Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 883

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Д.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Сд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо тоотод оршин суух, урьд нь 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 16 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Д С /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр пивоны шилээр иргэн Э.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Өнө цаг караокед 21 цагийн орчим ганцаараа орсон, тэгээд удалгүй манай найз Б ирсэн. Тэгээд бид хоёр Сэнгүр пивоноос 6 шилийг уусан. 02 цагийн үед би бие засах гээд босоод үүд рүү очтол хойноос 1 залуу хүүе гэж дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад толгой руу шилээр цохисон. Тэгээд би тэр залуутай шалан дээр ноцолдсон. Тэгтэл гарт нь хагархай шил байсан ба бид хоёрыг хүмүүс салгасан. Би нүүрээ хартал эрүү, хамарны доор 2 газраас мөн гэдэс, хуруу зэргээс цус алдаж байсан.  ...намайг тэр залуу толгойд пивоны шилээр 2 удаа цохисон. Миний биеийн бусад газрыг  хагарсан шилээр зүссэн. Би нийт 150.000 төгрөгийн эм тариа худалдаж авсан. ...би хохирлын мөнгө гэж 151.700 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11х, 12х/,              

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3655: “...Э.Аын биед тархи доргилт, дээд уруул, доод эрүүнд шарх, дээд уруул, эрүүний зөөлөн  эдийн няцрал, дух, хэвлий, баруун гарын алга, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28х/,

Гэрч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз Атай 21 цагийн орчим 21 дүгээр хороололд уулзаж нэг газар сууж байгаад Өнө цаг төвд 23 цаг өнгөрч байхад орсон. Тэнд хэсэг хугацаанд сууж байтал А бие засах гээд ширээнээс босоод явсан. Төд удалгүй А цус нөж болчихсон намайг үүдэнд нэг хүн шилээр зүсчихлээ гэж ирсэн. Би босоод Атай хамт угаалгын өрөө орсон. ...тэр залуу угаалгын өрөөний цонхоор гараад зугтаачихсан. Тэгээд А бид хоёр хаалгаар гарч Өнө цаг төвийн ойр орчмоор хайж байгаад би тэр залууг гудамжнаас олж цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  15-16х/,

Гэрч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03  дугаар сарын 18-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө цаг” караокед зөөгч хийж байхад 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед 2 дугаар ширээн дээр сууж байсан танихгүй намхан ах ширээн дээрээсээ босоод үүдний хэсэг рүү явж байхад 5 дугаар ширээн дээр сууж байсан өндөр туранхай ах ширээн дээр байсан пивоны шил аваад босож байх шиг байсан. Тэгсэн нөгөө намхан ахыг очоод цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож эхлээд нэг нэгнээ цохиод байсан, тэгсэн тэнд үйлчлүүлж байсан хүмүүс тэр хоёр ахыг салгасан. Тэгээд нөгөө намхан ах цусаа угаах гээд нойл орох гээд явахад нөгөө өндөр шилээр цохисон ах араас нь нойл руу орсон, тэгсэн цагдаа дуудсан гэсэн чинь цонхоор гараад зугтаачихсан. Тэгээд нөгөө намхан ахтай хамт явж байсан нэг ах араас нь гараад барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

Шүүгдэгч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Жавхаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө цаг” караокед орж бид хоёр пиво захиалж ууж сууж байгаад шөнө 02 цагийн үед би найз Ж тасарчхаар нь буйдан дээрээс нь өргөж авч гарах гэсэн чинь нэг танихгүй согтуу залуу ирчхээд “чи согтуу хүн зүгээр байлгаач” гээд хэл амаар өдөөд байхаар нь би “чамд ямар хамаатай юм, би найзыгаа авч гарах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гарах гээд явж байхад нь би пивоны шил бариад араас нь очиж толгойн тус газар нь цохисон. Тэгээд нөгөө залуутай би зодолдож байхад тэнд үйлчлүүлж байсан хүмүүс бид хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон байсан. Тэгээд нөгөө залуу нойл орж цусаа угаах гэж байхад нь би нойлын өрөөний цонхоор гараад зугтаачихсан. Тэгээд намайг зугтааж байхад нөгөө залуутай хамт явж байсан нэг залуу нь миний араас хөөгөөд намайг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Д.Сгийн эд хөрөнгөтэй эсэх тухай хураангуй лавлагаа /хх-ийн 45х/,

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 49х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ пивоны шилээр иргэн Э.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь:

Хохирогч Э.Аын “...02 цагийн үед би бие засах гээд босоод үүд рүү очтол хойноос 1 залуу хүүе гэж дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад толгой руу шилээр цохисон. Тэгээд би тэр залуутай шалан дээр ноцолдсон, тэр заалуугийн гарт нь хагархай шил байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3655 дугаар дүгнэлт: .”.. Э.Аын биед тархи доргилт, дээд уруул, доод эрүүнд шарх, дээд уруул, эрүүний зөөлөн  эдийн няцрал, дух, хэвлий, баруун гарын алга, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28х/,

Гэрч С.Мийн “...2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед 2 дугаар ширээн дээр сууж байсан танихгүй намхан ах ширээн дээрээсээ босоод үүдний хэсэг рүү явж байхад 5 дугаар ширээн дээр сууж байсан өндөр туранхай ах ширээн дээр байсан пивоны шил аваад... нөгөө намхан ахыг очоод цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож эхлээд нэг нэгнээ цохиод байсан.  Тэгээд нөгөө намхан ах цусаа угаах гээд нойл орох гээд явахад нөгөө өндөр шилээр цохисон ах араас нь нойл руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

Шүүгдэгч Д.Сгийн  “...би найз Ж тасарчихаар нь буйдан дээрээс нь өргөж авч гарах гэсэн чинь нэг танихгүй согтуу залуу ирчхээд чи согтуу хүн зүгээр байлгаач гээд хэл амаар өдөөд байхаар нь би чамд ямар хамаатай юм, би найзыгаа авч гарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гарах гээд явж байхад нь би пивоны шил бариад араас нь очиж толгойн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Снь хохирогч Э.Аын толгойн тус газар нь пивоны шилээр цохих болон нүүр, цээж, хэвлий, гар зэрэг биеийн бусад хэсгүүдэд шилний хагархай, гараараа цохих зэргээр хүч хэрэглэсний улмаас хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Д.Сгийн энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөр: Хохирогч Э.А эмчилгээний зардалд 151700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Снь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Снь ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлбөр барагдуулсан, ажил хийж байгаа тул 300 цагийн нийтэд тустай ажил хийх боломжгүй, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Хэрэгт авагдсан Д.Сгийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  хадгаламж эзэмшдэггүй,  мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Д.Сгийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ