Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01040

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02922 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

30,722,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* болон *******-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22/14 дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдсан. Талууд нь энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд ажил, үйлчилгээний хөлс нийт 48,336,730 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд төлбөрийг захиалагч байгууллагаас санхүүжилт орж ирснээс 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд олгохоор харилцан тохиролцсон.

Хариуцагч ******* нь манай хийж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын 8 дугаар давхрын дахин төлөвлөлтийн өөрчлөлтийн зураг төслийн ажлыг хүлээн авч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгч, санхүүжилтээ бүрэн авсан.

Ажлын хөлсөө авахаар удаа дараа нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлж ирсэн бөгөөд ******* нь ажлын үлдэгдэл хөлс болох 20,478,462 төгрөгийн төлбөрөө төлөхгүй зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Гэрээний 7.5-д төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

Иймд ажлын үлдэгдэл төлбөр 20,478,462 төгрөг, алданги 10,243,731 төгрөг, нийт 30,722,193 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан ба дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна. Бидний хамтран ажилласан эмнэлгийн төслийн санхүүжилт удаашралтай байсан учир гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байсан. 20,478,462 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулан төлөх хүсэлттэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 30,722,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 311,561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон шүүх хуралдаанд оролцох бөгөөд шүүх хуралдаан давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг баримтын хамт шүүхэд хүргүүлсэн.

Шүүхээс анхан шатны шүүхийн товыг түрүүлж мэдсэн атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, хойшлуулах хүсэлт ирүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй гэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэг өдөр товлогдсон хуралд эхэлж тов мэдэгдсэн хуралд оролцох үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т хэргийн материал огт танилцуулаагүй, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Анхан шатны шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/АБ2026/03834 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах тухай бичгээр *******наас баримтыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн ирүүлэхийг шаардсан байна.

*******наас шүүхийн захирамжид заасан баримтыг шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй байхад буюу захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Гэрээний 3.12.1-т гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 100% буюу 48,336,730 төгрөгийг захиалагч байгууллагаас санхүүжилт орж ирснээс 3 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд болон эсхүл бэлнээр гүйцэтгэгч талд олгоно.

Гэрээний 7.5-д гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-иар алданги төлнө гэсэн байна.

Талууд гэрээгээр төлбөр төлөх үүрэг үүсэх хугацааг захиалагч талаас санхүүжилт орж ирснээс хойш 3 хоногийн дотор гэсэн байна. Гэтэл гэрээнд захиалагч нь ******* байх тул гэрээний 7.5-д заасан захиалагч талаас төлбөр орж ирсэн гэдгийг хэрхэн тооцож, төлбөр төлөх үүрэг яг хэзээ үүссэн, төлбөр төлөх хугацааг яг хэд хоногоор хэтрүүлж, хэтрүүлсэн хугацааны алданги хэмжээ хэдэн төгрөг байх, нэхэмжлэгчийн тооцоолол үнэн зөв эсэхэд дүгнэлт өгөөгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх захирамжийн биелэлтийг хангасан, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Алдангийг шүүхэд 2023 оноос шүүхэд хандах хүртэлх хугацаанд бодсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 20,478,462 төгрөг, алданги 10,243,731 төгрөг, нийт 30,722,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь ажлын үлдэгдэл төлбөр 20,478,462 төгрөгийг төлөх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

3. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* барилгын ажлыг 1,138,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан байна.

Уг ажлыг гүйцэтгэх хүрээнд ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******-аар Сонгинохайрхан дүүргийн Эмнэлгийн өргөтгөлийн барилгын 8 дугаар давхрын дахин төлөвлөлтийн өөрчлөлтийн зураг төслийн ажил-д мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 48,336,730 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэж өгсөн, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр акт үйлдэж баталгаажуулахын зэрэгцээ ажлын хөлсөнд 27,858,268 төгрөгийг 2023 онд төлсөн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын үр дүн хүлээлцсэн эсэх болон төлөгдөөгүй ажлын хөлсний тоо хэмжээний талаар хариуцагч маргаагүй.

 

3.1. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнээд ажлын хөлсний үлдэгдэл 20,478,462 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Талуудын байгуулсан гэрээний 3.12.1-д төлбөрийг захиалагч байгууллагаас санхүүжилт орж ирснээс хойш 3 хоногийн дотор төлөхөөр, 7.5-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/31832 дугаар захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон *******-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ******* барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилт олгосон баримтыг *******наас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу *******ны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/418 тоот албан бичгээр *******-д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 491,036,933 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 117,234,484 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 370,288,431 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 262,874,952 төгрөгийг тус тус ******* барилгын өргөтгөл гэх утгатай шилжүүлсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр ирүүлжээ /хх 66-68/.

Үүнтэй холбогдуулан нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

4.2. *******наас ирүүлсэн баримтаар хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг 2022-2024 оны хооронд үе шаттайгаар хүлээн авсан, түүнчлэн 2023 онд нэхэмжлэгчид ажлын хөлсний зарим хэсгийг шилжүүлэн төлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд талуудын байгуулсан гэрээний 3.12.1-д заасан захиалагч байгууллагаас санхүүжилт орж ирснээс хойш 3 хоногийн дотор төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч нь дээрх хугацаанд төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул гэрээний 7.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох үндэслэл бүрджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь алданги тооцсон хугацаа, тооцооллын аргачлал, үнийн дүнгийн талаар тодорхой үндэслэл бүхий татгалзал, эсхүл эсрэг тооцоолол гарган мэтгэлцээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алданги 10,243,731 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5.1. Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан байх бөгөөд үүнээс хойш хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүхэд тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, төлөөлөгч томилох зэрэг эрхээ хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн хариуцагч нь хуулийн этгээд тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийн хэрэгжилтийг тасалдуулах үндэслэл болохгүй тул шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүргийг дахин тайлбарлаагүй гэх гомдлыг хангахгүй болно.

 

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн хэрэгжүүлэх эрхэд хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн хугацаанд уг эрхээ хэрэгжүүлэх боломж хариуцагчид нээлттэй байсан тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.

 

5.3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2026/13279 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэргийн нөхцөл, өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулж байсан байдал зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ