| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0886/Э |
| Дугаар | 918 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 918
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Энхболд /ҮД:2-668/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н Т-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Г” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн /Хэнтий аймаг, хэрлэн сум/ 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 103-ө дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 10 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасч, үлдэх 11 сар 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1243 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 09 сар 26 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан, Б овогт Н Т /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоот хашааны гадаа иргэн Ч.Бтэй ялимгүй зүйлээр шалтаглан толгой, цээжин тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны орой би ... дүгээр хорооллоос гэр рүүгээ явж байтал зам дээр Б /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ зогсож байхаар нь би “хаа хүрэх гэж байгаа юм” гэж асуусан чинь “даараад байна, чи гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... дугаар гудамжинд байрлах гэрт нь хүргэж өгөөд буцаад хөдөлж байтал Бгийн аав нь гэрээсээ гарч ирээд намайг зогсоогоод миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд машины арааг мулталсан. Тэгээд намайг машинаас буулгаж ирээд миний хувцасны захаар боогоод газар унагаад хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод зугтааж гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн. ...Намайг Бгийн аав Т гэх хүн зодож гэмтээсэн. Миний толгойд учирсан гэмтлүүдийг Н.Т гараараа миний толгой руу цохиж гэмтээсэн, хүзүүний зулгаралт болон эгэмний зулгаралт цус хуралтыг Н.Т хувцасны захаар бооход миний биед үүссэн..” гэсэн мэдүүлэг /хх-иийн 14-16х/,
2. Гэрч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод би болон манай дүүгийнх гэр бүлээрээ амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчимд гэртээ байж байхад манай дүү Т дуудаад байхаар нь гэрээсээ гараад хашааныхаа гадаа гараад очиход хашааны гадаа Т өөрийнхөө хүүхэд Бтой цуг байж байсан. Харин тэр хоёрын хажууд цагаан өнгийн соната 5 маркийн машин байж байсан. Машины жолооч нь байхгүй байсан. Дүү Т маань цагдаа дуудна энэ машиныг хараад байж бай гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12925 дугаартай: “...Ч.Бгийн биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, баруун нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун, зүүн, эгэм орчмын зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31х/
4. Н.Тын хувийн байдлын талаар гэрч Н.Мийн мэдүүлэг /хх-ийн 23-24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39х/, гэрлэлт бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 40х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41х/, Г ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 42х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн” /хх-ийн 37х/,
5. Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Б нь манай хүүхдийг дагуулж гадуур тэнээд байсан юм. Тэгсэн манай гадаа ирсэн байна гэж дүү хэлэхээр нь гадаа гараад хүүхэд дээрээ очсон. Тэгээд хохирогчийг хүүхэд дагуулж тэнэлээ гэсэн чинь хохирогч нь машинаа асааж зугтаах гээд байхаар нь гараараа нэг удаа цохиж машины арааг мулталсан. Дараа нь нэг удаа цээж рүү цохисон чинь надаас зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед би хохирогчийг айлгах зорилгоор цохисон бөгөөд цохисондоо гэмшиж байна...” /хх-ийн 58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоот хашааны гадаа иргэн Ч.Бг “хүүхэд дагуулж хэслээ” гэх шалтгааны улмаас толгой, нүүр лүү нь гараараа цохиж, цамцны захаар хоолойг нь боож, цээжин тус газар гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Бгийн: “...Б /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэрт хүргээд өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлээд ... гэрт нь хүргэж өгөөд буцаад хөдөлж байтал Бгийн аав нь гэрээсээ гарч ирээд намайг зогсоогоод миний цээж рүү гараараа нэг удаа цохиж, тэгээд машины арааг мултлаад намайг машинаас буулгаж ирээд хувцасны захаар боогоод газар унагаад миний хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод зугтааж гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16х, 17-18х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12925 дугаар: “...Ч.Бгийн биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, баруун нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун, зүүн, эгэм орчмын зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31х/,
Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой би гэртээ байж байтал манай эгчийн хүүхэд Х надад Б машинтайгаа манай гадаа ирээд зогсчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очсон чинь Б Бгийн машины урд сууж байхаар Быг хаагуур тэнээд байгаа юм гэж хэлээд машинаас буулгасан юм. Тэгээд би Бгийн машинд буюу жолоочийн эсрэг талаас Бд чи яагаад хүүхэд дагуулж тэнээд байгаа юм гэж хэлээд заамдаад авсан чинь Б машинаа хөдөлгөхөөр нь би машиных нь арааг мултлаад гараараа толгой руу нь нэг удаа цээж рүү нь нэг удаа цохисон чинь Б машинаа орхичхоод буугаад зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Т нь хохирогч Ч.Бгийн толгой, нүүр, цээж рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Н.Тын энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Т нь хохирогч Ч.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ч.Б нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Н.Тын цагдан хоригдсон 12 хоногийг торгох ялд оруулан тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд нь “шүүгдэгч Н.Тын хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг доод хэмжээгээр /450 нэгж/ нь оногдуулж, улмаар уг ялаас цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн хасаж, үлдэх торгох ялыг буюу 270.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Н.Тын хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан шүүгдэгч Н.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 180 нэгж буюу 180.000 төгрөгийг ял эдэлсэнд оруулан тооцож, Н.Тод оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөс хасч, түүний эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 420 нэгж буюу 420.000 төгрөгөөр тогтоон улмаар түүний цалин хөлс, эд хөрөнгө болон бусад орлогын эх үүсвэр зэрэг байдлыг нь харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 180 нэгж буюу 180.000 төгрөгийг ял эдэлсэнд оруулан тооцож, Н.Тод оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөс хасч, түүний торгох ялын хэмжээг 420 нэгж буюу 420.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тод оногдуулсан 420 нэгж буюу 420.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ