| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 2024/ХШТ/133 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ХШТ/133
Ч.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолтой Ч.Т-д холбогдох МБ-17515 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Өвөрхангай аймгийн Ховд сумын 19 дүгээр дөчин, ард, эрэгтэй, 55 настай, ам бүл 9, Монгол бичиг мэднэ, гишүүн бус, хөрөнгийн хувь 221, гадаадад яваагүй, Эзэрхгийн үед Ноён хутагтын шавийн тамгын зайсан тушаалыг 3 жил хиртэй хаасан, баригдахын өмнө Арц уулын өврөөр мал адуулж байсан Ч овогтой Т нь
Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолоор Ч.Т Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, гэр бүлийн хүмүүсийн амьдралд 20 хувийг үлдээж, бусдыг бүрэн хууль ёсоор албанаа хураахаар шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолоор Т Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэг.1.”Т бол эзэрхэг засгийн үед хуучин ноён хутагтын шавийн зайсан ба тус шавийн тамгын түшмэлийн албыг тус бүр 3 жил хааж, ардыг банздаж шаахайдах зэргээр дарлан занчиж явсан” гэж ял шийтгэсэн боловч хавтаст хэрэгт энэ хэргийг үйлдсэнийг нотлох баримт байхгүй.
2.Ч.Т нь: “Баянзүрхийн эсэргүү бүлгэмд оролцсон ноён хутагт С лам бол тийм хортой хэрэг гаргаагүй, Баячууд хөрөнгөтний юмыг коммун эвлэлд хурааж авах юм гэнэ, өлсгөлөн оросууд ирж алив юмыг барж иднэ, энэ жил албан татвар тун их ноогдсон учраас хонь малаа хоршоонд өгөөд дууссан” гэж цуурхлыг хэзээ, хаана, хэн, хэнд хэрхэн ярьж тараасан, бичиг цаасаар ард олонд хэрхэн тараасан, уриалсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй, энэ цуурхлаас болж тухайн нийгэм, төрд ямар хор, хохирол учирсныг шалгаж тогтоогоогүй.
3.Ч.Т-ийн тараасан цуурхал гэгчид 1929 оны Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд заасан “Үндсэн хуулийн ёсоор байгуулсан улс төрийн ёс суртлыг хүчээр устгахыг хичээж ард олонд амаар буюу бичиг хуудсаар ятган ухуулагсдыг 1 жилээс доош бус хугацаагаар хорино” гэх гэмт хэргийн шинжгүй, энэ цуурхал гэгчээс болж ямар нэгэн гэм хор учраагүй байхад, хуучин засгийн алба хааж байсан эрх ямбатай нь хамаатуулан улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
4.Өвөрхангай аймгийн Шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолоор Т-ийг Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар 5 жил хорьж, хилсээр шийтгэсэн “1929 оны Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б/-д заасан /1926 оны “Шүүх цаазын бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.
Хоёр.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар тогтоолд: “...Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар цагаатгагдсан Ч.Т нь Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор шийтгэгдсэн Ч.Т мөн болохыг прокуророос сайтар нягтлан шалгаагүй, өмнөх цагаатгасан шүүхийн шийдвэрийг зөвтгөхөд нөлөөлөхүйц нөхцөл байдалд хамаарах эсэхийг тодруулалгүй дүгнэлт бичсэн нь учир дутагдалтай...” гэсэн заалтын дагуу ц-7015 дугаартай хэрэгт үзлэг хийж шалгахад:
1.Ч.Т-өөс авсан мэдүүлэгт: овог Ч, нэр Т байцаагдсан гээд гарын үсгээ балын харандаагаар Т үнэн гэж зурсан байна.
2.Ч.Т-ийг таслан шийтгэсэн Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолын 9292 дугаарт: Т-ийн нэрийг бичихдээ Т гэж буруу бичсэнээс үүдэн Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлаар шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг Улсын Аюулгүй Байдлын Хэргийн Ерөнхий газраас шалгаад 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэгдсэн тодорхойлолт болон Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/266 дугаартай Прокурорын эсэргүүцлийн 46 дугаарт Ч-ийн Т гэж бичигдсэнээс болж Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалын “46-д Өвөрхангай, Ховд, 65 настай, Ч-ийн Т” гэсэн нэрээр цагаатгагджээ.
Хэргүүдийн баримтуудаар эрүүгийн хэргийг таслан шийтгэсэн Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор шийтгүүлсэн Ч-ийн Т, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор шийтгүүлсэн Ч-ийн Т нар нь нэг хүн болох нь тогтоогдож байна.
Иймд тус улсын Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлд зааснаар Ч.Т-д хорих ял шийтгэсэн Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 /22/ оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг таслан шийтгэсэн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ч овогтой Т улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож цагаатгуулах, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалын “46-д Өвөрхангай, Ховд, 65 настай, Ч-ийн Т” гэсний Т гэсэн нэрийг Т гэж зөвтгүүлэн өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар тогтоолд дурдсан Ч.Т, Ч.Т нар нь нэг хүн мөн эсэхийг тогтоох талаар мөрдөн байцаалтын шатанд зохих ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, холбогдох шалгалтыг дутуу хийсэн байх тул прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Тухайлбал, Ч овогтой Т-ийн хэргийн 15, 17 дахь талд хавсаргасан хүн амын тооллогын 1929 оны баримтанд 52 настай, 1933 оны баримтанд 56 настай гэж тус тус тэмдэглэсэн байх бөгөөд түүнд ял шийтгэсэн Өвөрхангай аймгийн шүүхийн 1932 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолд (хэргийн 22 дахь тал) 55 настай гэж дурджээ.
Хэргийн 37-38 дахь талд авагдсан тодорхойлолтын 46-д “Ч овогтой Т, нас 65, урьд ял шийтгэлгүй” гэж тусгаснаас гадна Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн эсэргүүцэл (хэргийн 39-40 дэх тал), Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлал (хэргийн 35-36 дахь тал)-д “Өвөрхангай, Ховд, 65 настай, Ч-ийн Т” хэмээн тус тус дурджээ.
Эдгээр баримтаас үзэхэд 1932 онд ял шийтгүүлэхдээ 55 настай байсан Ч.Т-ийг 1938 онд ял шийтгэгдсэн Ч.Т мөн гэж үзвэл 4 (дөрвөн) насны зөрүү байх бөгөөд энэ нөхцөл байдал нь дээрхи хоёр хүнийг нэг хүн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр (хэргийн 9 дэх тал) Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, 50 настай Л овогтой Д-г түүний гаргасан хүсэлтийг үндэслэн хэлмэгдэгч Ч.Т-ийн ач дүү мөн хэмээн тогтоож, холбогдох нөхөх олговрыг олгожээ.
Энэхүү шийдвэрт тусгаснаас үзэхэд Л.Д нь Ч.Т-ийг өөрийн аавын төрсөн ах хэмээн дурдсан байх тул энэ талаар түүнээс тодруулах, хүн амын тооллогын бүртгэлд Ч.Т-тэй хамааралтай гэж бүртгүүлсэн хүмүүсийн тухай асуух шаардлагатай гэж үзнэ.
Мөн уг бүртгэлд Ч.Т-ийн хүү Б, охин Ц, зээ Н нар одоо байгаа эсэх, тэдгээрийн үр удам байдаг эсэхийг тогтоож, Ч.Т, Ч.Т гэх нэртэй хүмүүсийн талаар тодруулах нь зүйтэй байна.
Дээрхээс гадна, 1932 онд 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Т нь уг ялыг хаана эдэлсэн, хэзээ суллагдсан зэргийг тогтоон тодорхойлбол зохино.
Учир нь хэргийн 37 дахь талд авагдсан тодорхойлолтод Ч.Т-ийг “урьд ял шийтгэлгүй” гэж дурджээ.
Энэхүү тогтоолд дурдсан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах Ч.Т-ийн нэрийг Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 87 дугаар магадлалд буруу бичсэнийг зөвтгүүлэх талаар ᠋бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР