Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 901

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ө Б /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 6-01 тоотод байх иргэн Б.Мы гэрээс бэлэн 25.000 төгрөг, иргэн Б.Мны “Самсунг гранд-2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 90.000 төгрөгийн, иргэн Ц.Эийн “Самсунг Нөт-2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 130.000 төгрөгийн, иргэн Г.Дгийн “Самсунг Гранд” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 100.000 төгрөгийн, нийт 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Сансарын ...-р гудамж ... тоот гэртээ байж байсан чинь өглөө 08 цаг 30 минутын үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь гараад хартал манай эхнэрийн аавынх нь дүүгийнх нь хүүхэдтэй урьд нь гэрлэж байгаад салсан Б  гэх залуу өөдөөс “Сайн байна уу, би таныг гэртээ байгаа болов уу гэж бодоод хүрээд ирлээ” гэж хэлэхээр нь би гэртээ оруулж цай хоол хийж өгчихөөд байж байтал Б дүү нь гараад хөлсөлж ирсэн таксигаа явуулчихаад ирье гээд гэрээс гарч яваад удалгүй гаднаас орж ирэхдээ 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи, 2.5 литрийн хэмжээтэй ууж байсан тал Боргио нэртэй пивотой орж ирээд ахдаа авч ирсэн юм гэж хэлээд надтай хамт хувааж уусан. Дараа нь  эхнэр Д ажлаа тараад гаднаас гэрт орж ирэхдээ хөрш айлын эмэгтэй болох Эрдэнэцэцэгийг дагуулж ирээд Б-г хараад “өө миний дүү ирсэн юм уу, уулзаагүй удаж” гээд юм ярьж байгаад Д дэлгүүр явж 0.75 литрийн хэмжээтэй архи ундаатай хамт авчраад бид 4 хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа нь манай эхнэр Д, Э хоёр караокед орж нэг цаг дуулчихаад ирье гэтэл Б “би явахгүй, унтлаа та хэд явчихаад ир” гэж хэлээд манай хүүхэд болон Үтай хамт үлдсэн. Тэгээд би эхнэр Д, Э хоёрын хамт гэртээ 23 цаг өнгөрч байхад иртэл Б унтаж байхаар нь бүгд амарсан. Маргааш өглөө нь бид нар сэрээд цай унд уучихаад байж байтал хөрш айлын Э “ах, эгч хоёртоо нэг шил архи авч өгнө” гээд дэлгүүр ороод 0.33 литрийн хэмжээтэй архи авчирсан. Манай эхнэр ажилдаа явлаа гээд уугаагүй. Би архинаас хоёр татчихаад унтлаа гээд хоёр давхар руу гарч унтсан. Харин нэг давхарт Э, Б хоёр архиа хувааж уугаад үлдсэн. Тэгээд удалгүй нойр хүрэхгүй байхаар нь нэг давхар руу буухад Б явчихсан Э уйлчихсан байсан. Би юу болсон талаар асуухад “Б яваад өгсөн, миний утас алга болсон байна” гэхээр нь би ширээн дээр байсан утаснуудаа үзтэл миний гар утас, мөн эхнэрийн гар утас алга болчихсон байсан. Миний өөрийн хэрэглэж байсан гранд-2 маркийн гар утас нь хар өнгөтэй эвдрэл гэмтэлгүй, мөн бэлэн 25.000 алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-иийн 13-14, 17х/,

Хохирогч Ц.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 дүгээр сарын 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 7 дугаар гудамжинд хөрш айлын эмэгтэй Дтэй таарч ... 0.75 литрийн хэмжээтэй архи авчраад тэр архийг М, Д, Б бид 4 хувааж уусан. Тэгээд маргааш өглөө нь унтаж сэрээд Д ажилдаа явсан. Харин би дэлгүүр орж өөрт байсан 10,000 төгрөгөөрөө 0.33 литрийн хэмжээтэй архи аваад М, Б бид нар хувааж уусан. М унтлаа гээд 2 давхар руу гарахаар нь би өөрийн Нөт-2 маркийн гар утсаа Б гэх залууд миний дүү энэ утсыг цэнэглэчих гээд өгсөн. Нөгөө залуу миний утсыг цэнэглэж өгсөн. Тэр хооронд би бие засах гээд гараад эргээд ороод иртэл Б миний утсыг аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би уйлаад байж байтал М хоёр давхраас бууж  ирээд юу болсон талаар асуухаар нь Б гэх залууг утас аваад явчихсан байна гэж хэлсэн. М бас өөрийн гар утсыг үзээд “миний гар утас алга болчихсон байна” гэж хэлсэн. Миний гар утас хар өнгийн сэв зураасгүй ажиллагаа хэвийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25х/,

Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харих гээд явж байгаад гудамжинд хөрш айлын Э гэх эмэгтэйтэй таарч гэр рүүгээ хамт орсон. Гэртээ ортол манай нөхөр Бтой архи уугаад сууж байсан. Би тухайн үед Бтой мэндэлчихээд тааралдаж уулзалдаагүй олон жил болсон юм байна гээд дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй архи авч өгөөд бид 4 хувааж уусан. Бид 3 унтаж амраад маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад би ажилдаа явсан. Тэгээд би ажил дээрээ байж байсан чинь 12 цагийн үед манай нөхөр М над руу залгаад “Б гэрээс миний гранд-2, чиний самсунгийн шар өнгийн гар утас, Эгийн Нөт-2 маркийн гар утаснуудыг унтаж байхад хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн. Миний гар утас шинэвтэр гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Ө.Бгоос шаргал өнгийн Самсунг фирм маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Г.Дд хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 5-6х/

“Мастер үнэлгээ” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ : 3 ширхэг гар утас нийлээд 320.000 төгрөг /хх 42-43х/,

Шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 3 ширхэг гар утас хулгайлсан. Архи уух гэж л авсан. 1 утсыг нь ломбардад тавьсан байснаа авч хохирогчид өгсөн. Нөгөө 2 утсыг нь алга болгосон учир ижил маркийн гар утас авч өгсөн байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Ө.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49х/,

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 71х/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 72х/,

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 74х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 6-01 тоотод байх иргэн Б.Мны гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн Б.Мны эзэмшлийн  90.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг гранд-2” маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөгийг, иргэн Ц.Эгийн эзэмшлийн   130.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Нөт-2” маркийн гар утсыг, иргэн Г.Дгийн эзэмшлийн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Гранд” маркийн гар утсыг тус тус хулгайлан авч, бусдад нийт 345.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нь:

Хохирогч Б.Мны “...Нэг давхар руу буугаад очиход Б явчихсан байсан ба Э  “Б яваад өгсөн, миний утас алга болсон байна” гэхээр нь би ширээн дээр байсан утаснуудаа үзтэл миний гар утас, мөн эхнэрийн гар утас алга болчихсон байсан. Миний өөрийн хэрэглэж байсан гранд-2 маркийн гар утас нь хар өнгөтэй эвдрэл гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг 13-14, 17х/,

Хохирогч Ц.Эийн “...Би бие засах гээд гараад эргээд ороод иртэл Б миний утсыг аваад явчихсан байсан. М хоёр давхраас бууж  ирэхээр нь би Б гэх залууг утас аваад явчихсан байна гэж хэлэхэд М бас өөрийн гар утсыг үзээд “миний гар утас алга болчихсон байна” гэж хэлсэн. Миний Нөт-2 маркийн гар утас хар өнгийн сэв зураасгүй ажиллагаа хэвийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25х/,

Хохирогч Г.Д “...Бид 3 унтаж амраад маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад би ажилдаа явсан. Тэгээд би ажил дээрээ байж байсан чинь 12 цагийн үед манай нөхөр Мөнхсайхан над руу залгаад “Б гэрээс миний гранд-2, чиний самсунгийн шар өнгийн гар утас, Эгийн Нөт-2 маркийн гар утаснуудыг унтаж байхад хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн. Миний гар утас шинэвтэр гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Ө.Бгоос шаргал өнгийн Самсунг фирм маркийн гар утас 1 ширхэгийг хураан авч, хохирогч Г.Дд хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 5-6х/

“Мастер үнэлгээ” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ : 3 ширхэг гар утас нийлээд 320.000 төгрөг /хх 42-43х/,

Шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 3 ширхэг гар утас хулгайлсан. Архи уух гэж л авсан. 1 утсыг нь ломбардад тавьсан байснаа авч хохирогчид өгсөн. Нөгөө 2 утсыг нь алга болгосон учир ижил маркийн гар утас авч өгсөн байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Ө.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ө.Бгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Мн, Ц.ЭГ.Дарьсүрэн нарт хохирлыг барагдуулсан, хохирогчид “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 17х, 25х, 30х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд 1 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ө.Бгийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ө.Бгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч нарт сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Ө.Бд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Ө.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн энэ хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэгт заасан ял оногдуулж биечлэн эдлүүлэх хууль зүйн үр дагавартайг тогтоолоор сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Бд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Бд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ