| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2017/0020/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 145.1., 147.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 439
Ч.Давааням, Ч.Баямбадорж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлээр, Ч.Давааням, Ч.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 201625014418 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Борлууд овогт Чойжилсүрэнгийн Давааням, 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын Буянт хорооллын 9 дүгээр баг, 1-44 тоотод оршин суух,
Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар, өршөөлд үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: ОО93081057/;
2. Боржигон овогт Чогдогсүрэнгийн Бямбадорж, 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын Буянт хорооллын 9 дүгээр баг, 2-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТА94082739/;
Ч.Давааням нь ялтай байх хугацаандаа, Ч.Бямбадоржтой бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр байрны хойно иргэн П.Ганзоригийг хоолойг боож, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн,
2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны ойролцоо иргэн Э.Лхагвын биед хүч хэрэглэн гар утас, гинжийг нь дээрэмдсэн,
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6 дугаар байрны гадна иргэн Л.Тунгалагийн биед хүч хэрэглэн гар цүнхтэй мөнгийг нь дээрэмдсэн,
Мөн Ч.Давааням нь ганцаараа 2017 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг СӨХ-ийн 3-73 тоотод оршин суух иргэн О.Нандинцэцэгийн гэрт хонож байхдаа 1.300.000 төгрөг хулгайлсан,
Ч.Бямбадорж нь давтан үйлдлээр Ч.Даваанямтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ч.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт, Ч.Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Ч.Давааням, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бямбадорж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Ч.Бямбадоржид холбогдох хэргийн талаар болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх талаар яллах дүгнэлтэд дурдаагүй, алдаатай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана”, 218.4.1 дэх хэсэгт “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал” , 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж тус тус заасны дагуу хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгах шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Ч.Бямбадорж, Ч.Давааням нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокруорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал” , 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж тус тус заасны дагуу хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоох боломжгүй байна гэжээ. Гэтэл энэ заалт нь утгын хувьд ойлгомжгүй, “мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоох боломжгүй” гэсэн боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, “мөрдөн байцаалтын шатанд” гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн утгаар хүлээн авч үзэхэд яг ямар ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон ба хавтаст хэргийн материалд авагдсан хохирогч П.Ганзориг, Л.Тунгалаг, О.Нандинцэцэг, Э.Лхагва, гэрч Е.Алтангэрэл, яллагдагч Ч.Бямбадорж, Ч.Давааням нарын гэмт үйлдлүүд хангалттай тогтоогдсон. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар захирамжийн “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал” , 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж тус тус заасны дагуу хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоох боломжгүй байна...” гэснийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Ч.Давааням, Ч.Бямбадорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Ч.Давааням, Ч.Бямбадорж нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотолж тогтоогоогүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд шүүгчийн захирамжид дурдсан бүхий л үндэслэлүүдээр бүрэн гүйцэд шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
Яллагдагч Ч.Давааням нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ч.Давааням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн атлаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Ч.Даваанямын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг давхар шалгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 542 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Сайнбаярын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/29 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт очтол Ч.Давааням, Ч.Бямбадорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЮУНЧУЛУУН