Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ХШТ/114

 

Б.Т, Г.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар магадлалтай, Б.Т, Г.М нарт холбогдох 2308004430267 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 онд Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

..... аймаг дахь сум дундын .... дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 125 цаг албадан ажил хийлгэх ял,

..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 7 хоног хорих ялаар тогтоосон,

..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ..... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б.Т

2.Монгол Улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

..... дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны .... дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ..... дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ..... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 14 хоног хорих ялаар тогтоосон,

..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 7 сар хорих ял,

...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Г.М

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Д” ХХК-ийн байранд Д.О-г “хүнтэй яриад өгье” гэж хуурч I phone 11 pro max загварын гар утсыг нь авсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “З” нэртэй бааранд Ц.Б-г “тоглож байгаад өгье” гэж хуурч Samsung А72 загварын гар утсыг нь авсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод О.Г-ын хүрэмний халааснаас Хаан банкны виза картыг нь нууцаар авч, АТМ болон Посс машинд уншуулан 1,497,150 төгрөг авсан,

2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ж” гэх газар оршин суух Г.Э-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч I phone 14 pro, Samsung S10, I phone 6 загварын гар утсууд, Nike загварын пүүз, бугуйн цаг, бэлнээр 20 ам.доллар зэрэг эд хөрөнгийг авсан,

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын “Х” -д үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн амрах байрнаас ажилчдын I phone 12 pro, Samsung А73, Samsung А71, Samsung С10, I phone 7 plus, Samsung М12, Huawei загварын 7 ширхэг гар утас, “Hilti” брэндийн нивлер багаж 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр Х.Г-ийн эзэмшлийн .... УБО улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Шүүгдэгч Б.Т, Г.М нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... тоот Г.Б-ын байшингийн цонхыг түлхэн онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung загварын 50 инчийн зурагт авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Т-г бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, залилах гэмт хэрэг,

шүүгдэгч Б.М-ийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар,

шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Б.Т-д оногдуулсан 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гийн цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гээс 5,546,752 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-т, 1,497,150 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-т, 1,400,000 төгрөг гаргуулж хохирогч Д.О-д, 434,200 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.С-д тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14,800,000 төгрөгийг шүүгдэгч Б.Т, Г.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолоос түүнд холбогдох бүх заалт болон шүүгдэгч Б.Т-г гэм буруутайд тооцсон заалтаас “... бүлэглэж, машин механизм ашиглаж ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нэн даруй суллаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Г.М, Б.Т-тэй бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт ач холбогдол бүхий 5 ширхэг бичлэгийг хураан авч, мөрдөгч үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Г.Б-, иргэний нэхэмжлэгч П.М, гэрч Б.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан.

... камерын бичлэгээр шүүгдэгч Г.М, Б.Т нар хохирогч Г.Б-ын гэрт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 18 минутад орж 19 цаг 33 минутад буюу хэдхэн секунд болоод ар араасаа цуварч гарч явсан /хохирогчийн гэрт 15 минут орчим байсан боловч мөрдөгч бичлэгээс хуулбарлахдаа гарч явсан хэсгийг хуулбарлаж, орж байгаа хэсгийг тэмдэглэлд тусгасныг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй/ бөгөөд гудамжны үзүүрт зурагтаа нууж үлдээн, машинаараа ирж ачиж явсан нь “авлагаа авсан” үйлдэл биш юм. Хэрэв авлагаа авсан бол зурагтыг хашааны буланд нуух шаардлагагүй байсан бөгөөд энэ үйлдлийг харж байсан Г.М хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хулгайн үйлдлийг таслан зогсоох ёстой байтал машиндаа ачиж, зарсан нь шунахайн сэдэлттэй гэмт хэрэгт үйлдэл, санаа зорилгоор нэгдэж бүлэглэж хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хууль ёсны шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт тусгагдсан өөр хоорондоо нэгнээ нотолсон, дэмжсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Т-гийн цагдан хоригдсон хоногийг 158 болгосон өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитоор дүгнэж, шүүгдэгч Б.Т, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн “шүүгдэгч Г.М-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдээгүй, тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. Энэ гэмт хэрэг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 18 минутын орчим буюу Монгол Улсын хамгийн богино өдөр, урт шөнүүд үргэлжилдэг улиралд, байгалийн гэрэлгүй нөхцөлд үйлдэгдсэн байдаг. Гэмт хэрэг гарсан газар болох Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ..... тоот орчмын гудамжны хяналтын камерын бичлэгүүд хэрэгт авагдсан. Уг бичлэгт Б.Т, Г.М нар хохирогчийн амьдардаг гудамжаар алхан ирж, хашааны гадна Г.М хүн харж үлдэн, Б.Т хашаа давж ороод хаалга онгойлгож Г.М-ийг оруулж байгаа, улмаар байшинд хоёул нэвтэрч 15 орчим минутын дараа цуварч гарсан, гарахдаа цагаан өнгийн зүйлээр ороосон зүйлийг авч гарч байгаа нь бичигдсэн. Мөн нарийн гудамжаар уруудан догол хэсэгт хохирогчийн гэрээс авч гарсан зүйлээ нууж үлдээн, тээврийн хэрэгслээр очиж авч байгаа нь бичигдсэн.

Дээрх бичлэгт гарч байгаа хүмүүс Г.М, Б.Т болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон ба Г.М мөн болохыг түүний эхнэрийн дүү Б.Б таньж, гэрчээр мэдүүлсэн. Хяналтын камерт бичигдсэн дээрх дүрс бичлэгээр Б.Т, Г.М нар бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа нь тодорхой харагдаж байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын “Г.М гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдээгүй” гэсэн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Б.Т шийтгэх тогтоол гарах өдрийн байдлаар 158 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 174 хоног гэж буруу тооцжээ.

Иймд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Т-гийн цагдан хоригдсон хоногийг 158 болгож залруулсан өөрчлөлт оруулж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Т, Г.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.О-ийг “хүнтэй яриад өгье” гэж хуурч I phone 11 pro max загварын гар утсыг,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Б-ийг “тоглож байгаад өгье” гэж хуурч Samsung А72 загварын гар утсыг тус тус авсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд О.Г-ын хүрэмний халааснаас Хаан банкны виза картыг нь нууцаар авч, АТМ болон Посс машинд уншуулан 1,497,150 төгрөг,

2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Г.Э-ын I phone 14 pro, Samsung S10, I phone 6 загварын гар утсууд, Nike загварын пүүз, бугуйн цаг, бэлнээр 20 ам.доллар зэрэг эд хөрөнгө,

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын “Х”-д үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн амрах байрнаас ажилчдын I phone 12 pro, Samsung А73, Samsung А71, Samsung С10, I phone 7 plus, Samsung М12, Huawei загварын 7 ширхэг гар утас, “Hilti” брэндийн нивлер багаж 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан,

үргэлжилсэн үйлдлээр Х.Г-ийн эзэмшлийн ..... УБО улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн шүүгдэгч Б.Т, Г.М нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоот, Г.Б-ын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Samsung загварын 50 инчийн зурагт авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т-г бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.М-ийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч нарт үйлдсэн хэрэг тус бүрд нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдэлбэл зохих хорих ялын хэмжээг тогтоон, нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

3.Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай асуудал нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болов.

Хэргээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ..... тоот хашаа руу харсан хяналтын камерт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цаг 18 минутаас 19 цаг 33 минутын хооронд хохирогч Г.Б-ын хашааны үүдэнд хоёр хүн ирж хэсэг ажиглаж зогсох ба нэг нь хашаа даван орж хаалга онгойлгон, хоёул байшинд орно, хэсэг хугацааны дараа нэг нь түрүүлж, үлдсэн нь овор хэмжээний хувьд том, хавтгай хэлбэртэй зүйлийг тэвэрсээр хоёул цувран гарч байгаа дүрс бичлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 55-58 дахь хуудас/ эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд түрүүлж гарсан хүнийг өмссөн хувцсаар нь Г.М мөн болохыг таньсан гэрч Б.Б-ий “М-д ... цайвар шаргал өнгийн богино куртик, бараан өнгийн тамирын өмдтэй, reebok загварын цагаан, хар өнгийн пүүзээ өгсөн. Тэр .... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдөр бүр унадаг байсан... бичлэгт гарсан эрэгтэй хүний дүрсийг харлаа. Өмсөж байгаа куртик нь миний өгсөн хувцастай тохирч байна ...” гэх мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 32-34 дэх хуудас/, Б.Т, Г.М нар хохирогчийн эд зүйлийг зарсан талаар иргэний нэхэмжлэгч П.М-ын “... 21 цагийн үед ..... УНӨ улсын дугаартай улаан өнгийн тоёота приус 20 загварын автомашинтай 2 эрэгтэй зурагт барьсаар ирсэн” гэх мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 17 дахь хуудас/ болон хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бусад камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь Б.Т-тэй санаа зорилго нэгдэж, бүлэглэн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан болох нь нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглах гэдэгт гэмт этгээд эд хөрөнгө байгаа газарт түргэн хүрэх, хамгаалалт, цоожийг дайрч эвдэх, овор хэмжээнээс хамаарч биеэр авч явах боломжгүй зүйлийг зөөвөрлөх, тээвэрлэх, түүнчлэн хэргийн газраас хурдан шуурхай зайлахын тулд тээврийн хэрэгсэл болон бусад зүйлийг гэмт үйлдэлдээ ашигласныг хамааруулан ойлгох тул шүүгдэгч Б.Т, Г.М нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, цогц байдлаараа хэргийн үйл баримтыг нотолж буй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүгдэгч нарын “Г.М хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй, такси үйлчилгээ үзүүлж байсан” гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад “... мэдүүлэг нь камерын бичлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон ...” гэх хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. 

Түүнчлэн шүүгдэгч нарын эд зүйлээ гудамжны харанхуй хэсэгт нууж, автомашинаар зөөвөрлөж байгааг бэхжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Алтайн 2, 3 дугаар гудамжны хоорондох явган хүний зам руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Б-ын байшингийн үүдийг гаднаас харуулсан хэргийн газрын үзлэгийн зураг, энэ үүдний хэсгээр шүүгдэгч нар байшинд нэвтэрч буйг харуулсан камерын бичлэг, хохирогчийн гэр эзгүй байсан талаарх холбогдох мэдүүлэг зэрэг дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг  давж заалдах шатны шүүх үнэлэлгүй орхигдуулжээ.

Иймд Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

4.Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 25 хоног, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 133 хоног, нийт 158 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх “... 174 ...” гэж буруу тооцсон учир шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 174 ...” гэснийг “... 158 ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР