| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/07257/И |
| Дугаар | 210/МА2026/01029 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01029
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07809 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
11,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 11,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь 2024 оны 03 сарын 14-ний өдрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* зуслангийн замд ******* маркийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчиж зорчих хэсэг дээр алхаж явсан явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан;
3.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/631 дугаар тогтоолоор хариуцагч *******ийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн; /хх-129-136/
3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 3763 дугаар дүгнэлтээр *******ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд зөрөөтэй ясны сэлтэрхий бүхий хугарал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдож, гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон байна.
4. Хариуцагч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчиж, *******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудалд маргаангүй гэж үзнэ.
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр *******ын биед хүндэвтэр зэргийн хохирол учирсны үр дагавар нь хөдөлмөрийн чадварыг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Анхан шатны шатны шүүх хариуцагчаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 3,120,000 төгрөг, эмчилгээний зардалд 856,050 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцэж байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гаргуулах шаардлагаас 5,323,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ.
7. Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй оролцох эсэх асуудал нь тухайн хэргийн оролцогчийн эрх байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохиролд өмгөөлөгчийн хөлсийг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй.
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдааг залруулж, тогтоох хэсгээс хасна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 31-ний өдрийн 197/ШШ2026/07809 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 359 дүгээр зүйлийн 359.1 ... гэснийг хасаж, ... 5,476,050 ... гэснийг ... 3,976,050 ... гэж, ... 5,648,950 ... гэснийг ... 7,148,950 ... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 102,567 ... гэснийг ... 78,567 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР