| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/04928/И |
| Дугаар | 210/МА2026/00888 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00888
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10481 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Талуудын байгуулсан 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн, 10%-аар тооцон гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-тай 2018 оны 03 сарын 05-ны өдөр №180305 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 15 тоот буюу шинэчилсэн хаягаар ******* тоот, 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 176,754,760 төгрөгөөр захиалсан ба төлбөрийг 8 удаагийн төлөлтөөр бүрэн төлж дуусгасан.
1.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид худалдааны төвийн барилгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон гүүр 3 давхарт гарахгүй болсон, хотын захиргаанаас зөвшөөрөл өгөхгүй байна, харин тухайн гүүрийг 2 дугаар давхартай холбож барихаар болсон гээд захиалгаа 2 дугаар давхарт болгох санал тавьсны дагуу 2 дугаар давхарт 15 тоот буюу 28.7 м.кв талбайтай үйлчилгээний талбайгаар сольсон.
1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч тал үйлчилгээний талбайг 2019 оны 04 сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 2021 оны 10 сарын 06-ны өдөр буюу гэрээгээр тохирсон хугацааг 29 cap 6 хоног хэтрүүлэн захиалагчид хүлээлгэн өгсөн.
1.4. Ингэхдээ *******гийн захиалсан талбайн хэмжээг дахин томруулж 39.64 м.кв болгосон байсан бөгөөд төлбөр болох 69,754,760 төгрөгийг нэмж төлөхийг шаардсан тул төлбөрөө 100% урьдчилан төлж, захиалсан талбайгаа 39.64 м.кв талбайг авахаар болж нэмэлт төлбөрийг 2021 оны 10 сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 сарын 17-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлгээгээр бүрэн төлсөн.
1.5. Иймд талуудын байгуулсан 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн 10%-аар тооцон гэх нөхцөл нь хохирол шаардах эрхийг хязгаарласан агуулгатай тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, алдангид 88,377,380 төгрөг гаргуулж өгнө үү.
1.6. Түүнчлэн, үйлчилгээний талбайг 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, хугацаа хожимдуулсан 29 cap 6 хоногийн хугацааны олох байсан орлогод 75,236,720 төгрөг гаргуулна. Үүнийг 2021 оны 09 дүгээр сараас эхлэх түрээслүүлсэн ханш 1 м.кв-ыг 65,000,000 төгрөгөөр тооцоход сарын 2,576,600 төгрөг ба 29 сард 74,721,400 төгрөг, 6 хоног 515,320 төгрөг, нийт 75,236,720 төгрөг гэж тооцсон болно гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Манай компани иргэн *******тэй 2018 оны 03 сарын 05-ны өдөр №180305 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 15 тоот буюу шинэчилсэн хаягаар ******* тоот 39,64 м.кв талбайг захиалан бариулж, талбайн төлбөрт гэрээнд зааснаар нийт 194,236,000 төгрөгийг төлөх ёстойгоос 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт гэж 176,754,760 төгрөгийг 2018 оны 03 сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 8 хувааж төлсөн. Энэхүү хөнгөлөлтийн нөхцөл төлбөрийг 100% төлсөн худалдан авагчид олгодог хөнгөлөлт байсан.
2.2. Гэтэл нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хувааж төлсөн. Үүнд бид алданги тооцоогүй. Барилга 2020 оны 11 сарын 03-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд захиалгын гэрээний 3.3-д заасны дагуу талбайг ашиглалтад оруулах хугацаа 2019 оны 07 сарын 30-ны өдөр байсан.
2.3. Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлын улмаас импорт тээвэртэй холбоотой ажил саатаж, хүндрэл үүссэн. Энэ нь зөвхөн манай дээр биш улсын болон дэлхийн хэмжээнд нийтээрээ цар тахал, гамшгийн байдалд байсан давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор 2020 оны 11 сарын 03-ны өдөр барилгыг хүлээж авсан улсын комиссын дүгнэлт гарсан.
2.4. Гэхдээ захиалагч тал нь төлбөр төлж дуусаагүй байхдаа буюу 2021 оны 05 сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгийнхөө түлхүүрээ авсан ба сүүлийн төлбөрийг 2022 оны 02 сарын 17-ны өдөр төлсөн. Ийм учраас манайхаас алданги шаардах үндэслэлгүй.
2.5. Мөн гэрээний 2.9-д Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон талаарх болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна гэж тохиролцсон.
2.6. Иймд Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тоолгох, гэрээний 3.3 дэх хэсгийн ... 4 дэх сараас эхлэн ... 10%-аар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн 3, 4, 5 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.7. Нэмэгдүүлсэн шаардлага болох үйлчилгээний талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохирол 75,236,720 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д заасны дагуу захиалагч тал нь төлбөрийг 100% төлсний дараа үйлчилгээний талбайг хүлээлцэхээр тохирсон бөгөөд захиалагч та хамгийн сүүлийн төлбөрөө 2022.02.17-ны өдөр төлж тооцоогоо дуусгасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй. Иймд үйлчилгээний талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохирол 75,236,720 төгрөгийг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 56,771,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 106,843,014 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,456,495 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 441,805.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 180305 дугаар гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргахгүй ба гагцхүү маргааны зүйл хохирол шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
4.2. Тодруулбал, дээрх гэрээгээр хариуцагч ******* ХХК-ийн ******* хороо, ******* худалдаа үйлчилгээний зориулалттай барилгаас захиалагч ******* нь *******тоот 39,64 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 1 м.кв тутмыг 4,900,000 төгрөгөөр, нийт 194,236,000 төгрөгийн үнээр худалдан авахаар тохиролцож, улмаар талуудын тохиролцсон үнийн дүнгээс 9 хувийн хөнгөлөлт эдлэн 176,754,760 төгрөг төлөхөөр тохиролцсон.
4.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг төлөхдөө гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар 112.455.980 төгрөгийг 2018 оны 03 сарын 05-ны өдрийн дотор, үлдэх 64,298,780 төгрөгийг түлхүүр хүлээн авахдаа төлөхөөр, харин хариуцагч уг барилыг гэрээний 3.1-т заасны дагуу 2019 оны 04 сарын 30-ны өдөр захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.
4.4. Гэвч хариуцагчийн хувьд нийтэд илэрхий үйл баримт буюу дэлхий дахинд гарсан Ковид-19 цар тахлын улмаас гэрээнд заасан 2019 оны 04 сарын 30-ны өдөр барилгыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид тухайн байрыг хүлээлгэн өгч чадаагүй болно. Хэдийгээр хариуцагч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй боловч нэхэмжлэгч мөн адил гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн ба 2020 оны 11 сарын 03-ны өдөр төлбөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх ёстой байсан боловч 15 cap 14 хоног хугацаа хэтэрч, 2022 оны 02 сарын 17-ны өдөр төлбөрийг төлж дуусгасан.
4.5. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8, 3.5, болон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр түүнд хариуцагч түлхүүр хүлээлгэн өгөх үндэслэл бүрдэнэ.
4.6. Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөртэй байсан ч нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг 2021 оны 05 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь тухайн үйлчилгээний талбайг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх үүссэн. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сарын 17-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.
4.7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад хариуцагчийн үүрэг биелүүлэх огноо болох 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчид түлхүүр өгсөн 2021 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогыг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Үүнтэй холбоотой асуудлаар маргаж байгаа тохиолдолд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх асуудалд дүгнэлт өгөх ёстой.
5.2. Шүүх хохирлын асуудлыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталж шийдвэрлэсэн. Үүргийг тогтоосон газар хугацаанд нь биелүүлэх ёстой буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.
5.3. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт олох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Тухайн үйлчилгээний талбай буюу үл хөдлөх хөрөнгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2019 оны 04 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх ёстой байсан боловч үүргээ биелүүлэхгүй 29 сар 6 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2021 оны 05 сард түлхүүр хүлээлцсэн акт, 10 сарын 06-ны өдөр талбай хүлээлцсэн акт гэх баримтууд хэрэгт авагдсан.
5.4. Нэхэмжлэгч 2021 оны 10 сарын 06-ны өдөр талбай хүлээлцсэн огноогоор нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 05 сарын 01-ний өдөр нэг түлхүүр авсан буюу хариуцагч тал гэрээнийхээ үүргийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр биелүүлэх ёстой байсан ч 2021 оны 05 сарын 01-ний өдөр биелүүлсэн гэж дүгнэсэн.
5.5. Хариуцагч тал нэхэмжлэгчийг түлхүүр хүлээж авах үедээ үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой байсан гэж маргасан. Хариуцагч тал 2019 оны 04 сарын 30-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан буюу үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд түрүүлж үүрэг гүйцэтгэх ёстой байсан гэдгээ ойлгоогүй. Түлхүүр хүлээлцэх үед төлбөр төлөх үүрэг үүсэх ёстой буюу 2021 оны 05 сард үүсэх ёстой байсан. Гэтэл хариуцагч тал харилцан үүргээ зөрчсөн гэх байдлаар хамааралгүй асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй.
5.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д ******* нь үйлчилгээний талбайг бусдад 2021 оны 10 сарын 31-ний өдрөөс 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 65,000 төгрөгөөр, 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 70,000-80,000 төгрөгөөр тооцон түрээслүүлж, түрээсийн төлбөрийг хүлээн авсан байна. гэж дүгнэсэн дүгнэлтийг хариуцагч хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй.
5.7. Нэхэмжлэгч тухайн талбайг ашиглалтад орсон үеэс хойш талбайг бусдад түрээслүүлж ашиг олж эхэлсэн. 29 сар нь 2 жил 6 сарын хугацаа бөгөөд бид тухайн талбайг хадгалах зорилгоор захиалаагүй. Эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олох зорилгоор ашигтай талбай захиалсан. Түүнээс ашиг шимийг хүртэхгүйгээр хадгалах зорилготой байгаагүй. Хэрэв хугацаандаа ашиглалтад орсон тохиолдолд олох боломжтой байсан орлогыг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан талуудын 2018 оны 03 сарын 05-ны өдөр байгуулсан 180305 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 3.3-ийн ... 4 дэх сараас эхлэн 10%-аар тооцно гэж заасан нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах, учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2018 оны 03 сарын 05-ны өдөр 180305 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад 2 дугаар давхар, 15 тоот, 39.64 м.кв, худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайд 1 м.кв талбайг 4,900,000 төгрөгөөр үнэлж, нийт 194,236,000 төгрөг, үүнээс 9 хувийн хөнгөлөлт болох 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 112,455,980 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцсон;
3.2. ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар үйлчилгээ, 2 давхар зоорь, 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, автозогсоолын зориулалттай барилга байгууламж нь 2020 оны 11 сарын 03-ны өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан;
3.3. ******* 2024 оны 07 сарын 17-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******тоот 39.64 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Хариуцагчийн барьж буй, ашиглалтад ороогүй үйлчилгээний талбайг худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2 гэрээний үнэ буюу 176,754,760 төгрөгөөр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.
4.3. Үйлчилгээний зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.
4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Анхан шатны шүүх алдангид 88,377,380 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч эрх зүйн дүгнэлт алдаатай байгааг залруулав.
5.1. Талууд 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 3.3-т Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-аар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож Захиалагчид төлнө гэж тохиролцсон байна.
5.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заажээ.
Дээрх зохицуулалт нь үүрэг бүхий этгээдэд хүлээлгэх хариуцлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга, алдангийн дээд хэмжээг тогтоосон агуулгатай. Харин, талууд үнийн дүнгийн 10%-аар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцоо нь дээрх зохицуулалтын хэм хэмжээг зөрчөөгүй ба уул тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчид 56,771,086 төгрөгийн хохирол учирсан талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.
6.1. Нэхэмжлэгч нь ... ******* ХХК нь үйлчилгээний талбайг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн атлаа 2019 оны 10 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн нь 29 сар 6 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Дээрх хугацааг 39.64 м.кв талбайг 1 м.кв-ыг 65,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийн олох ёстой байсан орлогоор хохирсон хэмээн 75,236,720 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь үйлчилгээний талбайн түрээсийг төлбөрийг нотлох зорилгоор 2021 оны 10 сарын 31-ний өдрөөс 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 65,000 төгрөгөөр, 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 70,000-80,000 төгрөгөөр тооцон түрээслүүлж, түрээсийн төлбөрийг хүлээн авсан талаар баримтыг шүүхэд гаргажээ.
6.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэрээний улмаас учирсан хохирол шаардаж байгаа тохиолдолд гэрээний аль нэг талын гэм буруутай үйлдэл, түүний улмаас хохирол учирсан байх, учирсан хохирол нь шалтгаант холбоотой байх зэрэг шаардлага тавигдана.
6.3. Хэргийн баримтаар гэрээний хугацаа хэтрэх үндсэн шалтгаан нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас болоогүй нь тогтоогдож байгааг анхаарахгүйгээр хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д Энэхүү гэрээний 1.1-д заасан хөрөнгө оруулалтын дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулсны дараа Захиалагчийн өмчлөлд тухай захиалсан орон сууцыг шилжүүлнэ гэж тохиролцсон.
Гэрээний дээрх зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг шилжүүлэхэд төлбөрийг бүрэн төлсөн байх нөхцөлийг тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь анх 25.22 м.кв талбай захиалсан боловч 28.7 м.кв болж, сүүлийн байдлаар 39,64 м.кв болсон талаар талууд маргаагүй ба ******* нь 2018 оны 03 сарын 05-ны өдөр 107,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 сарын 07-ны өдөр 19,576,400 төгрөг, 2021 оны 11 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 12-ны өдөр 9,554,100 төгрөг, 2022 оны 02 сарын17-ны өдөр 624,260 төгрөгийг тус тус төлжээ.
Талуудын байгуулсан гэрээний 3.1-д ... үйлчилгээний талбайг 2019 оны 04 сарын 30-ны өдрийн дотор багтаан хүлээлгэн өгнө гэж тохиролцсон ба хариуцагч талын үйлчилгээний талбайн түлхүүрийг 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулаагүй боловч нэхэмжлэгч мөн гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй байх тул хариуцагч нь гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээний нөхцөлөөр өмчлөх, болон эзэмших эрхийг шилжүүлээгүй нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлөөгүй үүргийн зөрчил гаргасан атлаа хариуцагч талыг буруутай гэсэн үндэслэлээр хохирол шаардаж байгаа шалтгаант холбоо үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10481 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан талуудын байгуулсан 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн, 10%-аар тооцон гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,805 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
С.ЭНХБАЯР