| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01011/И |
| Дугаар | 00903 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 14-р байр 16 тоотод оршин суух Хас овогт Хумгалын Отгончимэг /ОР: 64100901/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Отгончимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Отгончимэг нь 1982 онд Баян-Өлгий аймгийн Техник Мэргэжлийн сургуулийг төгсөн ирээд Увс аймгийн Барилга трестэд 1982 оны 07 сарын 03-ны өдрийн 155 тоот тушаалаар ажилд орсон. 1982 оны 07 сараас 1990 оны 12 сар хүртэлх 8 жил 6 сарын ажиллах хугацаандаа 1987 оны 6 сар, 1988 оны 3 сар, 1989 оны 12 сард тус бүр баярын бичгээр шагнагдаж байсан ба манайх 1991 онд Орхон аймагт шилжиж ирэхдээ тухайн ажиллаж байсан газраасаа хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хийлгэж чадаагүй ирсэн тул 2014 онд Увс аймаг явж хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийлгэх гэтэл тухайн үед ажиллаж байсан барилга трест татан буугдаж, Увс аймгийн архиваас лавлагаа авсан. Иймд 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл 8 жил 6 сарыг Увс аймгийн Барилга трестэд шаварчин будагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хас овогт Хумгалын Отгончимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Х.Отгончимэг нь 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Барилга трестэд шаварчин будагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1982 оны 07 сарын 03-ны өдрийн 155 дугаартай Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестэд 1982 оноос 1990 оны хооронд ажиллаж байсан Хумгалын Отгончимэгийн цалингийн тодорхойлолтын лавалгаа, 007671 дугаартай хөдөлөмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МҮЭ, МХЗЭ-ийн үүрээс олгосон талархал, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн МХЗЭ-ийн хорооны баярын бичиг, 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичгийн хуулбар зэргээр тус тус батлагдаж байна.
Иймд Хас овогт Хумгалын Отгончимэгийг 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Увс аймаг дахь Барилга трестэд шаварчин будагчаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хас овогт Хумгалын Отгончимэгийг 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Увс аймаг дахь Барилга трестэд шаварчин будагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |