Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 53б тоотод оршин суух Боржигон овогт Дуламсүрэнгийн Ганчимэг /ФВ: 74010502/

Н.Даваажаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Ганчимэг нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн Нямцоодолын Даваажаргалд ОРО 47-59 улсын дугаартай истана маркийн автомашиныг 4 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож үүнээс 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 2 400 000 төгрөгт гэрээ хийн 2 сарын хугацаанд буцаан олгохоор тохиролцсон боловч өдийг хүртэл тодорхой хаяггүй сураггүй алга болсон тул Нямцоодолын Даваажаргалыг эрэн сурвалжилж хаягийг нь тодорхойлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хүсэлт гаргагч Д.Ганчимэг нь Н.Даваажаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Д.Ганчимэг нь Н.Даваажаргалд 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 47-59 ОРО улсын дугаартай истана маркийн машиныг 4 500 000  төгрөгөөр зээлээр  худалдсан, 2 000 000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 2 400 000 төгрөгийг 2 сарын дараа авахаар тохиролцсон боловч Н.Даваажаргал нь дурдсан хугацаандаа мөнгөө өгч барагдуулаагүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон тул түүнийг эрэн сурвалжлах шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна. Түүний тайлбар нь Н.Даваажаргалын иргэний үнэмлэхний лавлагаа, худалдаж худалдан авсан тухай гар бичвэрээр нотлогдож байна.

Иймд Гэгээн шавь овогт Нямцоодолын Даваажаргал /ФМ: 78100905 / нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.

Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гэгээн шавь овогт Нямцоодолын Даваажаргал /ФМ: 78100905 /-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Даваажаргалыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.

            3. Н.Даваажаргал нь Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн 48-р байр 24 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ