Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2026/00047

 

 

 

 

2026 04 16 207/МА2026/00047

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Г.*******, Д.******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02111 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.*******, Д.******* нарт холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх, 9,000,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батсүмбэр-Уул цахимаар, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Миний бие Г.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Г.*******ын өмчлөлд байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот баг *******тоот байрыг 105,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг байрыг тухайн үед өөр иргэн хөлсөлж байсныг иргэн Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор гаргаж надад хүлээлгэн өгнө гэж гэрээ нотариатын гэрээ хийсэн боловч өнөөдрийн байдлаар уг түрээслэгч иргэн нь Г.*******аас авлагатай гээд байрыг маань суллаж өгөхгүй байна. Уг байр болох Согоот баг *******тоот байр нь миний нэр дээр гэрчилгээ нь гарчихсан. Иймд уг байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ./хх1х/

2.Нэхэмжлэгч Г.*******ын нэмэгдүүлсэн шаардлагын агуулга: Нэхэмжлэгч Г.******* миний бие Г.*******тай байгуулсан Арилжааны гэрээний дагуу 2025.02.05-ны өдрийн 001310798 дугаар 1 хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр *******тоот 70 м.кв өрөө орон сууцны өмчлөгч болсон билээ. Арилжааны гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад Г.******* нь орон сууцыг миний эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй 4 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсаад байгаа билээ. Г.*******аас байр чөлөөлж өгөхгүй шалтгааныг лавлахад Д.******* нь түрээсэлж байсан бөгөөд суллаж өгөхгүй байгаа нь тодорхой болсон. Одоогоор Д.******* нь гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа нь Д.******* болон Г.*******ын тайлбараар тогтоогдсон. Д.*******д орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж, хугацаа олгосон боловч одоог хүртэл суллаж өгөөгүй байна. ..Иймд Д.*******, Д.Лхагвацэцэг Д.Амин-Учрал нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж учирсан хохирлыг буюу 2025.02.05-ны өдрөөс 2025.05.22-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцыг ашигласны хохирлыг түрээсийн зах зээлийн ханш 1,500,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Г.*******, Д.******* нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.Нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэж тодорхойлбол, Орхон аймгийн Баян- Өндөр сумын 6 дугаар баг, Согоот 6 хороолол, 14 байрны 82 тоот хаягт байрлалтай эрхийн Ү-2101012534 дугаарт бүртгэлтэй 70 м.кв 2 өрөө орон сууцнаас хариуцагч нарыг албадан чөлөөлж, учирсан хохирол 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ./хх24,25х/

3. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.  

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.*******, Д.******* нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Согоот баг, *******тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Д.******* нараас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Д.******* миний бие дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож 6,000,000 төгрөг төлөх болсон. Би дээрх мөнгийг төлөх ёсгүй. Учир нь би 2023 оноос Г.*******ын эхнэр Б.*******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулан *******орон сууцыг сарын 650,000 төгрөг дараа нь 750,000 төгрөгийн төлбөртэй хөлслөн эхнэр 8 хүүхдийн хамт амьдарч байсан юм. 2025 онд Г.******* байраа зарах боллоо та авах уу гэж над руу ярихад нь би байрыг чинь худалдаж авъя гээд байрны төлбөрт 10 сая төгрөг өөрийнх нь дансанд шилжүүлж өгсөн. Ингээд байрыг нь авна гэж бодоод байж байтал Г. ******* байраа Г.******* гэж хүнд зарахаар болчихлоо та байр чөлөөлж өг гэх болсон. Би байрыг чинь худалдаж авна гэж байсан, өгсөн мөнгөө авъя гэтэл хариу өгөхгүй алга болсон. Би Г. ******* шүүхэд өгсөн байхыг мэдээд байрыг чөлөөлсөн болно. Ингээд асуудал дуусаагүй 6,000,000 төгрөгний төлбөртэй болсон байна.  Гомдлын үндэслэл: 1.Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г. *******, Д.******* нарын эзэмшилд буй *******орон сууцыг албадан чөлөөлснийг баталж , мөн иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан надаас 6,000,000 төгрөг гаргуулж Г.*******д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхэд Г.*******, Г.******* нар намайг маргаан бүхий байрыг хөлсөлж байсан хөлслөгч гэж мэдүүлсээр байтал хууль бус эзэмшигч гэж үзсэн. Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.-д заасны дагуу бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр гэж заасан байдаг. Би хөлслөгч байсаар байтал энэ талаар талууд маргаагүй байхад буруу шийдвэр гаргасан. Би Г.*******ын байранд хууль бусаар оршин сууж, байрыг нь үндэслэлгүй олж аваагүй эхнээсээ эд хөрөнгө хөлслөх гэрээ хийж хөлсөө тогтмол төлж байсан. 2.Би Өмнөговь аймагт гэр бүлээ тэжээх гэж ажилтай яваад шүүхэд ямар нэгэн тайлбар гаргаж чадаагүй бөгөөд шүүх хурал дээрээ мэдүүлэх гэж явсаар хурал болсон талаар мэдээгүй юм. Д.******* надад үл таних дугаараас *******аа 2025 оны 10 сарын 30-нд шүүх хуралтай гэх утга бүхий мессеж ирэхэд би ойлгоогүй өнгөрсөн. Би шүүх хуралд биечлэн оролцох байсан. 3.Шүүх надаас 6,000,000 төгрөг гаргуулж Г.*******д олгох шийдвэр гаргахдаа шууд нэхэмжлэгчийн гаргасан орон сууц хөлслөх зах зээлийн ханшаар тогтоосон. Г.*******ын өмчлөлд шилжсэн байрыг чөлөөлж өгөөгүйн улмаас учирсан хохирол нь байрны хөлсөөр тодорхойдогдохгүй. Учир нь Г.******* байраа надад хөлслүүлээгүй юм. Мөн шүүх байр хөлслөх зах зээлийн ханшийг тогтоогоогүй болно. Би Г.*******ын байрыг хөлсөлж хөлс төлөөд дараа нь байрыг нь худалдан авна гээд урьдчилгаа төлбөр төлчихөөд одоо үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд төлбөр төлөхөөр болсон нь миний амьдрах эрх, эд хөрөнгө олж авах, эзэмших эрх ноцтой зөрчигдөж төлөх ёсгүй мөнгийг төлөхөөр болсонд мөн шүүх хуралд оролцуулаагүй явдалд гомдолтой байна. Иймд 312/ШШ2025/02111 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.*******ын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Г.*******, Д.******* нарт холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Согоот баг, *******тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 9,000,0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний бие Г.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Г.*******ын өмчлөлд байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот баг *******тоот байрыг 105,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг байрыг тухайн үед хөлсөлж байсан Д.******* нь гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа тул байрыг албадан чөлөөлж, учирсан хохирол болох орон сууцны түрээсийн төлбөрийг зах зээлийн ханш 1,500,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Г.*******, Д.******* нараас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./1х,24-24х/

Хариуцагч Г.*******, Д.******* нар шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулах ба нэхэмжлэгч Г.*******ын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Г.*******т 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан байна./хх7х/

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд тэрээр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г.*******, Д.******* нарт холбогдуулан орон сууцыг ашигласны хохирлыг түрээсийн зах зээлийн ханш 1,500,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******, Д.******* нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Д.*******д 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардуулжээ./хх32х/

3.2 Харин хариуцагч Г.*******т дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, тайлбар авах ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2., 72 дугаар зүйлийн 72.1., 72.2.-д заасныг зөрчсөн, улмаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59  дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАТТӨР

                                                                 ШҮҮГЧ                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                    ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА