| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01029/И |
| Дугаар | 00927 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-21-63 тоотод оршин суудаг Рэнцэнгийн Нямцэрэн /ФМ:56010271/
Л.Сүхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие өмгөөлөгчийн хувьд 2012 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гарсан хүн амины хэрэгт холбогдсон Лхагвасүрэнгийн Сүхбатын өмгөөлөгчөөр ажилласан юм. Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Булган аймаг дахь Сум дундын шүүх 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 87 тоот тогтоолоор түүнийг цагаатгасан. Яллагчийн эсэргүүцэл, нэг хэрэгт ял шийтгүүлсэн Даваадорж болон түүний өмгөөлөгчийн гомдол, хохирогчийн гомдлоор энэ хэрэг давж заалдах ба хяналтын шатны шүүхээр хянагдаж Булган аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны 54 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоол хэвээр батлагдаж Л.Сүхбат бүрэн цагаатсан болно.
Л.Сүхбат нь энэ хэрэгт 130 хоног цагдан хоригдсон байдаг бөгөөд надтай 2013 оны 05 дугаар сард уулзаж гэмт хэрэгт хилсээр хоригдсоны улмаас учирсан хохирлоо баримтжуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахад туслахыг хүссэн ба асуудлыг шийдвэрлэсэн үр дүнгийн 30 хувиар хөлс төлөх гэрээ байгуулсан. Ингээд би түүний оролцоотойгоор хэргийн хохирогч талд төлсөн хохирол, аваагүй цалин хөлс, өмгөөлөл хууль зүйн үйлчилгээний хөлс, сэтгэл санааны хохиролд бүгд 11 621 354 төгрөгөөр хохирсон үндэслэлийг тогтоож нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган, хэлбэршүүлж шүүхэд өгөн улмаар 2013 оны 08 дугаар сарын 28-нд шүүх хуралдаанд би өөрөө биечлэн оролцож Сонгинохайрхан дүүргийн шүүхээр нэхэмжлэл бүрэн хангагдан 1822 тоот шийдвэр гарсан. Л.Сүхбат үүний дараа Улаанбаатар хотод надтай нэг удаа уулзсан ба гэрээгээ биелүүлнэ гэж байсан боловч дахин холбоо бариагүй. Би ШШГЕГ-аас лавлахад тэрээр хохирлоо ШШГА-аар төлүүлж авсан байна.
Л.Сүхбатыг эрэн сурвалжлуулах үндэслэл:
1.Л.Сүхбат гэрээгээ зөрчин холбоо харилцаа тасарсан ба тухайн үед надтай холбогдож байсан 99053098, 96096969 тоот утас руу нь залгахад тийм хүн байхгүй гэж хариулж байна.
2. Гэрээнд заасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наран 42-29 тоотод очиход мөн тийм хүн байхгүй гэх ба хорооны бүртгэлд тэрээр огт бүртгүүлж байгаагүй байна.
3.Иргэний бүртгэлийн байгууллагаар лавлахад Лхагвасүрэнгийн Сүхбат, түүний эхнэр Батсайханы Жавхлан нар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэлтэй байна. Хишиг-Өндөр сумын засаг дарга М.Зоригтой холбоо барьж /99894208// холбогдох ажилтнуудаас нь лавлуулахад Л.Сүхбат хэргээ шийдүүлээд явсан, эхнэр нь дараа жил нь явсан Хишиг-Өндөр суманд амьдардаггүй, үүгээр ер үзэгддэггүй гэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасныг баримтлан Завхан аймгийн Сантмаргац сумын харъяат, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэлтэй, ИК 87081517 тоот регистртэй Сартуул овгийн Лхагвасүрэнгийн Сүхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Нямцэрэн нь Л.Сүхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Л.Сүхбатыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан онц хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Булган аймаг дахь Сум дундын шүүх 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 87 дугаартай тогтоолоор цагаатгаж, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх хэрэгт Л.Сүхбат нь 130 хоног цагдан хоригдсон бөгөөд гэм хорын хохирол гаргуулах иргэний хэрэгт өмгөөлөгч Р.Нямцэрэнгээс хууль зүйн туслалцаа хүсч, улмаар гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авсан, уг хэрэгт өмгөөлөгч оролцож нэхэмжлэлийн шаардлага хангагдсан болох нь хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх, хөлс төлөх гэрээгээ Л.Сүхбат нь зөрчиж, төлбөрөө төлөлгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, тухайн үед холбогдож байсан утаснууд руу залгахад тийм хүн байдаггүй гэж хариулж байх тул Сартуул овогт Лхагвасүрэнгийн Сүхбат /ИК:87081517/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.
Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө байлцуулахгүйгээр хурлыг хийлгэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Лхагвасүрэнгийн Сүхбат /ИК:87081517/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Сүхбатыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.
3. Л.Сүхбат нь Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наран 42-29 тоотод оршин сууж байсан, 99053098, 93096969 дугаарын утастай байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ