Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/208

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Ч.Н

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1925001880181 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Э-ыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн үүдний шатан дээр иргэн Ч.Нармандахын халааснаас Самсунг С-6 эджи загварын гар утсыг хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э-ын мэдүүлсэн: Үнэн зөв цчир мэдүүлэг өгөхгүй.Яллах дүгнэлтийг зөвшөөрнө гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.Н-н мэдүүлсэн:Тэр өдөр утсаараа ярьж яваад халаасандаа хийсэн.Дотор тэмцээнд орох ажлаа хадгалсан байсан.Тэмцээндээ ч орж чадаагүй.Одоо хохиролоо гаргуулж авмаар байна  гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Хохирогч Ч.Н-ын “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Баян худалдааны төв орох гэж явах замдаа халааснаасаа Самсунг С-6 эджи маркийн гар утсаа хулгайд алдсан. Баян худалдааны төвийн хаалгаар ороод хэсэг явж байхад араас 9 настай болов уу гэмээр нэг хүү намайг дуудаад эгчээ сая таны гар утсыг чинь хоёр ах явж байгаад нэг ах нь утсыг чинь аваад энгэрийнхээ халаасанд хийчихлээ гэхээр нь тэр хүүхдийг дагуулж гараад хаашаа явсан талаар асуухад Төгөл дэлгүүрийн зүг рүү заасан, араас нь явсан боловч олоогүй...Би тухайн гар утсыг 2018 оны 04 дүгээр сард Сонор хайрхан худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан....гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16-р хуудас/

-“БАН ХАС” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18/211 дугаартай “Самсунг С-6 эджи гар утасны хохирлын хэмжээг 350.000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19- 22-р хуудас

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2019:03:11:18:23:10 минутанд Баян худалдааны төвийн үүдний шатаар өгсөх үед намхан нуруутай залуу урдаа явж байсан хар өнгийн богино куртиктай зүүн гартаа цэнхэр өнгийн уут барьсан эмэгтэйн баруун талын халаас руу гараа хийгээд цааш оров...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 41-42-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-35-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерт бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогчийн мэдүүлэг,хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн үүдний шатан дээр иргэн Ч.Нармандахын халааснаас “Самсунг С-6 эджи” загварын гар утсыг нь нууцаар авч, бусдад 100,000 төгрөгөөр худалдаж мөнгийг өөртөө  зарцуулсан, хохирогчид 350.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Эын энэ үйлдлийн улмаас хохирогчид 350,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Эын, бусдын эд зүйлийг нууцаар,хүч хэрэглэхгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхэд халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,шүүгдэгч гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн үүдний шатан дээр иргэн Ч.Нармандахын халааснаас Самсунг С-6 эджи загварын гар утсыг хулайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Гэм буруугаа ойлгож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ,хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэжшийдвэрлэв.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх,нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Хохирол төлбөрийн  тухайд: Хохирогчид учирсан гар утасны үнэ болох 350 000 төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 350.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Нармандахад олгуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Эоос 350,000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Нармандахад /Оюут баг 2-26-39 тоот,ИО89072302/ олгуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ