Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00101

 

Кгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02261 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1983 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: К

           Хариуцагч: “ЭХХК-д холбогдох

           Үндсэн нэхэмжлэл: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай,

           Сөрөг нэхэмжлэл: 73.000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

      Гуравдагч этгээд С ХХК-ийн бие даасан шаардлага: Нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, өмгөөлөгч Ш.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.А, өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К 2009-09-30 -ны өдөр Эм Энд Жи констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв орон сууцыг 278.000 ам.доллараар авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу орон сууцны үнэ 278 000 ам.долларыг 2009-10-23-ны өдөр бэлнээр төлсөн байдаг. Гэрээг Эм Энд Жи констракшн ХХК-ийн захиралтай байгуулсан, орон сууцны үнийг ерөнхий захирал И Мён Мүгт хүлээлгэн өгсөн. Гэрээ бичгээр хийсэн, мөнгө хүлээлцсэн бичгийн баримт хийгдсэн. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 3.1-д үнийг төлж барагдуулснаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоот, 185.35 м.кв орон сууцны өмчлөх эрх үүсэхээр заасан. Орон сууцны үнийг төлж, өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг авах гэхээр компанийн зүгээс “...тухайн орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа...” гэсэн тайлбарыг хийдэг байсан боловч нэхэмжлэгч гэр бүлийн хамт уг орон сууцанд амьдарч, оршин суусаар өнөөг хүрсэн. Гэтэл тухайн орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011-09- 29-ний өдрийн 11/2 тоот албан бичгээр өгсөн. Ямар асуудал болоод байгааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж лавлахад Эм Энд Жи констракшн ХХК  өр төлбөртөө тооцож, С ХХК-д шилжүүлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байсан. С ХХК-ийн нэхэмжлэлтэй Эм Энд Жи констракшн ХХК-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2010-07-14-ний өдөр 1141А дугаар захирамжаар   зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан  боловч тухайн хэргийн хүрээнд гарсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч маргаан бүхий орон сууцыг битүүмжлээгүй. Өнөөдрийн байдлаар, С ХХК-ийн орон сууц өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болсон бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд байна. Нэхэмжлэгчийн зүгээс, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд гомдол гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 117 дугаар шийдвэр гарсан. К орон сууцны эзэмшигч, өмчлөгч мөн гэсэн үйл баримт тогтоогдсон. Мөн гуравдагч этгээдүүдийн яриад байгаа И Мён Мүг гэгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө Эм Энд Жи констракшн ХХК-ийн хараат байдалд орж мэдүүлэг өгсөн байх боломжтой. Гэрээг 2009-09-30-ны өдөр байгуулахад Им Жун Ү биечлэн байгаагүй боловч тохиролцоо өмнө нь хэлэлцэгдэж байсан тул К гэрээ байгуулахаар очиход компанийн ажилтан гэрээн дээр гарын үсэг зуруулсан, харин дараа нь мөнгөө төлөөд гэрээгээ авсан, гэрээний загвар дээр өөрөө гарын үсэг зурсан байж болох бөгөөд энэ бол компанийн дотоодын асуудал юм. Иймд БНСУ-ын иргэн Кг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Эм Энд Жи констракшн ХХК-д үүрэг болгож , орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурсан И Ён Муг нь тухайн үед гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан, компанийн захирлаар Э.Чимэддагва ажиллаж байсан. Тухайн 2009-09-30-ны өдрийн гэрээний зүйл болох орон сууцны үнэ 278 000 ам.доллар өнөөг хүртэл төлөгдөөгүй. Голден Вилл цогцолборын 102 дугаар байрны 701 тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан компанийн төлбөрт тооцон С ХХК-д шилжүүлсэн. Компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Мөн орон сууцны үнэ болох 278.000 ам.доллар төлж барагдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Манай компанид К болон түүний нөхөр Пак Бён Үг-ээс байрны төлбөр төлсөн гэх орлого ороогүй. БНСУ-ын иргэн Кийн нөхөр Пак Бён Үг нь компанийн бичиг баримт, гэрээний орчуулга, бусад ажилд туслахаар тохирч дээрх орон сууцанд түр орж амьдарсан нь үнэн ч  орон сууцыг худалдан авч мөнгө  төлсөн асуудал байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  Сеүлвин ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К 2009-09-30-ны өдөр Эм Энд Жи констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан, гэрээнд заасан 278.000 ам.долларыг ерөнхий захирал И Мён Мүг-д өгсөн гэж ярьдаг. Тухайн үед хариуцагч компанийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Э.Чимэддагватай гэрээг байгуулаагүй, төлбөрийг тушаагаагүй, төлбөр тушаасан санхүүгийн баримтгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний хуулбарыг өгсөн бөгөөд гэрээ байгуулсан хэсэгт Эм Энд Жи констракшн ХХК-ийг төлөөлж, ерөнхий захирал гээд Им Жун Ү гэсэн нэрний дээр хэсэгт бичсэн гарын үсгийг нэхэмжлэгч  бичсэн нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. И Мён Мүг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, компанийн ажилд шаардлагатай болно гэж үзээд цагаан цаасан дээр гарын үсэг зурж, нэхэмжлэгчийн нөхөрт үлдээсэн байсныг ашигласан гэж мэдүүлдэг. Яагаад хоосон цаасан дээр гарын үсэг зурах болсон гэхээр, нэхэмжлэгчийн  нөхөр Пак Бен Үг нь Эм Энд Жи констракшн ХХК-ийн ажилд тусалж байсан юм. Нэхэмжлэгч 2009-09-30-ны өдөр Им Жун Ү-тэй гэрээ байгуулсан гэх боловч энэ хүн энэ үед Монгол Улсад байгаагүй. Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ хавсаргасан гэрээн дээр Им Жун Ү-ний нэрний доор гарын үсэг зурчхаад эх гэрээг гаргаж өгөхгүй байж байгаад хожим И Мён Мүг Монгол Улсад ирэхээр нь нөхөөд зуруулчихсан гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн атлаа 278.000 ам.долларын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар, С ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч  2009-09-30-ны өдрөөс 2015-11-04-ний өдөр хүртэл хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоот 185.35 м.кв орон сууцыг 6 жил 1 сар буюу 73 сарын хугацаагаар хууль бусаар эзэмшиж ашиглаж ирсэн. Улмаар хариуцагчид өнөөдрийн байдлаар 73 000 ам.долларын хохирол учруулаад байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн байрыг түрээслэхэд нэг сарын түрээсийн төлбөр зах зээлийн ханшнаас багаар бодоход 1000 ам.доллар бөгөөд уг хэмжээний мөнгөөр тооцож түрээсэлж олох байсан орлогоор тооцсон. Нэхэмжлэгч 2009-09-30-ны өдөр Эм Энд Жи констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж уг гэрээний төлбөрт 278 000 ам.доллар төлсөн гэж өнөөдрийг хүртэл  тайлбарласаар ирсэн. Гэвч бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд уг орон сууцны төлбөрт нэг ч төгрөг аваагүй юм. Нэхэмжлэгчийн үндэслэж байгаа орон сууц захиалгаар бариулах гэрээнд хариуцагч талаас гарын үсэг огт зураагүй. Компанийн захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн Им Жун Ү-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрийг   компанид ажиллаж байсан гэх БНСУ-ын иргэн И Ён Мүг-д өгсөн гэдэг нь худал болох нь гэрч И Ён Мүг-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь 6 жил 1 сарын турш хариуцагчийн дээр дурдсан орон сууцтай адил нөхцөл бүхий орон сууцанд түрээсэлж суувал хамгийн багадаа 73.000 ам долларын зардал гаргах байсан байтал уг хэмжээний мөнгөөр өөрийн хөрөнгийг хэмнэж, харин хариуцагч уг хэмжээний мөнгөөр  хохирсон.Иймд нэхэмжлэгчээс 73.000 ам.доллар гаргаж өгнө үү гэжээ. 

       Гуравдагч этгээд Сеүлвин ХХК  бие даасан шаардлагадаа:СХХК болон Эм Энд Жи констракшн ХХК-ийн хооронд 2006-12-20-ны өдөр барилгын ажилд туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр талуудын эрх, үүргийг тусгайлан тогтоож заасан. С ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны Голден вилл цогцолборын барилгын сантехник, цахилгааны ажлын угсралтын ажлыг гүйцэтгэх, Эм Энд Жи констракшн ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, төлбөрийг гүйцэтгэх тухай үндсэн нөхцөлүүдийг тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр төлөх нийт төлбөрийн хэмжээг 4.500.545  ам.доллараар тогтоосон байдаг. С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр хүлээсэн хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Харин Эм Энд Жи констракшн ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гадна төлбөр төлөхөөс  татгалзсан тул  2009-11-20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд  нэхэмжлэл гаргасан. С ХХК-ийн нэхэмжлэлтэй Эм Энд Жи констракшн ХХК-д холбогдох хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2010-07-14-ний өдрийн 1141А тоот захирамж гарсан. Уг  захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу тодорхой үе шаттайгаар явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч, төлбөр авагчийн хооронд харилцан тохиролцсоныг харгалзан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 102, 701, 402, 502 тоот., 102 дугаар байрны 202, 701 тоот., 103 дугаар байрны 1004 тоот., 104-р байрны 102 тоот нийт 8 байрыг хурааж С ХХК-д олгож, эдгээр байрны өмчлөгч болсон. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг төлбөр авагч С ХХК-ийн нэр дээр гаргах, баталгаажуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхэд бүртгэх боломжгүй тухай  2011-02-24-ний өдөр болон 4 дүгээр сард мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан  С ХХК захиргааны хэргийн шүүхэд хандсан.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгасан 251 тоот шийдвэрийг 2011-06-15-ны өдөр гаргаж, С ХХК  дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл К нь 2009-09-30-ны өдөр гэрээ байгуулж, 278.000 ам.долларын үнэ төлж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон мэт С ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж өнөөг хүрсэн. Иймд, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны байрыг БНСУ-ын иргэн Кгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч хариу тайлбартаа: Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, үүргийн зөрчил гаргаагүй тул Эм Энд Жи констракшн ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С ХХК болон Эм Энд Жи констракшн ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ болон энэ гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлээд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны байрны өмчлөгч нь С ХХК болсон гэж шаардлага гаргадаг. Гэтэл гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийн талаар гарсан шийдвэр, захирамжид маргаан бүхий орон сууцыг төлбөрт тооцох, шүүхийн шийдвэрийг биелүүлэх баталгаа болгон заагаагүй. Мөн хожим С ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаад хүчингүй болсон, биелэгдсэн шийдвэрийг цуцалсан. Одоогийн байдлаар, С ХХК-ийг маргаантай орон сууцны өмчлөгч гэж үзэхгүйгээс гадна  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02261 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Кг Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг “ЭХХК-д үүрэг болгож, БНСУ-ын иргэн Кг тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “ЭХХК-ийн 73 000 ам.доллар гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч К хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн гуравдагч этгээд “С” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 15 000,00 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улс  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 1979 дүгээр захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 04-ний өдрийн 1983 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02261 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн  бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

         Нэхэмжлэгч төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч нь  Баянзүрх дүүргийн 1 хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхоны 102 байрны 701 тоот 185.35 м2 талбай бүхий орон сууц одоо хүртэл эзэмшиж, ашиглаж ашиглалтын зардлыг төлж байгаа бөгөөд хэн ч эзэмшилд нь саад болоогүй, мөн уг орон сууцны төлбөрийг бэлэн Эм Энд Жи Констракшн ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар томилогдсон И Мён Мүг-т 278.000 ам.долларыг төлсөн гэдгээ нотолсон. Түүнд хүлээлгэн өгч баримт авснаа нотлох баримтаар өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 117 дугаар шүүхийн шийдвэртэй хэрэгт гэрчээр оролцсон гэрч Пак Бён Үг, Ч.Шийрэв нар нотолж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. И Мён Мүг гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөнгө аваагүй гэж мэдүүлэг өгсөн нь худлаа бөгөөд түүний гарын үсэгтэй, Эм энд Жи констракшн ХХК-ийн тамгатай мөнгө хүлээн авсан баримт түүний гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа, мөн захирлаар ажиллаж байгаагүй, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр ирц хүрээгүй  гэдэг нь үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг шүүхэд нотлох баримтаар өгсөн, тэр тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн  тогтоол хэрэгт авагдаагүй. Тухайн үед хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцаанаас хамаарч 2 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц бүрдэж шийдвэр гаргасан.Энэ  тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн нөхөр Пак Бён Үг хариуцагч компанид төлбөр төлсөн. Гэрч Ч.Шийрэв Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 117 дугаар шүүхийн шийдвэртэй хэрэгт гэрчээр оролцохдоо 5 жилийн өмнө хүний нэр бусад зүйлийг сайн санаж байхдаа өгсөн бөгөөд сүүлд 5 жилийн дараа дахин өгөхдөө би зарим юмыг санахгүй байна гэсэн нь гэрчийн буруу биш, хүн амьдрал дээр зарим юмыг мартаж л байдагтай холбоотой. Эм Энд Жи констракшн ХХК нь мөнгө авахдаа манай компанийн дансыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хаасан байгаа, мөнгө бэлэн өгчих гэж мөнгө авсан баримт үйлдэж, мөнгөө аваад баримтаа хуулийн шаардлага хангаж өгсөн бөгөөд уг мөнгө компани санхүүд бүртгэлтэй эсэх нь компанийн дотоод асуудал юм. Нэхэмжлэгч төлбөрөө төлсөн нь баримтаар тогтоогдож байхад шүүхээс ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т зааснаар  үнэлэхэд орон сууцны үнэ 278.000 ам.долларыг нэхэмжлэгч төлсөн  тогтоогдоно. Хариуцагч өмнө 2011 онд нэхэмжлэл өгсний дараа тайлбараараа Эм энд Жи констракшн ХХК нь нэхэмжлэгчтэй  гэрээ байгуулж байгаагүй, мөнгө авч байгаагүй гэж маргасан бөгөөд  шүүхийн шийдвэр гарч хүчингүй болсны  шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргахад  гэрээний эх хувь хэрэгтэй гэхэд  гэрээг гаргаж өгсөн нь уг компанийн үе үеийн удирдлагууд гэрээ байгуулсан болохыг мэдэж байсан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг худалдаж авахдаа зарим нэг асуудлыг бүрэн тодруулах боломжгүй байсан нь түүний буруу биш бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч хохирох ёсгүй юм.  Талуудын хооронд байгуулсан гэрээ эх хувиараа 2 талаас гаргаж өгсөн гэрээний нэхэмжлэгч талаас гаргасан гэрээ нь И Мён Мүг гарын үсэг илүү зуруулсан нь нотлогдоно. Талуудын хооронд байгуулсан 2009-09-30-ны өдрийн гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж, Эм Энд Жи констракшн ХХК-ийн ерөнхий захирал И Жүн Ү, 2009-10- 22-ны өдөр Эм Энд Жи констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилогдсон И Мён Мүг 2009-10-23-ны өдөр давхар зурж, 278.000 ам.долларыг хүлээн авсан, захиалагчийг төлөөлж К нар гарын үсэг зурсан байна. Төлбөр төлсөн баримт буюу гэрчийн мэдүүлэг 2009-10-22 -ны өдөр эхнэр БНСУ-ын иргэн Кн нэрийн өмнөөс Пак Бён эн бөгөөд Эм Энд Жи констракш ХХК-ийн гүйцэтгэх захирал Им мён Мүг нь төлбөр төлснийг баталгаажуулан мөнгөний баримт олгож байна гээд албан тоот бичиг хийж өгсөн. 2009-10-22 -с Эм Энд Жи констракшн ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар томилогдсон И Мён Мүг-ийг Им Жун Үг ерөнхий захирлаар ажиллаж байсныг тодорхойлсон /баримтаар бол тус компанийн захирал Им Жун Үг гарын үсэг зурж тодорхойлсон/. Баянзүрх дүүргийн 1 хороо Дамбын гудамж Голден вилл хотхоны 102 байрны 701 тоот 185,35 м.кв талбай бүхий орон сууц одоо хүртэл эзэмшиж ашиглаж ашиглалтын зардлыг төлж байгаа бөгөөд хэн ч эзэмшилд саад болоогүй болно. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны  117 дугаар шүүхийн шийдвэртэй хэрэгт гэрчээр оролцсон гэрчүүд Эм Энд Жи констракшн ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас гүйцэтгэх захирлаар томилогдсон И Мён Мүг-т 278.000 ам.доллар төлсөн болохоо нотолсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээний агуулгыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 117-р шийдвэрээр Нийслэлийн захиргааны хэргийн 2012 оны 273-р тогтоолоор тогтоогдсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон тус шүүхийн зарим шийдвэрийг хүчингүй болгосон. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 байр 701 тоот 185.35 м2 бүхий 5 өрөө байрыг Эм Энд Жи констракшн ХХК өмчлөх эрхийн бүртгэлээс хасч, нэхэмжлэгч С ХХК-ний өмчлөгчөөр бүрэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн 2011 оны 251-р шийдвэрийг шинээр нөхцөлийн улмаас мөн шүүхийн 2012 оны 273 дугаар тогтоолоор хүчингүй болгож хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр болж энэ хэрэгт БНСУ-ын иргэн Кг гуравдагч этгээдээр оролцуулсан. С ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох дээрх хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн ажиллагаанд байгаа энэ хэргийг шийдвэрлэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 85 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж, шийдвэрлээгүй байгаа. Биелэгдсэн шийдвэрийг цуцалсан. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 251 дүгээр шийдвэрийг ШИНБ улмаас мөн шүүхийн 2012 273 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч ИХШХШТХ-ийн 182.1-д зааснаар биелэгдсэн шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.03.11-ний өдрийн 175 дугаар тогтоолоор 251 дүгээр шийдвэрийг үндэслэж хийгдсэн УБЕГ-ын ЭХЭБГ-ын 2011.08.18-ны өдрийн Ү-2204037129 дугаар бүртгэл болон С ХХК-д олгосон 000159445 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус цуцалсан. Нэхэмжлэгч төлбөрөө төлбөрийн даалгавраар биш бэлнээр /төлбөрөө төлөөд уг төлбөрийг Эм эн жи констракшн ХХК авсан тодорхойлолт байгаа/ төлснийг далимдуулан үгүйсгэх төлбөрийг авсан И Мён Ү-ээр хожим буюу одоо ХХШАжиллагааны явцад худал мэдүүлэг гаргуулсан замаар 2010 оны 11 сард хариуцагч Эм Энд Жи констракшн ХХК бусдад буюу С ХХК-д төлөх төлбөртөө санал болгож энэ ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчиж явуулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн уг ажиллагааг нэхэмжлэгч харьяаллын дагуу гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүх маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч нь К бөгөөд түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байгааг тогтоож тухайн орон сууцыг С ХХК-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, 2012 оны 117-р шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Энэхүү шийдвэрт К нь Эм энд жи констракшн ХХК-тай орон бууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна. Тэрчлэн орон сууц худалдан авалтын төлбөрийг хийсэн нь Эм энд жи констракшны ерөнхий захирал И Ён Мү-ийн хийж өгсөн тодорхойлолт болон 278.000 ам.долларын бэлнээр гардуулж өгсөн нь гэрч Пак Бён Үг, Ч.Шийрэв нарын мэдүүлгээр тогтоогдсоныг дүгнэсэн байна. Тэр үед хариуцагч талаас гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах талаар санал гараагүй байдаг ба Эм энд жи констракшн ХХК-ний ерөнхий захирал И Ён Мү байсан. /дараагийн захирал им Жүн Ү тодорхойлолт хийж өгч байсан/ тухайн хэрэгт УБЕГ-аас хуулийн этгээдийн удирдлагын талаар болон дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан /одоогийн энэ хэргэт ч лавлагаа гаргуулсан адил байгааг анхаарах/ гэрч Пак Бён Үг, Ч.Шийрэв нарыг энэ шүүх хуралдаан дээр биечлэн асууж мэдүүлэг гаргуулсан, хариуцагч Эм энд жи констракшн ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон зэргийг дурдах нь зүйтэй болов уу. Тухайн үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Эм энд жи констракшн ХХК-ийн төлбөр, маргааны дагуу шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэл хийхийг түдгэлзүүлсэн тул Лий Ёнг Мүк захирлаар томилсон хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн тайлбарыг өгсөн. 278.000 ам.долларыг К миний нөхөр хүлээлгэж өгөхдөө 2009-09 30-наас хойш захирал нь хэн болох хэнд нь өгөх нь зөв болохыг хүлээж байгаад 2009-10 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Лий Ёнг Мүк хүлээлгэн өгч, мөнгө авсан баримт Эм энд жи констракшн ХХК-ийн нэрээ авсан болно. Мөн өөрт байсан гэрээндээ эх хувь дээр Лий Ёнг Мүкээр гарын үсэг зуруулж баталгаажуулан авсан. Түүнчлэн уг Сүхбаатар дүүргийн шүүхийн 117 дугаар шүүхийн шийдвэрт зохигч хэн адил гомдол гаргаагүй давж заалдах хяналтын шүүхэд хянагдаагүй, /энэ тухай баримтыг тус шүүхэд өгсөн байгаа/ ИХШХШТХ-ийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт үүнийг дахин нотлохгүй бөгөөд энэ шүүх хуралдаанаас гарах шийдвэрийн үндэслэл болох учиртай байсан. Магадлалын заалтыг биелүүлэх талаар. Гэрээнд зурагдсан гарын үсэг Им Жүн Ү-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд энэ хүсэлтийг хангасан боловч шинжилгээ хийлгэх боломжгүй гэсэн хариу ирсэн нь учир дутагдалтай байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2012 оны 117 дугаар шүүхийн шийдвэрт Солонгос улсын иргэн Кей Сын Хий нь Эм Энд Жи констракшн ХХК-тай байгуулсан 2009-09- 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна гэдгийг нэгэнт дүгнэсэн, мөн адил Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012.07.20-ны өдрийн 273 дугаар тогтоолд дүгнэсэн байдаг. Одоо гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн үедээ маргаагүйгээр барахгүй шүүхийн уг шийдвэрт давж заалдах болон хяналтын шүүхэд гомдол гаргаагүй болно. С ХХК гуравдагч этгээдээр уг хэрэгт оролцсон юм. Мөн тухайн үед хариуцагч талаас гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах талаар санал гаргаагүй байдаг. Хариуцагч талаас маргаж буй ... гэрээ зохих ёсоор байгуулагдаагүй ийм гэрээ манай компанид байхгүй захирлын гарын үсэг хуурамч, мөнгө төлсөн баримт санхүүгийн баримтад байхгүй гэдэг тайлбарыг шүүх дүгнэж шийдвэрлэх хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан энэ талаар ч давж заалдах шатны шүүхийн магадлалын 9 дүгээр талд дүгнэгдсэн. Гэтэл хариуцагч байхгүй гээд байсан гэрээгээ өөрөө гаргаж ирж шүүхэд өгсөн байгаа. Нэхэмжлэгч талын эзэмшил хууль бус болох тухай энэ олон жилийн туршид аль ч шүүх бүртгэлийн эрх бүхий байгууллагаар тогтоогоогүй үйл баримт болно. Харин хариуцагч талын маргаан хууль бус болох нь шат шатны шүүхээр болон Эрхийн бүртгэлийн эрх бүхий байгууллагаар тогтоогдоод байгаа үйл баримт гэдгийг шударга шүүх тогтооно гэж найдаж байна. Мөн түүнчлэн С ХХК уг байрыг чөлөөлж өгөхийг хүссэн бие даасан шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь үндэслэлгүй ба ингэж чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болохыг манай тал дээр дурдсан тайлбар болон баримтуудаар нотолж байгаа билээ. /энэ компанид олгогдсон уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2014.03.11-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 175 дугаар тогтоолоор хүчингүй болж цуцалсан/.  2015-05-28-ны өдөр гарсан Шинжээчийн дүгнэлтийн талаар: Шинжээчийн энэ дүгнэлтийг хууль зүйн талаас нь шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь: Иргэний болон Захиргааны хэргийн шүүхүүд маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсэн. /хүчин төгөлдөр гэрээ болохыг/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өмнөх жилүүдэд маргаан гаргаагүй байж одоо энэ үндэслэлийг гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд ач холбогдол алдсан. Гол нотлох баримт болох “Орон сууц захиалан бариулах гэрээ” эх хувьтай нь харьцуулж шинжилгээ хийгээгүй. Маргаан бүхий талуудын эрх тэгш байдлыг хангаагүйгээр барахгүй дүгнэлт гаргахад үндэслэл болох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй байж дүгнэлт гаргасан нь хууль ёсны бус болсон. /Зоос банкны эрх хүлээн авагч дээр буй Им Жун Үг загвар гэж дурдсан баримтыг шинжилгээнд оруулаагүй/ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч биелэлтийг хангаагүй учир, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болно. Иймд ...магадлал үндэслэлгүй тул хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       БНСУ-ын иргэн К 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгахыг хүссэн байна.  /хх 1-ийн 1-2/

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 1-ийн 57, 103/ маргахдаа сөрөг нэхэмжлэл гарган, ”...нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцанд амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 73.000 ам.доллар ...” /хх 2-н 232/ К-с шаарджээ. 

       Гуравдагч этгээд С ХХК нь маргаан бүхий орон сууцыг “...хариуцагчаас төлбөртөө тооцон авсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргасан байна. /хх1-ийн 26-28, 107-110/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... К маргаан бүхий орон сууцны үнэ 278,000 ам.долларыг төлсөн байна... хариуцагчтай гэрээ байгуулж, үнийг төлсөн боловч өмчлөх эрхийг хариуцагч тал зохих журмын дагуу нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь тогтоогдсон...” гэжээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бие даасан шаардлагын хамт тус тус  хэрэгсэхгүй болгохдоо “... 278 000 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагч компанид төлсөн гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй...” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг., “...маргаан бүхий орон сууцыг “С шаардаагүй... ” гэж сөрөг нэхэмжлэлийг., “...“С” ХХК орон сууцны өмчлөгч болоогүй...” гэж бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. 

       Хяналтын шатны шүүхэд хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд буюу нэхэмжлэлийн талаар тус шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

       Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч  хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх, улмаар маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн үйл баримт нотлогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ.

       Нэхэмжлэгч нь “... Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан...” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул БНСУ-ын иргэн К болон Э ХХК-н хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийгхангах нөхцөл бүрдэнэ. 

       Хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл болсон, “орон сууц захиалгаар бариулах тухай” 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2 гэрээ авагдсан байх боловч эдгээр нь гарын үсэг зурагдсан байдлаараа хоорондоо ялгаатай /хх 1-ийн 7-11, хх 2-н 138-142., хх 1-ийн 226-230/., хариуцагч талын төлөөлөгч уг гэрээнд гарын үсэг зурсан буюу гэрээг байгуулсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн  давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 26, 39, 40, 243-р зүйлүүдийн зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

       К шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг үндэслэх хэдий ч уг гэрээний 5.3-т заасны дагуу төлбөрийг банкны харилцах дансанд хийсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар /хх 1-ийн 13-14, 145., хх 2-228., хх 3-н 31-32, 44/ нэхэмжлэгч нь 270.000 ам.долларын орон сууцны төлбөрт 278.000 ам.доллар төлсөн нь нотлогдоогүй, 8000 ам.доллар илүү төлсөн үндэслэлээ тайлбарлаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.    

      Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг өөрийн эзэмшилд авсан гэх боловч үүнийг үгүйсгэх баримтуудын /хх 1-н 12., хх 2-н 230/ талаар мэтгэлцээгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ. 

      Давж заалдах шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1983 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ