Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00158

 

Н.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2040 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Ц

          Хариуцагч: ТХХК-д холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 02 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

         Нэхэмжлэгч Н.Цгийн гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.        

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.  

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015-05-09-ний өдөр надад ажлын санал ирснээр би ТХХК-д терминал менежерээр ажиллахаар болсон. 2016- 10 сараас 2017-01-01-ний өдөр хүртэл жирэмсний амралтаа авч, 2017-02-01-нд ажилдаа орохоор тохиролцсон. Гэтэл 2017-01-31-ний өдөр над руу залгаж, Улаанбаатар хотын оффис дээр ирж “Трафигура Монголия” ХХК-ийн захирал М.С.Зелдович, ТХХК-ийн захирал Э.Жононбаяр нартай уулзаарай гэж хэлсэн. 2017-02- 01-ны өглөө 09.30 мин. “Трафигура Монголия” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффисын байрны хурлын өрөөнд уулзахад “...Сингапурын оффисоос Сиро Изарогоос ирсэн и-мэйлийг үндэслэн таныг ажлаас халж байна...” гэж хэлсэн. Би тухайн үед ямар шалтгаанаар халагдаж байгаагаа мэдээгүй. Мөн ямар нэгэн албан бичигт намайг гарын үсэг зурахыг шаардсан бөгөөд тэр нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ байсан. Тухайн үед  цочирдож төөрөгдөлд орсон байсан учраас гарын үсэг зурсан. Ингээд намайг 2017-02-01-ний өдрийн 02 тоот тушаалаар ажлаас халсан. Тушаал гаргахдаа  “харилцан тохиролцсон” гэж халсан бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй байна.  Ажил олгогч надтай гэрээ дуусгавар болгож байгаа талаар надтай тохиролцоо хийгээгүй. Санал аваагүй, өөрсдийн бэлдсэн зүйл дээр гарын үсэг зуруулж авсан.  Зөрчил гаргаагүй байхад ажлаас халж байгаад гомдолтой байна. Ажлаас халсан тушаалыг 2017-02-01-ний өдөр гаргасан атлаа надад 2017-05-01-ний өдөр гаргаж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-г зөрчсөн. Иймд 2017 оны 02 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, олговорт 19.720.920 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

    Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц нь тус компанид терминал менежерээр ажиллаж байсан бөгөөд 2017-02-01-ний өдөр гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ байгуулсан.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-р гэрээг дуусгавар болгосон. Уг гэрээний дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 22.173.000 төгрөгийг Н.Цгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халаагүй, харин түүнтэй харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэрээнд гарын үсэг зурахыг шаардаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Н.Цгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдажээ.    

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2040 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Ажил олгогчийн зүгээс шууд “...өөртэй чинь ажиллахгүй... гэрээнд гарын үсэг зур...” гэж тулгаж хэлэхэд  нялх биетэй, хагалгаанд ороод удаагүй, сэтгэл санааны хувьд тогтворжиж амжаагүй байсан, мөн ажил олгогч давуу эрх мэдэлтэй тул яг тухайн үед нь тулгамдаад айж цочирдоод гарын үсгээ зурж өгсөн. Гэвч дараа нь хурлын танхимын гадаа сууж тайвшраад өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироосон үйлдэл хийснээ ухамсарлаад захирал н.Жононбаяртай уулзахад намайг ямар шалтгаан, нөхцөлийн улмаас ажлаас халж байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Тэгээд би тухайн үедээ шүүхэд хандах гэж шүүх байгууллага дээр ирсэн боловч ажлаас халагдсан тушаал гол баримт чинь тул түүнийгээ авчрах ёстойг шаардсан. Ингээд ажил олгогчоос тушаалаа авах гэхэд миний тушаалыг ямар нэгэн шалтгаангүйгээр өгөлгүй 3 сар хүлээлгэсэн бөгөөд тушаалаа авмагцаа эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргасан. Ажил олгогч ямар ч шалтгаангүйгээр 3 сар тушаалаа өгөлгүй хүлээлгэсэн хугацаанд намайг хохироохгүйн тулд миний нийгмийн даатгал төлсөн гэх тайлбарыг хийдэг боловч аль хэдийн ажлаас халчихсан хүнийхээ даатгалыг төлөөд байгаа үйлдэл нь өөрөө энэхүү харилцан тохиролцоог намайг хүсээгүй болохыг нотолдог. Мөн би энэ байгууллагын буруутай үйлдлийн улмаас ажлаас халагдсаны тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авч чадаагүйн дээр надтай энэ гэрээнд тусгагдсан 6 сарын цалин гэсэн нөхцөл дээр ч ямар нэгэн хэлэлцээр хийлгүйгээр гарын үсэг зуруулсан юм. Гэтэл шүүх тус маргааныг шийдэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалт болох “талууд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэл үнэхээр бодитоор, шударгаар бий болсон эсэхийг хянахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаад би гомдолтой байна. Уг намайг ажлаас халсан тушаалын гол үндэслэл болсон “Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай гэрээ”-ний агуулга, заалтуудыг нэг бүрчлэн харахад зөвхөн ажил олгогчийн эрх ашгийг хамгаалсан, Н.Ц надад үүрэг болгосон улмаар гэрээний 1.3-т цаашид энэ талаарх гомдол санал, нэхэмжлэл гаргахгүй болно” гэх мэт агуулгын хувьд миний хуулиар олгогдсон эрхэд халдсан ийм шударга бус гэрээг үндэслэн халсан тушаалыг шүүх хуулийн үндэстэй, миний эрхийг хохироогоогүй гэж дүгнэж байгааг би буруу гэж үзэж байна. Мөн энэ гэрээ үнэхээр хоёр талын хүсэл сонирхол нэгдсэн бодит гэрээ байсансан бол Улсын Дээд шүүх хүртэл би гомдол гаргаад явахгүй байх байлаа. Ийнхүү гомдол гарч байгаа нөхцөл байдал нь өөрөө харилцан тохиролцоо биш байсан гэдгийг харуулдаг юм. Нөгөөтээгүүр би ажлаа хийхгүй байх, ажлаас гарах тухай өөрийнхөө сайн дурын үндсэн дээр тулгуурласан ямар ч хүсэл зоригийн илэрхийллийг ажил олгогчид гаргаагүй. Ажил олгогч  гэрээгээ дуусгавар болгох шаардлага байсан талаарх үндэслэл, шалтгаан, шаардлагаа тодорхой тайлбарлаж үүнийгээ нотлох баримтаар тогтоож өгч чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  байгааг хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.  Би алдаа дутагдал, сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, ажлаас халах ямар ч шалтгаан байхгүй байхад  халсан нь  нялх хүүхэдтэй учир ажиллуулах сонирхолгүй болсон. Хууль зүйн хувьд би хүүхдээ 3 нас хүртэл нь асраад энэ хугацаанд нийгмийн даатгалаа төлүүлээд явж байх өөрт ашигтай хувилбарыг сонгож болох байсан ч надад ажлаа хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан агаад одоог хүртэл би маргаанаа шийдэгдэхийг хүлээгээд байж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон заалтад яг миний энэхүү “харилцан тохиролцсон” гэх тохиолдол хамаарахгүй гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэвч энэ нь нөгөө талаасаа эмэгтэйчүүд, түүний үр хүүхдүүдийн эрх ашгийг хуулийн дагуу юм шиг өнгөлөн далдалсан байдлаар зөрчиж ажилгүй, амьдралгүй болгоод байх боломж, гарц гаргалгааг нийгэмд бий болгохуйц энэхүү тохиолдлыг шүүх зөвтгөж тайлбарлаж байгаад иргэн хүнийхээ хувьд харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

      Хариуцагч гомдолд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн  гомдол   үндэслэлгүй юм. 2017-02- 01-ний өдөр Н.Ц ТХХК-тай харилцан тохиролцож улмаар “Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд Н.Ц гарын үсэг зурж, гэрээний нэг хувийг авсан. Талууд харилцан тохиролцсоноор гэрээнд Н.Цгийн хөдөлмөрийн харилцааг 2017-02-01-с  дуусгавар болсон. ТХХК- Н.Цд 6 сарын цалинг олгохоор тохиролцсон бөгөөд үүний дагуу 2017-02-11-с 2017-04-26-нг хүртэл нийт 22,173,000 төгрөгийг Н.Цгийн Хаан банкин дахь дансанд 7 удаа шилжүүлгээр шилжүүлсэн. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч  тохиролцож өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж, гарын үсэг зурсан.Иймд гомдол үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д “Талууд харилцан тохиролцсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан, 2 тал харилцан тохиролцсон. 2017-02-01-ний өдөр Н.Ц өөрийн хүсэл зоригийн дагуу дуусгавар болгосон бөгөөд  албадсан зүйл байхгүй. Гарын үсэг зарсан талаараа шүүхэд зөрүүтэй мэдүүлдэг. Шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг авч, түүнийг хүлээн зөвшөөрч ирсэн. Талууд нэгэнт харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар Хөдөлмөрийн хуулийн 37.1.1нь мөн хуулийн 100-р зүйлд хамаарахгүй, харин 40 дүгээр зүйлд хэрэглэгдэнэ.Иймд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарласан. Иймд  шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                  

ХЯНАВАЛ:

         Н.Ц 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгох, ТХХК-ийн терминал менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.    

        Анхан шатны шүүх “... талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна...нэхэмжлэгч 6 сарын цалин нийт 22.173.000 төгрөг авсан...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.     

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

      1.Нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаал, гэрээ зэргийг судлан үзвэл:

      Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, Н.Ц Т ХХК-д терминал менежерээр ажиллах болсон  байна. /хх 8-13/ 

      “Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох” тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд “...нэг талаас Т ХХК, нөгөө талаас Н.Ц нар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1.-д зааснаар дараах нөхцөлөөр харилцан тохиролцон энэхүү гэрээг байгуулав. Талууд харилцан тохиролцсоны дагуу Т ХХК-с Н.Цгийн хөдөлмөрийн гэрээг 2017-02-01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгоно. Т ХХК-с Н.Цд 6 сарын цалинг олгоно. Н.Ц хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсноор цаашид тус компанид ажиллахгүй ба хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрч, цаашид энэ талаар ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл гаргахгүй болно. Н.Ц нь тус компанид ажиллаж байх үедээ олж авсан бизнесийн мэдээлэл, компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээлэл баримтын талаар бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэжээ /хх 5/.

       Ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг үндэслэн, Н.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017-02-01-ний өдрөөр дуусгавар болгож, 2017-02-01-ний өдрөөс 2017-04-30-ны өдрийг дуустал цалинг бүрэн олгох, 2017-04-30-нд ажилгүй болсны тэтгэмж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 4/      

       Түүнчлэн, хэрэгт ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 6-7/, ажлын байрны тодорхойлолт /хх14-15/, зохигчдоос олгосон итгэмжлэл /хх 16, 21/, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх 23-29/, өмгөөлөгч оролцуулах тухай хариуцагчийн хүсэлт /хх 34/, шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар /хх 35-43/ авагдсан, дээр дурдсанаас өөр баримт хэрэгт байхгүй байна. 

       Хоёр шатны шүүх хэрэгт буй баримтуудыг үнэлж, шийдвэр гаргасан байх тул уг баримтуудын хэмжээнд нэхэмжлэгчийн гомдлыг хянах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцнэ. 

       2. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход талууд “харилцан тохиролцсон” байхыг хуульд заасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-г буруу тайлбарлан хэрэглэжээ.   

       Хэрэгт авагдсан баримтаар, зохигчид хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож  буюу хөдөлмөрийн гэрээг зогсоох талаар урьдчилан санал нэгдэж, түүний  үр дүнд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, “Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 5 заалт тус бүрийн талаар талууд хэрхэн ярилцаж, тохиролцоо явагдсаныг нотлох баримт хэрэгт байхгүй  байна.

        Тодруулбал, хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг аль тал ямар шалтгаанаар санаачилсан, нөгөө талдаа энэ талаар хэзээ мэдэгдсэн, 6 сарын цалинг олгох болсон тохиролцоо хэрхэн явагдсан, “...бизнесийн мэдээлэл, компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээлэл баримтыг задруулахгүй байх үүргийг...” ямар хугацаанд хүлээсэн, үүнд ямар мэдээ мэдээлэл хамаарах талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна.

        Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “... талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно...” гэж заасан тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний заалт бүрийн талаар харилцан тохиролцоо явагдсан нь нотлогдсон тохиолдолд  “талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон” гэж үзнэ.  

      3. Ажил олгогч нь харилцан тохиролцсон гэрээний дагуу тушаал гаргасан гэх боловч  энэ нь үндэслэлгүй байна.

     Тухайлбал, гэрээний 1.2-т “...Н.Цд 6 сарын цалинг олгоно...” гэж зааснаас гадна  хугацаа болон тэтгэмжийн талаар тохиролцоогүй байхад ажил олгогч тушаал гаргахдаа 6 бус, харин 3 сарын цалин олгож, үлдэх 3 сарын цалинг тэтгэмж хэлбэрээр тодорхой хугацааны турш олгохоор заасан нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн  тайлбарыг үгүйсгэж байна.

      Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар  “цалин” нь “тэтгэмж”-с өөр, хоорондоо ялгаатай ойлголт юм. Хариуцагч гэрээний дагуу тушаал гаргаагүйгээс нийгмийн даатгалын  шимтгэлийг 2016 оны 04 дүгээр сарыг дуустал төлсөн нь талуудын харилцан тохиролцож хийсэн гэх гэрээний агуулгаас зөрж байна. /хх 6/  

       4. Хариуцагч нь харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй тул шүүхэд гаргасан Н.Цгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.    

       Нэхэмжлэгч “... 2017 оны 02 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоолгох...”-г хүссэн нь шаардлага, бус харин нэхэмжлэлийн үндэслэл байх тул Н.Ц “... ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах...” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, энэ талаар зохигчид мэтгэлцэж шүүх шийдвэр гаргасан гэж үзлээ.

      Ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй буюу ажилтныг үндэслэлгүй халсан байх тул Н.Цг Т ХХК-ийн терминал менежерийн ажилд эгүүлэн тогтооно.

       Хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч ажилтан өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргасан...” тухай тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна уг хугацаанаас хойш цалин, хөлс олгосон тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 106 дугаар зүйлийн 106.2-т нийцнэ.

        Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны олговорт 47.272.727 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс ажил олгогчийн олгосон 22.173.333 төгрөгийг хасаж, үлдэх 25.099.727 төгрөгийг гаргуулна.

        Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул  зохих шимтгэлийг хасаж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгана.  

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Н.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :    

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2040 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01892 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Цг Т ХХК-ийн терминал менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Т ХХК-с нийт 25.099.727 төгрөг гаргуулан Н.Цд олгож, уг мөнгөнөөс зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ