Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1759

 

Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00784 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Найдвар хоспис” ХХК-д холбогдох

 

Хадгалалтын гэрээний үүрэгт 855 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхбат

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Бүрэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эд зүйлийг хариуцагч Найдвар хоспис эмнэлгийн агуулахад 2013 оны 05 дугаар сард хадгалуулсан бөгөөд тухайн үед уг агуулахын эзнээр өөр хүн байсан. Найдвар хоспис эмнэлэг нь 2015 оны 10 дугаар сард уг агуулахын шинэ эзэмшигч болсон бөгөөд тухайн үед миний монгол гэр иж бүрнээрээ агуулахад нь байсан.

Тэр үед Найдвар хоспис эмнэлгийн захирал, эмч н.Алтанцэцэг “бид чиний юмыг түр харж байя, чи 2016 оны 02 дугаар сард агуулахад хадгуулсан зүйлээ аваарай” гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлээ авах гээд очиход миний хадгалуулсан гэрийн модны нэг хана, кабелийн 80 гаруй метр утас, цүнх, хүүхдийн тоглоом гэх мэт зүйлс алга болсон байсан. Одоо би гэрээ барих гэхээр нэг хана нь байхгүй, уг гэрийн модыг дахин ашиглах боломжгүй болоод байна. Гэрийн ханыг 1 ширхэгээр нь авах боломж байхгүй, авлаа гэхэд тааруулах боломжгүй учраас гэрийн бүтэн ханын мөнгө нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагчаас гэрийн ханын үнэ 400 000 төгрөг, гар цүнхний үнэ 150 000 төгрөг, жаазтай зургийн үнэ 25 000 төгрөг, кабелийн утасны үнэ 200 000 төгрөг, нийт 855 000 төгрөг гаргуулж өгнө үү. Найдвар хоспис эмнэлгийн захирал н.Алтанцэцэг гэдэг хүнтэй уулзаж байсан болохоос н.Бүрэнжаргал гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй гэжээ.

 

Хариуцагч “Найдвар хоспис” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад н.Алтанцэцэг гэдэг захирал болон эмч ажилладаггүй, урьд өмнө ч ажиллаж байгаагүй. Манай байгууллагын зүгээс Ц.Энхээтэй ярьж тохирон эд зүйлийг нь албан ёсоор хүлээж авсан зүйл байхгүй. Мөн гэр бүрэн байсан нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн гэр гэдгийг нотлох баримтгүй тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манай байгууллага гэрийг нэхэмжлэгчээс хүлээн авч хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Найдвар хоспис” ХХК-иас 855 000 төгрөг гаргуулах тухай Ц.Энхээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан үйл баримт тогтоогдсонгүй гэж хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн Иргэний хуулийн 422 дахь зүйлд хадгалалтын гэрээг заавал бичгээр хийнэ гэсэн заалт байхгүй бөгөөд хариуцагч талтай хэлцэл хийсэн байхад анхан шатны шүүхээс хадгалалтын гэрээг бичгээр хийсэн байхыг шаардсан байдаг. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Энхээ нь хариуцагч “Найдвар хоспис” ХХК-д холбогдуулан хадгалалтын гэрээний үүрэгт 855 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 05 сард Шайдевег нийгэмлэгийн агуулахад эд зүйлээ хадгалуулсан, тус нийгэмлэгийн эзэмшлийн зүйл 2015 онд “Найдвар хоспис” ХХК-д шилжсэн ба компанийн захирал гэх н.Алтанцэцэгтэй эд зүйлээ үргэлжлүүлэн хадгалуулахаар харилцан тохиролцсон гэж тодорхойлсон байна.

 

“Найдвар хоспис” ХХК-ийн захирлаар Б.Бүрэнжаргалыг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс томилсон ба тэрээр тус компанийг төлөөлөн Шайдевег нийгэмлэгтэй 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2-31 тоот барилгыг актаар хүлээж авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, уг барилгын агуулахад нэхэмжлэгчийн гэр хадгалагдаж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн байхад шүүх уг харилцааг үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар /хх 50 дахь тал/-таа “байрыг хүлээн авахад агуулахад нэг гэр хураалгаастай байсан ба гэрийг эзэн нь удахгүй ирээд авчихна гэсэн, эд зүйлсээ аваач гэхэд авахгүй байсан” гэснээс дүгнэвэл агуулахыг өмчлөлдөө шилжүүлэн авахдаа хариуцагч нь өмнөх өмчлөлийн хадгалалтын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг шилжүүлж авсан гэж үзэхээр байна.

 

Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй тул хадгалуулагч хадгалагчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн хэмжээ, тоо, ширхэгийг нотлох үүрэгтэй юм. Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрийн ханыг бүрэн бүтнээр, 80 метр кабелийн утас, гар цүнх, жаазтай зургийг хүлээлгэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

 

Гэрч Ч.Батдуламын “Ц.Энхээ нь 2013 оны 5 дугаар сард Шайдевегийн подвальд дан бүрээстэй 5 ханатай гэр бүрэн бүтнээрээ, хана, туулайн арьсан цүнх, гэр бүлийн зургийн альбом, хүүхдийн тоглоом, кабелийн утас хийсэн” гэх мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Хадгалалтын гэрээ байгуулахад бичгээр хийх хуулийн шаардлага тавигдахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул хадгалалтын гэрээг бичгээр хийсэн байхыг шүүх шаардсан нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Талуудын хооронд гэр хадгалах хадгалалтын гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гэдгээ хадгалуулагч нотлоогүй тул хадгалагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд гэрийг буцаан шаардах эрх нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар байна.

 

Харин 1 ширхэг гэрийн хана дутагдуулснаар ханыг бүрэн хэмжээгээр тооцож үнийг гаргуулахыг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлээр хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх талаарх зохицуулалт нь шаардах эрхийн заалт биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00784 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “425 дугаар зүйлийн 425.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхээгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА