| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00998/И |
| Дугаар | 00890 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 00890
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 21 дүгээр байранд байрлах Тажүн ХХК, захирал Ц.Ариунаа
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 22-06 тоотод оршин суух Б.Жамсран
210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “ТАЖҮН” ХХК-ийн “Тэмүүлэл” цэцэрлэг нь 2012 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Тус цэцэрлэг УА13322315 регистртэй Жамсран овогтой Анхбаяр нь сурч хүмүүжиж байсан ба 2015 оны хоолны мөнгөний үлдэгдэл 210 000 / Хоёр зуун арван мянган/ төгрөгийг төлөлгүй элдэв шалтаг тоочиж өдийг хүрлээ. Иймд иргэн Жамсрангаас 210 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Б.Жамсран хариу тайлбартаа: Миний хүү Анхбаяр нь Тажүн ХХК-ийн Тэмүүлэл цэцэрлэгт хүмүүжиж байсан нь үнэн болно. Мөн 210 000 төгрөгийн тооцоотой байгаа тул энэ мөнгийг төлж барагдуулна. Ажилгүй байж байгаад саяхан ажилдаа орсон. Цалин мөнгө сар сардаа буудаг тул үүнийг харгалзан үзээд 2016 оны 07 сарын 27-ны өдөр хүртэл хугацаа өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Жамсран нь нэхэмжлэгч Тажүн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3 475 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 3 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Тажүн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг хариуцагч Б.Жамсран төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 3 475 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 3 475 төгрөгийг хариуцагч Б.Жамсрангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Тажүн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ