Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00904

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 73 дугаар гудамж 08 тоотод оршин суух Хотгойд овогт Сэрээнэнгийн Уранчимэг /ЖН:63083162/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч С.Уранчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Сэрээнэн овогтой Уранчимэг нь 1963 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоогоор Наран багийн 73-8 тоотод оршин суудаг. Дорнод аймгийн Чулуунхороот суманд Эрээн цавын сангийн аж ахуйд 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин саальчинаар ажиллаж байсан тул ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хотгойд овогт Сэрээнэнгийн Уранчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

С.Уранчимэг нь 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээн цавын сангийн аж ахуйд малчинаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ч.Дүгэрсүрэнгийн тодорхойлолт, гэрч Т.Цэцэгмаагийн тодорхойлолт, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газрын архивын цалингийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.

Иймд Хотгойд овогт Сэрээнэнгийн Уранчимэгийг 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээн цавын сангийн аж ахуйд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хотгойд овогт Сэрээнэнгийн Уранчимэгийг 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээн цавын сангийн аж ахуйд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ