Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 58

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар И.*******ын нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 209639 төгрөгийг буцаан гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, уг дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.******* миний бие 2015 оноос хойш Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг 2017 оны 5 сарын 15 хүртэл ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргалгүй, ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. Тэгтэл 2016 оны сонгуулийн үр дүнд сонгогдсон Завхан аймгийн ******* сумын Засаг дарга М.******* нь намайг Улаанбаатар хотод томилолтоор сургалтанд сууж байх үед буюу 2017 оны 4 сарын 25-нд А/39 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байсныг 2017 оны 05 сарын 16-ны өдөр Засаг даргын орлогч *******гээс хүлээн авч танилцлаа. Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-т гурван өөр төрлийн сахилгын шийтгэл байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д мөн л гурван өөр төрлийн сахилгын шийтгэл байдаг боловч яг аль заалтаар нь гэдгийг оруулаагүй сануулсан ч юм уу, халсан ч юм уу, цалин бууруулсан ч юм уу мэдэгдэхгүй байна. Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлд ажилтны үүрэг гэсэн хэсгийг үндэслэсэн ойлгомжгүй байна. Энэ сахилгын шийтгэлийг гаргахаас өмнө надад мэдэгдсэн зүйл байхгүй юм. Би ажлын цагаар албан өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 25-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгож, цалингаас хууль бусаар суутгасан цалин хөлсөө гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И.******* миний бие 2015 оноос хойш Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг 2017 оны 5 сарын 15 хүртэл ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргалгүй, ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. Тэгтэл 2016 оны сонгуулийн үр дүнд сонгогдсон Завхан аймгийн ******* сумын Засаг дарга М.******* нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна. Уг захирамжийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр Засаг даргын орлогч *******гээс хүлээн авч танилцсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирээгүй тул танай шүүхэд хандаж байна. Завхан аймгийн ******* сумын Засаг дарга М.******* нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Уг захирамжийн нэр нь И.*******ыг ажлаас чөлөөлөх тухай гэж, мөн захирамжийн 1 дэх заалтаар ... 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй гэж ажлаас чөлөөлсөн захирамж гаргачихаад захирамжлах хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн буюу сахилгын шийтгэл ногдуулах заалтыг авсан байх юм. Уг захирамжийн агуулгатай уншиж танилцахад сахилгын шийтгэл ногдуулсугай, ногдуулах тухай гэсэн үг, өгүүлбэр байхгүй зөвхөн ажлаас чөлөөлөх тухай, ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна. Энэ захирамж нь өөрөө намайг ажлаас чөлөөлчихөөд хуулийн үндэслэлээ сахилгын шийтгэл ногдуулах заалт авсан нь захирамжийг илт утга найруулгын алдаатай, хоёрдмол утгатай, чөлөөлөөд байгаа юм уу, сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу гэдгийг одоог хүртэл ойлгохгүй байна. Ажлаас чөлөөлөхөөр захирамж гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэл болгох ёстой гэж бодож байна. Мөн намайг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж захирамжид заасан бөгөөд ямар ажлыг хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй бөгөөд миний хувьд ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Мөн захирамжид ажлын цагаар архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн гэж бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахаас өмнө надад мэдэгдсэн зүйл байхгүй юм. Завхан аймгийн ******* сумын Засаг дарга надад сахилгын шийтгэл ногдуулсан тухай, ажлаас чөлөөлсөн тухай 2 захирамжийг 1 өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зэрэг өгсөн. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, уг дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү ажлаас чөлөөлөхөөсөө өмнө 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд 2017 оны 04 сарын 25-ны өдрийн А/39, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлсөө гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байгаа. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлөөс нэг сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хариу ирээгүй. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хангасан гэж үзэж байна.

Эхний захирамж нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байгаа. Энэхүү захирамждаа сумын Засаг даргын бүрэн эрхийн заалт, мөн Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх заалтыг баримталсан байна. Дээрх заалтыг баримтлахдаа нарийвчилсан хуулийн заалтыг баримтлаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх хэсэг бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн ерөнхий заалт байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсгийг баримталсан байна. Энэхүү заалт нь нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй. Учир нь И.******* нь төрийн жинхэнэ албан хаагч юм. Иймд төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. Мөн Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйл буюу ерөнхий заалтыг баримталсан байна. Маргаан бүхий тушаалын агуулгаас харахад ажлын байран дээр архидан согтуурсан гэсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэгч маргаж байна.

Дараа нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү захирамжийг гаргахдаа дээрх захирамжийн хуулийн заалтуудыг баримталсан байгаа. Энэ хуулийн заалтууд нь ерөнхий заалт юм. Өөрөөр хэлбэл нарийвчилсан заалт баримтлаагүй. Маргаан бүхий Б/02 дугаар захирамжид ажлын цагаар архидан согтуурсан гэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан байдаг. Ийнхүү шүүхээс хийсэн үзлэгээр тухайн үед ажлын цагаар архидан согтуурсан талаар тогтоогоогүй, мөн маргаан бүхий хоёр захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй гэж хариуцагч тайлбарласан байдаг. Хэрвээ зөрчил гаргасан бол заавал шалгаж тогтоох ёстой. Мөн захиргааны акт гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагаа явуулаагүй байдаг. Яагаад гэвэл 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжийг нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу томилолтоор явсан хойгуур чиний захирамж гарсан шүү гэж хэлсэн. Ийм учраас нэхэмжлэгч нь ямар захирамж гарсан гэдгийг мэдээгүй. Мөн ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын орлогчоос маргаан бүхий хоёр захирамжийг гардаж авсан байдаг. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг агуулга харагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч И.*******ын ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн зүйл харагдахгүй байна.

Маргаан бүхий захирамжийг гаргах үед дээрх асуудал яригдаж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг баримталсан байгаа. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй байгаа. Мөн байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж байна. Гэтэл ******* суманд Ёс зүйн хороо байсаар байхад ёс зүйн зөрчлийг авч хэлэлцээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Өөрөөр хэлбэл Ёс зүйн хороогоор зөрчлийг авч хэлэлцээд, дүгнэлт гаргуулаад, үүний дараа зохих арга хэмжээ аваагүй гэдэг. Ийм учраас намайг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан. Гэтэл энэ өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргасан байдаг. Энэ талаар өөрт нь мэдэгдээгүй, ямар утгатай захирамж гарсан гэдгийг тайлбарлаагүй байсан. Тэгсэн мөртлөө дээрх захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжтай хамт гардуулсан байдаг. Ийм учраас маргаан бүхий хоёр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг дарга М.******* би 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.*******д ногдуулсан сахилгын арга хэмжээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. И.******* нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлын цагаар архидан согтуурсан зөрчил гаргасан нь төрийн албаны тухай хуулийн 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх 13.1.5, дахь хэсэгт заасан Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн төрийн жинхэнэ алба хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн учир төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дэх хэсэгт заасан албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг баримталж 1 сарын хугацаанд 20 хувиар цалинг бууруулах сахилгын арга хэмжээг ногдуулсан болно. М.******* би сумын Засаг даргын үүрэгт ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч ажиллах хугацаанд Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.******* нь ажлын байранд үүрэг гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн алдаа дутагдлыг удаа дараа гаргаж байсан ба И.*******ын нэхэмжлэлдээ дурдсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй, чанартай, өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан мэтээр бичсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Нэхэмжлэгч И.*******ын ажлын цагаар төрийн байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь 7.1.1 дэх заалтыг зөрчсөн,төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.*******ын үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар архидан согтуурч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийг зөрчиж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтны хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.2, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авна гэсэн заалт нь мөн адил И.*******д сахилгын арга хэмжээ ногдуулах хууль зүйн үндэслэл байгаа гэдгийг захирамжид дээрх хуулийн зүйл заалтыг дурдаж оруулсан болно. И.*******д сахилгын арга хэмжээ авах талаар миний бие өмнө нь ажлын өрөөндөө амаар өөрт нь мэдэгдэж байсан учир нэхэмжлэлд дурдсан шийтгэл ногдуулахаас өмнө надад мэдэгдсэн зүйл байхгүй гэж бичсэн нь учир дутагдалтай харагдаж байна. Сумын Засаг дарга М.******* би сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.*******ын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: И.******* нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, уг дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. ******* сумын Засаг дарга М.******* миний 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар *******ын *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж ажлаас халсан нь үндэслэлтэй гарсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. И.******* нь төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын 5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах 5.4.5-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д ажилтнууд бие даан өөрийн эрх зүй, ажил хэргийн мэдлэгээ байнга дээшлүүлж, төрийн хууль, төрийн захиргааны ажилтны ёс зүй, ажил хэргийн мэдлэгээ байнга дээшлүүлж төрийн захиргааны ажилтны ёс зүйг эрхэмлэн сахих үүрэгтэй, 12 дугаар зүйлийн 12.1-д ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж байх үед мөн ажлын албан өрөөнд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэх хэмээн заасныг тус тус зөрчиж удаа дараа ажлын цагаар албан өрөөнд болон албан үүргээ гүйцэтгэж байх үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Энэ нь Баян-Ухаа 1-р багийн Засаг дарга Ч.*******, ******* сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д.*******, тус сумын Хонгор багийн Засаг дарга Б.******* нарын тайлбарууд болон И.*******ын ажлын цагаар архи, согтууруулах ундаа ууж байх үеийн дуу бичлэг зэргээр нотлогдоно. Иймээс төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна мөн зүйлийн 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хэмээн тус тус заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн И.******* нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын 5.4.4-д захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 5.4.2-д ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6-д ажилтан Засаг дарга, түүний тамгын газрын дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, сахин биелүүлэх, гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй хэмээн заасны дагуу үр дүнгийн гэрээний хүрээнд өгсөн угтах үйлчилгээ ажиллуулах тухай болон саналын хайрцаг ажиллуулах тухай гэх мэт холбогдох Засаг даргын захирамжуудын биелэлтийг хариуцах үүрэг даалгаварыг цаг тухайд нь огт биелүүлээгүй юм. И.*******тай байгуулсан үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд менежер түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын эрх бүхий албан тушаалтан түүнд хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. Иймээс төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д .. албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.. мөн зүйлийн 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийн 4В-д ..албан үүргээ биелүүлээгүй хангалтгүй биелүүлсэн аль алийг нь хамааруулна хэмээн тус тус заасны дагуу И.*******ыг ажлаас халсан тухай дээрх захирамжийг гаргасан юм. Сумын Засаг дарга М.******* миний гаргасан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар *******ын *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар түүнд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах, 2017 оны 5 сарын 12-ны өдрийн Б/02 дүгээр захирамжаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хэмээн үзэж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч ******* сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлын цагаар албан өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 заалтад заасны дагуу албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, ажлын цагаар архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэн төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах/ байна.

Нэхэмжлэгч нь ажлын цагаар албан өрөөнд архи уугаагүй, албан үүргээ хангалттай биелүүлж, ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байсан гэж маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин бууруулах, ажлаас чөлөөлөх /төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах/ сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлын цагаар албан өрөөнд архи ууж Төрийн албаны тухай хуулийн 13.1.2, 13.1.5-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөнтул А/39 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.2 дахь заалтад зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш дахин ажлын цагаар албан өрөөнд болон албан үүргээ гүйцэтгэж байх үед архи согтууруулах ундаа хэрэглэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын 5.2.1, 5.4.5, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11.1, 12.1-д заасныг зөрчсөн тул Б/02 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтаар ажлаас чөлөөлсөн /төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах/ гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтад заасан төрийн захиргааны албан тушаалтан байна. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй зөрчсөн үйлдлийг тухайн байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороо шалгаж тогтоон дүгнэлт гаргаж, тухайн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахаар байна.

Тодруулбал төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус ёс зүйн хороо ажиллаж, 4.1 дэх хэсэгт зааснаар Ёс зүйн хороо төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна, 5.1 дэх хэсэгт ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана. гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гээд 26.1.2 дахь заалтад албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 26.1.3 дахь заалтад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, нэн талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-н 4 дүгээр зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчидурьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байна.

Дээрх Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-д зааснаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хороогоор нэхэмжлэгчийн ажлын цагаар албан өрөөнд, албан үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундаа хэрэглэж Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журмыг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээгүй, мөн Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дүгээр зүйлийг зөрчижбуюу нэхэмжлэгч И.*******ын гаргасан гэх үйлдлийг шалгаж тогтоолгүй, түүнийг сонсох, зөрчлийн материалтай танилцаж нэмэлт тайлбар гаргах, дахин нотлох баримт цуглуулах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр хангалгүйгээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх /төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах/ сахилгын шийтгэл ногдуулсан удаах үндэслэлээ албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний хүрээнд өгсөн угтах үйлчилгээ ажиллуулах тухай болон саналын хайрцаг ажиллуулах тухай холбогдох Засаг даргын захирамжуудын биелэлтийг хариуцах үүрэг даалгаварыг цаг тухайд нь огт биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй гэдгийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор заасан байх ба нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлээгүй гэх дээрх үйлдлийг хариуцагч нь шалгаж тогтоогоогүй байх тул уг тайлбар үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч******* сумын Засаг даргын тамгын газрын дарга И.*******ын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдлийг байгууллагын ёс зүйн хороогоор шалгаж тогтоолгүй, нэхэмжлэгчид нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул ******* сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.048.193 төгрөгөөс 2017 оны 4 дүгээр сард суутгасан 20 хувь буюу 209.639 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан олгож, 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэстэй байна гэж шүүх үзлээ.

2. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгч И.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч И.*******ын ажилгүй байсан 82 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.979.214 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу И.*******ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох бичилт хийн олгохыг хариуцагчид даалгах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан ******* сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/39, 2017 оны 5 сарын 12-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.*******ыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан И.*******ын ажилгүй байсан 82 хоногийн цалин 3.984.624 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийж нэхэмжлэгчид олгохыг хариуцагч ******* сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР