| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0222/Э |
| Дугаар | 0233 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 0233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1925003420208 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2019 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Орд” ХХК-ний арын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Корона маркийн 26-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 13-ны орой Сэргэлэн, Октябрь хоёр манайд 2.5 литрийн пивотой ирсэн. Бид 3 хувааж уусан. Тэгээд тэр хоёрын найзыг нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн Корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Замдаа 1 шил архи авч түүнийгээ уусан. Тэгээд цааш явж байгаад Баянцагаан багийн тойрог дээр жолоогоо алдаад замын баруун талд байх үерийн далан руу орчихсон. Тухайн үед машинаас буугаад бүгд гайгүй юу гэж асуусан. Тэгээд жолооны эрхгүй болохоор айгаад явчихсан. Хохирогчид эмчилгээний зардлыг нь барагдуулсан. 300.000 төгрөг өгсөн. Т.Б-гийн бие одоо гайгүй байгаа. Хэргийн хувьд маргахгүй. Цаашдаа хэрэгт холбогдохгүй. Алдаа дутагдал гаргахгүй байж чадна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 13-ны орой Октябрь бид хоёр уулзаж 2.5 литрийн пиво аваад Баярмагнайгийн гэрт очсон. Баярмагнай гэртээ эхнэр 3 хүүхдийнхээ хамт байсан. Баярмагнай, Октябрь бид 3 хамт пиво уух гээд сууж байхад миний утас руу Эрдэнэ залгаад удалгүй гаднаас орж ирсэн. Тэгээд бид 4 хамт пиво ууж байгаад Эрдэнээг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Баярмагнай эхнэр, хүүгийнхээ хамт, Октябрь, Эрдэнэ бид зургаа Баярмагнайгийн машин суугаад хөдөлсөн. Баярмагнайгийн эхнэр, хүүхэд нь Баянцагаан багийн эцсийн буудлын “Хутгийн хишиг” гэдэг дэлгүүрийн гадаа буусан. Бид 4 цаашаа хөдлөөд “Тун” нэртэй дэлгүүрт орж 0.75 литрийн ерөөл архи аваад Эрдэнээгийн гэр рүү явах замд байх ходоодны рашааны харалдаа зогсож талыг нь уусан. Архинаас Баярмагнай 2 удаа татсан. Баярмагнай би жолооны эрхээ хасуулчихсан байгаа гэж ярьж байсан. Эрдэнэ гэр рүүгээ харилаа гээд явсан. Эргээд бид нар 23 цагийн үед гэртэй харих гээд Баянцагаан багийн самбарын харалдаа явж байхад цагдаа зогсоох гээд дохиход Баярмагнай цагдаа байна би зугтлаа гэж хэлээд Баянцагаан багийн байрны урд талын засмал замаар ертөнцийн зүгээр хойшоо давхиад хурд сааруулагч дээр машин ойход хурдаа хассан ба дахиад хурдаа нэмээд “Орд” ХХК-ний арын тойрог зам дээр эргэж чадахгүй үерийн далан руу орчихсон. Баярмагнай цагдаа ирэхээс өмнө зугтаад явчихсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,
-Гэрч З.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Сэргэлэн, Эрдэнээ нарын хамт найз Баярмагнайгийнд очоод 2,5 л пиво уусан. Баярмагнай бид нар Эрдэнээг хүргэж өгөх гээд Баярмагнай өөрийнхөө машиныг асаасан. Эрдэнээгийн гэр рүү явж байх замдаа дэлгүүрээс 0,75л хараа архи аваад булаг дээр зогсоод уусан. Эрдэнээ архинаас 1-2 удаа уугаад харилаа гээд явчихсан. Баярмагнай машин жолоодож байгаа болохоор 1-2 удаа өгөхөд уусан. Бид нар 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд Баянцагаан багийн самбарын харалдаа явж байхад замын цагдаа зогсоох гэхад Баярмагнай жолооны үнэмлэхгүй гээд зогсоохгүйгээр зугтааж байгаад тойрог дээр жолоогоо алдаад баруун талын жалга руу орчихсон. Машинаас буухад Баярмагнай зугтаагаад явчихсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2014 оны намар Дэнж багт амьдардаг Болдоо гэх залууд 6.300.000 төгрөгөөр зарсан. ...Болдоо тухайн үед гэрээ байгаа юм чинь би өөрөө машинаа нэр дээрээ шилжүүлээд авчихна гэж байсан. ...Болдоо сүүлд 2018 онд машинаа зарсан гэж байсан. Хэн авсан талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 371 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Б-гийн биед зүүн эгэмний ясны далд зөрүүтэй хугарал, баруун шилбэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 22-23 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 131 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Б-гийн биенээс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 27-28 ху/,
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Цагдаагийн байгуллагын нэгдсэн сүлжээ, ТРS сүлжээнээс Т.Б-гийн лавлагааг хийж үзэхэд ВСД ангиллын 499277 дугаартай үнэмлэх 2019 оны 03 сарын 09-ниы өдрөөс 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтаар 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан байна.
2. 26-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.1. Мераникжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.
3. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. Уг осол нь дүгнэлтийн 2-т зааснаар 26-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг олоодож явсан жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.1, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 32 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4, 5 ху/
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7 ху/
-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 11 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-40 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/
-29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 55 ху/
-Тээврийн хэрэгслийн лавлаа /хх 54 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2019 оны 05 сарын 13-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Орд” ХХК-ний арын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Корона маркийн 26-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Т.Б, Октябрь хоёр манайд 2.5 литрийн пивотой ирсэн. Бид 3 хувааж уусан. Тэгээд тэр хоёрын найзыг нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн корона маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Замдаа 1 шил архи авч түүнийгээ уусан. Тэгээд цаас явж байгаад Баянцагаан багийн тойрог дээр жолоогоо алдаад замын баруун талд байх үерийн далан руу орчихсон. Тэгээд машинаас буугаад жолооны эрхгүй болохоор айгаад явчихсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Бгийн “...бид 4 хамт пиво ууж байгаад Эрдэнээг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Баярмагнай эхнэр, хүүгийнхээ хамт, Октябрь, Эрдэнэ бид зургаа Баярмагнайгийн машин суугаад хөдөлсөн. Баярмагнайгийн эхнэр, хүүхэд нь Баянцагаан багийн эцсийн буудлын “Хутгийн хишиг” гэдэг дэлгүүрийн гадаа буусан. Бид 4 цаашаа хөдлөөд “Тун” нэртэй дэлгүүрт орж 0.75 литрийн ерөөл архи аваад Эрдэнээгийн гэр рүү явах замд байх ходоодны рашааны харалдаа зогсож талыг нь уусан. Эрдэнэ гэр рүүгээ харилаа гээд явсан. Эргээд бид нар 23 цагийн үед гэртэй харих гээд Баянцагаан багийн самбарын харалдаа явж байхад цагдаа зогсоох гээд дохиход Баярмагнай цагдаа байна би зугтлаа гэж хэлээд Баянцагаан багийн байрны урд талын засмал замаар ертөнцийн зүгээр хойшоо давхиад хурд сааруулагч дээр машин ойход хурдаа хассан ба дахиад хурдаа нэмээд “Орд” ХХК-ний арын тойрог зам дээр эргэж чадахгүй үерийн далан руу орчихсон. Баярмагнай цагдаа ирэхээс өмнө зугтаад явчихсан” гэсэн /хх 13-14 ху/, гэрч З.Октябрийн “...замдаа дэлгүүрээс 0,75л хараа архи аваад булаг дээр зогсоод уусан. Эрдэнээ архинаас 1-2 удаа уугаад харилаа гээд явчихсан. Баярмагнай машин жолоодож байгаа болохоор 1-2 удаа өгөхөд уусан. Бид нар 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд Баянцагаан багийн самбарын харалдаа явж байхад замын цагдаа зогсоох гэхад Баярмагнай жолооны үнэмлэхгүй гээд зогсоохгүйгээр зугтааж байгаад тойрог дээр жолоогоо алдаад баруун талын жалга руу орчихсон. Машинаас буухад Баярмагнай зугтаагаад явчихсан” гэсэн /хх 19 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн эгэмний ясны далд зөрүүтэй хугарал, баруун шилбэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 371 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн биеэс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрсэн болохыг тогтоосон 131 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шүүгдэгч Т.Бг МУ-ын ЗХД-ийн 3.1, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэйг тогтоосон 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-гийн үйлдэл нь хохирогчид хүндэвтэр хохирол учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж байгаа үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлөхийг тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэнгийн хугацаанд шүүгдэгч Т.Б-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА