихаад байсан.Алхахаараа уначихаад байсан.Зодоогүй гэх мэдүүлэг,

-Хохирогч У.Баяртуулын шүүх хуралдаанд мэдүүлсэн:Надад ярих зүйл алга.               гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хэргийн газрын/ Хуучин тосгоны 10-р гудамж/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /1-р хх-ийн 3-7-р хуудас/

-Хэргийн газрын / Хуучин тосгоны 6-28-р хашаа байшин/үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /1-р хх-ийн 8-11-р хуудас/

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-17-р хуудас/

-Хохирогч У.Баяртуулын...Миний төрсөн эх Пүрэвсүрэнгийн Ундармаа 1971 оны 07 сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Миний ээж Ч.Б гэж хүнтэй 2011 онд танилцаж улмаар түүнтэй хамтран амьдрах болсон...Баттулга ах болон миний ээж архи уудаг. Ер нь мөнгө байвал архи ууна...Ч.Б, ээж хоёр архи уугаагүй эрүүл байх үедээ хэн хэндээ хайр халамж сайтай, эвтэйхэн л байдаг. Архи уугаад согтсон үедээ Баттулга ах ээжийг хүнтэй хардаад цохиж зодоод байдаг юм шиг байна лээ. Миний нүдэн дээр цохиж зодож байгаагүй...Гэхдээ ээжийн нүд, бие эрхтэн хөх эрээн болчихсон байх үе байдаг байсан. Тэгэхээр яасан юм бэ гэхээр Б зодсон гэж хэлдэг байсан. Яг юунаас болоод нэг нэгийгээ цохиж зодоод байдгийг мэдэхгүй. Баттулга ах архи уух болгондоо миний ээжийг цохиж зоддог юм шиг санагддаг...Ээж минь Баттулгад зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандаж байсан тохиолдол байдаг эсэхийг мэдэхгүй...Миний санаж байгаагаар 2016 оны 09 сард байх Баттулга ээж хоёр Улаанбаатар хотод ажиллаж байхдаа Б ах ээжийг минь зодоод үүнээс болж ээжийн биед гэмтэл учирч гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...Бид нар бүгдээрээ Их залуу Шанд багт Б ахын гэрт амьдардаг байхад Баттулга ах архи ууж согтоод ээж рүү сандал авч шидээд ээжийн толгойг хагалаад бид нар зугтааж Тосгонд ирж хонож байсан...нэг жилийн өмнө билүү, хоёр жилийн өмнө Булган аймгийн Сайхан суманд хадам аавынхаа гэрт цагаан сар гаргаад ирэхэд ээжийн уруул нь сэтрээд эдгэрч байсан. Яасан юм бэ гэж асуусан чинь Тулгаа зодсон гэж хэлсэн. Би өөрөө ээж, Б ах хоёртой байнга цуг амьдардаггүй...Хааяа нэг ээжтэй уулзахаар бие эрхтэн нь энд тэндээ хөхөрсөн байдаг байсан. Яасан юм бэ гэхээр Тулгаа цохиод л гэж хэлдэг байсан. Ер нь архи уух болгондоо л Тулгаа зодох юм. Би нэг л өдөр Тулгад зодуулаад үхэх байх гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь салж болохгүй юм уу гэхээр Тулгаа салахгүй шүү дээ гэж хэлдэг байсан...энэ жил намар...гэртээ ирээд хүүхдээ харж байсан... нэг өдөр ажлынхаа дундуур ирсэн чинь ээжийн үс богино болсон байсан. Тэгэхээр нь таны үс яасан юм бэ гэсэн чинь Тулга зодоод үснээс зулгаагаад байхаар нь хутгаар өөрөө огтолж салсан юм гэж хэлсэн. Тэгэхэд ээжийн үс жижигхэн болсон байсан...Би өөрөө ажил төрөл хийгээд Улаанбаатар хотод байнга шахуу байдаг болохоор өөр мэдэх зүйл алга. Хааяа ирэхэд ээжийн бие хөх эрээн болчихсон л байдаг байсан. Тэр болгоныг цаг хугацаагаар нь хэлж мэдэхгүй байна...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-22, 248-249-р хуудас /

-Гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ байж байгаад урагшаа дэлгүүр орох гээд явж байтал эмэгтэй хүний ёолох чимээ сонсогдсон юм. Тэгээд чагнахад эмэгтэй хүнийг зодоод байх шиг байсан. Тэгээд би гэртээ орж ирээд цагдаа руу залгасан чинь намайг харж байгаарай одоо очлоо гэхээр нь хашааныхаа булангаас харсан чинь нэг хүн нэг хүнийг чирээд нааш цааш нь болгоод байсан юм. Би тэгээд гэртээ ороод ирсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/

-Гэрч О.Оюунжаргалын “...Энэ хүн манай ээж Оюунчимэгийн төрсөн дүү...Би яг зодож байхыг нь бол хараагүй, харин зодож цохисны дараа нь бол олон удаа харж байсан. Хоорондоо таарч тохирдоггүй юм уу гэхээр зүгээр байдаг. Баттулга нь архи уухаараа зан ааш нь өөр болчихдог юм. Миний мэдэхийн өнгөрсөн жилүүдэд яг хэзээг мэдэхгүй байна. Санаж байгаагаар 3 удаа зодсон. Хоолойг нь боосон байдаг, хавиргыг хугалж байсан. Ам хамрыг авах юмгүй зодсон байдаг. Миний мэдэхгүй олон удаа зодсон байх...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас /

-Гэрч Ө.Гэрэлмаагийн “...Одоогоос хоёр жилийн өмнө байсан санагдаж байна. Талийгаач манай гэрт ганцаараа ирсэн. Тухайн үед талийгаач Баттулгад зодуулаад амьсгал авч болохгүй байна. Архи уухаараа л намайг зодоод байх юм гэж хэлсэн...Үүнээс хойш мөн талийгаач нүүр нь энд тэндээ хөхөрч цус хурсан, уруул сэтэрсэн байдалтай ирж байсан. Би дүүдээ чи хүний эрхээр жаргаж байхаар өөрийн эрхээр зовооч гэсэн талийгаач харин тиймээ гэж ярьж байсан. Үүний дараа талийгаач Баттулга хоёр Улаанбаатар хотод ажил хийж байхдаа Баттулга миний талийгаач дүүг зодож түүнээс болж Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн сураг сүүлд сонсогдож байсан...Талийгаач надад ярихдаа Баттулга хүмүүстэй нийлж архи уухаараа хүний нүд хариулж байгаад доогуур чимхээд дээгүүр цохиод үнэхээр хэцүү юм гэж нэг удаа ярьж байсан...уруул нь сэтэрсэн байдалтай ирсэн нь миний санаж байгаагаар 2017 оны цагаан сарын өмнө байсан гэж бодож байна. Яагаад гэхээр би талийгаачид чи одоо цагаан сараар ийм нүүр, уруултай явах юм уу гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 41-43-р хуудас /

-Гэрч П.Оюунчимэгийн “...П.Ундармаа миний төрсөн дүү... Архи уусан үедээ Баттулга талийгаачийн хэн нэгэн хүнтэй хардаж сэрдээд хэрүүл маргаан зодоон үүсгээд байдаг юм...Ч.Б ер нь Ундармааг зодчихсон байдаг байсан. П.Ундармаагийн бие эрхтэн нь хөх болчихсон байхаар нь яасан юм бэ гэхээр Баттулга цохисон юм гээд хэлдэг байсан...нүдэн дээр цохиж зодож байгаагүй. Гэхдээ намайг сая Улаанбаатар хот руу явах өдрийн урд өдөр Баттулга согтуу ирээд талийгаачтай хэрүүл маргаан хийгээд зодох гээд байхаар нь П.Ундармаа манай гэрт орж ирээд, Баттулга араас нь орж ирээд би тэд нарыг зохицуулж өгсөн...Ундармаа хааяа аргагүй үедээ Баттулгыг цагдаад бариулж байсан тохиолдол байгаа байх. Ундармаа Баттулгад зодуулаад бэртэл гэмтэж, гэмтсэн ч гэсэн нуугаад эмнэлгийн байгууллагад хандахгүй байдаг байсан . Миний санаж байгаагаар 2016 оны намар талийгаач дүү минь Буттулгатай хамт Улаанбаатар хотод ажил хийж байхдаа зодуулаад эмнэлэгт хэвтсэн гэсэн. Сүүлд энэ хэргийн талаар сонссон...Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэснийг талийгаачийн охин Баяртуул болон түүний хүү Хосбаяр нар мэдэж байгаа. Үүнээс өмнө 2015 оны 03 сард байх талийгаач манай гэрт ирээд Баттулгад зодуулаад хавирга эвгүй болчихлоо гээд ирсэн. Тэгэхээр нь би чи үхэх гээд байгаа юм уу гээд талийгаачийг салгаад эд зүйлийг нь Баттулгын гэрээс авч ирээд Баянцагаан багт хөлсний байшинд оруулж байсан...Үүнээс хойш 2017 оны цагаан сарын үеэр байна уу түүнээс хойш байна уу талийгаач Баттулгад зодуулаад уруул нь сэтэрсэн байсан. Талийгаач өөрөө шургаад уначихсан юм гээд байсан. Би нуугаад байгаа юм байна даа гэж бодож байсан. Гэтэл хэд хоногийн дараа талийгаач Баттулга намайгзодоод уруул сэтэлсэн гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бид нар Эрдэнэт ороход Баттулга бид хоёр уусан чинь Баттулга намайг согтуу унтаж байхдаа хоолой ам боогоод зодоод үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь ноцолдож байгаад өөрөө үсээ хутгаар огтолсон гэж хэлсэн...ажил хийж байхад Баттулга архи уугаад согтоод талийгаачийг зодох гээд би зохицуулж байсан...2018 оны 11 сарын 12-ны өдрийн орчим энэ үйл явдал болсон. Баттулга согтуу талийгаачийг зодох гээд хөөгөөд байсан. Арай ч зодуулаагүй, би салгаж унтуулсан... ”гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 44-47-р хуудас /

-Насанд хүрээгүй гэрч Б.Хосбаярын”...Өвөө архи уух болгондоо эмээг найз нөхөдтэйгөө хардаад хэрүүл болоод, зодоон болдог. Өвөө архи уух болгондоо эмээ рүү байгаа юмаа авч шидээд ,гэрийн унинаас барьж байгаад эмээг өшиглөөд байдаг. Миний тод санаж байгаагаар намайг 2 дугаар ангид сурч байхад өвөө нэг удаа согтуу байхдаа эмээг зодоод эмээ рүү модон тавцантай сандал авч шидээд эмээгийн толгойг хагалж байсан. Энэ үед манай ээж Баяртуул, аав Баатарням бид нар хамт байсан. Бид нар бүгдээрээ зугтаагаад өвөл өмссөн хувцастайгаа Тосгон руу Оюунчимэг эгчийн гэрт ирж байсан. Үүний дараа намайг 2 дугаар анги төгссөн зун өвөө, эмээ бид гурав Улаанбаатар хотод Дүнжингаравын тэнд манаач хийж байхад эмээ, өвөө хоёр нэг өдөр архи уусан. Намайг унтаж байсан чинь өвөө, эмээ хоёр хэрүүл хийгээд зодоод байсан. Тэгсэн чинь манай эмээ өмдөндөө баасан байсан. Маргааш өглөө нь манай эмээг түргэний машинаар эмнэлэг рүү авч явж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...Гэхдээ өвөө архи уух бүртээ эмээг зодоод байдаг. Өөвөө согтуу орондоо орохоороо эмээг наашаа хараач гээд чимхээд байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 1-р хавтас 48-51-р хуудас /

-Насанд хүрээгүй гэрч П.Бямбахишигийн “...2017 оны өвөл байсан санагдаж байна. Талийгаач Ундармаа эгч нэг өдөр манайд нүдний шил зүүчихсэн орж ирсэн. Тэгэхэд нь бид нар өвөл нүдний шил зүүгээд байхдаа яадаг юм бэ гэсэн чинь нүдний шилээ авсан чинь нүд нь хөхөрсөн байсан. Маск зүүсэн байсан. Маскаа авсан чинь уруул нь сэтэрсэн байсан. Ундармаа эгч би яаж ийм царайтай явж байх юм бэ гээд уйлаад Тулга над руу гар утас шидэж уруул сэтлээд босч ирээд нүд рүү цохисон гэж ярьсан...Эмээг Улаанбаатар хот руу ажил хийх гээд явахаас хоёр, гурав хоногийн өмнө Тулга ах, Ундармаа эгч хоёр архи ууж байгаад Тулга ах Ундармаа эгчийг зодох гээд байхаар нь манай эмээ салгаж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/

-Гэрч Х.Төрбадрахын “...Ч.Б 2018 оны 10 сарын 22-ны өдөр гэртээ эхнэрийгээ зодсон зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн. Тухайн зөрчлийг шалгаж зөрчлийн тухай хуульд зааснаар буюу хялбаршуулсан журмаар 100 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Тухайн үед Баттулга болон түүний эхнэртэй уулзаж байхад Баттулга гэртээ архи уугаад эхнэртэйгээ маргалдаж улмаар эхнэрийгээ мөр лүү 1-2 удаа цохиж зөрчил гаргасан гэж байсан. Тухайн үед хохирочийн биед гэмтэл учраагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 57-р хуудас /

-Гэрч Б.Сүхбатын “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянцагаан баг Хуучин хороолол 9 дүгээр гудамжны 3 тоот гэрээсээ 22 цагийн орчимд дэлгүүр орохоор гараад явж байтал эмэгтэй хүн ёолох чимээ сонсогдсон. Чагнахад эмэгтэй хүнийг зодоод байх шиг сонсогдсон тул гэртээ орж ирээд цагдаа руу залгаж дуудлага өгөөд эргэж гараад хашааныхаа булангаас харахад нэг хүн нэгнийгээ гудамжаар нааш цааш нь чирээд байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24-р хуудас/

-Гэрч Б.Булганбаярын “.... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 45 минутанд Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвөөс Баянцагаан баг Хуучин хороолол 10 дугаар гудамжинд согтуу хүн эмэгтэй хүнийг зодоод чирээд байна гэсэн дуудлага, мэдээлэл өгсөний дагуу ахлах дэслэгч Ш.Тэмүүжингийн хамт очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гудманд байсан. Эмэгтэй нь дээшээ хараад хэвтчихсэн, эрэгтэй нь хоёр өвдөгөө нугалаад суучихсан байсан. Эрэгтэй нь хэлэхдээ манай эхнэр архи уугаад тасраад уначихсан явж чадахгүй байна гэсэн. Эмэгтэй нь нүүр нь хөхөрсөн, дух халцарсан юу ч ярихгүй байсан тул түргэн тусламж дуудаж өгч явуулаад,эрэгтэйг Эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан...”гэсэн мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 25-р хуудас /

-Гэрч С.Алимаагийн...Өнөөдөр 14-15 цагийн үед ...Баттулга, Ундармаа эгч 2 манайд орж ирсэн. Тэр 2 эрүүл орж ирсэн бөгөөд би хоол хийж байсан,хоорондоо ярилцаж байгаад архи уухаар болсон. Би мөнгө өгч Баттулга ахыг архинд гаргасан.Стандарт нэртй 0,75 л архи авчирсан. Архийг 3-уулаа уусан. Дараа нь дахин 1 шил архи авахаар болж Баттулга ах явж  0,75 л стандарт нэртэй архи авчирч 3-уулаа хувааж ууж дуусгаад тэр хоёр 18 цагийн үед явсан...манайд орж ирэхдээ нүүр царай нь хэвийн эрүүл явсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-р хуудас/

-Гэрч Б.Болормаагийн “... Түргэний эмчээр үүрэг гүйцэтгэж байхад эргүүлийн цагдаа 22 цаг 53 минутанд Баянцагаан баг Хуучин хороолол 10 дугаар гудамжинд хүнд зодуулсан байдалтай хүн байна гэж дуудлага өгсөний дагуу 23 цаг 10 минутанд очиход эмэгтэй хүн архи үнэртүүлсэн байдалтай дээшээ хараад газарт хэвтэж байсан, хажууд нь нөхөр нь бололтой согтуу эрэгтэй хүн, цагдаа нар байсан, эмэгтэйн нүүрний ил харагдах хэсэгт зодуулсан байдалтай хавагнаж, духнаас цус гарсан байдалтай, амьсгал бүдэг байсан тул түргэний машиндаа авч явах замдаа үзлэг хийхэд зүрх, судасны үйл ажиллагаа нь суларч бүдэг байсан учир зүрх судас дэмжих тарилга хийж хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 28-29-р хуудас /

Гэрч П.Оюунболдын ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад 103-ын эмч Болормаа ухаангүй, 40 орчим насны эмэгтэй хүн авчирсан. Би уг эмэгтэйд үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 30-р хуудас/

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 92 дугаартай, “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн талын 9-р хавирганы хугарал, дээд, доод уруулын холбоосын тасарсан шарх, нүүр, эрүүний 2 тал, зүүн чихний дэлбээ, их биеийн бүх хэсэг гадна бэлэг эрхтэн, өгзөг, анусны сүв зэргийг хамарсан олон тооны цус хуралт, нүүр, гадна бэлэг эрхтэн, өгзөг хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүү, нурууны бүсэлхий хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бүгд шинэ гэмтлүүд байна ...Талийгаачийн цусанд 2.1 промиль процент этилийн спирт илэрсэн... Талийгаачийн үхлийн шалтгаан нь архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, зүрх судасны хурц дутагдал болно. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл байсангүй...Талийгаачид зүрхний булчингийн зузаарал архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхэлд нөлөөлжээ...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгэлт / хх-ийн 1-р хавтас 73-78-р хуудас/

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн 2018 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн 12974 тоот дүгнэлт ’’.. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үсний боолт, 1 дугаараар тэмдэглэсэн үс, 1р тамхины ишэнд цус илрээгүй. 1 дугаар тэмдэглэсэн үсний угт булцуу илэрсэн. Хар өнгийн үсний боолт дээр илэрсэн үс нь булцуу илрээгүй. 1 дугаарар тэмдэглэсэн үс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний үс байна. Дээрх үс нь П.Ундармаа гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 1 дугаараар тэмдэглэсэн тамхины ишинд нэг эрэгтэй хүний шүлс илэрч байна. Уг илэрсэн шүлс нь Ч.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ” гэсэн /хх-ийн 87-88-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн 2018 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн 12975 тоот дүгнэлт ’’Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикны зүүн энгэр ханцуй дээрх улаан хүрэн өнгийн толбонд, хар болон цагаан өнгийн хөндлөн судалтай футболкны урд энгэр зах хэсэг дахь улаан хүрэн өнгийн толбонд, хөх өнгийн жинсэн өмдний 2  шуумаг хэсэг дахь улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад хувцасан дээр цус илрээгүй.  Хар өнгийн куртик , хар болон цагаан өнгийн хөндлөн судалтай футволк, хөх өнгийн жинсэн өмд дээр илэрсэн цусанд ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь П.Ундармаа гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 92-94-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 6842 дугаартай  мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /хх-ийн 99-100-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 14-ний өдрийн 6843 дугаартай мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /хх-ийн 106-110-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 260 дугаартай Ч.Баттулгын биенээс авсан цусанд  этилийн спирт 0,5 промиль процент илэрсэн болно. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. гэх мэдүүлэг /хх-ийн 114-р хуудас/

-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 42 дугаартай Ч.Б сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт, /1-р хх-ийн 119-120-р хуудас/

-П.Ундармаагийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 134-138-р хуудас/

-Хүний биед болон өмсөж байгаа хувцасанд нь /Ч.Б/ үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 143-150-р хуудас/

-Бичмэл нотлох баримтыг /Ч.Бд холбогдох захиргааны зөрчлийн хэрэг/хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 168-р хуудас/

-11007591 дугаартай зөрчлийн хэргийн материалын хуулбар /1-р хх-ийн 169-187-р хуудас/

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1-р хх-ийн 190-197-р хуудас/

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /1-р хх-ийн 226-227-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэвэрийн хуулбар /1-р хх-ийн 232-233-р хуудас/

-Хохирогчид 500,000 төгрөгийн хохирол барагдуулсан тухай баримт /2-р хх-ийн 16-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,  хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн хэргийн шийдвэр баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны бөгөөд, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн хэргийн шийдвэр, баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь хохирогч П.Ундармаатай 2011 оноос 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ зодож хавиргыг нь гэмтээсэн, 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийж байхдаа зодож үүний улмаас хохирогч Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ зодож  нүүр болон уруулыг сэтэлж гэмтээсэн, 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зөрчилд шүүхийн шийтгэвэрээр баривчлах арга хэмжээ авагдсан, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар үснээс нь зулгааж зодсон, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Хуучин тосгоны 14-02 тоотод биед нь хохирол учруулахгүйгээр халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн Хуучин хороолол 10-р гудамжинд П.Ундармааг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан зодож  биед нь зүүн талын 9-р хавирганы хугарал, дээд, доод уруулын холбоосын тасарсан шарх, нүүр, эрүүний 2 тал , зүүн чихний дэлбээ, их биеийн бүх хэсэг гадна бэлэг эрхтэн, өгзөг, анусны сүв зэргийг хамарсан олон тооны цус хуралт, нүүр, гадна бэлэг эрхтэн, өгзөг хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүү, нурууны бүсэлхий хэсэгт зулгаралт гэмтэл зэрэг хөнгөн зэргийн олон тооны гэмтэл үүсгэсэн,улмаар П.Ундармаа  нь 23 цаг 20 минутад Бүсийн оношлогоо эмчилгээний төвд яаралтай тусламжаар хүргэгдэж очоод эмч үзлэг хийхэд нас барсан байсан”үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой,хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Ч.Б нь хамтран амьдрагч байсан П.Ундармааг 2015 оноос байнга зодож харгис хэрцгий хандаж, тарчлааж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. 2018 оны 11 дүгээр сарын 18-нд согтуурсан биеэ хамгаалж чадахгүй байх үед нь зодсон. Олон тооны хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Маш олон тооны гэмтэл байгаа. Хэргийн нөхцөл байдал, учирсан гэмтлийн шинж байдлыг авч үзэх ёстой. Шүүгдэгч Ч.Баттулгыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2,11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Байнга зодсон гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. 2-3 удаа гар хүрсэн байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 18-нд хохирогчийн биед үүссэн гэмтлийг Баттулга учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Хоёулаа согтуу байсан. Үүрсэн чирсэн, унасан байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзана уу. 7 удаагийн үйлдэл хангалттай нотлогдоогүй,  эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дэхь хэсгийг зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчид ашигтайгаар шийднэ үү  гэжээ.

Хохирогч шүүх хуралдаанд : Мөрдөн байцаалтад амь насыг нь хохироосноо хүлээж байна гэсэн байдаг. Тэр үед гар хүрсэн байх гэж боддог гэжээ.

Шүүгдэгч Ч.Б нь  хамтран амьдрагч П.Ундармааг 2015 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ зодож хавиргыг нь гэмтээсэн, 2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийж байхдаа зодож үүний улмаас хохирогч Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ зодож  нүүр болон уруулыг сэтэлж гэмтээсэн, 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар зодсон зөрчилд шүүхийн шийтгэвэрээр баривчлах арга хэмжээ авагдсан, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар үснээс нь зулгааж зодсон, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр биед нь хохирол учруулахгүйгээр халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн Хуучин хороолол 10-р гудамжинд согтуугаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан зодож олон тооны хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт, П.Ундармаагийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед болон өмсөж байгаа хувцасанд нь /Ч.Б/ үзлэг хийсэн тэмдэглэл, Бичмэл нотлох баримтыг /Ч.Бд холбогдох захиргааны зөрчлийн хэрэг/, 11007591 дугаартай зөрчлийн хэргийн материалын хуулбар, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний маягт, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон байх тул Ч.Баттулгын эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Баттулгын үйлдэл нь хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эмэгтэй П.Ундармааг 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны хооронд байнгын шинжтэй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хамт архи ууж согтууран гудамжинд зодож олон тооны хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө П.Ундармааг зодоогүй гэж мэтгэлцсэн.

Хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл буюу зүүн талын 9-р хавирганы хугарал, дээд, доод уруулын холбоосын тасарсан шарх, нүүр, эрүүний 2 тал, зүүн чихний дэлбээ, их биеийн бүх хэсэг, гадна бэлэг эрхтэн, өгзөг, анусны сүв зэргийг хамарсан олон тооны цус хуралт, нүүр, гадна бэлэг эрхтэн, өгзөг хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүр хүзүү, нурууны бүсэлхий хэсэгт зулгаралт гэмтэл зэрэг хөнгөн зэргийн олон тооны гэмтлийг тэр үедээ авсан шинэ гэмтлүүд болохыг шинжээч тогтоосон ба тухайн үеийн хэргийн нөхцөл байдал,хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж, гэрч Б.Сүхбатын “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянцагаан баг Хуучин хороолол 9 дүгээр гудамжны 3 тоот гэрээсээ 22 цагийн орчимд дэлгүүр орохоор гараад явж байтал эмэгтэй хүн ёолох чимээ сонсогдсон. Чагнахад эмэгтэй хүнийг зодоод байх шиг сонсогдсон тул гэртээ орж ирээд цагдаа руу залгаж дуудлага өгөөд эргэж гараад хашааныхаа булангаас харахад нэг хүн нэгнийгээ гудамжаар нааш цааш нь чирээд байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24-р хуудас, гэрч С.Алимаагийн...Өнөөдөр 14-15 цагийн үед ...Баттулга, Ундармаа эгч 2 манайд орж ирсэн. Тэр 2 эрүүл орж ирсэн бөгөөд би хоол хийж байсан, хоорондоо ярилцаж байгаад архи уухаар болсон. Би мөнгө өгч Баттулга ахыг архинд гаргасан. Стандарт нэртэй 0,75 л архи авчирсан. Архийг 3-уулаа уусан. Дараа нь дахин 1 шил архи авахаар болж Баттулга ах явж  0,75 л стандарт нэртэй архи авчирч 3-уулаа хувааж ууж дуусгаад тэр хоёр 18 цагийн үед явсан...манайд орж ирэхдээ нүүр царай нь хэвийн эрүүл явсан...гэх мэдүүлэг зэрэг нотолгооны зүйлүүдэд дүгнэлт хийгээд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Ч.Б нь П.Ундармааг зодож олон тооны хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн болно.

Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул яллах дүгнэлтийн хэмжээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.       

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих  ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

        Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтээр Ч.Баттулгыг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэжээ.

          Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч нь хохирогч У.Баяртуулд 500,000 төгрөг төлсөн ба  хохирогч шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үсний боолт 1 ширхэг, хэсэг үс, тамхины иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтол хүчин төлөгдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөг торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 02 сар 07 /нэг жил хоёр сар долоо/ хоногоор тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 ахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үсний боолт 1 ширхэг,  хэсэг үс, тамхины иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ