| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/05594/И |
| Дугаар | 210/МА2026/00889 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00889
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/02167 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2002 оноос эхлэн хувиараа рант уллагаатай бүх төрлийн гутлыг гар аргаар хийж, худалдан борлуулж амьдрал ахуйгаа авч явдаг. Нэхэмжлэгч нь маргаан бүхий ******* тоот хаягт байрлах газарт 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл эхнэр болон 5-16 насны 4 хүүхдийн хамт, ам бүл 6-лаа амьдарч байна.
1.2. Нэхэмжлэгч нь гутал хийж, зарж байхдаа 2002 онд *******тай танилцсан бөгөөд түүнээс хойш нэг, нэгэндээ гутал хийж өгч, авч худалдах зэргээр харилцах болсон.
1.3. 2014 онд ******* нь ... Эгчид нь *******эд 2 тал хашаатай нэг газар байгаа, тэр газрыг 8,000,000 төгрөгөөр худалдах бодолтой байгаа, хэрвээ та хоёр надад 8,000,000 төгрөгийн гутал нийлүүлээд өгвөл тэр газрыг надаас нэрийг нь шилжүүлээд авч болно шүү ... гэсэн саналыг тавьсан бөгөөд нэхэмжлэгч тухайн саналыг хүлээн авч, газрыг худалдан авахаар тохиролцож, 8,000,000 төгрөгт тооцож түүнд гутал хийж өгч, нийлүүлэхээр болсон.
1.4. Ингээд 2014 оны 06 сард хариуцагчийн зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь ******* Б тоот хаягт байрлах газарт буусан ба урд нүүрэн талын хашааг нь өөрсдөө барьж, тус хороонд албан ёсоор бүртгэлээ хийлгэж өнөөдрийн байдлаар тухайн газар дээр гэр бүлээрээ амьдарч байна.
1.5. Нэхэмжлэгч нь 2014 оноос 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл *******д 4 төрөл /цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал/-ийн гутал буюу 8,260,000 төгрөгийн үнэ бүхий нийт 118 гутлыг нийлүүлж, газрын үнийг хариуцагчид бүрэн төлж дуусгасан.
1.6. Тооцоо дууссан талаар ... хашааны тооцоо дуусав, ******* гээд өөрийн гарын үсгээ нэхэмжлэгчийн хөтөлдөг хар дэвтэр дээр зурж баталгаажуулсан. Гэтэл ******* нь ... би та нарт газраа зарахаа болилоо, би газраа өөр хүнд 50 сая төгрөгөөр зарна, одоо та нар хурдан гэрээ ачаад нүү ... гэх болсон.
1.7. Иймд нэхэмжлэгч нь хашааны төлбөрөө бүрэн төлсөн тул ******* тоот хаягт байрлах нэгж талбарын /*******/ дугаартай эрхийн улсын бүртгэлийн /Э-*******/ дугаартай газрын газар эзэмших эрхийг ******* надад шилжүүлэн өгөхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь эхнэр хүүхдийнхээ хамт 2013-2014 оны үед хашаагүй, айлын хашаанд амьдардаг байсан болохоор нь өрөвдөөд хийдэг гутлаа надад өгөөд энэ хашаанд амьдар гэсэн. Энэ хоёрт мөнгө байхгүй гэхээр нь өөрсдийнх нь хийдэг гутлыг авч, хашаандаа амьдруулахаар тохиролцсон.
2.2. 2018 онд 2,000,000 төгрөгийг хүүд тооцож өгсөн гэж надад худлаа хэлж гарын үсэг зуруулаад хашааны тооцоо дууссан гэж өөрсдөө бичсэн байгааг хүлээж зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2018 онд тооцоо дууссан гэж худлаа хэлж байна.
2.3. Талууд 2022 оны 08 сарын 03-ны өдөр тооцоогоо тулгаад хүүгээ бодоод 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг төлж дуусна гэсэн гарын үсэг зурж, баримт үйлдсэн. Үүнээс хойш надад нэг ч мөнгө өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс 1 удаа 5, 10 гутал авч байсан ба өөр мөнгө болон гутал өгч байгаагүй. 2024 оны 05 сард бид ярилцаж, тохиролцоод тооцоо нийлээд хар дэвтэр дээр гарын үсэг зурцгаасан.
2.4. Хэрэв Хашааны тооцоо дуусав гэсэн гарын үсгийг би зураагүй байхад миний гарын үсгийг дуурайлгаж үйлдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн газар болох ******* тоот, 381 м.кв газраа *******, түүний эхнэр ******* нарын амьдралыг бодож хашаандаа буулгасан. Тэд гутал хийж өгч 8,000,000 төгрөгөөр газрыг авахаар тохиролцож 2013 онд манай хашаанд буусан.
3.2. Гэтэл хашааг авахаар тохиролцсон мөнгөө өгөөгүй ба гутал хийх материалгүй болчихлоо гэж удаа дараа надаас мөнгө зээлж авч байсан. Зээлсэн мөнгөнийхөө оронд хэдэн гутал өгч заруулж байсан. Энэ нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно.
3.3. Хариуцагч нь нэхэмжлэгчээс удаа дараа мөнгөө өгөхийг гэж шаардаж байсан ба мөнгөө өгөхгүй байсан тул 2017 онд нотариатаар орж, хүү тохиролцож зээлийн гэрээ хүртэл байгуулж байсан. Нэхэмжлэгч нь арваад жил төлбөр төлөөгүй атал одоо газрыг минь авах гээд байгаад гомдолтой байна.
Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, газрыг минь чөлөөлүүлж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ ... Мөнгөө төлсөн мэт аашилж газрыг минь зүгээр авах гэж байна ... гэсэн нь бодит үнэнд нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн газрыг нь 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, газрын үнэд түүнд гутал хийж өгч, нийлүүлэхээр болж улмаар 2014 оноос 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 118 ширхэг үнэ бүхий гутлыг хийж өгч, хашааны тооцоог бүрэн дуусгасан.
4.2. Тэрээр нэхэмжлэгчийг удаа дараа мөнгө зээлж авч байсан гээд 2017 оны 07 сарын 26-ны өдөр *******, ******* нарын байгуулсан зээлийн гэрээ болон дансны хуулгыг хавсаргаж өгсөн байна. Нэхэмжлэгчийн болон *******гийн хувьд түүнээс тухайн гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж аваагүй бөгөөд хэрвээ тэрээр бодитойгоор мөнгөө зээлдүүлсэн байсан бол тухайн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш зээл болон гэрээнд заасан хүүг нэхэмжлэх, шаардах ёстой байсан.
4.3. Гэвч тэрээр тухайн үед болон өнөөдрийн байдлаар мөнгө нэхэмжлээгүй, шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа байдлаас нь мөнгө зээлдэж байгаагүй гэдэг нь харагдаж байна.
4.4. Мөн түүний дансаар шилжүүлсэн гэх мөнгө нь тухайн маргаан бүхий газрын төлбөр тооцоотой хамааралгүй бөгөөд тэрээр эхнэр бид хоёроор газар худалдахаас гадна гутал хийлгүүлэхдээ гутлын материал авах мөнгийг нь урьдчилж шилжүүлдэг байсан юм.
4.5. Түүнчлэн *******, ******* нарын зээлийн гэрээ болон дансны хуулга нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай буюу хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байгаа тул *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******д Эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 м.кв газар эзэмших эрхийг, нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг даалгаж,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. *******б тоотод байрлах 318 м.кв талбайтай газрыг *******, ******* нарт 2014 онд 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хашаандаа буулгасан. Гэтэл хашааны төлбөрөө төлж дуусгаагүйгээс гадна, өөрийн хийсэн гутлаа хариуцагчаар заруулж мөнгийг өөрсдийн дансаар хүлээн авдаг байсан, гутал хийх материал авах гэсэн юм гэж удаа дараа мөнгө авдаг байсан.
6.2. Мөн хэрэгт авагдсан баримтаар хашааны төлбөр тооцоог бүрэн төлөгдөөгүй байгаа нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн ЕГО125/1203 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Хашааны тооцоо дуусав гэсэн гар бичвэр нь *******гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй, мөн 2025 оны 07 сарын 08-ны өдрийн ЕГО125/1826 тоот шинжээчийн дүгнэлтэд Хашааны гэсэн rap бичвэрийг тооцоо дуусав гэсэн rap бичвэрээс өөр өнгийн будагчтай бичигч хэрэгслээр нэмж бичсэн байна гэж дүгнэсэн.
6.3. Шинжээчийн дүгнэлтээс харахад нэхэмжлэгч нь хашааны төлбөрийг төлж дуусгасан гэдэг үйл баримтыг шүүхэд нотлохын тулд сүүлд өөр өнгийн будагч бодистой бичгийн хэрэгслээр нөхөж бичсэн байгаа нь тогтоогдож байгаа атал шүүхээс ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэн 118 ширхэг гутлыг нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн гэдгийг тогтоосон нь тодорхойгүй байна.
6.4. Зохигчдын хооронд буюу нэхэмжлэгч болон түүний эхнэрийн дансанд хариуцагчаас мөнгө шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан бөгөөд уг мөнгө нь нэхэмжлэгчийн хариуцагчид гутал хийж өгч заруулдаг байсан гутлын мөнгө мөн эсэх, шүүхээс тогтоосон гэх 118 гутал нь хашааны төлбөрт тооцож өгсөн гутал эсэхийг анхан шатны шүүх баримтаар тогтоож чадаагүй гэж үзэж байна.
6.5. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцоо огт нийлж байгаагүй гэдгийг хэлсэн бөгөөд түүний өмнөөс эхнэр ******* нь хариуцагчтай тооцоо нийлж байсан үйл баримт хэрэгт авагдсан хар дэвтрээр нотлогддог бөгөөд *******тай тооцоо нийлсэн үйл баримтаас үзвэл хашааны төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байхад шүүхээс төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 112 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж үзэж байна.
6.6. Иймд зохигчдын хооронд өгч авч байсан гутал нь хашааны төлбөрт тооцож өгч байсан гутал мөн эсэх, хоорондоо шилжүүлж байсан мөнгө нь заруулсан гутлын төлбөр эсэхийг заавал тогтоох шаардлагатай байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Уг маргаанд хууль хэрэглээнээс гадна хүн чанар, шударга ёсны зарчмын асуудал яригддаг.
7.2. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлууд болон зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр уг маргааныг шийдвэрлэсэн. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн хувьд чухал эд хөрөнгө тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.
7.3. Газар худалдах-худалдан авах гэрээ ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан. Түүнээс ******* нь *******тай ямар нэгэн байдлаар газар худалдах-худалдан авах тохиролцоо хийгээгүй. Уг маргаанд хариуцагчийн дурдсан зээлийн гэрээний асуудал хамааралгүй.
7.4. Хариуцагч тооцоо нийлсэн баримтад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж маргасан. Иймд хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр *******гийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр хүлээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... газрын үнийг 8,000,000 төгрөг, төлбөрийг өөрийн гар аргаар хийдэг гутлаар төлөхөөр тохиролцож, 2014 оноос 2019 оны 06 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 118 ширхэг цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал гээд 8,260,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг өгч үнийг төлсөн гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... тохиролцсон төлбөрийг төлж дуусгаагүй, хашааны тооцоо дуусав гэх баримтад гарын үсэг зураагүй, гарын үсгийг дуурайлгаж баримт үйлдсэн, мөн уг газарт түр хугацаагаар суулгасан гэж тус тус тайлбарласан.
Мөн, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ ... 2013 онд ******* нь миний эзэмшлийн дээрх /******* тоот хаягт байршилтай, 318 м.кв газар/ газрыг худалдан авахаар тохиролцож, улмаар гутал хийж өгч, төлбөрөө барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж дуусаагүй болно гэж дурдсан.
Гэрч ******* нь ... ******* эгчид нь ийм газар байна гээд худалдаж авах уу гэсэн, ...тэгээд 2013 оны 06 сард хашаанд нүүж очсон. 2019 оны 06 сарын 13-ны өдөр хамгийн сүүлийн тооцоогүй хийсэн. гэж, гэрч *******нь ... хариуцагчаас: Би хашааны тооцоотой гэж ярьдаг байсан, гэхдээ би та нарт давхар надаас тэдэн гутал зээлчих гэхээр нь өгчихлөө гэж хэлдэг байсан уу гэж асуухад ... хэлдэг байсан, гутал өгнө гээд мөнгө төгрөг зээлж авдаг байсан байх гэж хариулсан.
Талуудын хооронд бичгийн хэлбэрээр газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй боловч уул газрыг худалдах, худалдан авах талаар аман хэлбэрийн тохиролцоотой байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна.
Худалдагч нь газрын эзэмших эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гутал урлаж өгөх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон боловч Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний нийтлэг шаардах эрх буюу мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний оновчтой болжээ.
4. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж, хариуцагч ******* нь ******* тоот хаягт байршилтай, 381 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн хамт 2014 оны 06 сараас өнөөг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа, мөн дээрх газрыг Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 сарын 17-ны өдрийн А/437 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, эзэмших эрхийн ******* тоот гэрчилгээг *******д олгогдсон үйл баримтыг зөв тогтоожээ. /1хх 49-55/
5. Талуудын хооронд гэрээний үнийг гутлаар бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1. Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр, нэхэмжлэгч *******ээс ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр дэх Хашааны Тооцоо дуусав гэсний дараа Дэлгэрмаа гэх бичвэр нь хариуцагч *******гийн гарын үсэг мөн эсэх, эдгээр бичвэр нэг цаг хугацаанд бичигдсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 24-ний өдрийн ЕГО125 1203 тоот дүгнэлтэд: ... Дээрх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талд бичигдсэн Хашааны Тооцоо дуусав гэсэн гар бичвэрийн доод хэсэгт байх Дэлгэрмаа гэсэн гарын үсэг нь хавтаст хэргийн 18-21, 33-34, 41, 106, 176, 179 гэж дугаарласан хуудсанд байх баримтуудад зурагдсан *******гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загварууд, 88-89 гэж дугаарласан хуудсанд байх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна. гэж, Дээрх бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талд бичигдсэн "Хашааны Тооцоо дуусав гэж уншигдах гар бичвэр нь хавтаст хэргийн 50, 165-168, 184-185, гэж дугаарласан хуудаснуудад байх баримтуудад зурагдсан *******гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт загварууд, 90 гэж дугаарласан хуудсанд байх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна. гэж, харин дээрх тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талд бичигдсэн Хашааны Тооцоо дуусав гэж уншигдах гар бичвэр уг 13 дахь талд бичигдсэн бусад гар бичвэрүүдтэй тохирч байна. гэж, шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талд уншигдах гарын үсэгтэй давхацсан хэсэг байхгүй тул нэг цаг хугацаанд зурагдсан эсэхийг тогтоох боломжгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ. /1хх 221-234/
Мөн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 сарын 08-ны өдрийн ЕГО125/1826 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийн 13 дахь талын зүүн доод хэсэгт байх "Хашааны гэсэн гар бичвэрийг Тооцоо дуусав. гэсэн гар бичвэрээс өөр өнгийн будагчтай бичигч хэрэгслээр нэмж бичсэн байна. гэж, Хашааны гэсэн гар бичвэр нь Тооцоо дуусав. гэсэн гар бичвэртэй нэг цаг хугацаанд бичсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж тус тус дүгнэлт гаргасан. /2хх 1-5/
5.2. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь 2014 оноос 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд газрын үнэ 8,000,000 төгрөгт тооцож, 4 төрөл /цагаан ултай гутал, адууны үстэй гутал, буриад гутал, нохойн үстэй гутал/-ийн гутал буюу нийт 118 ширхэг гутал буюу 8,260,000 төгрөгийг төлсөн, харин хариуцагч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэсэн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, баримт нь гэрээний зүйлийн үнийг төлсөн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Хариуцагч болон гэрч ******* нар нь зээлийн гэрээний харилцаатай байсан эсэх нь маргааны зүйлд хамааралгүй ба ******* нь нэхэмжлэгч *******тэй гэр бүлийн харилцаа нь *******, ******* нарыг эрх зүйн харилцаанд бие даан оролцож, бусадтай хэлцэл хийх эрхийг үгүйсгэхгүй. Тодруулахад, *******гийн *******тай байгуулсан зээлийн гэрээ нь *******ийн *******тай байгуулсан арилжааны гэрээний харилцаанаас тусдаа гэрээний тохиролцоо байх тул *******гийн төлсөн мөнгөн хөрөнгө, шилжүүлсэн гутлыг газрын төлбөрт тооцох үндэслэлгүй байна.
Түүнчлэн, зохигчдын хооронд харилцаж байсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөрийн үлдэгдэлтэй үйл баримтыг эргэлзээгүй тогтоох боломжгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Бусдын эзэмшлээс хөрөнгө шаардахад хууль ёсны эзэмшигч байх, сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийн эзэмшил бодитой байх, мөн эзэмшил хууль болон гэрээнд үндэслээгүй байх зэрэг хууль зүйн шалгуур тавигдана.
Нэхэмжлэгчийг уул газрын эзэмшигчээр тогтоосон тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
7. Хариуцагч нь ... үнийг бүрэн төлөөгүй байхад төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй гэж дүгнэсэн нь буруу талаар гомдол үндэслэлгүй.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хөдлөх хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөгч болох агуулгатай ба харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь мөн хуулийн 109, 110, 114 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах тул энэ талаар гомдлыг хангахгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдол хязгаарлалгүй бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд дараах өөрчлөлт оруулав.
8.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар газрын эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг нь Засаг дарга нь газрын албаны уламжилснаар гаргах эрхтэй байхад хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт нийцэхгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан өөрчлөлт оруулна.
8.2. Анхан шатны шүүх эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардаж байхад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/02167 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, 318 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 106 дугаар зүйлийн 106.4 ... гэснийг ... 90 дүгээр зүйлийн 90.2 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
С.ЭНХБАЯР