Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00860

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3-46 тоотод оршин суух Хиад овогт Цэдэндоржийн Сувд-Эрдэнэ /ФМ: 90050462/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун Дэнжийн 10-36 тоотод оршин суух Боржигон овогт Нэргүйн Батзаяа /ФБ: 91081614/

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Н.Батзаяатай 2013 оноос хойш хамтран амьдарч 2014 оны 08 сарын 16-нд охинтой болсон. Миний охин одоо 1 нас 9 сартай. Н.Батзаяа нь хамтран амьдарч байх хугацаандаа Орхон аймгийн татварын хэлтэст ажилладаг Г.Гантөгс гэх эмэгтээтэй нууцаар бүтэн 7  сарын турш надад мэдэгдэлгүй харьцдаг байсан. Би мэдсэнээсээ хойш 5 сар тэвчсэн. Н.Батзаяа нь цаашид надтай амьдрахгүй гэсэн тул Н.Батзаяагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулаж өгнө үү гэв.

      Хариуцагч Н.Батзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нэргүйн Батзаяа нь Ц.Сувд-Эрдэнэтэй хамтран амьдраад 3 жил болсон. Энэ хугацаанд миний охин болох  Б.Анхзаяа мэндлээд 1 ой 9 сар болж байгаа миний охин мөн тул Сувд-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь шүүх хуралдаа суух боломжгүй хөдөө орон нутагт амьдардаг тул миний эзгүйд хурлыг нь хийж өгнө үү  гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Н.Батзаяад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Зохигчид 2013 оноос хамтран амьдарч, нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэ нь 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин Батзаяагийн Анхзаяаг төрүүлсэн, хариуцагч Н.Батзаяа нь Б.Анхзаяагийн  төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд захиргааны журмаар төрсөн эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрч охин Анхзаяаг өөрөөрөө овоглосон болох нь Б.Анзаяагийн 6101001608 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, охин Б.Анхзаяа одоо эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан  “Хос чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байна.

            Б.Анхзаяа төрсөн цагаасаа эхлэн эх Ц.Сувд-Эрдэнийн асрамжид байгаа болох нь зохигчийн тайлбар, Зэст багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хүүхдийн насны байдал, эхийн асаргаа болон ээнэгшин дассан орчин нөхцлийг харгалзан охин Б.Анхзаяаг эх Ц.Сувд-Эрдэнийн асрамжид байлгах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Н.Батзаяа нь охин Б.Анхзаяаг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч Н.Батзаяа өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч Н.Батзаяаг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагч Н.Батзаяагаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 

               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Анхзаяаг эх Ц.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Анхзаяаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Н.Батзаяагаар тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ