| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/07009/И |
| Дугаар | 210/МА2026/00952 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00952
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02471 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2024 оны 09 сарын 10-ны өдөр *******д 10,000,000 төгрөг бэлнээр өгч, 15,000,000 төгрөгийг түүний Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлж нийт 25,000,000 төгрөгийг зээлсэн.
1.2. ******* нь харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөхгүй байсан тул 2024 оны 10 сарын 03-ны өдөр 2214 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 2296 дугаартай Батлан даалтын гэрээ-г зээлдэгч ******* болон түүний төрсөн дүү ******* нартай байгуулсан.
1.3. Зээлдэгч *******аас зээлээ төлөхийг шаардсан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд түүний хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.
1.4. Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 2214 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үндсэн төлбөрийн үүрэг болох 25,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 10-ны өдөр байгуулагдсан 2296 дугаартай Батлан даалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ... Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ... байвал үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу батлан даагч *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Хариуцагч нь *******тай 2024 оны 10 сарын 03-ны өдөр ямар нэгэн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хариуцагч *******гаас 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч *******гийн Батлан даалтын гэрээгээр хүлээсэн 25,000,000 төгрөг төлөх үүргийн үндэслэл болсон нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулахад төлбөр төлөгч ******* нь нотариатчийн оффист биеэр очиж, гэрээг байгуулсан эсэх нь эргэлзээтэй байсан.
4.2. Учир нь, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээгээр тогтооно гэж заасан. Хэрэв ******* гэрээ байгуулахад өөрийн биеэр байсан бол нотариатч түүний хурууны хээг уншуулах хуульд заасан үүрэгтэй бөгөөд түүний хувийн мэдээллийг УБЕГ-ын хур системээр дамжуулан авахад тэрээр ******* нэрээр бүх мэдээлэл нь гарч ирэх ёстой.
4.3. ******* нь нэрээ ******* болгон өөрчилснийг улсын бүртгэлд 2022 оны 06 сарын 22-ны өдөр бүртгэсэн байх ба талуудын хооронд 2024 оны 10 сарын 03-ны өдөр гэрээ байгуулагдаж байна.
4.4. Нотариатын байгууллага нь 2020 оноос хойш цахим системд шилжин үйлчлүүлэгчийн хувийн байдлыг талаарх мэдээллийг цахим мэдээллийн сангийн мэдээллээс татаж тогтоож байгаа.
4.5. Түүнчлэн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 2214 бүртгэлийн дугаартай гэрээнд *******ын регистрийн дугаар ******* гэж буруу бичигдсэн байна.
4.6. Мөн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст *******аас авсан гэрчийн мэдүүлэгт түүний регистрийн дугаар ******* гэж мөн өөр байгаагаас гадна мэдүүлэгт зурсан гарын үсэг нь гэрээнд зурсан гарын үсгээс өөр байна.
4.7. Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотариатч ******* /Тамга 194/-ээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой баримтыг шүүхээс гаргуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй явдал нь хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг ноцтойгоор хязгаарласан.
4.8. Өмгөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Батлан даалтын гэрээ болон Төлбөр тооцоо нийлсэн гэрээтэй холбоотойгоор нотариатчидын танхимд ийм төрлийн гэрээ хэлцэл гэрчлэгдсэн эсэх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хариуцагч талын зүгээс гаргаж байсан. Шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангасан учир тухайн хүсэлттэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байдаг.
5.2. Мөн ******* болон ******* гэх 2 нэрийн талаарх асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор нэр өөрчилсөнтэй холбоотой лавлагааг гаргуулах ажиллагааг анхан шатны шүүх хийсэн. Хэргийн 60-61 дүгээр талд нэр өөрчилсний лавлагаа бүртгэлээр ******* гэх нэртэй хүн нэрээ ******* болгож сольсон байна гэх улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт авагдсан байгаа.
5.3. Түүнчлэн нотариатчийн зүгээс би *******тай байгуулсан төлбөр тооцоо нийлэх гэрээг гэрчилсэн гэх агуулгатай баримт болон хуулбар гэрээг тус тус ирүүлсэн нь хэргийн 66-67 дугаар талд авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж буй хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шаардлагатай гэх үндэслэл нь хэрэгт авагдсан дээрх баримтуудын хүрээнд тогтоогдсон гэж үзэж байна.
5.4. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд тухайн үед болсон нөхцөл байдлыг үнэлж дүгнэх боломжтой байхад шүүхээр уг ажиллагааг дахин хийлгэе гэх агуулгаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхтэй гэж үнэлж дүгнэсэн нь зөв.
5.5 Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс нийт 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч талын зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Батлан даалтын гэрээ болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1-д зааснаар үндсэн өр төлбөрийг батлан даагч хариуцах ёстой.
5.6. Гэтэл ******* гэх хүний тооцоо нийлсэн гэрээний дагуу зээлийн хүү болон алдангид төлөх 2,000,000 төгрөгийг батлан даалтын гэрээний үндсэн үүргээс хасаж үнэлж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, алдаатай болсон гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ******* нэрээ ******* болгосон байхад гэрээг *******тай байгуулсан нь эргэлзээтэй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 10 сарын 03-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 25,000,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон;
3.2. ******* болон ******* нарын хооронд Батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон;
3.3. ******* /РД: *******/ 2022 оны 06 сарын 23-ны өдөр өөрийн нэрээ өөрчилж ******* /РД: *******/-ээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн хариуцагч ******* *******ийн төрсөн дүүгийн харилцаатай байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар үйл баримтыг зөв тогтоожээ.
5. ******* нь 2024 оны 09 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан болох нь бэлэн мөнгө хүлээн авсан баримт, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, *******ийн дансны хуулга, *******ын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч *******гаас батлан даалтын гэрээний үүрэгт 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцжээ.
6.1. Нэхэмжлэгч нь ******* нь 2024 оны 12 сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн сүүлд *******тай холбоо барихаас өмнө уулзсан гэж, хариуцагч нь одоо ахтайгаа холбоотой байгаа юу гэхэд холбоогүй байгаа. Сураггүй болсон тул цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжлуулж байгаа гэж тус тус тайлбарласан.
6.2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.
6.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна гэж тохиролцооноос үзэхэд хамтын хариуцлагын батлан даалтын гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь *******ийн төлбөр тооцооны гэрээний үүргийг хариуцагч *******гаас шаардах эрхтэй.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
7.1. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар гаруй хугацааны турш үргэлжилсэн байхад хариуцагч талаас шүүх хуралдаанд хүсэлт гаргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцжээ. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
7.2. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэгт иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй, нэрээ өөрчилсөн этгээд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг хариуцна гэж тус тус заажээ.
******* нь өөрийн нэрийг ******* өөрчилсөн атлаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2024 оны 10 сарын 16-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө ******* гэсэн нэрээр, түүнчлэн *******тай ******* гэсэн нэрээр гэрээ байгуулсан байгаа зэрэг нь тэрээр өөрийн нэрийг өөрчилсөн талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Ийнхүү ******* нь өөрийн нэрийг ******* гэж өөрчилснөөс хойш ******* гэж нэрээр хэлцэл байгуулсан нь хариуцагч *******г батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч этгээд өөрчлөгдөөгүй, харин түүний нэр өөрчлөгдсөн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
С.ЭНХБАЯР