| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2026/00200/И |
| Дугаар | 210/МА2026/00949 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00949
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02855 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч компани нь хариуцагч *******тай 2020 оны 09 сараас эхлэн зээлийн болон хамтран ажиллах асуудлаар байнгын харилцаа, холбоотой ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компанид мөнгө зээлж, түүнийг нь буцаан төлөх зэргээр удаа дараагийн харилцаатай байсан.
1.2. Хариуцагч ******* нь 2025 оны 11 сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал *******с ... 18,000,000 төгрөгийг яаралтай шилжүүлчих, надад мөнгөний яаралтай хэрэг байна... гэж хэлээд, 18,000,000 төгрөг авсан.
1.3. Тус мөнгийг хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд ******* ХХК-аас зээлэв гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг бий болсон. Гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон.
1.4. Хариуцагч *******гаас зээлийн төлбөрийг шаардахад зээлийг буцаан төлөхөөс эрс татгалзаж байгаа болно. Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-ийн хоёр хувьцаа эзэмшигчийн нэг. Хувьцаа эзэмшигчийн нэг нь захирлын ажил үүргийг гүйцэтгэдэг ба хариуцагч нь менежерийн болон бусад ажлыг хийж компаниас цалин авдаг.
2.2. Гэтэл компаниас надад 2023, 2024, 2025 онуудад цалин олгоогүй буюу цалин өгөөгүй ба цалингаа шаардахад ******* нь 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийгээ зээл ... гэж гүйлгээний утгыг хийснийг шүүхэд өгсөн нэхэмжлэлээс мэдсэн. Хариуцагч тус 18,000,000 төгрөгийг зээлээгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь 18,000,000 төгрөгийг цалинг гэж авсан боловч, нэхэмжлэгч ... зээлэв гэж бичсэн нь *******гаас шалтгаалах зүйл биш, мөн цалин дутуу талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу маргаан үүсгэж, хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комисст хандаж, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Мөн гомдлоор үүсэх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй зэргийг шүүхээс буруу тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй нь хууль бус болжээ.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг заагаагүй, дахин гаргах талаар хугацаа олгоогүй байна.
4.3. Мөн нь 2026 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан орох үед хариуцагч ******* нь өмгөөлөгч авах хүсэлтээ хэзээ өгөх вэ гэхэд одоо хүсэлт өгөх боломжгүй гэж хэлж, шүүх хуралдаан дээр нь өмгөөлөгч авах хүсэлтийг гаргуулаагүй, мөн шүүх хуралдаанд эрх, үүргийг нь тусгайлан танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрсөн байна.
4.4. Шүүхээс хариуцагчийн эрхийг хангаагүйгээр шүүх хуралдаан хийсэн нь түүний ажил хөдөлмөрийн цалин хөлсийг зээл гэж, нэхэмжлэгчид буцаан өгч байгаа нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хэргийн материалд авагдсанаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нэхэмжлэгч болон ******* нарын хооронд 18,000,000 төгрөгийн маргаан, хувьцаа буцаан гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан, мөн *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаан гэх 3 маргаан үүсгэсэн.
5.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх зөвхөн 18,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн.
5.3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотойгоор 2022-2025 оны хооронд нийт 52,000,000 төгрөгийн цалин хөлс өгөөгүй гэх агуулгаар 52,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хариуцагчийн гаргасан тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох боломжгүй гэх агуулгаар шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
5.4. Хариуцагч эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зурсан. Мөн шүүх хуралдааны үед эрх, үүргийг нь тодорхой тайлбарлаж өгсөн ба хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангалттай хангасан гэж үзэж байна.
5.5. Хариуцагч хүсэлт хэлэлцэх шатанд өмгөөлөгч авах хүсэлтийнхээ талаар тайлбарлаагүй буюу өмгөөлөгч авах шаардлагатай байна гэдгээ илэрхийлээгүй атлаа одоо өмгөөлөгч авах байсан, анхан шатны шүүх процессын алдаа гаргасан учир хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.6. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох тохиолдолд шүүх тухайн шаардлагыг хүлээн авна. Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд ... компаниас надад 2023, 2024, 2025 онуудын цалин олгоогүй тул ******* надад 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би зээлээгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* ХХК-аас 2025 оны 11 сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөгийг ... ******* ХХК-аас зээлэв гэсэн гүйлгээний утгаар дансаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2025 оны 11 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-аас 2025 оны 11 сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөгийг ... ******* ХХК-аас зээлэв гэсэн гүйлгээний утгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад зээлэх агуулгатай байна.
Зээлийн гэрээ нь бодит үйлдлээр хийгдэх хэлцэлд хамаарах тул мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний зүйлийг өгсөн гэж үзнэ.
Анхан шатны шүүх ******* ХХК-аас *******д 2025 оны 11 сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа байгуулагдсан талаар эрх зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагч ******* нь ... нэхэмжлэгч ******* ХХК-ийн 35 хувийн хувьцааг эзэмшдэг, мөн 2023, 2024, 2025 онуудын цалин олгоогүй ба 18,000,000 төгрөгийг цалин гэж олгосон гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7. Хариуцагч талаас гаргасан дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.1. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т нийцсэн байна.
7.2. Хариуцагч нь 2025 оны 12 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, улмаар шүүхийн тогтоосон хугацаа буюу 2026 оны 01 сарын 07-ны өдөр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, хэргийн баримтаар хариуцагч нь анхнаасаа тус 18,000,000 төгрөгийг зээл биш, цалин хөлс байсан гэж маргаагүй ба тэрээр цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг тус компанид холбогдуулан гаргахад уг магадлал саад болохгүй.
Хариуцагчаас ... сөрөг нэхэмжлэлийн хамт нэхэмжлэлийн татгалзлыг нотолсон баримт гаргасныг буцаан өгсөн гэж тайлбарласан ба хэргийн 39-40 дүгээр талд сөрөг нэхэмжлэлд нийт 35 хуудас баримт хавсаргасан гэж, мөн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ... сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтын хамт буцаав ... гэж тус тус дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг буцаан өгснийг буруутгах үндэслэлгүй.
7.3. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгчээс нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй оролцож байна. Та өмгөөлөгч авах уу гэж хариуцагчаас асуухад үгүй гэж хариулсан байна. /хх-44/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй, мөн анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
С.ЭНХБАЯР