| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0887/Э |
| Дугаар | 906 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 906
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Н.Ундрах,
насанд хүрээгүй хохирогч А.Р, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.А,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Н-ийн О холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, ээж, ах эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 1504 тоотод оршин суух, урьд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 2019/ШЦТ/567 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Д овогт Нййн О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын эцэс орчим насанд хүрээгүй хохирогч А.Рийн эзэмшлийн мини крос маркийн мотоциклыг нь “унаж үзээд авна” гэж хуурч залилан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогч А.Рийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр 15-ны өдөр мини крос мотоциклоо зарна гэж утас дугаар байршуулан зар тавьсны дагуу 2019 оны 04 дүгээр 18-ны өдөр эрэгтэй хүн залгаад кросыг чинь авмаар байна гэсэн. Тэгээд бид хоёр ярьж байгаад Сонгинохайрхан дүүрэг Толгойтын эцэс дээр уулзахаар болоод би гэрээсээ цэнхэр өнгийн миний крос мотоциклоо унаад Толгойтын эцэс дээр очиход надтай утсаар ярьсан залуу нэг мопедтэй хүүхэдтэй хамт мопедонд нь сундалсан байсан ба намайг очиход надтай утсаар ярьсан хүүхэд бууж ирээд чи надтай ярьсан уу гэж асуугаад надтай уулзаад бид 2 хэсэг ойр зуурын зүйл ярьж байгаад мини крос мотоциклыг унаж үзэхээр болоод ойрхон унаад явсан. Тэр үед надтай хамт нөгөө мопедтой хүүхэд хамт байхаар нь би мопедыг нь унаж үзтэл дугуй нь хагарсан, тэгсэн тэр хүүхэд дугуйгаа янзлуулна гээд мопедоо түрээд яваад өгсөн. Тэгтэл мини кросыг унаж үзээд авна гэсэн залуу ирээд мотоциклоо хэдэн төгрөгөөр зарах бэ гэж худалдан авах талаар яриад явж байтал “шөнийн зах” дээр ирсэн. Тэгсэн нөгөө залуу дахиад унаад үзчихье гэж хэлээд миний мотоциклыг унаад Толгойтын хуучин эцэс тал руу явсан. Тэгээд би тэр хүүхдийг хүрээд ирнэ гэж бодоод хүлээгээд байсан боловч ирээгүй, тэгэхээр нь би тэр залуугийн залгасан ... дугаарын утсаар залгахад нэг эмэгтэй аваад нэг залуу миний утсаар гуйж ярьсан юм гээд тасалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклоо 750.000 төгрөгөөр үнэлж байна. Бага зэргийн засвар хийсэн байсан. Цагдаагийн байгууллагаас миний мотоциклыг олж өгсөн, мотоциклоо авахад мотоциклын эд зүйл эвдэрсэн байсан. Мини крос мотоциклынхоо эвдэрсэн зүйлийг засварлах мөнгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 24х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Насанд хүрээгүй гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О надад мотоцикл авмаар байна, үнэ нь ямар байдаг бол, надад 200.000 төгрөг байгаа хүрэх болов уу гэхээр нь би Facebook-ээр ороод харчихаач гээд О-ын Facebook-ээр орж мопед зарах хүний дугаарыг олж өгөөд, ажилтай байсан учраас явсан. Би зар дээрээс О-д зар уншиж өгөөд утасны дугаарыг нь хэлж өгсөн. О-г мотоцикл худалдан авах гэж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
3. Гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батмөнх гэх танил ахын автомашин засварын газарт ажиллаж байхад яг өдрийг нь сайн санахгүй байна 2019 оны 4 сарын дундуур байх 17 цагийн орчим байх ...цэнхэр өнгийн мотоциклтой каск өмссөн 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хальсан куртиктэй эрэгтэй хүүхэд ганцаараа ирээд та мотоциклын араа янзалж чадах уу гэхээр нь би амжихгүй ажил ихтэй байна гэж хэлтэл ахаа энийг би өнөөдөр танайд хонуулчихъя би Өгөөмөр захаас сэлбэг аваад маргааш ирээд авчихъя гэж хэлээд гражид үлдээсэн бөгөөд нөгөө хүүхдэд хоногийн 5000 төгрөгөөр тавина гэж хэлэхэд за гэж хэлээд явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
4. Мини крос маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42х/,
5. Мини крос мотоциклыг насанд хүрээгүй хохирогч А.Р түүний хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43х/,
6. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: А.Р “...Би тухайн залууд өөрийн мотоциклоо унуулж байсан. Одоо санаад байхад баруун талынх нь хөмсөгний дээд хэсэгт байх яг аль талынх нь сайн санахгүй байна шивээстэй байсан, ...уг залуугийн царай болон биеийг нь сайн харж тогтоож авсан би уг залууг харвал шууд зааж чадна” гэсний дагуу 1-5 гэж дугаарласан 5 ширхэг гэрэл зургуудыг үзүүлэхэд ...№3 гэсэн зураг дээрх залуу байна, мини крос маркийн мотоциклыг залилсан хүн мөн байна...” гэх /хх-ийн 46-53х/,
7. Тэнцвэр эстимэйт ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан: “мини крос мотоцикл 750.000 төгрөг” гэх /хх-ийн 55-56х/,
8. Тэнцвэр эстимэйт ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан: “... мини крос эвдэрсэн эд ангиудын үнэлгээ нийт 372.000 төгрөг” гэх /хх-ийн 61-62х/,
9. Нямдоржийн О-ын/регистр:УК00322015/ урьд шүүхээр шийтгүүлсэн 2019/ШЦТ/567 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-89х/,
10. Шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ...Муу ах нэртэй фэйсбүүк хаягаар орж мотоцикл зарна гэсэн зар руу ороход мопед зарна гэсэн зар байсан, уг зар дээр байсан утасны дугаар руу орж үзээд зар дээр байсан утас руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28-н автобусны буудлын хажууд байрлах түцнээс залгаад мотоциклыг худалдан авъя үнэ хэд бэ гэж асуухад тэр хүүхэд 750.000 төгрөгөөр зарна, Сонгинохайрхан дүүргийг 1 дүгээр хороо Толгойтын эцэст хүрч ирээд үзчих гэсэн. ...Тэгээд би 20 цагийн үед нөгөө хүүхдийн мотоциклыг үзэхээр явж байгаад ...замд нэг крос мотоцикл унасан хүүхэд тааралдахаар нь би тэр хүүхдийг ахыгаа Толгойт руу хүргээд өгөөч гэхэд тэр хүүхэд зөвшөөрөөд тэгээд би тэр хүүхдийн мотоциклд сундалдаад мотоцикл зарна гэсэн хүүхдийн байгаа Толгойтын эцэст очоод тэр хүүхэд рүү утсаар яриад ирчихлээ гэхэд тэр хүүхэд удалгүй очлоо хүлээж бай гэсэн. Тэгээд би хүргүүлж ирсэн хүүхдэд замдаа мотоцикл авах гэж байгаа гэж ярихад тэр хүүхэд мотоциклыг чинь сонирхъё гээд надтай хамт хүлээж байтал мотоцикл зарах хүүхэд цэнхэр өнгийн мотоцикл унаж ирсэн. Тэгээд би тэр хүүхдийн мотоциклыг үзэж хараад унаж үзье гээд унаад 1 км гаруй төв засмал замаар унаж явж байгаад ирсэн. Намайг ирэхэд намайг хүргэж ирсэн хүүхдийн мотоциклын дугуй хагарсан гээд яваад өгсөн байсан. ...Тэр хүүхдээс дахиад нэг унаад үзчихье гэж хэлээд мотоциклыг нь унаад Толгойтоос доошоо уруудаад 5-н шарын автобусны буудлын тийшээ гараад тэндээсээ Баянгол дүүргийн модны 2-н тийшээ яваад тэнд байдаг найз М-ийн гэрийн гадаа мотоциклыг түр үлдээгээд явсан. Тэгээд тэндээсээ гэртээ харчихаад 2-3 хоногийн дараа буцаж мотоциклоо аваад Баянзүрх дүүрэгт байх гэр рүүгээ унаад явж байтал тухайн мотоциклын хойд талын араа эвдэрсэн тэгэхээр нь би ойролцоо байх засварын газарт мотоцикл эвдэрчихлээ, түр тавиад удахгүй авна гэж хэлээд 1 хоногийн 5000 төгрөгөөр үлдээсэн. Тэгээд удалгүй цагдаад баригдсан. ...Би уг мотоциклыг унаж үзье гэж хэлж байгаад тухайн мотоциклыг нь аваад явчихсан юм. Би найз М-д мотоцикл худалдаж авсан гэж хэлсэн. Мөн мотоцикл үлдээсэн авто засварын газрын хүн намайг мотоцикл залилан авсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
11. Н.Оын хувийн байдлын талаарх мэдүүлэг, баримтууд:
Гэрч Г.Баянжаргалаас Н.Оын хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69х/,
Шүүгдэгч Н.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76х/ зэрэг болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойтын эцэс орчим насанд хүрээгүй хохирогч А.Рийн эзэмшлийн мини крос маркийн мотоциклыг нь “худалдаж авна” гэж хуурч аван 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч А.Рийн: “...2019 оны 04 дүгээр 15-ны өдөр мини крос мотоциклоо зарна гэж утас дугаар байршуулан зар тавьсны дагуу 2019 оны 04 дүгээр 18-ны өдөр эрэгтэй хүн залгаад кросыг чинь авмаар байна гэсэн. Тэгээд би цэнхэр өнгийн миний крос мотоциклоо унаад Толгойтын эцэс дээр очиход надтай утсаар ярьсан залуу ...мини крос мотоциклыг унаж үзэхээр болоод ойрхон унаад явсан. Тэгээд мини кросыг унаж үзээд авна гэсэн залуу буцаж ирээд мотоциклоо хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж худалдан авах талаар яриад явж байтал “шөнийн зах” дээр ирсэн. Тэгсэн нөгөө залуу дахиад унаад үзчихье гэж хэлээд миний мотоциклыг унаад Толгойтын хуучин эцэс тал руу явсан, буцаж ирээгүй. Тэгэхээр нь би тэр залуугийн залгасан 88853960 дугаарын утсаар залгахад нэг эмэгтэй аваад нэг залуу миний утсаар гуйж ярьсан юм гээд тасалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 24х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Насанд хүрээгүй гэрч Б.Тэлмэнгийн: “...О надад мотоцикл авмаар байна, үнэ нь ямар байдаг бол, надад 200.000 төгрөг байгаа хүрэх болов уу гэхээр нь би Facebook-ээр ороод харчхаач гээд О-ын Facebook-ээр орж мопед зарах хүний дугаарыг олж өгөөд, ажилтай байсан учраас явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
3. Гэрч Б.Бий: “...Би Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батмөнх гэх танил ахын автомашин засварын газарт ажиллаж байхад яг өдрийг нь сайн санахгүй байна 2019 оны 4 сарын дундуур байх 17 цагийн орчим байх ...цэнхэр өнгийн мотоциклтой каск өмссөн 18 орчим насны цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хальсан куртиктэй эрэгтэй хүүхэд ганцаараа ирээд та мотоциклын араа янзалж чадах уу гэхээр нь би амжихгүй ажил ихтэй байна гэж хэлтэл ахаа энийг би өнөөдөр танайд хонуулчихъя, би Өгөөмөр захаас сэлбэг аваад маргааш ирээд авчихъя гэж хэлээд гражид үлдээсэн бөгөөд нөгөө хүүхдэд хоногийн 5000 төгрөгөөр тавина гэж хэлэхэд за гэж хэлээд явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
4. Мини крос маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42х/,
5. Мини крос мотоциклыг насанд хүрээгүй хохирогч А.Р түүний хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43х/,
6. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: А.Р “...Би тухайн залууд өөрийн мотоциклоо унуулж байсан. Одоо санаад байхад баруун талынх нь хөмсөгний дээд хэсэгт байх яг аль талынх нь сайн санахгүй байна шивээстэй байсан, ...уг залуугийн царай болон биеийг нь сайн харж тогтоож авсан би уг залууг харвал шууд зааж чадна” гэсний дагуу 1-5 гэж дугаарласан 5 ширхэг гэрэл зургуудыг үзүүлэхэд ...№3 гэсэн зураг дээрх залуу байна, мини крос маркийн мотоциклыг залилсан хүн мөн байна...” гэх /хх-ийн 46-53х/,
7. Тэнцвэр эстимэйт ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан: мини крос мотоцикл 750.000 төгрөг гэх /хх-ийн 55-56х/,
8. Шүүгдэгч Н.Оын: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ...Муу ах нэртэй фэйсбүүк хаягаар орж мотоцикл зарна гэсэн зар руу ороход мопед зарна гэсэн зар байсан, уг зар дээр байсан утасны дугаар руу орж үзээд зар дээр байсан утас руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 28 автобусны буудлын хажууд байрлах түцнээс залгаад мотоциклыг худалдан авъя үнэ хэд бэ гэж асуухад тэр хүүхэд 750.000 төгрөгөөр зарна, Сонгинохайрхан дүүргийг ... дүгээр хороо Толгойтын эцэст хүрч ирээд үзчих гэсэн. ...Тэгээд би 20 цагийн үед нөгөө хүүхдийн мотоциклыг үзэхээр явж очиход ... мотоцикл зарах хүүхэд цэнхэр өнгийн мотоцикл унаж ирсэн. Тэгээд би тэр хүүхдийн мотоциклыг үзэж хараад унаж үзье гээд унаад 1 км гаруй төв засмал замаар унаж явж байгаад ирсэн. ...Тэр хүүхдээс дахиад нэг унаад үзчихье гэж хэлээд тухайн мотоциклыг нь аваад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О нь дээрх хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн арга барилыг нь авч үзвэл, шүүгдэгч нь анхнаасаа эд зүйл худалдаж авах санаа зорилго агуулаагүй, тэрбээр хохирогч руу бусдын эзэмшлийн гар утас болон үүрэн телефоны утсаар холбогдон харилцаж байсан төдийгүй насанд хүрээгүй хохирогчид эд зүйлийг нь худалдаж авна гэж худал хэлэн хуурч, мотоциклыг унаж үзэх, шалгах нэрийдлээр авч явж өөрийн эзэмшилд шилжүүлсэн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Н.Оыг бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол барагдуулсан тухай баримт зэргээр шүүгдэгч Н.О нь хохирогч А.Рид хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оод 9 сар 8 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 176 цаг эдлээгүй үлдсэн ялыг хоногт шилжүүлж, нийт 22 хоногийг нэмж нэгтгэн, нийт 10 сар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Н.О нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогчид 372000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн мотоциклыг биет байдлаар хүлээлгэж өгсөн зэрэг байдлыг харгалзан 6 сарын хорих ялыг оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулахаар тогтов.
Мөн шүүгдэгч Н.О өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, уг ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Оын үйлдсэн хэргийн шинж, нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.О нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 38 хоног цагдан хоригдсон /Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолд дурдагдсан/ байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч “Н.Оод оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Н.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах”, 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Н.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далхаа овогт Нямдоржийн О-г бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.О-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 60 /жар/ хоног буюу 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.О-ын өмнө цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ