| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/01550/И |
| Дугаар | 210/МА2026/01028 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01028
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02725 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
2016 оны 02 сарын 23-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ, 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 450,000,000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 52,760,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь Улаанбаатар хот, *******тоот хаягт байрлалтай Ү-*******улсын бүртгэлийн дугаартай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар худалдах зар тавьсны дагуу ******* эхнэрийн хамт ирж үзээд, 720,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,4 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьсныг нөхөр бид хоёр зөвшөөрсөн.
1.2. Нэхэмжлэгч нь *******тай 2015 оны 08 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба 12 сард гэрээг дахин шинэчлэн байгуулсан.
1.3. ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж, олсон ашгаараа үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг төлнө гэж итгүүлсэн тул ******* ББСБ ХХК-аас зээл авах хүсэлт гаргасан, ББСБ зээл олгох боломжтой гэх хариуг өгсөн боловч бэлэн мөнгө байхгүй байгаа тул тус компанийн захирлын ах гэх *******гээс зээл авах боломжтой гэж санал болгосноор түүнтэй уулзаж, 450,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн.
1.4. Бодит байдалд 1 тэрбум гаран төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 450,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй бөгөөд зээлийн төлбөрийг төлж дуусгаад үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон.
1.5. Иймд *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 сарын 23-ны өдрийн ******* тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгийн гэрээ болон 450,000,000 төгрөгийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ******* болон ******* нарын хооронд 450,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, 2019 оны 11 сарын 12-ны өдрийн ******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр орон сууцны үнийг 1,148,731,330 төгрөгөөр үнэлснийг үндэслэн хариуцагч *******д төлөх ёстой зээл 450,000,000 төгрөгийг хасаж тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. *******, ******* нартай уулзаж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч *******г ******* нь хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийг зарсан болох нь 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 37 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоолоор нотлогдоно. Өөрөөр хэлбэл, ******* хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч *******аас мөнгөө шаардах нь зүйтэй.
2.2. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй, харин хүчин төгөлдөр хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Шинжээчийн дүгнэлт 2019 оны дүгнэлт байх бөгөөд гэрээ байгуулагдах үед 2016 он байсан харин шинжээчийн дүгнэлт 2019 онд гарсан байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. ******* нь *******тэй сайн дурын үндсэн дээр 2016 оны 02 сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******гийн өмчлөлийн *******тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч гэрээний үнийг төлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан.
3.2. Улмаар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан дээрх орон сууцыг ******* нь тухайн байрандаа амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний үндсэн дээр 2016 оны 02 сарын 23-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан.
3.3. Тухайн гэрээг талууд 6 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд 1 сарын төлбөр 17,100,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болно. Гэвч түрээслэгч ******* нь түрээсийн гэрээнд заасан үнийн дүнг цаг тухайд нь төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа болно.
3.4. Тухайн гэрээний 1.2-т зааснаар 2016 оны 02 сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаатайгаар гэрээ байгуулагдсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг гэрээний 1.3-т зааснаар 17,100,000 төгрөгөөр тооцож нийт 102,600,000 төгрөг болж байна.
3.5. Түрээсийн төлбөрийг *******гийн өмнөөс ******* төлж, нийт 49,839,800 төгрөгийг төлсөн тул уг төлбөрийг хасаж тооцон 52,760,200 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. ******* нь *******д өөрийн өмчлөлийн амины орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, худалдах худалдах авах гэрээг бодитоор байгуулаагүй, зөвхөн зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас зээл авах хүсэл зоригоо илэрхийлж, 450,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууцаа тавих зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг *******гийн шаардсаны дагуу шилжүүлсэн.
4.2. Тиймээс Ул хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Худалдах худалдан авах гэрээний харилцаа бодитоор үүсээгүй учраас ******* орон сууцны эзэмшлийг шилжүүлэх ямар ч үйл явдал болоогүй,
4.3. ******* өөрийнхөө байрыг түрээсэлж, бодит байдалд нийцэхгүй өндөр төлбөр болох 17,100,000 төгрөгийн төлбөр төлөх боломжгүй. 17,100,000 төгрөг нь 450,000,000 төгрөгийн нэг сарын 3.8 хувийн хүүгийн дүнтэй тэнцэж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбар гаргаагүй болно.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 56.1.2, 56.5, 302 дугаар зүйлийн 302.1, 56.1.10-т заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулагдсан 450,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч *******гээс 698,731,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******гийн гаргасан нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 52,760,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,367,507 /2,407,950+307,950+3,651,607/ төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,751 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 6,367,507 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх талуудын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн үл хөдлөх, хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ болон 450,000,000 төгрөгийн үнэ бүхий *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
7.2. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 54 талд гэрч *******гийн мэдүүлэгт *******, ******* хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан борлуулсан, миний данс руу мөнгө төлөхдөө ******* зээл гэсэн утгаар хийсэн байсан. Түрээсийн гэрээгээр *******д төлөх байсан мөнгө , хоёрдугаар хавтаст хэрэгт гэрч *******гийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн мэдүүлэгт ******* ББСБ ХХК-аас шуурхай зээл авах гэж байгаа талаар *******, н.******* нартай холбоотой мэдээлэл байна уу гэж асуухад байхгүй, байраа хурдан зарах зүйл ярьж байсан. 3, 4 хоног тэр *******ын гадаа байсан, хоёрдугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудаст авагдсан Гэрч *******гийн мэдүүлэгт ******* гэж хүн зээл авна гэж ороод, олгохгүй гэж шийдвэр гарсан, ... *******, ******* нарын хооронд ямар гэрээ байгуулагдсаныг та мэдэж байна уу гэж асуухад 2016 оны 02 сарын 23-ны өдөр гэхэд худалдах, худалдах авахаар үл хөдлөхөө шилжүүлж өгсөн гэж л түүнээс өөрөөр мэдэхүй, ... ******* тэр хаусыг барьцаалж зээл авна, миний хаус гэж ирсэн, орлого тодорхойгүй, орлогогүй ч байсан билүү тэгээд зээл олгох боломжгүй юм байна гээд яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учир зарах шаардлагатай болчихлоо гээд авах хүн байна уу гэж *******тэй холбож хоорондоо уулзсан. Тэгээд ******* нь худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг нь шилжүүлж, мөнгө өгсөн гэв, ...*******аас түрээсийн төлбөрөө, эсхүл байрыг чөлөөлж өг гэх шаардлага тавихаар түрээсээ төллөө гэж мөнгө өгөхдөө миний данс руу тийм утгаар хийгээд байсан юм байна лээ. Тухайн үед би сайн анзаараагүй, тэрэнд түрээсийн төлбөр нь орж ирсэн шүү гэж мөнгийг нь аваачиж өгсөн. Түрээсийн төлбөрөө өг гэж нэхэхээр мөнгө орж ирээд байхаар нь түрээсийн төлбөр гэж ойлгосон, ... яагаад тань руу шилжүүлээд байдаг юм бэ гэж асуухад намайг очиж нэхээд байдаг болохоор л над руу хийсэн байх, Та яагаад очиж нэхээд байдаг вэ гэж асуухад би тэр хоёрыг анх уулзуулаад өгчихсөн болохоор ******* түрээсийн төлбөрөө хийхгүй байна, тэр түрээсийн төлбөрөө өг гэж хэлсэн гэв гэж тус тус мэдүүлсэн байна.
7.3. Дээрх мэдүүлгийг дүгнэж үзвэл *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрч *******ын мэдүүлэг бол үнэлэх боломжгүй бөгөөд 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 130 дугаар хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 37 дугаар хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд 230,000,000 төгрөгийг залилан авч, хохирогч *******д хохирол учруулсан болох нь нотлогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй /гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ болгож шийдвэрлэсэн шийдвэр, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар зэргээр гэрч *******ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
7.4. Тодруулбал, *******ын гэмт үйлдэл бол маргаан бүхий байрыг барьцаанд тавьж байна гэж *******д ойлгуулж, хариуцагч *******д яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо 450,000,000 төгрөгт 400 метр байр аваарай гэж ойлгуулсан байна.
7.5. Ийнхүү хариуцагч ******* нь *******д байрыг худалдах авах болон түрээсийн гэрээний хүсэлт зоригийг анхнаасаа тодорхой илэрхийлж, тус тус гэрээг байгуулж, гэрээнд заасан үүргийг биелүүлсэн байхад анхан шатны шүүхээс үйл баримт, мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй улмаас талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Иргэний хуулийн буруу хэрэглэж дүгнэсэн байна.
7.6. Тодруулбал, зөвхөн гэрээнд заасан үнийн талаарх тохиролцоо нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлд нийцээгүй нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд хангалтгүй бөгөөд нэгдүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд ******* ХХК болон ******* нарын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийн нөхцөлөөс үзвэл ******* нь 400 м.кв орон сууцыг 450,000,000 төгрөгөөр худалдан авч байсан байх ба тус үнээр *******д худалдсан болно.
7.7. Мөн маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэмт үйлдлийн үр дагаврыг *******гээс бус гэрч *******аас нэхэмжлэх хууль зүйн үр дагавар үүсэхийг анхан шатны шүүхээс анхаараагүйд гомдолтой байна.
7.8. Анхан шатны шүүх ямар нотлох баримтаар, ямар үндэслэлээр ******* ХХК-ийн үнэлгээг үнэн зөв гэж үзэж байгааг дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь ******* ХХК үнэлгээний дүгнэлт нь 2019 оны 11 сарын 12-ны өдрийн зах зээлийн ханшийг тогтоож гаргасан. Үнэлгээг маргаан бүхий үйл баримтаар буюу 2016 оны 02 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан өдрөөр гарах ёстой бөгөөд үнэлгээ нь үйл баримттай тохирохгүй байхад ******* ХХК-ийн үнэлгээг ашиглаж шийдвэр гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна.
7.9. ******* ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх үнэлж болох эсэх нь эргэлзээтэй нотлох баримтын шаардлага, бусад хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, мөн хуулийн 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд нэгдүгээр хавтаст хэргийн 93-107 дугаар хуудаст авагдсан нотлох баримт болох ******* ХХК болон үнэлгээчин ******* нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх, тусгай зөвшөөрөлтэй бол тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх баримтыг хавсаргаагүй байна. Хавсаргаагүй нь тус нотлох баримтыг хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.
7.10. Түүнчлэн, үнэлгээг харьцуулалтын арга ашиглан гаргахдаа жишиг хөрөнгө №1-т үзүүлсэн зах зээлийн судалгаа нь маргаан бүхий орон сууцыг зарах зартай нь буюу өөрийг нь өөртэйн харьцуулсан байна. Зарын гэрэл зураг, үнэлгээ гаргах гэж буй орон сууцны гэрэл зураг нэг байр болох нь тогтоогдож байна. Тодруулбал, харьцуулалтын аргыг буруу ашиглаж үнэлгээ гаргасан байна.
7.11. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/027725 дугаар шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүх алдаатай дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөрчсөн гэж хариуцагч тал тайлбарлаад байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байна гэж зохигч талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
8.2. Талуудын хооронд хүсэл зориг юу байсан бэ гэдгийг нотлох мэтгэлцэх бүх боломжоор анхан шатны шүүх бүрэн хангасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ББСБ-д нэхэмжлэгч зээл авах гээд зээлийг судалсан. Зээл судалсан зээлийн эдийн засагч ******* нь зээл судалж байсан гэдгийг нь и-мэйл хаягаар явуулж байсныг үзлэгээр бэхжүүлээд нотлох баримтаар авагдаад явуулсан байсан. Зээлийн барьцаанд орон сууцаа тавьсан гэдэг үйл баримтыг дүгнэж тогтоосон байдаг.
8.3. ******* ББСБ ХХК-ийн эдийн засагч *******гийн дансанд зээлийн хүү гэдэг утгатай 2 удаагийн гүйлгээний баримтыг нотлох баримтаар үнэлсэн. ******* ХХК-ийн үнэлгээ тайлан нь зээлийн хүсэл зоргоо анхнаасаа илэрхийлсэн.
8.4. Энэ хэрэг 2024 оны 02 сард үүссэн бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн ******* ХХК-ийн үнэлгээ тайлан байдаг. Зээлийн хүсэл зоригоо анхнаасаа илэрхийлсэн ба хариуцагчийн зүгээс худалдах гэсэн хүсэл зоригоо ямар нэгэн нотлох баримтаар илэрхийлээгүй. Гэрч *******гийн мэдүүлэгт *******д 450,000,000 төгрөгөөр байраар худалдан авна гэсэн хүсэл зориг илэрхийлснийг тайлбарлаж мэдүүлсэн мэдүүлэг байхгүй.
8.5. Гагцхүү *******т худалдах гэж байгаа гэхдээ ******* ББСБ ХХК-аас зээл авах ёстой гэж явж байсан тухай мэдүүлсэн байдаг. Эдийн засагч ******* нь хоёр удаа мэдүүлэг өгсөн байдаг. Зээл авахаар ******* ББСБ ХХК-д хандаж зээлийг судалсан. Зээл өгөх гэсэн мөнгө байхгүй болохоор ******* гэдэг хүнтэй холбосон гэж мэдүүлдэг. ******* нь манай ББСБ-ийн захирлын ах нь байгаа гэж хэлсэн байдаг.
8.6. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх худалдах худалдан авах гэрээнд оролцсон зүйл байгаа юу гэж асуухад би оролцсон эсэхээ сайн санахгүй байна гэж хариулдаг. Энэ бүх тайлбар, мэдүүлэг нь анхнаасаа зээл авах, зээлийн барьцаанд тавих зорилготой байсан. 2016 оны 02 сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч ******* нь байрыг очиж үзээгүй эзэмших асуудал ч яригдаж байгаагүй. Гагцхүү 2019 онд хэрэгжүүлж эхэлдэг. ******* гэдэг хүнд 100,000,000 төгрөгөөр өгөөд эвлэрлийн гэрээ байгуулаад албадан чөлөөлүүлэх асуудал яригддаг.
8.7. ******* болон ******* хоёрын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь дүр эсгэсэн хэлцэл цаана нь зээлийн гэрээний харилцаа үүссэн харагдаж байна. 430,000,000 төгрөгийн 230,000,000 төгрөгийг ******* авсан.
8.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байдаг. ******* ХХК-ийн үнэлгээний тайлан нь анх нэхэмжлэл гаргаж өгөхдөө хавсаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс ******* ХХК-ийн үнэлгээний тайлан үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******, ******* нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/, 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 450,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 698,731,330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 52,760,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* нь ******* тоот хаягт байрлах Ү-*******дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2010 оны 11 сарын 15-ны өдрийн 03/67 дугаар орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2012 оны 11 сарын 07-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн;
3.2 Талуудын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;
3.3. Талуудын хооронд мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;
3.4. Талуудын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах, 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2016 оны 02 сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 сарын 23-ны өдрийг дуустал буюу 6 сарын хугацаанд нэг сарын 17,100,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон;
3.5. ******* нь 2016 оны 02 сарын 23-ны өдөр Х******* тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн;
3.6. Хөрөнгө үнэлгээний ******* ХХК нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1,148,731,330 төгрөгөөр үнэлсэн;
3.7. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******т холбогдох 2014260002222 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 450,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч *******гээс 698,731,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь *******т өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө 720,000 ам.доллароор худалдахаар тохиролцож, улмаар ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулна гэж итгүүлсэн тул ******* ББСБ ХХК-аас зээл авах хүсэлт гаргасан боловч зээлэх мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаас тус Банк бус санхүүгийн байгууллагын захирлын ах *******гээс зээл авах боломжтой гэж санал болгосноор түүнтэй уулзаж, 450,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бодит байдалд 1 тэрбум гаран төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 450,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн тул 2019 оны 11 сарын 12-ны өдрийн ******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 1,148,731,330 төгрөгийг үнэлгээнээс *******д төлөх ёстой зээл 450,000,000 төгрөгийг хасаж тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй нэхэмжлэлийн үндэслэлийг,
Хариуцагч нь ... ******* нь *******т залилуулсан нь 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 37 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоолоор нотлогдоно. Бодит байдалд ******* хариуцагч биш. Нэхэмжлэгч *******аас мөнгөө шаардах нь зүйтэй. гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
4.2. Хэргийн баримтаар 2016 оны 02 сарын 24-ний өдөр *******ын Хаан банк ХК-ийн ******* тоот данс руу ... *******-с ... гэсэн гүйлгээний утгатайгаар 203,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. /хх 59 тал/
Түүнчлэн, *******гийн эзэмшлийн Төрийн банкин дахь ******* дугаарын данс руу 2016 оны 04 сарын 16-ны өдөр ... ******* ББСБ-д 26 саяын хүү *******сүрэнгээс гэсэн гүйлгээний утгатай 28,025,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2016 оны 05 сарын 25-ны өдөр ... *******гээс зээлийн хүү ... гэсэн утгатай 21,814,800 төгрөгийн орлогын гүйлгээг *******ын эзэмшлийн данснаас хийжээ. /1хх 69-70 тал/
Дээрх мөнгөн гүйлгээний утгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан шууд үгийн утгаар тайлбарлахад зээлийн гэрээний үндсэн үүрэг хүү төлж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж шууд ойлгогдоно. Мөн, гэрч *******, ******* нарын хооронд болон ******* ББСБ ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч талаас *******д төлсөн мөнгөн хөрөнгийг ... 2016 оны 02 сарын 23-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдсан хувийн сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн гэж тайлбарлаж байх боловч хэргийн бусад баримтаар дэмжигдэж, нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дээрх тайлбар бодит үнэнд нийцэхгүй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр ******* нь ... *******аас түрээсийн төлбөрөө эсхүл байрыг чөлөөлж өг гэж шаардлага тавихаар түрээсээ төллөө гэж мөнгө өгөхдөө ийм утгаар миний данс руу мөнгө хийгээд байсан юм билээ, ... Намайг очиж нэхээд байсан болохоор над руу хийсэн байх ... гэсэн мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар дэмжигдэж нотлогдоогүй болно.
4.3. Монгол улсын дээд шүүхийн тогтоол 2010 оны 06 сарын 22-ны өдөр Дугаар 17 Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолыг 5.2-д Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
Тодруулбал, зохигч талууд ирээдүйд гарах барьцааны гэрээг хуульд заасан хэлбэрийг хангуулж байгуулах үүрэгтэй атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийжээ.
Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн хамаарал бүхий этгээдэд нэхэмжлэгч талын нэрийг дурдаж зээлийн хүү гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, мөн тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч хэн алинд нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй ба харин тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/, 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 450,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/-г тус тус дүр үзүүлэн хийсэн болох нь тогтоогдож байна.
Тиймээс анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/, 2016 оны 02 сарын 23-ны өдөр байгуулсан 450,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц, гараж/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцжээ.
Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
4.4. Талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан журам, үндэслэлээр шийдвэрлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг 2019 оны 11 сарын 12-ны өдрийн ******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 1,148,731,330 төгрөгийг үнэлгээнээс *******д төлөх ёстой зээл 450,000,000 төгрөгийг хасаж тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч ******* нь 2019 оны 05 сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******, ******* нь 2020 оны 07 сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр *******, ******* нь 2020 оны 07 сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн ******* нар тус тус өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Талуудын маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө бусдад худалдагдаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн нэр дээр бүртгэлтэй байх тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх зарчим хэрэгжинэ.
******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 1,148,731,330 төгрөгийг үнэлгээг тогтоосон ба хариуцагч талаас уг үнэлгээтэй маргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дээрх үнэлгээний дүнгээс *******гээс авсан зээл 450,000,000 төгрөгийг хасаж тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.
5. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Талуудын хооронд 2016 оны 02 сарын 23-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2016 оны 02 сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 сарын 23-ны өдрийг дуустал буюу 6 сарын хугацаанд нэг сарын 17,100,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үндэслэн байгуулагдсан байх ба эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг гэрээнээс үүрэг шаардах эрхгүй.
6. Хариуцагч талын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхийн журмаар үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлд хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзэх нөхцөл байдал хамаарна гэж тайлбарласан.
Талуудын 2016 оны 02 сарын 23-ны өдрийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн ******* ХХК-ийн үнэлгээг эргэлзээтэй, дутуу хийгдсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй тул нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагагүй.
Түүнчлэн, хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах хүсэлт гаргаагүй, мөн уг зөвшөөрөлтэй холбоотой мэтгэлцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна.
6.2. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******т холбогдох 2014260002222 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд ******* оролцоогүй, мөн нэхэмжлэгч нь *******ын авсан гэх мөнгөн хөрөнгийг хасаж шаардсан байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй.
7. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.10-д заасан зохицуулалтыг баримталсан алдааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэдэг жишиг нэгэнт тогтсон тул уг зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж баримталсан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талыг гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02725 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 243 дугаар зүйлийн 243.1, 56.5, 56.1.10 ... гэснийг хасаж ... 492 дугаар зүйлийн 492.1.1 ... гэснийг нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,789,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР