| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00645/И |
| Дугаар | 00874 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 1б хэсэг, 18/2 байр 35 тоотод оршин суух Алаг адуу овогт Өөдөсийн Нямцэвээн /ЧТ: 57081869/
Р.Гансүхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Нямцэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Нямцэвээн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ө.Нямцэвээн би Орхон аймгиийн Баян-Өндөр сум 1-р баг Зэст 1 хороолол 21-р байрны 50 тоотод оршин суух Р.Гансүхэд хувийн журмаар 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. 3 000 000 төгрөгийг бэлэнээр, 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн боловч одоо хүртэл хаана байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах захирамж гарган өгч надад туслалцаа үзүүлнэ үү. Р.Гансүхэд мөнгө шилжүүлэхдээ өөрийн аж ахуйн нэгжийн нэрээр болон Р.Гансүхийн өгсөн дансанд мөнгөө хийсэн тэрээр өөрийгөө ШУТИС-ийн оюутны холбоонд удирдах алба хашдаг баримт бичиг гаргаж өгч чадна гэж хэлж уг мөнгийг авсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Нямцэвээн нь Р.Гансүхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Ө.Нямцэвээн нь Р.Гансүхэд 5 000 000 төгрөг өгсөн, уг мөнгөний 3 000 000 төгрөгийг бэлнээр 2 000 000 төгрөгийг Хүчит зам ХХК-ийн нэрээр банкаар шилжүүлсэн, мөнгөө буцааж авахаар Р.Гансүхийн иргэний үнэмлэхийн хаягаар гэрт нь очиход нүүгээд явсан гэсэн, тухайн үед холбоо барьж байсан утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэдэг тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна. Түүний тайлбар нь Р.Гансүхийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбараар нотлогдож байна.
Иймд Барга овогт Ренчинмядагын Гансүх /ИВ: 93112518/ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.
Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Барга овогт Ренчинмядагын Гансүх /ИВ: 93112518/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.Гансүхийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.
3. Р.Гансүх нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-21-50 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ