Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00951

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг ******* ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр ******* ХХК-тай 023/079 дугаар бүхий Барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээний дагуу ******* ХХК-ийн зүгээс нийт 2,000,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэйгээр 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн 2024 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай, гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу ******* ХХК-д шилжүүлэн өгөхөөр болсон.

1.2. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 4 дүгээр зүйлд заасны дагуу тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд ******* ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байсан ******* тоот хаягт байрлах, 3,450 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалахаар тохиролцсон.

1.3. Гэтэл гэрээ байгуулах үед ******* ХХК-ийн зүгээс Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалж буй ******* ХХК-ийн барьцааны барилгын өмчлөх эрхийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг шаардсаны улмаас барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн.

1.4. Иргэний хуулийн 156 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу талууд барьцааны гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч ******* ХХК-ийн шаардлагын улмаас талуудын хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр 1005 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

1.5. ******* ХХК нь Барьцаат зээлийн гэрээ-ний 1, 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид олгох ёстой байсан 2,000,000,000 төгрөгөөс зөвхөн 100,000,000 төгрөгийг өгсөн ба гэрээгээр тохиролцсон зээлээ олгохыг удаа дараа шаардсан боловч өгөөгүй.

1.6. Иймд ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11,12 дугаар зүйлд заасныг зөрчиж байгаа тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

1.7. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу ******* ХХК-ийн өмчлөх эрхэд шилжүүлэн өгсөн Нийслэлийн Б******* тоот хаягт байрлах, 3.450 M2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлэн өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. 2023 оны 08 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ-г нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн байгуулсан. Улмаар гэрээний төлбөр төлөгдсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барилгын өмчлөх эрх нь ******* ХХК-д үүссэн.

2.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үнэн зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн захирал ******* нь өөрөө очиж, мэдүүлэг бөглөсөн, өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн татвараа төлсөн байгаа. Уг гэрээний төлбөр төлөгдсөн болохыг талууд гэрээн дээрээ дурдсан байгаа. Үүнийг ******* ХХК-ийн захирал өөрийнхөө хүсэл, зоригоо илэрхийлж, шийдвэр гаргасан гэж үзнэ.

2.3. Харин одоогийн хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч н.******* бол уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээс үл хөдлөх эд хөрөнгийг шаардах үндэслэлгүй.

2.4. Түүнчлэн энэхүү барилгатай холбоотой хэд хэдэн эзэмшигчийн маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас өмчлөл буцаах агуулгатай энэхүү маргааныг иргэний журмаар шийдвэрлэх нь үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3.450 M2 талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,678,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 3,678,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тухайн үед ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал байсан ******* хийсэн байх ба зээлийн гэрээг үнэн зөв эсэх, эргэлзээтэй үнэхээр талуудын хооронд байгуулагдсан эсэх, хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, тогтоогдоогүй гэж үзэж байна.

4.2. Харин 2023 оны 08 сарын 03-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж уг гэрээгээр 3,450 м.кв талбайтай үйлчилгээ орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-д худалдаж уг гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу байгуулан Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг бүрэн хангаж хийсэн гэрээ байх ба харилцан хүсэл сонирхлоо илэрхийлэн тохиролцож улмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байна. Уг бүртгэлийг үнэн зөв гэж үзэх ба бүртгэлийн талаар маргаагүй байна.

4.3. ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа болон түүний өмчлөлд байсан дээрх маргаан бүхий барилгын хамт 2023 оны 09 сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээгээр *******өөс *******ийн өмчлөлд мөн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр уг компанийн хувьцааг 100 хувь *******ээс О.*******д шилжиж ирсэн байх ба уг барилгын үнэд 2,000,000,000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

4.4. О.******* нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх маргаан бүхий барилгыг хууль ёсоор мэдэлдээ авч эзэмшсэн байх ба Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хангах үндэслэлээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

4.5. Мөн энэ маргаан бүхий 3,450 м.кв талбайтай үйлчилгээ орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг талаар 2411003033 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.6. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна гэх агуулгаар хариуцагч тал гомдол гаргасан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх асуудалтай холбогдуулж нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

5.2. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед талууд зээлийн гэрээ байгуулагдсан болон байгуулагдаагүй эсэх талаар мэтгэлцээгүй бөгөөд энэ нь маргааны зүйл биш байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж тусгасан байдаг. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл шилжүүлсэнтэй холбоотой өмчлөх эрх, шударга өмчлөгч гэх зүйлийн талаар ярьж байна.

5.3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ гэсэн хуулиар тогтоосон журмыг зөрчиж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.4. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тухайлбал, барьцаат зээлийн гэрээний 4-д энэ талаар маш тодорхой заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан бөгөөд бид тухайн гэрээнд заасан 690,000,000 төгрөгийг бүгдийг нь төлсөн гэх зүйл ярьж байна. Хэрэгт 690,000,000 төгрөг төлсөн гэх баримт огт авагдаагүй бөгөөд уг мөнгийг төлсөн болох нь тогтоогдоогүй.

5.5. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан төлбөрийг төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэх зүйлийн талаар ярьж байна. Ч.******* гэх хүн хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж байна.

5.6. Хэрэв тухайн хүн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа тохиолдолд иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрх нь бүрэн нээлттэй байсан. Гэтэл ийм хүсэлт огт гаргаагүй.

5.7. Мөн хариуцагч талын зүгээс эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийн талаар ярьж байна. Хариуцагч талын хүсэлтийн дагуу эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийн материалыг шүүхийн журмаар нотлох баримтаар авсан. Тухайн хэрэгт *******, ******* болон ******* гэх 3 хүнтэй холбоотой мэдүүлэг тайлбар авсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн баримт байдаг.

5.8. Дээрх баримтуудыг харвал ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэтэл хариуцагч тал анхан шатны шүүх энэ баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж ярьж байна.

5.9. Анхан шатны шүүх шийдвэртээ эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх баримтуудыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дурдсан байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч, ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр 023/679 тоот Барьцаат зээлийн гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-д 2,000,000,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлүүлэх, зээлийн барьцаанд ******* тоот хаягт байршилтай, 3,450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон;

 

3.2. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3,450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 690,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;

3.3. Дээрх гэрээг үндэслэн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3.450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 08 сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэхэмжлэгч байгууллагаас ******* ХХК-ийн нэр дээр шилжиж бүртгэгджээ.

 

4. Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж буруу дүгнэснийг залруулна.

 

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... талууд зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2,000,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байтал 100,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн барьцааны гэрээний оронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг ... талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан, ... гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан.

 

4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл нь агуулгаараа дүр үзүүлсэн хэлцлийг төрөлд хамаарах боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл нь хэлбэрийн төдий эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй, харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцлээр эрх зүйн үр дагавар үүсгэдэг онцлогтой.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан арга хэрэгслээр буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах байтал тухайн хэлцлийг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 08 сарын 03-ны өдрийн 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг хасаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

4.3. Хариуцагч байгууллагын 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.******* нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний үнэ 690,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Хэргийн баримтаар 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 1171 дугаар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь *******эд ******* ХХК-ийн 100 хувь буюу 200 ширхэг хувьцааг 3,450,000,000 төгрөгөөр худалдсан, мөн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 1566 дугаар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр *******э нь О.*******д ******* ХХК-ийн 100 хувь буюу 200 ширхэг хувьцааг 20,000 төгрөгөөр худалдсан үйл баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь цаг хугацааны хувьд дээрх гэрээ байгуулагдсаны дараа компанийн хувьцааг худалдан авч, хувьцааны эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагчийн одоогийн удирдлага нь уул гэрээ байгуулагдах хугацаанд хариуцагч байгууллагын хувьцааг эзэмшдэггүй байсан тул хариуцагч байгууллагын татгалзал, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй нотолгооны хэрэгсэл гэж дүгнэх боломжгүй.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор гаргасан БНХАУ-ын иргэн *******, ******* нарын 2024 оны 05 сарын 03-ны өдөр үйлдсэн ... Миний бие ******* нь *******-д өгөх ёстой 4,000,000 юанийн оронд ******* ХХК-ийн /РД: *******/ компанийн бүх хувьцаа, эрх болон ******* тоот хаягтай, 3,450 м.кв талбайтай /Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаар: Ү-*******/ үл хөдлөх эд хөрөнгийг *******-ний охин *******д шилжүүлэхийг зөвшөөрч байна гэж дурджээ.

 

Хариуцагч байгууллагын хувьцааг эзэмшдэггүй, мөн эрх бүхий албан тушаалтан бус этгээд БНХАУ-ын иргэн ******* нь өөрийн өр төлбөрт ******* ХХК-ийн хувьцаа болон хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй байсан талаар үйл баримт хэргийн бусад баримтаар дэмжигдэж, тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

4.4. Анхан шатны шүүх 2023 оны 08 сарын 03-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 023/679 тоот Барьцаат зээлийн гэрээ-гээр ******* ХХК нь ******* ХХК-д 2,000,000,000 төгрөгийг тодорхой хугацаагаар, хүүтэй зээлүүлэх агуулгаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх сэргэх талаар эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй ба уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан нь тусдаа эрх зүйн маргаан тул гэрээний хүчин төгөлдөр байдал болон үүргийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгсөн нь буруу. Тодруулахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж эрх зүйн дүгнэлт өгсөнтэй адилтган үзнэ.

 

5. Шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжсэн хөрөнгө болон мөнгийг харилцан буцаан шилжүүлж, үр дагаврыг арилгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Анхан шатны шүүх эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3.450 м2 талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт тогтоох хэсэгт Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно гэж заасанд нийцэхгүй байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах нь бүртгэлийн байгууллагын чиг үүрэг байхаар хуульчилжээ.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар буюу эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3,450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан найруулгын өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээнд хамаарна.

 

6. Хариуцагч нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хэргийн баримтаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа талаар баримтад ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2023 оны 08 сарын 03-ны өдөр 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-гээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар дурдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлд хамаарахгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01727 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2023 оны 08 сарын 03-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 1005 тоот бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 3,450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,678,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

С.ЭНХБАЯР