Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00917

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Би сүүлийн 20 жил үсчин хийж байгаа. Хариуцагч нь миний байнгын үйлчлүүлэгч бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан боловч төлбөрийг төлөөгүй.

1.2. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч надад өөрийн гараар зээлж авсан мөнгө хүү, алдангитайгаа 30,000,000 төгрөг болсон ба 2024 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулна гэсэн баримт үйлдэж гарын үсгээ зурж өгсөн боловч мөн төлөлгүй өдий хүрсэн.

1.3. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан нь үнэн болно. Дээрх зээлийг аман байдлаар харилцан тохиролцож 6 сарын хугацаатай зээлж авсан.

4.2. Нийт зээлсэн мөнгөн дүн 12,000,000 төгрөг бөгөөд 4,500,000 төгрөгт 6 сарын хугацаанд сарын 10 хувийн хүү тооцоход 2,700,000 төгрөгийн хүү, 4,000,000 төгрөгт 6 сарын хугацаанд сарын 5 хувийн хүү тооцоход 1,200,000 төгрөгийн хүү, 3,500,000 төгрөгт 6 сарын хугацаанд сарын 10 хувийн хүү тооцоход 2,100,000 төгрөгийн хүү буюу нийт 6,000,000 төгрөгийн хүү тооцогдож байна.

4.3. Үндсэн зээл нь хүүтэйгээ нийт 18,000,000 төгрөг болж байгаагаас нэхэмжлэгчид нэг бүр нь 80,000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг, нийт 1,920,000 төгрөгийн үнэтэй виски өгсөн, мөн хамтран эзэмшигчийн ******* тоот данснаас 1,000,000 төгрөгөөр 2 удаа, 500,000 төгрөгөөр нэг удаа, 260,000 төгрөгөөр нэг удаа нийт 2,760,000 төгрөгийг шилжүүлсэн.

4.4. Вискиний үнэ 1,920,000 төгрөг болон ******* тоот данснаас шилжүүлсэн 2,760,000 төгрөг, нийт 4,680,000 төгрөгийг зээл болон хүүгийн төлбөр 18,000,000 төгрөгөөс хасаж тооцоход 13,320,000 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийг 13,320,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байна.

4.5. Хавтаст хэрэгт байгаа 30,000,000 төгрөг төлнө гэсэн бичгийг ******* нь гэр орон руу танхай залуу явуулж дарамтлан хүчээр бичүүлсэн баримт тул хүчин төгөлдөр бус юм.

4.6. Анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаж чадаагүй нь ярилцаж тохиролцсон өмгөөлөгч маань хөл нь гэмтэж ирж чадаагүйтэй холбоотой бөгөөд анхан шатны шүүх хурлын товыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэж мэдэгдсэн боловч хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн байсан. Утсаа эмнэлэг дээр алдсан тул энэ талаарх баримтыг үзүүлэх боломжгүй байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийг тус тус баримталж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хурлын товыг шүүх буруу мэдэгдсэн, хариуцагчийн эгч нь өвчтэй байсан гэх агуулга дурдсан нь үндэслэлгүй. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зүйл, заалтыг баримталж үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

5.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх, үүрэгтэйгээ танилцсан бөгөөд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны товыг буруу тэмдэглэж авах, тэмдэглэсэн баримтаа алга болгох зэрэг нь хариуцагчийн асуудал бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

5.4. Хариуцагч гомдолдоо нэхэмжлэгчид виски өгсөн, 30,000,000 төгрөг төлөх баримтыг албан шахалтаар бичсэн гэж дурдсан бөгөөд энэ нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь энэ талаарх үйл баримтын талаар тайлбарлахдаа Миний бие танхай залуус авч очоогүй бөгөөд хариуцагчтай холбогдох гэж удаа дараа оролдсон. Түүний утас руу нь залгахад авдаггүй бөгөөд гэрт нь очиход хүн байдаггүй. Миний бие олон удаа түүний гэрийн гадаа нь очиж хүлээж байгаад уулзсан бөгөөд тэрээр намайг гэртээ дагуулж ороод миний зээлсэн үндсэн зээл болон хүү 30,000,000 төгрөг давсан учир 6 сарын хугацаанд 30,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж бичиг хийж өгөн гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүх уг баримтыг талууд шинээр үйлдэж гэрээ хэлцэл хийсэн байна гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.5. Хариуцагч нь нэхэмжлэгчид удаа дараа мөнгө өгсөн, виски өгсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид хэдэн ширхэг виски өгч өрнөөсөө хасаарай гэж хэлсэн бөгөөд уг вискиг зарж чадаагүй учир хариуцагч буцаан авсан байдаг. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчид удаа дараа мөнгө өгч байсан бол энэ талаарх баримтаа анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт байхгүй байхад энэ агуулгаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. ******* банк дахь *******-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас ******* банк дахь *******ы эзэмшлийн ******* дугаартай дансанд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг ******* *******аас гэх утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг ******* зээлэв гэх утгаар, мөн ******* банк дахь *******ийн эзэмшлийн ******* дугаар дансанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг ******* *******аас гэх утгаар тус тус шилжүүлсэн;

3.2. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой Зээлийн баталгаа нэртэй баримтад Тус компанийн гүйцэтгэх захирал ******* миний бие иргэн *******гаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр тохиролцож зээлэв гэж бичиж, *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан, уг баримтын ар талд Баттуяагаас 5,000,000=10%=500,000т, 4,000,000=5%=200,000т, 2,000,000=10%=200,000т, Нийт 11,000,000 авав. Нийт 900,000т хийх гэсэн мөн 2022.08.24-нд 11,000,000= үлдэгдэлтэй, 7,000,000=10%=700,000, 4,000,000=5%=200,000 гэсэн тэмдэглэгээ хийгдсэн;

3.3. Зохигч талууд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Иргэн *******гаас ******* нь 9,000,000 төгрөгийг хуваан зээлсэн нь үнэн болно. Нийт мөнгийг хүүтэй нь хамт 2024 оны 06 дугаар сард багтаан төлөх болно. Эс бөгөөс харилцан ярилцан байрны захиалгын гэрээ хийж өгөхөөр тохиролцов. Үндсэн мөнгө хүүгийн хамт байрны урьдчилгаанд өгөхөөр тохиролцов. Нийт мөнгөн дүнгээ 30,000,000-р тохиров, ярилцаж шийдэв гэсэн агуулгатай баримт үйлдэж, *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан;

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хэрэгт авагдсан 3 удаагийн банкны гүйлгээний баримтаар нэхэмжлэгч нь *******ы эзэмшлийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр /4,500,000+4,000,000/ 8,500,000 төгрөгийг, *******ийн эзэмшлийн дансанд 1 удаагийн гүйлгээгээр 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, эдгээр мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан гэдэгт маргаагүй тул дээрх 3 удаагийн мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дээрх 3 удаагийн зээлийг тус бүр 10 хувийн хүүтэй байсан гэж тайлбарласан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, талууд хэлэлцэн тохирч нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр хүү тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах хуулийн зохицуулалттай.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй гэж үзэхдээ зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой албан бичгийн ар талд ...5,000,000=10%=500,000₮, 4,000,000=5%=200,000₮, 2,000,000=10%=200,000₮ нийт 11,000,000 авав: нийт 900,000₮ хийх гэж дурдаж хариуцагч гарын үсэг зурсан, 3,5-аас 1,500,000 авсан гэж дурдсан, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ...нийт мөнгийг хүүтэй хамт 2024 оны 6 сардаа багтаан төлөх болно, эс бөгөөд харилцан ярилцаж байрны захиалгын гэрээ хийж өгөхөөр тохиров, үндсэн мөнгө, хүүгийн хамт байрны урьдчилгаанд өгөхөөр ярилцав. Нийт мөнгөн дүнгээ 30,000,000 төгрөгөөр тохиров... гэж дурдаж зохигч талууд гарын үсэг зурсан зэргийг харьцуулан үзэхэд зохигч талууд зээлийн хүүг бичгээр тохирсон гэж үзэх үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй байна.

2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой баримтын ар талд хийсэн тэмдэглэгээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн зээлийн мөнгөн дүн болох 4,500,000 төгрөгийн зээл, 4,000,000 төгрөгийн зээл, 3,500,000 төгрөгийн зээлтэй мөнгөн дүнгээрээ тохирч байгаа тэмдэглэгээ нь зөвхөн 4,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой тэмдэглэгээ байх ба уг баримтад 4,000,000 төгрөгийн зээлд 5 хувийн хүү тооцох талаар тэмдэглэсэн, бусад мөнгөн дүнг 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг гэх мэтчилэн дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн мөнгөн дүнтэй тохирохгүй байна.

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн огноо бүхий баримтад 9,000,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар дурдсан байгаа мөн адил нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн мөнгөн дүнтэй тохирохгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

4.4. Гэсэн хэдий ч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой Зээлийн баталгаа нэртэй баримтын ард талд хийсэн тэмдэглэгээнд 4,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй гэсэн тэмдэглэгээ хийсэн, хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд хариу тайлбар, татгалзал бичгээр гаргаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байх тул хэдийгээр зохигчдын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д заасны дагуу өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд буцаан төлөөгүй гэдэгт маргаагүй, хэдийгээр талуудын хооронд хугацаа болон хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч 4,000,000 төгрөгийн зээлд 5 хувийн хүү төлөх талаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой баримтын ар талд хийсэн тэмдэглэгээнд тусгагдсан, үлдэх 4,500,000 төгрөгийн болон 3,500,000 төгрөгийн зээлд 10 хувийн хүү төлөх талаар талууд харилцан тохиролцож байсан болон дээрх зээлүүдийг 6 сарын хугацаатай зээлж авсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул үндсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, 4,500,000 төгрөгийн зээлд 6 сарын хугацаанд сарын 10 хувиар тооцож 2,700,000 төгрөгийн хүү, 4,000,000 төгрөгийн зээлд 6 сарын хугацаанд сарын 5 хувиар тооцож 1,200,000 төгрөгийн хүү, 3,500,000 төгрөгийн зээлд 6 сарын хугацаанд сарын 10 хувиар тооцож 2,100,000 төгрөгийн хүү буюу нийт 6,000,000 төгрөгийн хүү, бүгд 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчид 1,920,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн, мөн дансаар 2,760,000 төгрөг шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс нийт 4,680,000 төгрөгийг хасаж тооцох ёстой гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн татгалзлаа шүүхэд баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болох шүүх хуралдааны товыг анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэж буруу мэдэгдсэнээс шалтгаалан шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн байх боловч анхан шатны шүүхийн үйлдсэн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас болон утсаар холбогдсон тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар хариуцагчид шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр товлосон талаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01165 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР