Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00950

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01761 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдох,

 

3,534,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2024 оны 08 сарын 20-ны өдөр 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу Г-20240820 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, өөрийн дангаар эзэмшдэг байсан ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

1.2. Гэтэл хариуцагч нь Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b-д компанийн өөрчлөлтийг хийж дууссаны дараа ... гэж заасны дагуу 1,000,000 ам.долларын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

1.3. Хайгуулын ажлын үр дүнгээр 10 тонноос дээш нөөц тогтоогдсон тохиолдолд 1,000,000 ам.доллар авах нөхцөлийг тохиролцсон. ******* ХХК-ийн хөндлөнгийн мэргэжлийн геологичдын багаар хийлгээд, 15.6 тонн нөөц байна гэдэг нь тогтоогдсон ба хариуцагч талын төлөөллүүд 2025 оны 03 сарын 25-ны өдөр очиж танилцсан. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн нөөцийн асуудал хөндөгдөөгүй.

1.4. Түүнчлэн ******* ХХК-ийн хуулийн асуудлыг хариуцаж байгаа хүн нь БНХАУ-ын иргэн ******* юм. БНХАУ-ын иргэн ******* нь 2024 оны 08 сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний оролцогч тал учраас хамтран хариуцагчаар тодорхойлж байна. Иймд 3,534,480,000 төгрөгийг /гэрээний 2.1-д зааснаар 2025 оны 04 сарын 14-ний өдрийн төгрөгтэй тэнцэх ханш/ хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ******* Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг 2024 оны 08 сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлж авсан ба гэрээний үнэ 1,400,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх Монгол төгрөгийг *******д хугацаанд нь төлсөн.

2.2. Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b-д Компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол хариуцагч нь нэхэмжлэгчид 1,000,000 ам.доллар нэмж төлнө. Хэрэв үгүй бол гэрээний эцсийн үнэ нь 2.2.а-д заасан үнэ болно гэж заасан.

2.3. Энэхүү нөөц тогтоох ажлыг ******* нь зохион байгуулж, хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр болсон ба үүний үр дүнд ... Нөөцийг баталгаажуулах тайланг бэлтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, батлуулах ... үүргийг хүлээсэн. Мөн *******гийн санал болгосноор өрөмдлөг, хайгуул хийх компанийг тохиролцсон.

2.4. Ийнхүү хоёр тал тохиролцоонд хүрч 2024 оны 09 сарын 11-ний өдөр ******* сумын нутагт орших Их Зүүний XV020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

2.5. Тус хайгуулын ажил гүйцэтгэх гэрээгээр Гүйцэтгэгч тал буюу *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь томилогдсон ******* ХХК нь хайгуул судалгааны зорилгоор тус гэрээний 1.2-д заасан ажлуудыг гүйцэтгэж төрийн захиргааны байгууллагаар батлуулах ажлыг чанартай гүйцэтгэх, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

2.6. Өөрөөр хэлбэл энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас шаардаж буй хөлсийг хайгуулын ажлын баталгаажсан үр дүнд тулгуурлан төлөхөөр тохиролцсон. Гэтэл хамтран ажиллах гэрээ, хайгуулын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ******* нь нөөцийн тайланг холбогдох төрийн байгууллагаар батлуулаагүй, баталгаатай бус тайланд үндэслэн нэмэлт хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

2.7. Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.4-д нэхэмжлэгч нь энэ удаагийн хайгуулаар ЭБМЗ-өөр Монгол улсын стандартаас дээш нөөцийг батлуулж, Ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч өгнө гэж тохиролцсон. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргаж авах ба тус өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг зайлшгүй хавсаргахаар зохицуулсан.

2.8. Гэтэл гэрээнд заасан нөөцийн тайланг гүйцэтгэгч тал боловсруулсны дараагаар Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөл /ЭБМЗ/-өөс 2 мэргэжлийн шинжээч томилсон ба холбогдох тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтээр ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж дүгнэсэн.

2.9. Шинжээчийн дүгнэлтийг нягталж үзэхэд, гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэл асар доголдолтой, Монгол Улсын стандарт нормд нийцээгүй, дутуу дулимаг ажилласан нь тогтоогдсон. Цаашлаад уг дүгнэлтэд баялгийг тооцохдоо нэг л дээжийн агуулгаар тооцсон нь баялгийн хэмжээг их харагдуулж байна. Үнэмшил багатай мөн сорьцолж шинжилгээнд хамруулсан гэж тэмдэглэгдсэн керн дээжүүд хайрцагтаа бүтнээрээ дээжлэгдээгүй, хөрөөдөгдөөгүй гэж тусгасан байна. Эдгээрээс үзэхэд *******ХХК буюу нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нөөцийн тайланг зориудаар алдаатай хийж алтны баялгийн хэмжээг их харагдуулах зорилготой байсан гэж үзэхээр байна.

2.10. Иймд өнөөдрийг хүртэл хийсэн ажил нь стандартын шаардлага хангаагүй дахин хийгдэх шаардлагатай төдийгүй, эхний шатанд ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх ч боломжгүй тайлан болсон. Хамтран ажиллах гэрээний 2.2.6-д зааснаар цаашдын хайгуулын ажлын үр дунд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш ... гэж заасан байх боловч ******* хайгуулын ажлын үр дүнд хүрч чадаагүй, гаргасан нөөцийн тайлан нь алдаатай, ЭБМЗ-өөс уг тайлан нь үнэн зөв гэж батлах боломжгүй, ******* хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар хэдий хэмжээний нөөц байгаа нь тодорхойгүй байхад биднээс төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

2.11. Түүнчлэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нөөцийн тооцооллыг хийсэн ******* ХХК-аас 2025 оны 03 сарын 22-ны өдөр манайд хүргүүлсэн Нөөцийн тайлангийн тухай тайлбарт ... алтны хүдрийн ордод боломжит нөөц (С) зэрэглэлээр 3,222 кг алтны нөөц, таамаг нөөц (Р) зэрэглэлээр 12,394 тонн нийт 15,617 кг (ордын дундаж агуулга Аи 0.71 г/т) тус тус тооцоологдсон болно. гэж тусгасан. Хамтран ажиллах гэрээнд нөөц гэж заасан байтал нэхэмжлэгч нь уг хоёрын хэмжээг нэгтгэн гарсан дүнг үндэслэн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. БНХАУ-ын иргэн *******-г хамтран хариуцагчаар татан оролцуулсан атлаа ямар үндэслэлээр, юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

3.2. 2024 оны 08 сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 4.2-т БНХАУ-ын иргэн ******* ямар үүрэгтэй оролцож байгаа талаар тусгасан. Тухайн гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул БНХАУ-ын иргэн *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК болон БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******гийн 1,000,000 ам.доллар буюу 3,534,480,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,830,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10-д ... ******* ХХК-аас 1,000,000 ам доллар гаргуулах үндэслэлгүй буюу нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байна гэж тодорхойлжээ. Аливаа ашигт малтмалын ордод тогтоогдсон нөөцийг ЭБМЗ-өөр батлуулсан тохиолдолд л нөөц гэж үзэх, хэлэлцүүлээгүй бол нөөц байхгүй гэсэн заалт холбогдох Монгол улсын холбогдох бүх хууль, журам, зааварт огт байхгүй.

5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.6-д ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.9-д ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг, 4.1,10. ашигт малтмалын үндсэн орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож анхлан үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдсийн хуримтлалыг гэж тодорхойлсон.

5.3. Бидний зүгээс уг хайгуулын талбайд 2024 онд явагдсан хайгуулын ажлын үр дүнд 15.6 тонн алтны үндсэн хуримтлал үүссэн байгааг хайгуулын өрөмдлөгийн ажлын тусламжтайгаар тогтоож, алтны нөөцийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт, холбогдох журам, зааврын дагуу тавигдах шаардлагад нийцүүлэн арга аргачлалын дагуу тооцоолсон. Гэтэл энэ нөөцийг огт байхгүй, тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. ******* нь хариуцагчийн өмнө ЭБМЗ-өөр тогтоогдсон нөөцийг хэлэлцүүлж, батлуулах үүрэг огт хүлээгээгүй.

5.4. Түүнчлэн ******* сумын нутаг дахь ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023-2024 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон алтны нөөц 15,6 тонн юм. Иймд энэ нөөц нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 1,000,000 ам доллар төлбөр төлөх нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн юм.

5.5. Нэхэмжлэгч талуудын ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүднээс ******* ХХК, алтны ордын хайгуулын чиглэлээр мэргэшсэн геологичдын мэргэжлийн баг ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу тэдний хийсэн нөөцийн тооцоолол юм. Гэтэл нөөцийн тооцоолол хийх арга аргачлалд огт хамааралгүй үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.6. ЭБМЗ-ийн дүрэм бол нөөцийг хэрхэн бүртгэх тухай журам болохоос нөөц тогтоох, тооцоолох журам биш юм. Аливаа ордын нөөцийн тооцоололд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа арга аргачлалын дагуу л гүйцэтгэсэн байх шаардлага тавигддаг. Гэтэл хайгуулын талбайд алтны 15,6 тонн нөөц байна гэдэг тооцоолол баримтыг албан ёсоор хөндлөнгийн мэргэжлийн компани, Монгол улсын зөвлөх геологич нар анхан шатны шүүхэд алтны нөөцийн тооцоолол, гаргасан дүгнэлтээ ирүүлсээр атал, анхан шатны шүүхээс нөөц 10 тн-оос дээш болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шинжлэх ухааны болон эрх зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр болжээ.

5.7. Хариуцагч компанийн удирдлагууд өөрсдөө ******* ХХК-ийн геологичдын тогтоосон алтны нөөцийн тооцоололтой биечлэн танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрсөн, энэ тухай хариуцагчийн компани албан бичгээрээ нотолсон баримтууд хавтаст хэрэгт байсаар атал шүүх үүнийг огт үнэлээгүй. Мөн нөөцийн тооцоолол, нөөц тогтооход огт хамааралгүй журмын заалтыг үндэслэж анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.8. ЭБМЗ-өөс томилсон шинжээч нарын дүгнэлтэд тодорхойлохдоо хариуцагч зарим ажлаа дутуу хийсэн, тухайлбал: Өрмийн керн хөрөөдөх ажлаа огт хийгээгүй буюу хийсэн багахан хэсэг нь стандартын дагуу хийгдээгүйгээс аргачлалын алдаа гаргасан байна гэдгийг зориуд тэмдэглэж, энэ ажлаа гүйцээж хийвэл тайланг ЭБМЗ-өөр оруулж хамгаалах боломжтой болохыг зөвлөсөн. Шинжээчийн шүүмжид дурдсан бусад асуудал нь зохиогчийн хариу тайлбараар няцаах, тайлбарлаж болох заалтууд ихэнх нь байсан. Ордын нөөцийн талаар ЭБМЗ-өөс томилсон шинжээч нарын дүгнэлтэд огт байхгүй.

5.9. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд заасанчлан өрмийн керний дээж хөрөөдөх үүргийг хариуцагчтай байгуулсан аль ч гэрээгээр миний бие хүлээгээгүй. Энэ ажлыг хариуцагч өөрөө хийгээгүй орхисноос болж л ЭБМЗ-өөр тайланг хэлэлцүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан. Үүнийг шинжээч нар өөрсдөө тэдэнд биечлэн хэлсэн байдаг.

5.10. Түүнчлэн Монгол улсын зөвлөх геологич *******баталгаажуулан дүгнэлт гаргасан баримт хавтаст хэрэгт байсаар атал, анхан шатны шүүхээс үүнийг үнэлж дүгнээгүй. Гэтэл ЭБМЗ-өөр хэлэлцүүлээгүй гэдэг Монгол улсын хууль дүрэм, журамд хаана ч байхгүй шалтгаанаар нөөц тогтоогдоогүй мэтээр үндэслэлгүй, нарийн мэргэжил, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан гаргах байсан шийдвэрийг анхан шатны шүүх бие даан үндэслэлгүй гаргасныг олон жил геологийн салбарт ажилласан мэргэжлийн геологич хүний хувьд (39 жил ажилласан) хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.11. Мөн шүүхээс захирамж гарган, хоёр компаниас тус тусад нь шүүхэд авчруулсан тайлан, нөөцийн тооцооллыг үнэлж, үндэслэж шийдвэр гаргах юм байна гэж бидэнд ойлгуулсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нөөц тогтоохтой огт хамааралгүй журам, зааврын заалтыг хүчээр хамаатуулж байгаад шударга бус шийдвэр гаргасан.

5.12. ЭБМЗ-ийн дүрэмд зааснаар бол шинжээч туйлын үнэн дүгнэлт гаргана гэсэн үг биш гэдгийг төрөөс нотолсон нотолгоо юм. Үүнээс дүгнэхэд хариуцагч ******* ХХК-нь нэхэмжлэгч *******д гэрээний 2.2.6-д заагдсан төлбөрийг эхнээсээ л огт төлөхгүй гэсэн зорилготой, тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх сонирхолгүй байсан нь тодорхой байна.

5.13. Хариуцагч төрийн захиргааны байгууллагад өөрсдөө хандаж хүсэлт гаргасан албан бичгээр дээрх тооцоолсон алтны нөөцийг хүлээн зөвшөөрч 15,6 тн алтны нөөц тогтоогдсон гэж тодорхойлдог, шүүх дээр гэрээний дагуу төлбөр төлөх болохоор хүлээн зөвшөөрөхгүй болж байгаа баримт байдаг. Үүнийг анхан шатны шүүх бодитой үнэлэхгүйгээр шударга бус шийдвэрлэсэн.

5.14. ЭБМЗ-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд туссан ажлын аргачлалын гол алдаатай асуудал нь дээрх ажил байсан юм. Хэрэв хариуцагч ******* ХХК энэ ажлаа бүрэн хийсэн бол ямар ч хүндрэл гарахгүйгээр нөөцийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх боломжтой байсан. Энэ нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс шударгаар үнэлээгүй.

5.15. Хариуцагчийн зүгээс 2025 оны 08 сарын 06-ны өдөр ЭБМЗ-ийн томилсон шинжээч нарын дүгнэлттэй танилцсаны дараа, тэдний зөвлөсөн керний дээж зүсэж, дахин дата бүрдүүлэх ажлыг хариуцагч ******* ХХК-ны удирдлагууд дахин хийх ёстойг бүрэн зөвшөөрсөн. Улмаар надтай хоёр удаа биечлэн уулзсаны үндсэн дээр уг дутуу хийгдсэн ажлыг надаар хийлгэхээр тохиролцож, 2025.08.14-нд би уг ажлыг эхлүүлсэн.

5.16. Гэвч уг эхлүүлсэн ажлыг ******* ХХК тодорхойгүй шалтгаанаар өөрсдөө гэнэт зогсоосон. Гэтэл би гүйцэтгэгч компани-д 40,000 ам.долларын урьдчилгаа төлбөр хувиасаа төлж хохирсон. Тэр ч байтугай надаар керний дээжээ бүтэн жил хүний газарт хадгалуулчхаад гэрээний дагуу төлөх ёстой байсан 110,000,000 төгрөгийг надад огт төлөөгүй. Энэ баримтыг шүүх огт үнэлээгүй.

5.17. ******* ХХК, ******* ХХК-ийн хүсэлтээр ******* надад гэрээ байгуулах итгэмжлэл олгосон болохоос энэ компанийг би бүрэн төлөөлөх эрх хуулиар байхгүй гэдгийг хариуцагч ойлгоогүй. Түүгээр ч зогсохгүй нэхэмжлэгчийн эзэмшдэг компани гэж байгаа ******* ХХК нь 2025 оны 05 сард хариуцагч ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргамагц, хариуцагч даруй эвлэрч, төлбөрөө 100 хувь төлсөн баримтууд байхад үүнийг шүүх огт үнэлсэнгүй.

5.18. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ******* ХХК-ийг хариуцагч ******* ХХК худалдаж авахдаа ...нийт 2,400,000 ам.доллар төлнө гэж тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон холбогдох заалтыг буруу тайлбарласанд гомдолтой байна.

5.19. Талуудын хооронд 2024 оны 08 сарын 20-ны өдөр байгуулагдсан 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b-д заасны дагуу 1,000,000 ам долларын төлбөрийг ******* ХХК-аас *******д төлөх байсан. Энэ мөнгийг гэрээний 2.1-т зааснаар 1,000,000 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, Монгол төгрөгөөр 3,534,480,000 төгрөгийг *******д олгох ёстой юм.

5.20. Иймд ******* ХХК-аас гэрээний дагуу надад төлөх ёстой 3,534,480,000 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж тайлбарладаг атлаа чухам ямар баримтыг үнэлж дүгнээгүй талаар тодорхой хэлдэггүй.

6.2. Нэхэмжлэгч зөвхөн нэг агуулгаа давтаж 6 хуудас бүхий давж заалдах гомдол гаргасан байх ба яг ямар үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй байдаг.

6.3. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ болон тухайн гэрээний нөхвөр гэрээ гэх гэрээнүүд байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээ нь 2024 оны 08 сарын 20-ны өдөр байгуулагдсан, харин нөгөө гэрээ нь 2024 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нөхвөр гэрээ нь өмнөх гэрээнээс 12, 13 хоногийн дараа байгуулагдсан бөгөөд өмнөх гэрээний 4 заалтыг хүчингүй болгосон гэрээ юм.

6.4. Талууд дээрх гэрээнээс тусдаа 2024 оны 09 сарын 11-ний өдөр 240910 гэх дугаартай гэрээг дахин байгуулсан. Өөрөөр хэлбэл, ******* сумын нутагт орших Их Зүүний хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК-тай ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* буюу энэ хэргийн нэхэмжлэгч байгуулсан. Уг гэрээнд тусгагдсан 14 геологийн нарийн мэргэжлийн ажлыг ******* өөрөө хийнэ гэж хэлсэн атлаа одоо би гэрээ байгуулсан болохоос тухайн ажилд оролцоогүй гэж тайлбарлаж байна.

6.5. Хайгуулын лицензийг авсан компани мэргэжлийн хүнийг нь ажиллуулж, ашиглалт болох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 14 төрлийн ажлыг хийлгэхээр тохиролцож, тухайн ажлыг хийж гүйцэтгэх хөлсөнд 550,000,000 төгрөг өгсөн бөгөөд ******* дээрх мөнгийг бүрэн авсан. Гэсэн атлаа ******* холбоотой гэрээнүүдийн асуудлаар дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6.6. Нэхэмжлэгч гэрээнүүдийн асуудлыг хольж хэлдэг буюу нөхвөр гэрээгээр хийж гүйцэтгэх ажил байхгүй гэх мэтээр тайлбарлаж байна. Мөн хайгуулын ажил хийж гүйцэтгэх гэрээг ******* байгуулсан атлаа би тухайн гэрээг байгуулах ёсгүй байсан юм гэж хэлдэг. ******* би геологич гэж хэлсэн учир хариуцагч тал *******д итгэж гэрээ байгуулсан. ******* ажил хийнэ гэж ажлын хөлс авсан атлаа гэрээнд заасан хугацаанд уг ажлыг хийж дуусгаагүй.

6.7. Мөн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо Ашигт малтмалын тухай хууль болон уг хуультай холбоотойгоор 2015 онд Уул уурхайн сайдын баталсан Ашигт малтмалын баялаг, ордын ангилал, заавар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам зэргийг дурддаг. Мөн энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, та нар ойлгохгүй гэх байдлаар тайлбарлаж, би тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй, өөр хүн хийж гүйцэтгэж нөөцийг нь тогтоосон гэж хэлдэг.

6.8. Гэтэл 2018 оны А/20 дугаар тушаалын 1.3-д геологийн хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой явуулах үүднээс геологийн судалгаа, эрлийн ажил, ашиг малтмалын ордын хайгуул гэх дэс дарааллаар гүйцэтгэнэ гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, *******гийн 2024 оны 09 сарын 11-ний өдөр байгуулсан 240910 дугаартай гэрээнд энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан.

6.9. Уг ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой ашигт малтмалын лицензийг худалдаж авсан ******* ХХК нь гадаад улсын байгууллага учир Монгол улсын хууль тогтоомжийн талаар мэдэхгүй. ******* энэ нөхцөл байдлыг далимдуулж тусгай зөвшөөрөлтэй гидрогеологи, фалентлоги, байгаль орчны үнэлгээ гэх тусгай зөвшөөрлийн хуульд заасан 14 ажлыг өөрөө хийнэ гэж гэрээ байгуулсан.

6.10. Мөн нэхэмжлэгч тухайн гэрээг хүчингүй гэж маргадаггүй, уг гэрээний дагуу мөнгө авна гэж маргадаг. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын эрлийн үйл ажиллагааг ийм журмаар явуулна, ийнхүү хайгуул явуулсны үндсэн дээр 2018 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан журамд эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд уг ажлыг танилцуулж, мэргэжлийн зөвлөл тухайн ажил үндэслэлтэй, шинжлэх ухааны арга, аргачлалд нийцэж хийгдсэн эсэхэд дүгнэлт хийж, дүгнэлт гаргуулсан ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг Монгол улсын ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлэх үйл ажиллагааг хийнэ гэж заасан байдаг.

6.11. Тиймээс энгийн хэн нэгэн хүн ийм хэмжээний нөөцтэй гэж ярьж байвал энэ нь албан ёсны үндэслэлгүй учир луйврын болон залилангийн асуудал үүсэх магадлалтай. 2024 оны 09 сарын 11-ний өдрийн хайгуулын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинжээчээр томилогдсон шинжээч дүгнэлт гаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтийн 3-д ордын гарал үүсэл эргэлзээтэй, орген шэйр бүстэй холбоотой гэжээ гэж дурдсан байдаг.

6.12. Талууд ордын нөөцийн талаар маргадаг. Хариуцагчаас *******д мөнгө өгөхгүй гэж хэлээгүй. Хэрэв маргаан бүхий ажил хийгдсэн тохиолдолд тодорхой цаг хугацааны дараа магадгүй тухайн ордын нөөцийн хэмжээ батлагдана. Тиймээс тэр цаг үед магадгүй 1,000,000 ам.долларыг өгч болно. Түүнээс зөвхөн амаар би ийм мэргэжилтэй, би ийм шинжлэх ухааны мэдлэгтэй, *******ингэж нотолсон гэх мэт зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй.

6.13. Хариуцагч компани хайгуулын лиценз худалдаж аваад ашиглалт болгох гээд энэ үйл ажиллагааг захиалж, 550,000,000 төгрөгийг *******д төлсөн. 2018 оны А/20 дугаар тушаалд заасны дагуу эрдэс баялгийн зөвлөлөөр дүгнэлтээ хэлэлцүүлж батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлэх нь албан ёсны баталгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдуулан гаргасан 3,534,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж, маргааны үйл баримыг зөв тогтоожээ. Үүнд:  

 

3.1. Талуудын хооронд 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г нэг талаас А тал болох ******* ХХК, нөгөө талаас Б тал БНХАУ-ын иргэн *******, В тал Монгол Улсын иргэн ******* нар байгуулж, уг гэрээгээр А талын шилжүүлэн авсан Монгол Улсын ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авах, компанийн нэр шилжүүлэхээр тохиролцсон.

 

3.2. Хариуцагч ******* ХХК-аас гэрээнд заасан тусгай зөвшөөрлийн үнэ 1,400,000 ам.долларыг төлсөн үйл баримтад талууд маргаангүй.

 

4. Анхан шатны талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний холимог гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

5. Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b.д заасны дагуу алтны нөөц 10 тонноос дээш тогтоогдсон эсэх, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-аас 1,000,000 ам.доллар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон төдийгүй гомдлын үндэслэл болжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нь ... Талуудын хооронд байгуулсан 2024 оны 08 сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээний 2.2.b.д заасан компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол (анхны хэмжээг оруулаад) А тал В талд 1,000,000 ам.доллар (нэг сая ам.доллар) нэмж төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын тайлангаар 15,5 тонн нөөц тогтоогдсон нөөцийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд эрх бүхий байгууллагаар баталгаажуулахаар албан бичиг үйлдэж байсан атлаа одоо нөөц тогтоогдоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ... гэж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нөөцийг тогтоох ажлыг нэхэмжлэгч өөрөө хариуцаж байсан боловч зохих ёсоор ажиллагааг гүйцэтгээгүй, холбогдох хууль, журам, зааврын дагуу эрх бүхий байгууллага баталгаажуулснаар нөөцийн хэмжээ тодорхой болдог, 10 тонноос дээш нөөц тогтоогдсон болохыг эрх бүхий байгууллага баталгаажуулаагүй ... гэж тус тус тайлбарласан байна.

 

7. Гэрээний 2.2.b-д Компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол /анхны хэмжээг оруулаад/ А тал В талд 1,000,000 /нэг сая/ ам.доллар нэмж төлнө. Хэрвээ үгүй бол гэрээний эцсийн үнэ нь 2.2.а-д заасан үнэ болно гэж талууд харилцан тохиролцсон байна.

 

8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тохиролцох эрхтэй ба гэрээнд тодорхой болзол тавихыг хуулиар хориглоогүй тул дээрх талуудын тохиролцоо хүчин төгөлдөр.

9. Анхан шатны шүүх хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* сумын Их зүүн нэртэй газарт байрлах 300.45 га хэмжээ бүхий уурхайд 10 тонноос дээш алтны нөөц тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний 2.2.b-д заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй үндэслэлээр нэхэмжлэгч *******д шаардах эрх үүсээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

10. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 10.1.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах гэжээ.

 

10.1. Түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 2.1-д Зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомж, судалгааны арга, аргачлал, заавар, журамд нийцэж буй эсэх талаар зөвлөмж, дүгнэлт гаргана: 2.1.2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордын нөөцийн тооцоо гэж, мөн дүрмийн 5.3.1-д Ашигт малтмалын ордын хайгуулын ажил, түүний үр дүнгийн тайланг холбогдох аргачилсан зөвлөмж, заавар, журам, нөөцийн ангилалд нийцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсны дараа хэлэлцэж нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах асуудлыг салбар хуралдаанаар шийдвэрлэхээр тус тус тусгасан байна.

 

11. Үүнээс үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр ордын нөөцийг тогтоох ажил нь гагцхүү төрийн захиргааны байгууллагын хяналт, дүгнэлтээр баталгаажсан байх ёстой бөгөөд ийнхүү баталгаажуулаагүй хувь хүн, хуулийн этгээдээс бие даан хэрэгжүүлсэн хайгуулын ажлын үр дүнгээр ордын нөөцийн хэмжээг тогтоогдсон гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Энэ талаар хариуцагчийн гэрээний 2.2.b-д заагаагүй хэдий боловч Ашигт малтмалын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу хайгуулын ажлын дүнд тогтоосон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг шинжээчээр дүгнэлт гаргуулж тогтоолгох, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулсны дараа гэрээний нэмэлт төлбөрийг төлөх боломжтой гэсэн тайлбар, татгалзал нь үндэслэлтэй байна.

 

12. Анхан шатны шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь 2024 оны 08 сарын 22-ны өдрийн гэрээний нэг тал боловч гэрээний 2.2.b-д зааснаар үүрэг хүлээгээгүй, тухайн заалтын хүрээнд хамаарах этгээд биш гэсэн эрх зүйн дүгнэлт өгч, хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн ******* нь талуудын хооронд тохиролцсон гэрээний төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгч нь Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр алтны нөөцийг тогтоолгосноор дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад уг магадлал саад болохгүй.

 

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,830,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

С.ЭНХБАЯР