| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/41972/И |
| Дугаар | 210/МА2026/00824 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00824
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/03134 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...үнэлэгдэж буй хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг хэт багаар тогтоосон, үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг үнэлгээний тайланд заагаагүй, үнэлгээг биечлэн /өөр хүн буюу эмэгтэй хүн биет үзлэгийг хийсэн/ гүйцэтгээгүй, үнэлгээний хариуцлагын мэдээлэл, тооцоолол байхгүй... гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж тайлбарлан маргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.16-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 831,634,629 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн ******* дугаартай, мөн хаягт байх ******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч байгууллага 2023.11.21-ний өдөр эхлүүлэн барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах, хөрөнгийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг явуулжээ.
Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ******* ХХК-ийн тайланг төлбөр төлөгч ******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.09-ны өдрийн ******* дугаар магадлалаар үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
4.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг дахин явуулж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2025.10.24-ний өдрийн 24360107/03 дугаар тогтоолоор битүүмжилж /1хх 119/, 2025.11.05-ны өдрийн 24360107/04 тоот тогтоолоор хураан авсан /1хх 208/ байна.
Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгчийн 25.11.10-ны өдрийн 3-4/6274, 3-4/6275, 3-4/6276 дугаар мэдэгдлээр 25.11.13-ны өдрийн дотор үнийн саналаа бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. /1хх 131-133/ Төлбөр төлөгч болон төлбөр авагч тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025.11.14-ний өдрийн 11/89 дугаар тогтоолоор нэхэмжлэлд дурдсан 5 эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн, үнэлгээчин *******ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Үнэлгээчин шинжээч томилох тогтоолд дурдсан *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай хоёр давхар орон сууц, мөн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* тоот хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай хувийн сууцыг тус тус өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар харьцуулан үнэлэхэд өртгийн хандлагын аргаар 1,694,705,072 төгрөг гэж, зах зээлийн хандлагын аргаар 1,845,185.45 төгрөг гэж үнэлэгдсэн ба үнэлгээг зэх зээлийн хандлагаар буюу 1,845,185.45 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцжээ.
5.Хэргийн оролцогч, үнэлгээчний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захиалгаар нэр бүхий 5 хөрөнгийн үнэлгээг тогтоосон үнэлгээчин *******ын хөрөнгийн үнэлгээний тайлан холбогдох хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна.
Хариуцагчаас үнэлгээчин *******т 2025.11.14-ний өдөр эрх, үүрэг болон шинжээчээр оролцохоос татгалзах нөхцөлийг танилцуулан тэмдэглэл үйлдэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14-т заасныг танилцуулсан, үнэлгээчин ******* нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангажээ.
Үнэлгээчин хөрөнгүүдийг үнэлсэн тайланд төлбөр төлөгч *******, ******* нарын өмчлөлийн 5 үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн *******ын өмчлөлийн хөрөнгө гэж дурдсан техникийн алдаа гаргасан нь үнэлгээг хүчингүй болгох ноцтой алдаанд хамаарахгүй тул хариуцагч талаас ...хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг алдаатай бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа ба үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй.
Учир нь дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2 нь *******ын, 3 нь *******ийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр зааглагдах тул дээрх техник шинжтэй алдаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй.
6. Нэхэмжлэгчээс барьцааны бус хөрөнгийг хамтад нь үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ бодит бус гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.09-ний өдрийн ******* дугаар магадлалд дурдсан үндэслэлийн дагуу хариуцагч байгууллагаас барьцаа хөрөнгөөс гадна тухайн газар, нэг барилгад хамт оршиж буй бусад 3 хөрөнгийн хамт хөрөнгө үнэлэх ажиллагааг хийлгэхээр шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээчин тухайн хөрөнгүүдэд үнэлгээг хийснийг буруутгахгүй. Мөн нэхэмжлэгч талаас магадлалд дурдсан байдлын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгүүдийн мэдээллээ тодорхой болгон заагласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь ...хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт багаар тогтоосон... гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан ******* ХХК-ийн 2020.04.10-ны өдрийн №20/28 дугаартай Хөрөнгийн үнэлгээний /зөвхөн 1 хөрөнгө үнэлсэн/ тайланг 2025.12.03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлантай харьцуулан үзэх боломжгүй байна. Иймд энэ тухай гомдлыг хангахгүй.
7.Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.8-д үнэлгээ хийсэн, харьцуулсан эх сурвалжийн мэдээллийг тусгасан байхын зэрэгцээ үнэлгээчин нь 2026.02.05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцон тайлбар гаргахдаа ...үнэлэгдэж буй хөрөнгүүдэд өөрөө болон туслахын хамт очиж үзлэг хийсэн гэж тайлбарласан, мөн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн гадна болон дотор талыг фото зургаар баримтжуулж, тайланд хавсаргасан нь Үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.3.9-д тус тус заасан үнэлгээ бодитой байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлтэй байх хуулийн шаардлага, зарчимд нийцсэн байна.
8. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/03134 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Э.ЭНЭБИШ