| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0802/Э |
| Дугаар | 804 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 804
2019 10 23 2019/ШЦТ/804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Ганболдын Гантөмөрт холбогдох эрүүгийн 1811020261062 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, компьютер график дизайнер мэргэжилтэй, “Болор медиа” студид дизайнер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булаг 44 гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 9а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Ганболдын Гантөмөр, /РД:ФБ96061412/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутагт байрлах “МН товер”-аас цахим хэрэгсэл ашиглаж хохирогч С.Сайнбаярт “item” зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 850,000 төгрөгийг дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...”, “...Би дота-2 тоглоомын “Item” зарж мөнгө ольё гэж бодоод өөрт байхгүй “Item”-ийн зураг байршуулаад зарна гэж фэйсбүүк хаяг дээр пост оруулсан байсан чинь надтай Сайнбаяр гэж хохирогч фэйсбүүкийн чатаар мессеж бичээд “Item”-ийг чинь бүгдийг нь авья хэдэн төгрөг болох вэ гэхээр нь би 850,000 төгрөг болж байна гэж хэлэхэд дансаа өгчих гэхээр нь би өөрийн 5098086466 тоот дансаа өгөхөд миний дансанд 850,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би дахин чатаар харьцахгүй фэйсбүүкээ устгаад алга болсон. Миний хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас хохирогчид 850,000 төгрөг барагдуулсан байгаа. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх /хх-ийн 24-25х/,
Хохирогч С.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Сүхбаатар Сайнбаяр гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаараа “Item” худалдаж авна, зарна гэсэн фэйсбүүк цахим группд байсан “Ганаа.Г” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаар ”Item” зарна гэсэн зурагтай зарын дагуу холбогдоод түүнээс 850,000 төгрөгөөр ”Item” худалдаж авахаар тохиролцсон. 850,000 төгрөгөөр 18 ширхэг 28 долларын үнэтэй “Item” худалдан авахаар тохиролцсон байсан мөн 1 ширхэг долларыг 1700 төгрөгөөр үнэлсэн. Ингээд би түүнээс “Item” авахаар болж төлбөрөө түүний 5098086466 тоот дугаартай Хаан банкны данс руу өөрийнхөө Хаан банкны 5015219408 тоот данснаас шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн. Би түүнд мөнгө шилжүүлсэн гэдгээ хэлэхэд тэр миний фэйсбүүк хаягыг холбоо барих боломжгүй блок хийсэн байсан...” гэх /хх-ийн 17-18х/,
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-14х/,
Шүүгдэгч Г.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-33х, 35-40х/,
Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/,
Шүүгдэгч Г.Гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45х/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58х/,
Хохирогч С.Сайнбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 53х/,
Шүүгдэгч Г.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 54х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 59х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Гийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 850,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Ганболдын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1000 нэгж буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД