Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01027

 

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04194 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 192,102,177.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 3ээлдэгч *******, ******* нар ******* ББСБ" ХК-тай 2023 оны 10 сарын 16-ны өдөр В13023101601 дугаартай зээлийн гэрээ, F1302310160101 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 203,000,000 төгрөгийг, сарын 2,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хүнд даацын машин механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. 2024 оны 04 сарын 22-ны өдөр B13023101601-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн гэрээний хугацааг 6 сараар сунгасан.

1.2. Тус зээлийн барьцаанд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******, маркийн зүтгүүр 147,000,000 төгрөгөөр, 2023 онд үйлдвэрлэсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн,******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******, маркийн чиргүүл 42,000,000 төгрөгөөр,*******арлын дугаартай, *******маркийн холбогч гар 14,000,000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба зээлдэгч *******, ******* нар 2025 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 173,143,877.84 төгрөг, зээлийн хүү 18,807,694.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,605.64 төгрөг, авлага 18,000 төгрөг, нийт 192,102,177.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд, хариуцагч *******, ******* нараас нийт 192,102,177.91 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь 2023 оны 10 сарын 19-ний өдөр Луут тэнгэр ХХК-аас 268,000,000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг худалдаж авах зорилгоор урьдчилгаа 24 хувь буюу 65,000,000 төгрөг төлж, ******* ББСБ ХК-аас 203,000,000 төгрөгийн зээл авсан. Эхний 6 cap 9,006,000 төгрөг төлсөн. Ажил муу байсан тул гэрээнд өөрчлөлт оруулж, 7 cap хүү төлж, 2025 оны 01 сараас 2025 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл төлөлт хийгээгүй.

2.2. Нэхэмжлэгчид 2025 оны 04 сарын 16-ны өдөр автомашиныг ******* ББСБ ХК-д хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох 192,102,177.91 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 192,102,177.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,118,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг тодорхойлсон бөгөөд гэрээлэгч талууд хуульд заасан эдгээр аргуудаас аль тохиромжтой хэлбэрийг нь сонгон хэрэглэхээс гадна үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлээ хэрхэн шаардахаа өөрөө сонгохоор хуульчилсан. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ББСБ ХК хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 231, 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээтэй холбоотой шаардах эрх хэрэгжүүлээгүй.

4.2. Гэтэл анхан шатны шүүх ... Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2025 оны 04 сарын 17-ны өдөр дууссан. Учир нь, тус өдөр автомашиныг хүлээлцэх акт үйлдсэн ... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийг нэмж хохироосон нь, үндэслэлгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. Тодруулбал, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаас татгалзаж, энэ талаар хариуцагчид утсаар мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь барьцаа хөрөнгийн шаардлагаас татгалзаж байгаа хамгийн гол илэрхийлэл байхад шүүх энэ тухай дүгнээгүй, тус үйл баримтыг хяналгүй хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсгэсэн үндсэн гэрээ /зээлийн гэрээ/-ний дагалдах эрх бөгөөд энэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч шийдвэрлэх эрх эдэлдэг.

4.5. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл хураан авсан үйлдлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч фидуцийн зүйлээс татгалзаж буйгаа удаа дараа илэрхийлсээр байхад энэ талаар шүүх дүгнэлгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг фидуцийн гэрээ болон Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас эрхийнхээ хүрээнд сонгосон байдаг.

5.2. Фидуцийн гэрээний гол онцлог нь зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс уг эд хөрөнгө буюу фидуцийн зүйлийг өөрийн болгох эсвэл шууд борлуулах замаар хохирлоо барагдуулах агуулгыг агуулж байдаг.

5.3. Уг гэрээг сонгох эрхээ нэхэмжлэгч тал эдэлж, гэрээнийхээ дагуу өөрийн гэрээний зүйл буюу эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Шилжүүлэн авсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан.

5.4. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас тухайн тээврийн хэрэгслийг хүлээлцсэн актад төгрөгөөр үнэлж зээлийг хаахаар тохиролцож хурааж авсан уу гэж асуухад нэхэмжлэгч талаас тийм гэж хариулсан байдаг. Зээлийн гэрээний актын 9 дүгээр зүйлд зээлийн гэрээний хаах дүн гэдэг дээр нэхэмжилж байгаа дүн нь тусгагдсан байдаг. Фидуцийн гэрээг өөртөө авсан дүнг хаасан гэж үзээд актыг хүлээж авсан.

5.5. Дээд шүүхийн тайлбарт үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийг бодиттойгоор гаргуулж авсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар сонгосон гэж үздэг. Мөн нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь авто машиныг өөрийн болгохоос өмнө өөр сонголт байсан. Гэвч сая нэхэмжлэлийн шаардлагаа дурдаад байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэх шаардах эрх байсан.

5.6. Нэхэмжлэгч авто замыг хүлээж авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа нэгэнт сонгож хэрэгжүүлсэн тул дахин мөнгөн хөрөнгө шаардаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 192,102,177.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

4.1. Талууд 2023 оны 10 сарын 16-ны өдөр В13023101601 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ББСБ ХК нь 203,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,80 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хүүг төлөх, *******, ******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон;/хх-9-11/

 

4.2. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 10 сарын 16-ны өдөр F1302310160101 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч *******ийн өмчлөлийн*******арлын дугаартай *******маркийн холбогч гар,******* ОЧ улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн чиргүүл, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, *******, маркийн зүтгүүрийг нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон;/хх-12-14/

4.3. Түүнчлэн, талууд 2024 оны 04 сарын 22-ны өдөр В13023101601-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээгээр В13023101601 тоот үндсэн гэрээний дагуу олгогдсон зээлийн хугацааг 6 сараар зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн талууд үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ нь хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

6. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 103,378,455.39 төгрөг төлсөн, 2024 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш үүргийн зөрчил гаргаж зээлийн төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан үндэслэлд хамаарч байна.

 

7. Нэхэмжлэгч байгууллага нь 2025 оны 04 сарын 17-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийн хураан авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Уг зохицуулалтаар үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.

 

8. Энэ маргааны тохиолдолд талууд автомашины үнэ 203,000,000 төгрөг учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь фидуцийн зүйлийг 2025 оны 04 сарын 17-ны өдөр эзэмшилдээ авахдаа зээлдэгчийн үүргийн хэмжээ 192,084,178 төгрөгт тооцож бодитоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл хүлээн авсан актыг үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал 192,084,178 төгрөгийн өр төлбөрт фидуцийн зүйлийг бодитоор авсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар гэрээ дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг сонгож шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч тус нэхэмжлэлийг гаргахаас урьд өмнө фидуцийн гэрээний зүйлийг зээлийн төлбөрт тооцон авч, үндсэн үүргийг дуусгавар болгосон тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар нэгэнт дуусгавар болсон үүргийг хожим мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй гэж гаргаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,118,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР