Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 900

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд /ҮД:2668/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, И ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Мтоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт А Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Мтоотод байх иргэн Н.Хгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Отай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Обын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байтал миний танил Х над руу утсаар залгаад манай хүрээнд ирээч гээд ...тэгээд 16-17 цагийн хооронд Хийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчины 1-1 тоотод очсон. ...гэрт нь ороход Х ганцаараа халамцуу байсан. ...Х надад 2 шил пиво авчирч өгсөн ба түүнийг нь Х бид хоёр хувааж уусан. ...Х дахин нэг том савтай Сэнгүр нэртэй пиво аваад ирсэн. Тэрнийг нь уугаад байж байтал Хашхүүгийн хашаанд байдаг Б гэх залуу орж ирээд тэр пивоноос ганц хоёр удаа уусан. Тэгээд буцаад гараад явсан бөгөөд би одоо оройтлоо явлаа гэж хэлээд гарсан чинь хашаан дотор Бтэй тааралдсан. Б намайг “та явах гэж байгаа юм уу” гэж асуухаар нь тийм гэж хэлсэн чинь “та манай ахыг яагаад ганцааранг нь үлдээгээд явж байгаа юм бэ” гэж хэлээд орьё гэхээр нь би за гээд Бг нь дагаад буцаад Хгийн гэрт орсон. Тэгээд би сууж байгаад бурхны гуун дээр  нь байсан хүрдийг эргүүлэх гэж байгаад хүрэмний ханцуй асаалттай зуланд хүрээд зул нь газарт уначихсан чинь Х “чи миний бурхан тахилыг нурааж намайг доромжиллоо” гэж хэлсэн. Тэгтэл Б “чи миний ахыг доромжиллоо” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байтал Б нь орон дээр унагаад хүрэмний захнаас заамдаж хоолой боож, миний нүүр рүү гараараа гурван удаа цохисон. Тэгтэл Х надаас Бг салгасан бөгөөд би гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. ...тухайн үед миний дух хавдсан, зүүн нүд хавдсан, хамар хөндүүртэй хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 12-14х/,

Гэрч Л.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө манай хашаанд амьдардаг Б бид хоёр манай байшингийн яндан хөөлж байхдаа би нэг шил архи аваад бид хоёр хувааж уусан. Тэгээд Б хүүхдээ авах гээд явсан ба би найз О руу утсаар залгаад чи манайд хүрээд ирээч цагаан сарынхаа буузыг ид гэж гэхэд О хүрээд ирсэн. Тэгээд би бууз жигнэж байтал О надад хоёр пивоны мөнгө өгөхөөр нь би гарч хоёр лаазтай пиво авчирч ууж дуусчихаад би гар утсаа ломбарданд 30000 мянган төгрөгт тавиад ахиад 2 литрийн пиво авсан тэрнийгээ О бид хоёр хувааж уусан бөгөөд би тасраад унтчихсан байсан. Тэгтэл О, Б хоёр намайг сэрээгээд бид хоёр гарчихаад орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал О намайг “чи галаа тахиулахгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгж байгаад тахиулна гэж хэлсэн. Тэгээд байж байтал О чи миний өөдөөс юм ярьдаг хэн бэ гэж хэлсэн. Тэгээд босож ирээд бурхны өмнө асаасан байсан зул гараараа түлхэж унагахаар нь би “чи яаж байгаа юм” гэж хэлээд Оыг түлхээд орон дээр суулгасан чинь О нь Бд чиний хоёр хүүхэд чинь удахгүй үхнэ, би харааж байна гэж хэлээд амандаа юм үглээд байсан чинь Б Оын нүүр рүү нь гараараа хоёроос гурван удаа алгадсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2623 дугаар: “...Б.Оын биед тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29х/,

Шүүгдэгч А.Бн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О гэх эмэгтэй Х ахтай маргалдаад шууд Х ахын бурхан тахилыг нь нураасан. Тэгэхээр нь би О гэх эмэгтэйд та ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн, тэгтэл О гэх эмэгтэй би удган, би чиний хоёр хүүхдийн толгойг тасдана, хараана гэж хэлээд амандаа үглээд байхаар нь би босож ирээд О гэх эмэгтэйн нүүр рүү нь гараараа 3 удаа алгадсан чинь хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг //хх-ийн 33-37х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч О.Гын өөрийн нөхөр А.Бн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26х/

Шүүгдэгч А.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38х/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39х/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40х/,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41х/,

Хохирогч Б.Оын хүсэлт /хх-ийн 59х/, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Мтоотод байх иргэн Л.Хгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Отай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Оын: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... Б надтай маргалдаж орон дээр унагаад хүрэмний захнаас заамдаж хоолой боож, миний нүүр рүү гараараа гурван удаа цохисон. ...тухайн үед миний дух хавдсан, зүүн нүд хавдсан, хамар хөндүүртэй хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

Гэрч Л.Хгийн: “...О босож ирээд бурхны өмнө асаасан байсан зул гараараа түлхэж унагасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гэж эхлээд Оыг түлхээд орон дээр суулгасан, тэгсэн тэр Бд чиний хоёр хүүхэд чинь удахгүй үхнэ би харааж байна гэж хэлээд амандаа юм үглээд байсан чинь Б нь Оын нүүр рүү нь гараараа хоёроос гурван удаа алгадсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2623 дугаар дүгнэлт: “...Б.Оын биед тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29х/,

Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О гэх эмэгтэй Х ахтай маргалдаад шууд Х ахын бурхан тахилыг нь нураасан. Тэгэхээр нь би О гэх эмэгтэйд та ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн, тэгтэл О гэх эмэгтэй би удган, би чиний хоёр хүүхдийн толгойг тасдана, хараана гэж хэлээд амандаа үглээд байхаар нь би босож ирээд О гэх эмэгтэйн нүүр рүү нь гараараа 3 удаа алгадсан чинь хамраас нь цус гарсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 33-37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Оын нүүрэн тус газар 3 удаа цохьсоны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Тус гэмт хэрэг гарахад хохирогч Б.Оын зүй бус үйлдэл ихээр нөлөөлсөн буюу тэрбээр айлын бурхан шүтээнийг үл хүндэтгэн асаж байсан зулыг унтраах, унагаах зэрэг үйлдэл хийснээс гадна шүүгдэгч А.Бн үр хүүхдүүдийг харааж элдвээр хэлсэн үг нь шүүгдэгчийг хүч хэрэглэхэд хүргэсэн байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 15-16х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд нь “шүүгдэгч А.Б нь И ХХК-нд гагнуурчнаар ажилладаг, цалин хөлс, орлоготой зэрэг байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал түүнд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, А.Б нь “И” ХХК-нд ажилладаг, цалин хөлс, тодорхой орлоготой зэргийг харгалзан шүүгдэгч А.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.Бн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэрбээр цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ