| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01256/И |
| Дугаар | 207/ма2026/00045 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2026/00045
| 2026 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 207/МА2026/00045 |
Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч
Л.*******, Ё.******* нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/02602 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.*******, Ч.******* нарт холбогдох,
Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ч.*******ы өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн агуулга:
Миний бие Д.******* нь 2020.10.29-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийг зохих заалтыг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан. Тухайн хэргийн улмаас ******* ТӨҮГ-ын өмчлөлтэй Ланд крузер 200 маркийн *******УНҮ тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж буруутгагдан, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээсний дагуу өөрт хамааралтай даатгалаар болон зөрүүг өөрөөсөө мөнгөн төлбөр гарган гүйцэтгэж барагдуулсан. Гэтэл ******* ТӨҮГ нь өөрийн даатгуулсан байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулан хуурамч баримтаар авч, даатгалын байгууллагыг хохироосон байсан. Энэ асуудлыг Монгол даатгал ХХК нь мэдэлгүй, надаас хохирол гаргуулахаар шүүхэд хандснаар би мэдсэн. Даатгалын компанитай холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцүүлж, шийдвэрлэх явцад тухайн автомашины их гэрлийн үнэ болох 3,200,000 төгрөгийг би худалдагч Галя овогтой Хишигнямд төлсөн асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл уг сэлбэгийн худалдаачин нь Улаанбаатар хотын ******* дүүргийн 6-р буудалд автомашины сэлбэг тээврийн хэрэгслийн гэмтлийн улмаас солих шаардлагатай их гэрлийг худалдан авахаар автомашины эзнийг төлөөлж Л.******* нь өөрийн жолооч гэх ******* гэгч хүний хамт очиж, 3,200,000 төгрөгний үнэ бүхий Ланд Крузер 200 маркийн автомашины сэлбэг болох зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк зэргийг худалдан авч, уг сэлбэг хэрэгслийн үнийг би төлөхөөр болж, төлбөрийг гүйцэтгэж, тэдэнд тээврийн хэрэгслийн сэлбэгийг хүлээлгэн өгөөд явсан.
Уг сэлбэгний үнэ болох 3,200,000 төгрөгийг Д.******* миний бие төлөхдөө өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 500,000 төгрөг эхнэр *******эзэмшлийн данс болох Хаан банкны ******* тоот данснаас 2,200,000 төгрөгийг, төрсөн дүү *******эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 500,000 төгрөгийг тус тус шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл уг сэлбэг хэрэгслийг таарахгүй байна гэх шалтгаанаар Л.******* нь сэлбэгийг худалдагчид буцааж, 3,200,000 төгрөгийг буцаан бэлнээр авч явсан атлаа надад хэлээгүй болохыг, уг хэргийг хэлэлцэх явцад би мэдсэн ба бүх төлбөрийг Монгол даатгал ХХК нь төлсөн байхад давхар төлбөрийг төлүүлж, уг төлбөрийг өөртөө буцаан авч завшсан байна. Тухайн мөнгийг байгууллагадаа огт тушаагаагүйгээс 3,811,698 төгрөгийг намайг төлөх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл сэлбэг хэрэгсэлд зориулан өгсөн мөнгийг маань байгууллагадаа өгөөгүй, уг мөнгөөр сэлбэг авч өгсөн байхад буцаан авч, авсан талаар хэнд ч хэлээгүй, автомашиныг зассан "******* ХХК нь өөрөөсөө зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк бүхий сэлбэгийг гарган засварласан болох нь шүүхээр тогтоогдсон. Иймээс Л.*******гаас 3,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Л.*******гийн тайлбарын агуулга:
Миний бие Лодойсамбуугийн ******* нь Д.*******н нэхэмжлэлийн дагуу тайлбар хүргэж байна. Тухайн зам тээврийн осол 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багт Даюун маркийн *******ОРХ улсын дугаартай тээврийн хэсэгсэл жолоодож явсан Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 4 дүгээр хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчиж өөдөөс ирж явсан ******* ТӨҮГ-ын эзэмшлийн Тоёота ланд крузер 200 загварын *******УНГ дугаартай автомашинд гэмтэл учруулсан. Тухайн гэмтэл учруулсан автомашиныг Улаанбаатар хот руу ******* ХХК-ийн ачааны авто машинаар ачуулж ******* ХХК-ийн засварын газарт аваачсан. Тус машин Монгол даатгалд даатгуулсан байсан тул мэдэгдэж Итгэлт Эстимейт ХХК хохирлын үнэлгээ хийлгэсэн. ******* ХХК-ийн анхны үнийн саналын дагуу тус машины зүүн их гэрэл, ус шүршигчийн банк зэрэг сэлбэгүүд 3-4 сарын дараа ирэх байсан. Тиймээс *******УНГ автомашины үндсэн жолооч Ч.*******, миний бие Д.*******тай хамт гадуур хайж шар хадны сэлбэг борлуулдаг хүнээс авч ******* ХХК-д авчирч өгсөн. Гэвч тухайн сэлбэгүүд хэсэг хугацааны дараа ******* ХХК-ийн сэлбэгийн мэргэжилтнүүд таарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр үед тухайн автомашины жолооч Ч.******* буцааж өөр сэлбэг оронд нь авсан тухай ярьсан. Би ямар нэгэн хүнээс бэлнээр 3,200,000 төгрөг аваагүй, тиймээс дээрх сэлбэгийн төлбөрийг Ч.******* /*******/-аас лавлана уу гэжээ.
3.Хариуцагч Ч.*******ы тайлбарын агуулга:
Ч.******* миний бие 2020.10.29-ний өдөр болсон зам тээврийн осолд өртсөн ТОҮОТА LС-200 *******УНҮ улсын дугаартай авто машины хариуцагч байсан бөгөөд 2020.10.30-с 2020.11.20 хүртэлх хугацаанд Улаанбаатар хот дахь “*******” ХХК дээр засвар үйлчилгээнд оруулсан билээ. Энэ үед Ковид-9 цар тахал анх эхэлж байсан бөгөөд хөл хорио анх тавигдаж байсан үе, нэхэмжлэгч Д.*******, *******гийн хамт *******" ХХК-аас шаардлагатай сэлбэгийн тухай жагсаалт гаргуулж, гадуур сэлбэг хайж эхэлсэн билээ. Д.*******, ******* нарын хамт зарын дагуу Чингэлтэй дүүрэг 7-н буудал дахь сэлбэг задаргаа засварын газраас зүүн урд их гэрэл, шил шүршигчийн банк зэргийг авсан болно. Маргааш өглөө нь ******* ХХК засварын газар очиход авж ирсэн гэрэл таарахгүй авто машины оны ялгаанаас болж зөрнө авто машины СНЕСК ЕNGЕЕМ асна мөн гэрэл шилжүүлэгч ажиллахгүй цахилгаан мотор байхгүй мөн авч шил арчигчний сав шаардлага хангахгүй шингэн шахах мотор шатсан байсныг ******* ХХК-ийн засварын механик тайлбарлаж өгсөн. Энэ тухай ярилцаж өөр сэлбэгээр солиулах тухай ярилцсан. Энэ үед Д.******* нь байгаагүй бөгөөд даралт нь өсөөд бие нь муудаад байна гэх шалтгаанаар Эрдэнэт явсан байсан. Би их гэрэл авсан газар руу холбогдож учир байдлыг хэлж өөр сэлбэгээр сольж болох талаар асууж очоод их гэрэл, шингэний агуулах сав 2 буцааж оронд нь ******* ХХК-д байхгүй гэх сэлбэг дотроос Релений хайрцаг болох дээд, доод таг болон дунд хөндийрүүлэгч тавцан мөн, зүүн урд хаалганы хуванцар хаалт зэргийг аваад үлдэгдэл 2,400,000 сая төгрөгийг өөрийн данс болох 5090431343 шилжүүлж аваад шаардлагатай сэлбэгүүдийг хайж эхэлсэн болно.
Үүнд Урд гупер нэмэлт хормой 1,100,000 төгрөг, хаалганы базер лок 180,000 төгрөг, урд хэсгийн цахилгааний цээж утас (хэсэгчилсэн) 1,800,000 төгрөг гэх сэлбэгүүдийг зарын дагуу олон хоног хайж байж олж авсан. Энэ үед хил хаалттай гадаадаас ямар нэг байдлаар захивал маш их хугацаа алдах хүндрэл тулгарч байсан. Тухай бүрд нь Д.*******д хэлэх гэсэн боловч утсаа авахгүй тэр чигтээ алга болсон. Зам тээврийн ослоос үйдэлтэй *******УНҮ маркийн автомашинд ******* ХХК засварын зүгээс үндсэн РАМ-нд хэмжилт хийлгэхэд алдаа гарсан байсан одоо ашиглалтийн явцад зүүн урд хэсэгт эвдрэл гэмтэл үргэлжилсээр байгаа. КДС систем зүүн урд цапны холхивчууд зүүн урд дугуй дотор тал, хурдан илэгддэг гэх мэт эвдрэл гэмтэл үргэлжилсээр бна. Д.*******гийн гаргасан зам тээврийн ослоос болж 2020.10.30-ны өдрөөс 2020.11.20-ны өдөр миний бие Улаанбаатар хотод байрлах буудал, хоол, автомашины шатахуун зэрэгт маш их хэмжээний зардал гаргасныг тооцоолох шаардлагатай. Мөн авто машиныг 2020 оны 6-н сард ******* ХХК хүлээж авахдаа гадна талын хамгаалалтын хуулга (Маgiс engееnеring) сервисээр наалгасан байсан засварт орсны дараа дахин нөхүүлж наалгасан төлбөр одоо хэрнэ нэхэгдэж байгааг сануулах нь зүйтэй байх гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******аас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,200,000 төгрөг, хариуцагч Л.*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/02602 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Ч.*******ы дансаар сэлбэгийн буцаалт гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг шилжиж орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд уг 2,000,000 төгрөгийг урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэгүүдийг сольж тавьсан талаараа тайлбар гаргаж улмаар энэ үйл баримтыг нотлох зорилгоор ******* ХХК-иас ******* ТӨҮГ-ийн эзэмшлийн *******УНҮ улсын дугаартай JTMYH05J904194410 арлын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашиныг 2020 оны 11 дүгээр сард засварлахдаа урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэгуүдийг сольж тавьсан эсэх, хэрэв сольсон бол уг сэлбэг ******* ХХК-иас гарсан эсэх, үйлчлүүлэгч ******* ТӨҮГ-ийн жолооч Ч.******* авчирч өгч тавиулсан эсэх талаар лавлагаа тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан ба уг хүсэлтийн хариу нь дээрх сэлбэг хэрэгслийг ******* ХХК-ийн нөөцөд байгаагүй тул тус компаниас худалдан аваагүй гэх агуулгатай тайлбар ирүүлсэн.
Дээрх ******* ХХК-иас ирүүлсэн тайлбараар урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэг нь ******* ХХК-ийн агуулахын нөөцөд байгаагүй тул хариуцагч Ч.*******ы гадуур задаргааны газруудаас дээрх сэлбэгүүдийг худалдан авч ******* ХХК-иар солиулж тавиулсан гэсэн тайлбар нотлогдож байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх хаанаас хэдэн төгрөгөөр энэ авсан, энэ сэлбэгийг Ланд круйзер 200 маркийн *******УНҮ тээврийн хэрэгсэлд тавьсан эсэх нь нотлогдсонгүй гэж дүгнэн 2,000,000 төгрөгийг Ч.*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/02602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Л.*******, Ч.******* нарт холбогдуулан хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан. Тухайн хэргийн улмаас ******* ТӨҮГ-ын өмчлөлтэй Ланд крузер 200 маркийн *******УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэж буруутгагдан, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээсний дагуу өөрт хамааралтай даатгалаар болон зөрүүг өөрөөсөө мөнгөн төлбөрийг барагдуулсан. Гэтэл ******* ТӨҮГ нь өөрийн даатгуулсан байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөрийг хуурамч баримтаар авч, даатгалын байгууллагыг хохироосон байсан. Энэ асуудлыг Монгол даатгал ХХК нь мэдэлгүй, надаас хохирол гаргуулахаар шүүхэд хандсанаар би мэдсэн. Автомашины сэлбэг болох зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк зэргийн үнэ 3,200,000 төгрөгийг би төлсөн. Гэтэл уг сэлбэг таарахгүй гэх шалтгаанаар буцааж 3,200,000 төгрөгийг хариуцагч нар авсан байх ба бүх төлбөрийг Монгол даатгал ХХК нь төлсөн байхад давхар төлбөрийг төлүүлж, уг төлбөрийг өөртөө буцаан авч завшсан байна. Тухайн мөнгийг байгууллагадаа огт тушаагаагүйгээс 3,811,698 төгрөгийг намайг төлөх шийдвэр гарсан. Уг мөнгөөр сэлбэг авч өгсөн байхад мөнгийг буцаан авсан талаар хэнд ч хэлээгүй, автомашиныг зассан "******* ХХК нь өөрөөсөө зүүн урьд их гэрэл, ус шүршигчийн банк бүхий сэлбэгийг гарган засварласан болох нь шүүхээр тогтоогдсон. Иймээс Л.*******, ******* нараас 3,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./хх1-2, 30х/
Хариуцагч Л.******* “... *******УНҮ улсын дугаартай автомашины үндсэн жолооч Ч.*******, миний бие, Д.*******тай хамт гадуур хайж шар хадны сэлбэг борлуулдаг хүнээс авч ******* ХХК-д авчирч өгсөн. Гэвч тухайн сэлбэгүүдийг ******* ХХК-ийн сэлбэгийн мэргэжилтнүүд таарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр үед тухайн автомашины жолооч Ч.******* буцааж өөр сэлбэг оронд нь авсан тухай ярьсан. Би ямар нэгэн хүнээс бэлнээр 3,200,000 төгрөг аваагүй” гэж,/хх26х/
Хариуцагч Ч.******* “....Д.*******, Л.******* нарын хамт *******" ХХК-аас шаардлагатай сэлбэгийн жагсаалт гаргуулж, гадуур сэлбэг хайж, Чингэлтэй дүүрэг 7 буудал дахь сэлбэг задаргаа засварын газраас зүүн урд их гэрэл, шил шүршигчийн банк зэргийг авсан. Маргааш өглөө нь ******* ХХК засварын газар очиход авсан их гэрэл таарахгүй, мөн шил арчигчийн сав шаардлага хангахгүй шингэн шахах мотор шатсан байсан гэж засварын механик хэлсэн. Энэ тухай ярилцаж өөр сэлбэгээр солиулах тухай ярилцсан. Энэ үед Д.******* байгаагүй, даралт нь өсөөд бие нь муудаад байна гэх шалтгаанаар Эрдэнэт явсан байсан. Би их гэрэл авсан газар руу холбогдож учир байдлыг хэлж өөр сэлбэгээр сольж болох талаар асууж очоод их гэрэл, шингэний агуулах сав хоёрыг буцааж оронд нь “******* ХХК-д байхгүй сэлбэг дотроос Релений хайрцаг болох дээд, доод таг болон дунд хөндийрүүлэгч тавцан мөн, зүүн урд хаалганы хуванцар хаалт зэргийг аваад үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өөрийн дансанд аваад шаардлагатай сэлбэгүүдийг хайж, урд гупер, нэмэлт хормой 1,100,000 төгрөгөөр, хаалганы базер лок 180,000 төгрөгөөр, урд хэсгийн цахилгааны цээж утас (хэсэгчилсэн) 1,800,000 төгрөгөөр авч машинд тавьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх37,38х/
4. Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ******* ТӨҮГ-ын өмчлөлийн Ланд крузер 200 маркийн *******УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан,
4.1 Даатгалын байгууллага Монгол даатгал ХК хохирол төлбөрийг барагдуулсан үндэслэлээр буруутай этгээд болох Д.*******гаас хохирол төлбөр нэхэмжилж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01307 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 207/МА2024/00015 дугааартай магадлалаар Д.*******гаас 3,811,698 төгрөг гаргуулж, 26,628,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон,
4.2 Дээрх шүүхийн шийдвэрээр Ланд крузер 200 маркийн *******УНҮ тээврийн хэрэгсэлд нийт 9,414,000 төгрөгийн хохирол учирснаас Тэнгэр даатгал ХХК-иас олгосон 5,602,302 төгрөгийг хасаж, үлдэх 3,811,698 төгрөгийг Д.*******гаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэрт хариуцагч нь их гэрлийн үнэ 3,200,000 төгрөгийг ******* ХХК-ийн худалдагчийн дансанд шилжүүлсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
5. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1307 дугаар шийдвэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3063 дугаар дүгнэлтэд үндэслэн “...шинжээчийн дүгнэлтэд төлбөрийн баримтын 7, 9, 10, 11, 13, 14, 19, 20-д дурдагдсан эд ангиудыг сольж засварлахад хэрэглэх боломжтой гэсэн тул дээрх дугаарт бүртгэгдсэн эд ангийн үнэлгээ буюу 9,414,000 төгрөгийн хохирол учирснаас Тэнгэр даатгалаас төлөгдсөн 5,602,302 төгрөгийг хасаж тооцон 3,811,698 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулах үндэстэй” гэсэн дүгнэлт хийж Д.*******аас 3,811,698 төгрөгийг гаргуулж Монгол даатгал ХК-д олгож шийдвэрлэсэн, дүгнэлтийн 7, 9, 10, 11, 13, 14, 19, 20-д дурдагдсан эд ангиудад хариуцагч Ч.*******ы задаргаанаас авч ирсэн гэх урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэгүүд дурдагдаагүй байна.
5.1 Хариуцагчийн өмгөөлөгч “... Дээрх ******* ХХК-иас ирүүлсэн тайлбараар урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэг нь ******* ХХК-ийн агуулахын нөөцөд байгаагүй тул хариуцагч Ч.*******ы гадуур задаргааны газруудаас дээрх сэлбэгүүдийг худалдан авч ******* ХХК-иар солиулж тавиулсан гэсэн тайлбар нотлогдож байгаа болно.” гэж маргаж байгаа боловч ******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний 01/55 дугаар албан бичигт “...Ланд крузер 200 маркийн *******УНҮ улсын дугаартай маркийн автомашин нь 2020 оны 11 дүгээр сард манай компанид засвар үйлчилгээнд орсон нь үнэн болно.Тухайн үед урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэгүүд нь манай компанийн нөөцөд бэлэн байхгүй байсан бөгөөд уг сэлбэгүүдийг манай компаниас худалдан борлуулаагүй болно. Манай компанийн хяналтын камер нь 6 сарын хугацаатай бичлэг хадгалдаг тул “*******” ТӨҮГ-ын жолооч Ч.******* тус сэлбэгүүдийг авч ирж тавиулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.
5.2 ******* ХХК-ийн дээрхи албан бичиг нь Ч.*******ы задаргаанаас авч ирсэн урд буферны нэмэлт хормой, хаалганы базер лок, урд хэсгийн цахилгааны цээж утас зэрэг сэлбэгүүдийг ******* ХХК Ланд крузер 200 маркийн *******УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тавьсан гэдгийг нотолсон баримт биш, харин Ч.******* нь тус сэлбэгүүдийг авч ирж тавиулсан эсэхийг тодорхойлох боломжгүй гэсэн хариу байна.
Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Ч.*******ы “... үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өөрийн данс болох 5090431343 дансанд шилжүүлж аваад өөр бусад шаардлагатай сэлбэгүүдийг хайсан...” гэх тайлбарыг үндэслэн шилжүүлэн авсан мөнгөөрөө сэлбэг авч, тус автомашинд тавьсан гэх үйл баримт нотлогдоогүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын гомдол үндэслэлгүй байна.
6. Иймд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Ч.*******аас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт хариуцагч Ч.*******аас 2,000,000 төгрөг гаргуулан Д.*******д олгож гэж нэхэмжлэгч Д.*******н нэрийг ташаа бичсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/02602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА