Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2026/00046

 

 

 

 

2026 04 16 207/МА2026/00046

 

Л.******* нэхэмжлэлтэй, хариуцагч

О.*******, М.******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/ШШ2026/00050 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Л.******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.*******, М.******* нарт холбогдох,

Хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг эд зүйлс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.*******нэхэмжлэгч Л.******* холбогдуулан хоол хүнсний материалын зардал болон тогоочоор ажилласан ажлын хөлс, бусад зардал 9,246,500 төгрөг гаргуулах,

хариуцагч М.*******ий нэхэмжлэгч Л.******* холбогдуулан материалын зардал, цалин хөлс, түрээс болон бусад зардал 21,192,740 төгрөг гаргуулах, 61 ком хашааг хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч О.*******, М.******* нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч О.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Л.******* миний бие 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20 хүртэл нийт 11 сарын хугацаатай хоёр сая төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээ зөрчиж нэхэмжлэгчийн ажлын тоног төхөөрөмж, хэв хийц, хашааны хэв болгоныг өөрийн болсон гэж үндэслэлгүй шаардлага тавьж барьцаалсан тул барьцаанд байгаа эд зүйлсээ авах хүсэлтэй байна. Иймд хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг зүйлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.*******тайлбарын агуулга:  

Миний бие О.******* нь Л.******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн шиг зүйл болоогүй, Л.******* биднийг ашиглан залилсан. Нэхэмжлэлд барьцаанд байгаа хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг зүйлийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Нэхэмжилж буй портер машины 1 ширхэг дугуй, хавтан ачихад зориулагдсан эмээл гэх төмөр, усны шланк зэрэг зүйлс хашаанд байгаа аваарай гэж хэлсэн боловч дахин ирээгүй, аваагүй. Хашааны 16 ширхэг хэвлэгч хэв, лоомоо өөрөө аваад явсан. Л.******* манай 2 ширхэг жижиг, том лоом, 4 ширхэг хавтгай хүрз, 2 ширхэг шовх хүрз, 1 ширхэг 5кг-ын хуучны орос газар ухагч багаж зэргийг хэрэглэж байгаад өгөлгүй аваад явсан. Л.******* өөрийнх нь мотор эвдэрчихлээ гээд манай 850,000 төгрөгөөр худалдаж авсан шинээрээ байсан 380 гаргадаг моторыг минь худалдаж авья гэж хэлээд хэрэглэж байгаад мөнгийг нь өгөлгүй хуучирч хэрэглэсэн мотороо тайлж авч үлдсэн байгаа. Портер машины дугуй, эмээл зэргийг буцааж өгнө, гэхдээ бидний хохирлыг барагдуулсны дараа өгнө. Болсон үйл явдлын талаар Л.*******тай 2020 онд байшингийн суурь, хана, дээвэр хийлгэж танил болсон. Тэрнээс хойш манай хүү М.******* Л.*******тай танилцаж, найз нөхдийн харилцаатай болсон байсан. Миний хүү М.******* 2025 оны 03 сард Т.Эрдэнэ найзынхаа хашааг хийлгэхээр Л.*******тай утсаар холбогдоход 2024 оны намар орж түрээсэлж байсан 380-н тогтой хашаанаасаа гарахаар болж, дахин үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, санхүүгийн асуудалтай байна гэж хэлсэн. Манайх хашаандаа 380в тогтой, Л.******* манай хашаа болох Чингэл багийн 13-1322 тоотод 2025.04 сараас 11 cap хүртэл хамтарч ажиллах тухай тавихад Л.******* хүүд ажлын байр барихаас бусад бүх зардлыг буцааж төлөх, ажил эхэлсэнээс хойш 3 дахь захиалгад 1 айлын хашааг 6 дугаар сараас өмнө хийж өгөх, цэвэр ашгийн 40 хувийг өгөх, тог цахилгаан, хогны мөнгийг цаг тухайд нь төлөхөөр амаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон гэсэн. Л.******* хамтарч ажиллахаар ирэхдээ портер машин 1ш /ажил эхлэх үед машины мотор шатаж эхний захиалгын ашгаас 2.5 сая төгрөгөөр машиндаа мотор тавиулсан/ вибраторын ширээ 1ш, хүрз 2ш, лоом Зш, нүх ухагч 1ш /эвдэрхий засвар аваагүй/, 35 ширхэг хэв хөмөрдөг подон /шинээр хэв захиалсан тул огт хэрэглээгүй/, 1 ширхэг шонгийн хэв, 1 ширхэг шаврын миксертэй /мотор нь шатаж хүү М.******* өөрийнхөө зүгээс 850,000 төгрөгөөр шинэ мотор тавьж өгсөн/ ирсэн. Тэд хамтарч ажиллахаар ажлын байр буюу 4*6 хэмжээтэй саравч 1.5 сая төгрөгөөр, 4*10 хэмжээтэй хүлэмжийг 1,000,000 төгрөгөөр, 380 вольтын 107 мет цахилгааны утас 1,070,000 төгрөгөөр, вибраторын ширээ 1,200,000 төгрөгөөр, шонгийн нүх ухагч 750,000 төгрөгөөр, 3 ширхэг хүрз болон 3 ширхэг хүрзний иш 120,000 төгрөгөөр, 1 ширхэг сүх 25,000 төгрөгөөр, 2 ширхэг лоом 60,000 төгрөгөөр, 200 литр тоормосны шингэн, 75 литр түлш 225,000 төгрөгөөр, 10 ком буюу 40 ширхэг 7,200,000 төгрөгөөр, хашааны хаалга 850,000 төгрөг, 2 ширхэг шаврын тэрэг гэх мэт зардал гаргаж шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг бэлдэж, хашааны захиалга авах маркетингийн ажлын хариуцаж 2025 оны 04 сарын 08-ны өдөр үйл ажиллагаа эхэлсэн. Хүүгийн найз Т.Эрдэнээс эхний захиалгыг 2025 оны 03 сарын 25-ны өдөр авч 15 хоногийн дотор дуусгахаар болсон хэдий ч 2025 оны 05 сарын 06-ны өдөр хийж дууссан. Xашааны зардал болох 11 сая төгрөгийг 3 хувааж Л.******* шилжүүлсэн байгаа. Манай хүргэн *******хашаа хийх урьдчилгаа 4.5 сая төгрөгийг хүү М.*******ий дансанд шилжүүлж тухайн мөнгийг элс, хайрга, цемент, ажлын хөлсөнд зарцуулсан бөгөөд одоог хүртэл хүргэн хүү *******хашааг хийж өгөөгүй байгаа. Мөн захиалагч Мягаа хашаа хийлгэх захиалга болох урьдчилгаа 6 сая төгрөгийг Л.******* 2025 оны 05 сарын 14-ний өдөр шилжүүлж, үлдэгдэл 2.5 сая төгрөгийг 07 сарын 17-нд миний хүү М.*******ий данс руу шилжүүлсэн. Манай хашаанд ажиллах хугацаандаа 2024 оны намар 3 айлаас мөнгийг нь урьдчилж аваад хашааг нь хийж өгөөгүй байсан тул өмнөх жилийнхээ айлын хашааг хийж өгч ажил удааж байсан буюу 4 дүгээр сарын дотор 38 ком хашаа 20 ширхэг толгойн хавтанг зөөж 3 айлдаа хийсэн. Энэ айлуудаас мөнгө нь орж ирнэ гэж хэлсэн боловч хүүд өгсөн мөнгө байхгүй, нийт 7,440,000 төгрөгийн үнэлгээтэй хашаа зөөж авч явсан. Энэ хашааны цэвэр ашгаас тооцохоор 40% нь 1,488,000 төгрөг болсон. 2025 оны 04 сарын 08-ны өдрөөс дундаа 2 өдрийн завсартай 4 сарын 19-ний өдрийг хүртэл 9 өдөр ажилласан Ганзориг, Төөгөө нарт цалинг нь өгөөгүй маргаан үүсэж байсан тул миний хүү М.******* 1,440,000 төгрөгийг шилжүүлсэн. 2025 оны 04 сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл Л.******* эхнэр нь төрөх дөхсөн, хүүхэд сургуульд зөөж байна, хадам аавынд байшин барина гэх олон шалтаг хэлж зарим өдөр нь ирэхгүй өнжиж ирдэг байснаас үүдэж ажилчид нь ажлын бүтээмж муу, чанаргүй хагархай хавтан гаргах, захиалагчдын хугацаа хойшлох зэрэг асуудлууд үүсэж гомдол маргаан гарч эхэлсэн тул өөрөө захиалга авсан болохоор хариуцлагатай байх үүднээс ээлжгүй өдрүүдээрээ нийт 18 хоног ажилласан байдаг. Надад тухайн үеийн 18 хоногийн цалинг олгоогүй, ажилдаа идэвх сэтгэл гаргахгүй байсан тул 2025 оны 05 сарын 13-ны өдөр Л.*******тай дахин ярилцаад надтай тохиролцсон 1 айлын хашаагаа хийж өгөөд cap бүр 2 сая төгрөгийн түрээс төлөөд ус, хогны мөнгөө өгөөд цаашид өөрөө хариуцаад захиалгаа цаг тухайд нь хийж дуусга гэхэд хятад яваад ирэхэд хашааг чинь хийсэн байна гэж хэлээд 2 тонн цемент авахуулсан. Харин 4 сарын түрээс өгч чадахгүй нь ээ 5 сараас эхлээд cap, сард нь өгнө гэж хэлээд дахин тохиролцсон. Үүнээс хойш Л.******* 2 айлын захиалга олж өгөөд 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдөр Хятад улс руу хүү М.******* эхнэрийн хамт явсан. Хүү М.*******ийг Хятад улсад байх хугацаанд Л.******* надад би халамжийн зээл авах гэсэн юм ажлын байраа надад cap бүр 2 сая төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн гэрээ хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь нотариат дээр очсон. Cap бүр 2 сая төгрөгийн түрээсийн гэрээ хийхээр нотариатын мөнгө өндөр гарч байгаа тул мөнгө хүрэхгүй байна гээд амаараа асуудалгүй cap бүр 2 сая төгрөг өгдгөөрөө өгнө гэж амлаад 2025 оны 04 сараас 11 cap хүртэл 2 сая төгрөгийн түрээсийн гэрээ нотариат дээр хийсэн. Мөн 11 cap хүртэл эргэж буцахгүй ярьсандаа ажиллана гэж амлалт өгсөн, 5 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн ажил хийх боломжгүй. Гэрээсээ ганцaapaa ажил хийж ар гэр хэдэн хүүхдээ тэжээх гээд ядарч яваа хүнд тус дэм болъё гэж хүү минь надад хэлсэн болохоор сайхан сэтгэл гаргаж тусалсан. Хашаандаа тухайн ажлын байрны талбайг гаргахын тул 6 жил арчилсан 2 ширхэг өрөл, 3 ширхэг интоор, 1 ширхэг агч, 2 ширхэг моносын модыг ухаж авсан. Тэр зайндаа хүлэмж, саравч барьж хашаагаа сүйтгэсэн. 2025 оны 04 сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийн хооронд ажилчдын хоолыг хийж өгсөн. Л.******* хоол идэж, ажилчид нь хооллож байгааг хараад баярлалаа гэхээс хоолны материал 1 удаа авч өгөөгүй. Боорцог, боов хийж өглөө цай, өдөр хоол өгдөг байсан. Гэтэл 2025 оны 07 сарын 02-ны өдөр хэнд ч мэдэгдэхгүй фэйсбүүкээр хэв, тоног төхөөрөмжийг 20 сая төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсныг миний хүү хамт ажиллаж байсан ажилтнаасаа мэдсэн байсан. Лавлаж асуухаар Л.******* руу залгахад утсаа авахгүй байсан. Миний хүү Л.******* гэрт нь очиход хашаандаа тусдаа ажиллахаар ажлын байр, бараа материал бэлдсэн байсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү өөрийнхөө мөнгөөр авсан зарим нэг зүйлсийг хурааж далд хийсэн байгаа. Анх манай хүү М.*******тэй ярилцан тохирч энэ ажлыг эхлүүлсэн. Би хашаагаа хэрэглүүлснээс Л.*******тай ярилцаж тохирсон зүйл байхгүй. Миний хүүг шүүхэд өгөхгүй намайг өгсөнг гайхаж байна. Нэгэнт намайг хариуцагч гэж бичсэн байгаа учраас надад болон хүү М *******д учруулсан хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Бидний сайхан сэтгэлийг ашиглан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, газар зэргээрээ хохирсон. Хэл амаараа учир зүйгээ ололцох байх гэж бодоод хүлээсэн боловч шүүхэд хандаж, биднийг хулгайч луйварчин гэж хэлсэнд гомдолтой байна. Дээрх зүйлээс болж бидэнд арав гаран сая төгрөгийн хохирол учирсан. Үүнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэв.

3. Хариуцагч М.*******ий тайлбарын агуулга:

 Миний бие М.******* нь Л.******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн шиг зүйл болоогүй, биднийг Л.******* ашиглан залилсан. Нэхэмжлэлд барьцаанд байгаа хашааны хэвлэгч хэв, зөөврийн эмээл, лоом, портер машины дугуй зэрэг зүйлийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Нэхэмжилж буй портер машины 1 ширхэг дугуй, хавтан ачихад зориулагдсан эмээл гэх төмөр, усны шланк зэрэг зүйлс хашаанд байгаа, аваарай гэж хэлсэн боловч дахин ирж аваагүй. Бусад зүйлийг би өөрийн мөнгөөр худалдаж авсан учраас өгөхгүй гэжээ.

4.Хариуцагч О.*******сөрөг нэхэмжлэлийн агуулга: “...Иргэн Л.******* нь миний төрсөн хүү М.*******тэй хамтарч эко хашаа хийх зориулалтаар манай хашаанд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүү М.*******тэй 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны хүртэл 60/40 хувиар тохирч 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хашааны түрээсийг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч ******* үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж урсгал зардлаа бүгдийг нь өөрөө төлөхөөр болсон байсан. Анх Л.******* нь ямар ч мөнгөний эх үүсвэргүй байсан тул миний хүү М.******* нөхцөл байдлыг нь ойлгож харилцан тохиролцсоны үүднээс хамтарч ажиллахаар болж хүү маань эхлэлийн бүх зардлыг гаргаж ажлын байр эд материал бэлдэж ашигтай ажиллаж эхлэх үед Л.******* М.*******д ажлын байр хийхэд болон бусад гарсан бүх зардлуудыг /хоолны материал, тогоочийн ажлын хөлс гэх мэт/ нөхөж төлөхөөр тохирсон гэж хэлсэн. Ажлын байр бэлдэх буюу ажлаа хийж эхлэхэд ажилчдын хоол хийх тогооч ажиллуулах мөнгөгүй, хоол хийх хүнсний материал авах мөнгөгүй байсан учраас Л.******* надаас гуйж ашигтай ажиллах хүртэл намайг түр тогоочоор ажилж, өдөрт ажиллаж байгаа 4-8 хүнд өглөө, өдрийн хоол хийж, материалаа би авч нэг мөр тооцоо хийхээр тохирсон. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн мөнгөөр хоолны материал авч, гэрт байсан идэшний мах, 2 шуудай гурил, хүнсний ногоогоо амт чанартай хоол өглөө, өдөр хийж өгсөн. Хоол хийхэд орсон материалын зардлууд гурил 25кг*2 шуудай гурил =110,000 төгрөг, мax 47кг* 18000=846,000 төгрөг, төмс 30кг* 3500=105,000 төгрөг, байцаа 15кг * 5000 =75,000 төгрөг, лууван 10кг* 5000=50,000 төгрөг, ургамлын тос 5л *2 сав* 35000=70,000 төгрөг, давс 17,500 төгрөг, цай 2 хайрцаг *6500=13,000 төгрөг. Энэ дээр нэмээд тогоочийн өдрийн ажлын хөлс 45өдөр*50,000=2,250,000 төгрөг, хашааны түрээс 2,000,000 төгрөг, 380 ажилладаг мотор 850,000 төгрөг, сүүлийн сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, хэрэглээний ус 50тн*15,000 нийт1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа тарьж ургуулсан 7 ширхэг модыг сугалж авч сүйтгэсэн*120,000 төгрөг нийт 840,000 төгрөг. Шонгийн мод ухдаг төхөөрөмж 750,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Дээрх бүгдийг нийтэд нь тооцохоор 9,246,500 төгрөг болсныг Л.*******ас нэхэмжилж байна...” гэжээ.

 

5.Хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлийн агуулга: “…Миний бие Мөнхжаргалын ******* нь Л.*******тай 2020 онд байшингийн суурь, хана, дээвэр, хийлгэж танилцаж байсан. 2025 оны 3 сард Т.Эрдэнэ найзынхаа хашааг хийлгэхээр Л.*******тай утсаар холбогдоход 2024 оны намар осолд орж түрээсэлж байсан 380 вольт тогтой хашаанаасаа гарахаар болж, дахин үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, санхүүгийн асуудалтай байна гэж хэлсэн. Миний зүгээс ээж О.*******хашаа болох Чингэл багийн 13-1322 тоотод 2025 оны 04 сараас 11 cap хүртэл хамтарч ажиллах тухай санал тавихад Л.******* надад ажлын байр барихаас бусад бүх зардлыг буцааж төлөх, ажил эхэлсэнээс хойш 3 дахь захиалгад 1 айлын хашааг 6 дугаар сараас өмнө хийж өгөх, цэвэр ашгийн 40 хувийг өгөх, тог цахилгаан, хогны мөнгийг цаг тухайд нь төлөхөөр амаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон. Гэвч ажиллаж байх хугацаандаа ажлаа хийхгүй алга болох, хавтан хулгайгаар зөөх, миний гаргасан зардлыг төлөхгүй байх асуудал гаргаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ярьж тохиролцолгүй фэйсбүүкээр хэв, тоног төхөөрөмжийг худалдахаар зар тавьсан байсан. Гэрт нь очиход хашаандаа ажлын байр, бараа материал бэлдсэн байсан. Иймд миний зүгээс хамтран ажиллах хугацаандаа гаргасан зардал болох 21,192,740 төгрөгийг нэхэмжилж байна. Бетон хашаа үйлдвэрлэл хамтарч эрхлэхээр тохиролцсон Л.******* нь 2024 оны намар *******, Эрдэнэ, Уртын гол багуудад байрших 3 айлаас хашаа хийх захиалга аваад тухайн үедээ осолд ороод ажил нь зогссон байдаг. 2025 оны 04 сард М.******* надтай хамтарч эхлэх үед өмнөх оны 3 айлын хүмүүс ирж Г.Гантулгыг “урьдчилгаа мөнгөө авсан байж хашаагаа хийж дуусга” гэж шаардаж эхэлсэн. Л.******* надад тухайн үед мөнгө нь орж ирнэ гэж хэлээд 38 ком хашаа зөөж хийгээд надад хэлэлгүй хулгайгаар нэмж 23 ком хашаа зөөж тэдгээр айлуудын хашааг хийж дуусгасан байдаг. Нийт 61 ком хашаа зөөж хийсэн боловч мөнгө нь орж ирээгүй. Иймд өмнөх сөрөг нэхэмжлэл дээрээ нэмж, 61 ком хашааг хийлгэж авахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна…” гэжээ.

 

6.Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:“...Олсон орлого, гарсан зардлаа хоёулаа үүрэх ёстой. Эхний сардаа 360,000 төгрөг төлж байсан. Хоол унд идэж уусан нь үнэн. Гэхдээ хоолны зардал болон хоол хийсэн хөлс өндөр байна. Би 5 дугаар сарын 24-ний өдөр 270,000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 90,000 төгрөг төлж байсан. Тэр нь бараг 1 сарын тогны мөнгө гэсэн үг. Хоол хүнсээ өөрөөсөө гаргасан гэж байна. М.******* уг нь 4,500,000 төгрөг аваад хоол хүнс авч байсан гэж тайлан надад гаргаж өгч байсан. Тэр тайлан худлаа болоод явчихаж байгаа юм. Хоол хийсэн ажлын хөлс 45 өдөр 50,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгийг М.******* бид хоёр хамт төлөх ёстой. 380-аар ажилладаг мотор нь 6 дугаар сард шатсан. Энэ мотороо надад өгвөл 850,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  Цахилгааны төлбөр 70,000 төгрөгийг төлсөн. Сарын түрээсийг 180,000 төгрөг гэж тооцож байгаа. Тийм учраас 2,000,000 төгрөгийг төлөхгүй. Миний ажлын хөлсийг завшсан учраас би ажилчдынхаа цалинг өгч чадаагүй. Усыг анхнаасаа тохиролцоогүй учраас төлөхгүй. Намайг ирэхэд хөрсөө хуулсан байсан би хэдэн мод байсан эсэхийг мэдэхгүй. Шонгийн нүх ухдаг төхөөрөмж шон ухаж байгаад эвдэрсэн. 750,000 төгрөгийг төлөхгүй зөвшөөрөхгүй, засуулаагүй байгаа. Тэр төхөөрөмж надад байгаа. Тэрийг нь өгч болно. Ажил хийх явцад тоног төхөөрөмж эвдэрдэг. Би өөрийнхөө шон ухдаг төхөөрөмжийг 350,000 төгрөгөөр авч байсан” гэжээ.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хариуцагч О.*******, М.******* нараас зөөврийн эмээл 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг, 380 вольтод ажилладаг мотор 1 ширхэг зэргийг гаргуулан нэхэмжлэгч Л.******* олгож, Л.******* нэхэмжлэлийн шаардлагаас 40 ширхэг хэв, лоом гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.*******ас 3,336,363.2 төгрөгийг гаргуулан хариуцагч О.*******д олгож, хариуцагч О.*******сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,910,136.8 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.*******ас 16 ком хашааг гаргуулан хариуцагч М.*******д олгож, хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 ком хашаа, 21,192,740 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8.Хариуцагч О.*******гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие Одонхүүгийн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчдын өглөө, өдөр, оройн хоол, цай, хуурай хүнсийг өөрийн худалдаж авсан материалаар хийж ажилласан. Л.******* нь тухайн хугацаанд огт хоол хүнсний материал авч өгөөгүй болно. Хоол хүнсний материалын үнэлгээ 2,850,000 төгрөг, ажлын хөлс 45 хоногт өдрийн 50,000 төгрөг буюу нийт 2,250,000 төгрөг, миний худгаас татаж бэлдэж өгдөг байсан ус болох өдөрт 1 тонн ус буюу нийт 80 тонн усны үнэ 1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа сүйтгэсэн 6 жил тарьж ургуулсан 7 ширхэг алим жимсний модны нэг бүр нь 120,000 төгрөг буюу нийт 840,000 төгрөг, эхний 2 сарын тогны мөнгө өгөөд сүүлийн сарын 70,000 төгрөгийг өгөөгүй зэрэг нийт 7,210,000 төгрөгийн Л.*******ас нэхэмжилж байна. Миний хүү М.******* нь анх үйлдвэрлэл эхэлснээс хойш бүх зардлыг гаргасан боловч огт ашиг хүртээгүй алдагдалд орсон тул миний зүгээс гарсан бүх зардлыг Л.*******ас нэхэмжилж байна” гэжээ.

9.Хариуцагч М.*******ий гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/ШШ2026/00050 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Л.******* нь 2024 онд 380 вольттой хоосон хашааг 200,000 төгрөгөөр түрээсэлж 4 ширхэг хэвээр бетонон хашааг подон дээр хөмөрч хийдэг байсан. 2025 оны хавар санхүү 0 заачихсан байсан хүн. 2025 оны хавар буюу 04 дүгээр сарын 01- ний өдрөөс М.******* надтай хамтарч ажиллаж эхлээд ******* нь бүх юмаа бэлдүүлж, итгэл далимдуулж манайхаас хавтан шон зөөж өмнөх 2024 оны захиалагч 3 айлын 61 ком хашааны өрнөөсөө салсан. Хамтарч ажиллаж байх үедээ ******* миний авсан материалыг ашиглаж тусдаа 6 хүний захиалга авч хашаа хийж 27,000,000 төгрөгийн ашиг хийсэн. Тухайн орлогоороо өөрийн хашаандаа нууцаар шинэ ажлын байр барьсан байсныг сүүлд мэдсэн. 5 дугаар сараас 7 дугаар cap хүртэл 2 cap ажпын байр, багаж, хэвийг маань үнэгүй ашиглаад ажлын байрны түрээсээ ч өгөөгүй. 7 дугаар сард бүх юмыг маань фэйсбүүкээр зарна гээд зар оруулсан байсан. Энэ зарыг хараад маш их гайхаад мөнгөө авъя юу болоод байнаа гэхэд маргаан үүсээд зодолдох дээрээ тулаад цагдаа дуудсан. Манайхыг эзгүйд ажлын байрнаас маань 64 хэв бусад зүйлсийг хулгайлж авч яваад дахиж ачих үедээ баригдаад үлдсэн 58 хэвийг авч чадаагүй. Намайг тултал ашиглаад зогсохгүй үлдсэн хэвийг чинь контейнерын цоожийг чинь эвдэж авна гэж сүрдүүлээд чат бичиж байсан. Намайг шүүхэд өгнө тэнд учраа олъё гэж хэлэхэд за хөгшөөн түр хүлээж байгаач амласан 1 айлын хашаагаа хийж өгье, бас мөнгийг чинь өгье, захиалгын мөнгүүд ороод ирнэ тэгэхээр бүрэн өгнө гэж хэлсэн. Итгээд хүлээж байх хооронд өөртэй нь анх ажил яриагүй 40 гаран хоног өөрт нь хоол хийж өгч, усыг нь татаж өгч байсан тохиролцоонд ямар ч хамаагүй ээжийг маань 8 дугаар сард шүүхэд өгч худал мэдүүлсэн байсан. Ёстой алмайруулсан миний санаанд орохгүй зүйлийг хийсэн. Аргаа барчихсан явахад нь тусалсан биднийг ингэж айхтар чадна гэж төсөөлөөчгүй. Одоо ч асар их стрессдэж маш их гомдолтой байна. ******* үйл ажиллагаанд бага оролцдог байсан 40-50%-тай оролцсон. Намайг ажлаас амарч байгаа 2 өдөр ирж хэсэг харагддаг байсан. Ажилчдыг хавтан шонгоо хийж бай гэж үүрэг өгөөд өөрөө бэлэн байгаа хавтан шонг ачиж яваад тусдаа өдрийн ажилчин авч ажилуулаад давхар олон захиалга авч хашаа суурилуулалт хийсэн байдаг. Иймд миний бие Мөнхжаргалын ******* нь сум дундын анхан шатны эдгээр шийдвэрүүдтэй нийцэхгүй гомдолтой байна.

Нэг. Нэхэмжлэгч Л.*******ас 3,336,363.2 төгрөгийг гаргуулан О.*******д олгохоор шийдвэрлэсэн. Л.******* бид хоёрыг хамтран ажилласан учраас Л.******* 50 хувийг хариуцах үндэслэлтэй гэсэн байгаа. Миний хувьд хамтарч байх хугацаанд бүх зардлыг ганцаараа төлсөн боловч ашиг олоогүй, хохирсон байгаа учраас бүх зардлыг Л.******* хариуцах ёстой гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэлээс 21,192,740 төгрөг хэрэгсэхгүй болгосон. Миний дансанд орсон хашаа захиалгын урьдчилгааны мөнгө болох 16,700,000 төгрөг бүгдээрээ материал ажилчдын цалин сэлбэг багажинд зориулагдсан. 16,700,000 төгрөгөөс надад 6,000,000 төгрөг ашиг болж үлдэх байсан боловч Л.******* ятгалгаар 40 ш хэв захиалсан. Нэмэлтээр өөрийн цалингийн орлого болон эхнэрээсээ (Шилжүүлгийн утга: zaya) мөнгө авч үйлдвэрлэлээ хөл дээр нь босгох чин сэтгэлээр зүтгэж үйл ажиллагаанд буюу цалин, цемент, хайрга авахад зарцуулсаар байсан. Бүгд миний Голомт банк, Хаан банкны дансны хуулгаар баталгаажна.Тодруулагчаар тодруулсан зардлууд бүгд үйл ажиллагааны зардалд зориулагдсан болно. Жич: Манай хүргэн дүү *******миний голомт банкны данс руу нд 3 тал 48 ком хашаа хийлгэхээр урьдчилгаа 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Би энэ мөнгөөр хайрга, цемент, цалин, бусад урсгал зардалд зарцуулсан боловч хүргэн дүүгийн хашааг огт хийж өгөөгүй. (Би хүргэн дүүдээ өртэй үлдсэн) Иймд 21,192,740 төгрөгийг нэхэмжилж байна.

Гурав. Анхнаасаа М.******* надтай 05 дугаар сарын 15-наас сарын 2,000,000 төгрөгөөр түрээс тохирчхоод намайг гадаад явсан эзгүй хойгуур халамжаас зээл авах зорилгоор, үзүүлэх ажлын байргүй учир Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдэд манай ажлын байрыг үзүүлж зөвлөгөө аваад өөрийнх биш учир эзэдтэй нь урт хугацааны гэрээ хийвэл зээл олгож болохыг мэдээд ээж О.Оюун-Эрдэнийг ятгаж нотариатын гэрээ хийлгэж зальдсан байсан. Энэ гэрээг тооцож анхлан М.******* надтай хийсэн түрээсийн аман гэрээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Манай хашаанд ажил явуулахад зориулж 100м зайнаас 380В татуулж, ажлын байр саравч, хүлэмж, багажууд, материал, хашааны хэвүүд худалдан авч бэлдсэн. Эдгээр нь 20 гаран сая төгрөгийн үнэлгээ бүхий ажлын байр юм. Сарын 180,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тохирсон гэдэг яриа бол зүйд нийцэхгүй худал яриа юмаа. Үүн дээр мөн гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй нийцэхгүй байна.

Дөрөв. 2024 оны намар Уртын гол, *******, Эрдэнэ багуудад байрлах 3 айлаас захиалга аваад бүгдэнгээс нь урьдчилгаа 60%-н мөнгийг нь аваад дөнгөж эхлүүлээд хүйтрээд хийгээгүй үлдээсэн байсан. Мөн Л.******* авсан материал, ажиллуулж буй хүмүүсээр хийлгэсэн хавтангуудыг 2024 онд хашааг нь хийж өгөөгүй айлуудын хашааг хийж, 61 ком хашаа нууцаар зөөсөн байсан. Мөн надад хэлэлгүй нууцаар шинээр 5 айлаас захиалга авч намайг ажилтай байхгүй өдрүүдэд тэр айлууддаа хашаа хийж тэдгээр айлуудын мөнгийг өөртөө авсан. ******* дансны орлогоос харагдана. Зөөсөн 61 ком хашааг задалж бичвэл: 1.*******ын айлын хашаа нийт 51 ком хашаа байгаагаас 36 ком хашаа, 20 хавтан манай ажпын байрнаас нууцаар зөөсөн. 2.Уртын голын айлын хашаа нийт 39 ком хашаа байгаагаас манай ажпын байрнаас 13 ком хашаа нууцаар зөөсөн.3.Эрдэнэ баг Сархиад 12 ком нэг нүүр хашааг мөн адил нууцаар манай ажлын байрнаас зөөж хийсэн.

Ачааны машин нь өөрийнх нь учир энэ давуу байдлаа ашиглаж хавтан, шонг намайг байхгүй өдрүүдэд хулгайгаар зөөж *******д захиалга өгсөн айлд буулгана гэж хэлж ажилчдаар машиндаа ачуулаад (ихэнхдээ өдөр зөөгөөд мөн орой ажлаас буухдаа 10 шон юм уу 16 хавтан ачаад буудаг байсан байгаа юм) тусдаа өөртөө давхар өдрийн ажилчин авч өмнө жилийн айлууд руугаа зөөж манай хавтан шонгоор хашааг нь гүйцээж хийж байсан. Мөн анхны захиалагчдын хашааг хийхгүй хойшлуулж cap гаран хүлээлгэж тэд нарын урьдчилгаа мөнгөөр материал авхуулчхаад нэмж шинээр хашааны захиалгууд авч ойчир дайруулж хийж орлогыг нь өөртөө авсан. Зөөж явсан 61 ком хашаагаа яаж ялгаж мэдсэн бэ гэвэл Л.******* 2024 онд дангаараа хийдэг байхдаа 1 ком буюу 4 ширхэг монгол хэвтэй байсан. Тэр 4 хэвээрээ подон дээр хөмөрч хийдэг байсан хөмөрч хийсэн хавтан арзгар барсгар үзэмж муутай гардаг. 2025 онд надтай хамтраад 20 ком буюу 80ш монгол хэвээр хийж хэвэнд хонуулж хийдэг.  Л.******* 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтарч ажиллах хугацаандаа Хаан банкны дансанд орсон хашаа захиалгын орлогын дүнгүүд (2025 оны 03 сарын 15-ны байдлаар анхны захиалагч Т.Эрдэнийн 6,000,000 төгрөг дансанд нь орж ирэхийн өмнө Л.******* дансны үлдэгдэл 75 төгрөг байсан) Л.******* нь хамтарч ажиллаж байх хугацаандаа өөр газар ажиллаагүй өөр орлогын эх үүсвэргүй болно. Эхнэр нь ажил хийдэггүй тухайн үед 8 сартай жирэмсэн байсан. /хх-86 хүснэгт/ Л.******* хамтарч ажиллахаар анх тохирохдоо хашаа үйлдвэрлэл угсралтаа хариуцна мөнгө санхүүд оролцохгүй чи захиалга, санхүү, материал таталтаа хариуц гэж тохирчхоод энэ хугацаанд өөрийн дансанд 30,840,000 төвлөрүүлсэн байсан. Үүнээс: Анхны захиалагч манай найз Т.Эрдэнээс урьдчилгааг 2025.03.15-нд 6,000,000 төгрөгийг авч машинаараа хот явж арматураа өөрөө авчрахаар болоод надтай тохиролцоод авсан. Мөн 2025.04.11-нд ачааны машины мотор шатсан тул шинэ мотор тавиулна гээд Т.Эрдэнээс надаар хэлүүлж нэмж 2,500,000 авсан байдаг. Надаас түлш хийнэ гэж 2025.05.01-нд 50,000 төгрөг, 2025.05.02-нд 50,000 төгрөг, 2025.05.02-нд 200,000 төгрөг, 2025.05.06-нд 100,000 төгрөг, 2025.05.14-нд төгрөгийг 40ш монгол хээтэй хэв захиална гэж тус тус авсан. Үүнээс бусад орлого нууцаар надад хэлэлгүй захиалга авч, хавтан шон хулгайгаар зөөж хийсэн захиалгын мөнгө юм. Данс руу нь орсон орлогууд бол надад хэлэлгүй давхар захиалга авч намайг ажилтай өдөр тэдгээр айлууд руугаа хавтан зөөж хашаа хийж нууцаар орлого олсон байдаг. Эдгээр гүйлгээ ******* дансны хуулган дээр нь утгатайгаа байгаа юм. Хамтарч ажиллах хугацааны орлого, зардал:

Орлого: Л.******* 30,840,000 төгрөг *******ий 16,700,000 төгрөг Нийт 47,540,000 төгрөг, Зардал: Л.******* 3,840,000 М.******* 21,192,740. Үүнээс 47,540,000/264=180,000 1 ком хашааны үнэ буюу багадаа 264 ком хашаа хийсэн байхаар харагдаж байгаа юм. Л.******* хамтарч ажиллах хугацаандаа эхний захиалагч Т.Эрдэнээс анх авсан урьдчилгаа 6,000,000 төгрөгөөс 3,270,000 төгрөгөөр 1.77 тонн арматур авсан. Мөн 1 удаа 2025 оны 04 дүгээр сарын 07-нд 2 тонн цемент зээлээр аваад тухайн үедээ нэхэхгүй бол өгөх гээд яараад яахуу зээлээр аваад өгдгийг маань мэднэ гээд өгөөгүй. Хамтарч ажиллах энэ хугацаанд өөр материал ажлын байранд аваагүй. 30,840,000-3,270,000=27,570,000 үүнээс 570,000 түлшинд зарцуулсан гэж бодоход 27,000,000 төгрөгийн ашиг өөртөө гаргасан харагдаж байгаа юмаа. Энэ хугацаанд манайд байсан бэлэн 25 литрийн 4ш сав 100л түлшийг ачааны машинд нь хийж өгсөн.  Л.******* сарын 2 саяын түрээс тохирч дангаараа хийж эхлэх үеийн дансны хуулга. Жич: Манай зүгээс шүүхэд хүсэлт гаргаж 2025 оны 03 дугаар сарын 15-наас 2025 оны 07 дугаар сарын 10 хүртэлх хаан банкны хуулгаа өгөхийг шаардсан боловч 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ид олуулаа ажилласан сүүлийн сарын дансны хуулгаа өгөөгүй. /хх-88 хүснэгт/Хамтрах хугацаандаа миний бие 5 хүнээс захиалга авсан. Үүнийг задалбал: 1 дэх буюу хамгийн анхны захиалагч манай найз Т.Эрдэнэ 58 ком хашаа хийлгэхээр 2025.03.15-нд урьдчилгаа мөнгө 6,000,000 өгсөн боловч 4 сарын 20-ны өдөр хашааг нь эхлүүлж орхичхоод 5.26-5.31 хооронд хашааг нь бүрэн хийж дуусаж байгаа юм. Үлдэгдэл мөнгийг хашааг дууссан үед өгдөг. 5.26-5.31 шилжүүлснийг Л.******* данснаас харж болно. Эндээс харахад миний захиалагчдыг урт хугацаанд хойшлуулж ондоо газруудад захиалга авч давхардуулж хашаа хийгээд байсан нь харагдаж байгаа юм. 2 дахь захиалагч хүргэн дүү *******48 ком хийлгэхээр 2025.04.17-нд төгрөг өгсөн урьдчилгаагаар нь материал аваад хэрэглэчихсэн боловч хашааг нь огт хийж өгөөгүй. (Дүүгээсээ мөнгө аваад би өртэй үлдсэн) 3 дахь захиалагч Оюунбаяр 36 ком хийлгэхээр 2025.05.01-нд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгсөн боловч хашааг нь 2025.05.24-нд мөнгөнд нь тааруулаад дутуу хийгээд тэр чигт нь орхисон. Л.Гантулгыг хашааг нь дуусгаад өг газрыг нь хураах гээд хүн нь уурлаад байна гээд шаардаад хийгээгүй ажлын байран дээр хийсэн байсан хавтангууд зөөгөөд, шинэ ажилчидтайгаа 2 өдөр алга болчихсон. Газар хураалтаар хүний газар хураалгах дээрээ тулаад би хашаа хийдэг танил Пүрэвдорж гэж залуугаар 2025.06.05-нд хийлгээд Пүрэвдоржид 2025.06.05-нд Голомтоос 3,240,000 төгрөг өгөөд буцаад захиалагчаас мөнгөө авсан байдаг. 4 дэх захиалагч манай ажлын эгч Мягмарсүрэн 47 ком хашаа хийлгэхээр урьдчилгаа 6,000,000 төгрөгийг хийсэн. Эдний хашааг 2025.06.20-оор дуусгасан үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хашаа хагархай их муу болсон гээд засуулна гээд өгөхгүй байж байгаад би хайрга авч чигжиж, жижиг засварууд хийж өгөөд 2025.07.20-нд өөртөө авсан байдаг. 5 дахь захиалагч Батмагнай 8 ком 1ш шонтой 2025.05.09-нд надад урьдчилгаа 700,000 төгрөг өгсөн. 2025.05.11-нд дуусаад ******* руу 800,000 шилжүүлсэн байсан. Жич: Хамтарч ажиллаж байх үед М.******* миний бие санхүү болон материал таталтаа хариуцдаг байсан учир 8 тонн цементийг 4 удаагийн таталтаар 100 айлын цемент хайрга борлуулагч нараас авч, өөрийн Орхонмолл дахь дэлгүүрийн орлогын бэлэн мөнгөөр төлөлт хийсэн.

Л.******* данснаас анхаарах зарлагын гүйлгээ: 2025 оны 04 дүгээр сарын 13-нд Хаан банкны данснаас har paniar гэсэн утгатай 330,000 зарлага гарсан байдаг. Манай ажлын байранд хар паниар огт хэрэглэгдээгүй аваагүй. Хар паниарыг голцуу хундаам хийхэд афалк зангидахад ашигладаг. Паниар авсаныхаа араас хайрга цемент авсан дансны хуулгаар харагддаг үүнээс харахад тухайн үед хадам аавынхаа байшингийн материал авч хундаам хийж өгсөн. Эрдэнэ-Очир гэх гэрч тухайн үед хадам аавындаа хундаам хийсэн гэдгийг хэлсэн. Өөрийн гэрт ажлын байр барьсан, хадам аавындаа хундаам хийж өгөхдөө материал авсан зардлаа ажлын байранд материал татсан гэж мэдүүлж байгаа нь худал юм. Тайлбар: Хадам аавдаа хундаам хийж өгөөд байгаа шалтгаан бол өвөл зам тээврийн ослын бэртлээс бол ямарч ажил хийгээгүй учир амьдрах зардлаа даалгаж сая гаран төгрөг авчихсан байсан оронд нь байшин эхлүүлж өнгө гэж ярьж байсан. 2025 оны 05 дугаар сарын 25-нд Л.******* Хаан банкны данснаасаа 5093145055тоот Мөнх-Орших) гэх хүний дансруу 7,580,000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ бол манай ажлын байрнаас олсон орлогоороо 42 ширхэг цагаан хэв худалдаж авсан зарлага юм. Анх ажил эхлэхэд 30 ширхэг цагаан хэв ирснийг би мэднэ энэ хэвээр нэг удаа хашаа хийж үзээд захиалагчид хээг нь сонирхохгүй болохоор нь хашааны мухарт бүгдийн хураагаад монгол хээтэй хар хэвээрээ цаашдаа захиалга авсаар байсан, нэмж 12ш цагаан хэв авчраад нэмж хураасныг би мэдээгүй байсан. 7.580.000/42= 180,000,  Цагаан хэв 1ш нь 180,000 гэдэг ком хашааны зарах үнэ 180,000 төгрөг байдаг бөгөөд 1 ширхэг шон, 4 ширхэг хавтан нийлээд 1 ком болдог./ Шон задаргаа:  шон зарах үнэ 60,000 төгрөг, шонгийн хэмжээ 260см урт 18/18см хэмжээтэй байдаг хавтан 50см*200см хэмжээтэй 4см зузаантай байдаг шон хийх задаргаа, 1шон зарах 60,000 төгрөг см урттай Ф6 арматур 4ш, хайрга 60кг 1520төгрөг, бэхжүүлэгч 1000 төгрөг, тослогч 1000 төгрөг, цемент 16кг 6.333, цалин 5000 төгрөг, хоол, Зөөвөр, Ус 12л, Цахилгаан 5000 төгрөг, 1 шон хийх нийт зардал 30, 253, Хавтан задаргаа: хавтан зарах үнэ 120,000 төгрөг, Арматур Ф6 195см *8ш=15.6м орно. Цемент 50кг 1 шуудай Үнэ 19,000 төгрөг, бэхжүүлэгч 3000 төгрөг, тослогч 3000 төгрөг Цалин 4000*4=16,000 төгрөг, хайрга 200кг - 5066 төгрөг,  Ус 40л, Хоол, Зөөвөр, Цахилгаан нийлээд  7400 төгрөг, 4 хавтан хийх нийт зардал 69,060 төгрөг болно. Л.******* захиалагчийн мөнгөнөөс 3,270,000 төгрөгөөр арматур авсан. Ф6-н 1.3 тонн хуйлаатай арматур 2,400,000 төгрөг гэдэг 1,77тнн арматурын үнэ 3,270,000 юм. Фб-н 1.77тнн арматурын урт 7,970,000 метр болно. 1 ком хашаа буюу 1шон 4 хавтанд 26метр Фб-н арматур ордог.Урт арматураар 306 ком хашаа хийх боломжтой юм. Эхний хамтарсан 4.1-5.14-ний хооронд 3,270,000-р авсан 7970 м арматурыг бүгдийн хашаа хийхдээ ашиглаж дуусаад дахиад нэмж арматур жижиглэн ширхгийн үнээр авч эхэлсэн байдаг. Миний бие М.******* 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл өөрийн мөнгө санхүү болон өөрт бэлэн байсан эд материал, өөрийн хөдөлмөр зүтгэлээр оролцож цаг хугацаагаа зориулж чин үнэнчээр хэлсэн ярьсандаа эзэн байж зүтгэсэн боловч Л. ******* хууртаж ажлын байр бүх юмаа 3 сарын турш ашиглуулж би өөрөө ямарч ашиг хүртэлгүй одоо эвдэрсэн багажууд, ажлын байр, хагарч элэгдсэн хэвнүүдтэй үлдсэнд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч О.*******, М.******* нарт холбогдуулан “хашааны хэвлэгч хэв 40 ширхэг, зөөврийн эмээл 1 ширхэг, лоом 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг зэрэг эд зүйлс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...түрээсийн гэрээ зөрчиж нэхэмжлэгчийн ажлын тоног төхөөрөмж, хэв хийц, хашааны хэв болгоныг өөрийн болсон гэж үндэслэлгүй шаардлага тавьж барьцаалсан тул барьцаанд байгаа эд зүйлсээ авах хүсэлтэй байна. Нийт 80 ширхэг хэвний 40 ширхэгийг нь ажил хийх явцдаа ажлын мөнгөөр худалдаж авсан. Үлдсэн 40 ширхэг хэвийг өөрийн мөнгөөр худалдаж авсан. Би өөрийн мөнгөөр худалдаж авсан 40 ширхэг хэвийг аваад хэл амгүй салъя гэж ярьсан байсан. Иймд хашааны хэвлэгч хэв 40 ширхэг, зөөврийн эмээл 1 ширхэг, лоом 1 ширхэг, портер машины дугуй 1 ширхэг зэрэг зүйлсийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./хх1/

 

Хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч “...хэвийг өгөхгүй, зөөврийн эмээл, портер машины дугуйг хохирлыг минь барагдуулсан тохиолдолд өгнө, лоом байхгүй байгаа, манай лоомыг авч явсан... ” гэсэн,/хх17/

хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч “...Нийт 80 ширхэг хэв бүгд миний мөнгөөр авсан учраас өгөхгүй. Үлдсэн 30 ширхэг цагаан хэвийг үйл ажиллагааны зардлаас авсан. Тэр цагаан хэв хамтын өмч. Хар хэвнүүд бүгд миний хэв. Намайг байхгүй байхад хар хэвнээс хулгай хийгээд аваад явсан. Одоо манайд 58 ширхэг хэв байгаа. 110 хэвнээс үлдсэнийг энэ хүн аваад явсан. Зөөврийн эмээл, портерийн дугуйг миний хохирлыг барагдуулбал өгнө. Лоом бол хайгаад байхгүй байсан...” гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан./хх126х/

 

2.1 Хариуцагч О.******* нэхэмжлэгч Л.******* холбогдуулан хоол хүнсний материалын зардал болон тогоочоор ажилласан ажлын хөлс, бусад зардал 9,246,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэ хоёрыг хамтран ажиллах хугацаанд би тогоочоор ажилласан, мөн хоолны материалыг би өөрөөсөө гаргасан.Манай хашааг сарын 2,000,0000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон.Иймд хоол хийхэд орсон материалын зардал 1,286,500 төгрөг, тогоочийн ажлын хөлс 2,250,000 төгрөг, хашааны түрээс 2,000,000 төгрөг, 380 ажилладаг мотор 850,000 төгрөг, сүүлийн сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, хэрэглээний ус 1,200,000 төгрөг, ажлын байр барихдаа тарьж ургуулсан 7 ширхэг модыг сугалж авч сүйтгэсэн 840,000 төгрөг, шонгийн мод ухдаг төхөөрөмж 750,000 төгрөгөөр худалдаж авсан байсан, нийт 9,246,500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж, /хх121,122х/

Хариуцагч М.******* нэхэмжлэгч Л.******* холбогдуулан материалын зардал, цалин хөлс, түрээс болон бусад зардал 21,192,740 төгрөг гаргуулах, 61 ком хашааг хийлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Миний зүгээс ээж О.*******хашаа болох Чингэл багийн 13-1322 тоотод 2025 оны 04 сараас 11 cap хүртэл хамтарч ажиллах тухай санал тавихад Л.******* надад ажлын байр барихаас бусад бүх зардлыг буцааж төлөх, ажил эхэлсэнээс хойш 3 дахь захиалгад 1 айлын хашааг 6 дугаар сараас өмнө хийж өгөх, цэвэр ашгийн 40 хувийг өгөх, тог цахилгаан, хогны мөнгийг цаг тухайд нь төлөхөөр амаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон. Гэвч ажиллаж байх хугацаандаа ажлаа хийхгүй алга болох, хавтан хулгайгаар зөөх, миний гаргасан зардлыг төлөхгүй байх асуудал гаргасан. Батмагнайгаас 700,000 төгрөг, Лхагважаргалаас 4,500,000 төгрөг, Оюунбаяраас 3,000,000 төгрөг, Мягмарсүрэнгээс 8,500,000 төгрөг нийт 16,700,000 төгрөгийн захиалгын орлого орж ирсэн. Хүлэмж 1,116,000 төгрөгөөр, уутыг нь 116,000 төгрөгөөр авсан. Саравч барихдаа дээврийн төмөр 378,800 төгрөг, цахилгаан татуулахад 244,400 төгрөг, ажилчдын цалин 5,238,000 төгрөг, хүнс 364,840 төгрөг ажил хийх үед авсан ундаа ус, сармисны үнэ, ус татах сангийн материал 74,800 төгрөг, ажил хийх явцад урсгал зардал болон сэлбэг 821,000 төгрөг, хэв 5,469,900 төгрөг, цемент 2,300,000 төгрөг, ширээний пүрш 12 ширхэг 115,000 төгрөг, портер машинд шатахуун хийсэн 400,000 төгрөг, хайрга 1,460,000 төгрөг, моторын шарик 60,000 төгрөг, хашааны урд шинээр хаалга авсан 850,000 төгрөг, хамгийн эхний захиалсан хэв буюу Л.******* авч явсан 52 ширхэг хэвний мөнгө Мягмарсүрэнгийн урьдчилгаанд өгсөн мөнгөөр авсан  6,000,000 төгрөг, хайрга зөөсөн Ховоны зардал 1,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн, нийт 26,092,740 төгрөгний зарлага гарч 9,392,740 төгрөгний алдагдалтай ажилласан. Би нийт 18 өдөр ажилласан ажлын хөлс 1,800,000 төгрөг, хамт ажиллахаа больсноос хойш миний ажлын байр, багажыг ашигласан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээс 4,000,000 төгрөг, нэг айлын хашаа хийж өгнө гэж анх тохирсон 6,000,000 төгрөг нийт 11,800,000 дээр зарлага 9,392,740 төгрөг нийт 21,192,740 төгрөгийг нэхэмжилнэ, мөн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд зөөж авч явсан 61 ком хашааг гаргуулах...” гэж тодорхойлсныг /хх128х/, нэхэмжлэгч Л.******* сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч Л.*******, М.******* нар нь захиалгаар евро хашаа хамтарч хийхээр тохиролцож, ажлын байраа хариуцагч *******хашаанд барьсан, *******хашааг түрээслэхээр тохиролцон 4 айлын захиалга авч, уг үйл ажиллагааг явуулахад шаардагдах багаж, материалуудыг авч 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл хамтран ажилласан, 2025 оны 05 сарын 10-ны өдрөөс М.******* хамт ажиллахаа больж, 06 сарын 31-ний өдөр хүртэл Л.******* ганцаараа үйл ажиллагааг явуулж ажилласан, О.******* нь 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл ажилчдын хоол хийсэн, Л.******* урьд захиалгатай байсан айлуудын хашааг хийж өгсөн, багаж хэрэгслээ зөөсөн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д нийцсэн.

 

5.Шүүх үндсэн нэхэмжлэлийг талууд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа буюу хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад хэв бусдаас худалдан авсан, Л.*******, М.******* нар нь хэдэн хар, цагаан хэвнүүд худалдаж авсан болон Л.******* 80 ширхэг хэвийг өөрийн мөнгөөрөө авсан нь тогтоогдохгүй, Л.******* нь үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэж байсан хэв болон бусад эд зүйлсээс авч явсан нь хариуцагч нарын тайлбараар нотлогддог, Л.******* авч явснаа үгүйсгээгүй, тэрээр өөрт ногдох эд зүйл, хэвийг авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлээс 40 ширхэг хэв, лоом гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, портер машины дугуй 1 ширхэг, эмээл 1 ширхэгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3.-д нийцсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

 

6.Хариуцагч О.*******сөрөг нэхэмжлэлийг О.******* өөрийн газар дээр баригдсан евро хашаа хийх зориулалттай ажлын байрыг Л.******* эзэмшил, ашиглалтад 11 сарын хугацаагаар шилжүүлэх, Л.******* эд хөрөнгө ашигласны хөлс болох 2,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг, мөн О.******* нь ажилчдын хоол хийх, М.*******, Л.******* нар нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж дүгнэн, нэхэмжлэгч Л.*******ас 3,336,363.2 төгрөгийг гаргуулан хариуцагч О.*******д олгож, хариуцагч О.*******сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,910,136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, О.*******эс 380-аар ажилладаг моторыг гаргуулан Л.******* олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 359 дүгээр зүйлийн 359.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт тус тус нийцсэн.

 

7.Хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн Л.*******ас 16 ком хашааг гаргуулан хариуцагч М.*******д олгож, хариуцагч М.*******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 ком хашаа, 21,192,740 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

 

7.1 Тодруулбал хариуцагч М.******* 21,192,740 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэлээ “....миний зүгээс хамтран ажиллах хугацаандаа хүлэмж 1,116,000 төгрөг, уутыг нь 116,000 төгрөг, саравч барихдаа дээврийн төмөр 378,800 төгрөг, цахилгаан 380 вольт татуулахад 244,400 төгрөг, ажилчдын цалин 5,238,000 төгрөг, хүнс 364,840 төгрөг, ус татах сангийн материал 74,800 төгрөг, хэв 5,469,900 төгрөг, сэлбэг 821,000 төгрөг, цемент 2,300,000 төгрөг, ширээний пүрш 12 ширхэг 115,000 төгрөг, портер машинд шатахуун хийсэн 400,000 төгрөг, хайрга 1,460,000 төгрөг,тоног төхөөрөмж 60,000 төгрөг, хашааны урд шинээр хаалга авсан 850,000 төгрөг, хамгийн эхний захиалсан хэв буюу Л.******* авч явсан 52 ширхэг хэвний мөнгө Мягмарсүрэнгийн урьдчилгаанд өгсөн мөнгөөр авсан  6,000,000 төгрөг, нийт 26,092,740 төгрөгний зарлага гарч 9,392,740 төгрөгний алдагдалтай ажилласан. Би нийт 18 өдөр ажилласан ажлын хөлс 1,800,000 төгрөг, хамт ажиллахаа больсноос хойш миний ажлын байр, багажыг ашигласан 2 сарын түрээс 4,000,000 төгрөг, нэг айлын хашаа хийж өгнө гэж анх тохирсон 6,000,000 төгрөг нийт 11,800,000 дээр зарлага 9,392,740 төгрөг нийт 21,192,740 төгрөгийн зарлага гаргасан” хх /130х/ гэж тодорхойлсон бөгөөд дээрхи эд хөрөнгөөр бий болгосон ажлын байр нь хариуцагч М.*******д өөрт нь үлдсэн, хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдал тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, хашааны гэрэл зурагт үндэслэн нэхэмжлэгч Л.Гантулгыг 61 ком хашаа зөөж авч явсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

8.Иймд шийдвэрийн шийдэл хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч О.*******, М.******* нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, харин шүүх эд хөрөнгө битүүмжилсэн буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр  сарын 06-ны  өдрийн 312/ШШ2026/00050 дугаар шийдвэрт 3 дахь заалт “...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5884 дугаар шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж нэмж, шийдвэрийн 3,4 дэх заалтыг 4, 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.*******, М.******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,626 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАТТӨР

                                                                 ШҮҮГЧ                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                    ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА